Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/574

 

 

 

 

 

 

  2024           05             16                                       2024/ДШМ/574

 

 

Б.О од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Ж.Бат-Эрдэнэ,

           шүүгдэгч Б.О ын өмгөөлөгч Б.Мандхай,

           нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалсан шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 322 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд прокурор Ж.Бат-Эрдэнийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дугаартай эсэргүүцлээр Б.О од холбогдох эрүүгийн 2208 01176 1622 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.О  нь 2021 оны 4 дүгээр сард Хаягаас хохирогч Х.Б ын **** улсын дугаартай “Тоёота ист” маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокуророос: Б.О ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

                   Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О од холбогдох эрүүгийн 2208 01176 1622 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.О ыг цагаатгаж, шүүгдэгч Б.О од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд шүүгдэгч Б.О  нь энэ хэргийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, эдийн бус гэм хор үр дагаврыг арилгуулах болон бусад эрхээ нөхөн сэргээлгэхээр өөрийн оршин суугаа газрын харьяалах Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг зааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О  нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

                   Сонгинохайрхан дүүргийн прокурор Ж.Бат-Эрдэнэ 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дугаартай давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд Б.О  2021 оны 4 дүгээр сард хохирогч Х.Б ын 3.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Учир нь гэмт хэрэг гарснаас хойш 1 жилийн хугацаанд хохирогч Х.Б  таньдаг хүн авсан байна, хохирол барагдуулах байх гэж бүтэн 1 жил хүлээгээд, Б.О  хаана байгаа нь тогтоогдохгүй, алга болсон тул машинаа өөрөө хайж байгаад авто засварын газрын гаднаас эд анги эвдэрсэн, тоногдсон байдалтай байхад нь цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагаас Б.О ыг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, мэдүүлэг авсан зэрэг нөхцөл байдлаас “Авто тээврийн хэрэгсэл авч явах гэмт хэрэг гэж үзээгүй болно.

                   Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар Б.О ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн ба уг гэмт хэргийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хөөн хэлэлцэх хугацаа 5 жил” өнгөрөөгүй байсан.

                   Харин шүүх хуралдаан дээр хохирогч Х.Б  нь “...Б.О  машин авч явсныг 4 хоногийн дараа Банзаагаас мэдсэн...”, “...Б.О  хулгай хийх хүн биш, миний машины радиатор алдагдсан байхгүй байсан...”, “...хохирол барагдсан тул одоо гомдол санал байхгүй...”, “...хохирогчийн автомашиныг авч явсныг хэнд ч хэлээгүй ...осол гарсны дараа Банзаагаас мэдсэн. Тэгээд Б.О той уулзсан...” гэж,

                   Шүүгдэгч Б.О  “...тухайн үед согтуудаа унаж яваад авто аваар гаргасан..., радиаторыг би аваагүй, засварын газрын хүн нь авсан байсан..., хохирогчийн авто машиныг авсан талаараа тухайн үед хэнд ч хэлээгүй..., осол гарсны дараа Банзаад хэлсэн...” гэж тус тус мэдүүлсэн.

            Гэтэл шүүх Б.О ыг хохирогчийн машиныг жолоодоод явсныг хамт ажиллаж байсан хүмүүс нь мэдсэн байхын сацуу тэдний нэг нь хамт дагаж явсан байгаа нь “нууцаар” гэх хууль зүйн шинжийг үгүйсгэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Шүүхийн уг дүгнэлт нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай үгүйсгэгдэнэ.

                   Мөн цагаатгах тогтоолд Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэсэн атлаа цагаатгах тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг зөрчсөн байна.

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасан.

                   Өөрөөр хэлбэл, шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд авто тээврийн хэрэгсэл авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн тохиолдолд уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүхийн шийтгэх тогтоол гаргахаар байна.

                   Иймд Б.О од холбогдох Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 322 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

                   Шүүгдэгч Б.О ын өмгөөлөгч Б.Мандхай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдээд шүүх рүү шилжүүлсэн байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.О ыг хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гээд цагаатгах тогтоол гаргасан. Уг цагаатгах тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс дэмжиж шүүх хуралдаанд оролцож байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд Б.О од холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Прокуророос  Б.О  нь 2021 оны 4 дүгээр сард Хаягаас хохирогч Х.Б ын **** улсын дугаартай “Тоёота ист” маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О од холбогдох эрүүгийн 2208011761622  дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү анхан шатны шүүх “...Б.О ыг өөрийн автомашиныг авчрах зорилгоор тухайн үед ажлын хэрэгцээнд ашиглагдаж байсан **** улсын дугаартай “тоёота ист” маркийн тээврийн хэрэгслийг авч явахдаа ажлынхаа  нэг дүүг хамт дагуулж, хамт байсан ажлынхандаа мэдэгдээд явсан, явсныг нь хамт ажиллаж байсан хүмүүс нь мэдсэн байхын сацуу тэдний нэг нь хамт дагаж явсан байгаа нь “нууцаар” гэх хууль зүйн шинжийг үгүйсгэж байна. ...” гэх дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Б.О од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ хохирогч Х.Б ын “...хашаанд байсан машин алдагдсан байсан. Ойр орчмын таньдаг хүмүүсээс асуухад Б.О  гэх залуу авч яваад мөргүүлээд журмын хашаанд байгаа талаар мэдсэн. ...Б.О  миний машиныг захиран зарцуулах эрх байхгүй, намайг хөдөө явсан надад хэлэлгүйгээр унасан байсан. ...” /хх 29, 96/, шүүгдэгч Б.О ын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 4 дүгээр сард Х.Б ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг түүнд болон гэр бүлийн хүмүүст хэлэлгүйгээр хувийн ажилдаа унаж явж байгаад зам тээврийн осол гаргасан тул машин нь журмын хашаанд саатуулагдсан, би осол гаргаж машиныг эвдэлсэн байсан тул өгч чадаагүй. ...” /хх 33, 74/ гэсэн мэдүүлгүүд, “Т  ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 62-63/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй, өөрөөр хэлбэл цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтууд хавтас хэрэгт цугларсан нь шүүгдэгчийн гэм бурууд эргэлзэх үндэслэлийг бий болгох боловч энэхүү нөхцөл байдал нь шүүхээс тэдгээр нотлох баримтын агуулга, тухайн хэрэгт хамааралтай болон хууль ёсны байдлын шаардлага, нотломжийн түвшин, бодит байдлыг илэрхийлж буй ач холбогдол зэргийг үнэлж, дүгнэхгүйгээр шууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх зарчим нь тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутайд эргэлзэх үндэслэл бий болохыг ойлгохоос бус хангалттай нотлох баримтыг цуглуулж чадаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэл хамаарахгүй болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар үүссэн эргэлзээтэй байдлыг арилгах үүднээс мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг зөвтгүүлэх, хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход шаардагдах нотлох баримтын хүрэлцээт байдлыг хангуулах, эсхүл шүүхийн шатанд нөхөн гүйцэтгүүлэх боломжтой гэж үзвэл шүүх энэ талаар хуульд заасан бүхий л арга хэмжээг хэрэгжүүлэн талуудын эрх тэгш мэтгэлцэх боломжийг хангах үүрэгтэй.

            Түүнчлэн анхан шатны шүүх, “...Б.О  нь Х.Б ын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан үйл баримт тогтоогдож байх боловч гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах боломжгүй гэж шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл алга гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “Хулгайлах” гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэх дүгнэлт хэргийн үйл баримтыг тогтоосон агуулгатай зөрчилтэй дүгнэлт хийж хэргийг цагаатгасан нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 322 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Б.О од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                      Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.АРИУНХИШИГ