Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 123/ШШ2025/0090

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг, шүүгч Г.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *******,******* нарын хоорондын татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн НА-14210000025 тоот 943,295,445.52 (Есөн зуун дөчин гурван сая хоёр зуун ерэн таван мянга дөрвөн зуун дөчин таван төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийн нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.[1]

2. ******* нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 05 сарын 06-ны өдөр олгосон ТЗ702/10 дугаар Үнэт метал, үнэт чулууны арилжаа эрхлэгч-ийн тусгай зөвшөөрлийн[2] дагуу иргэдээс алт худалдан авч Монгол банканд тушаах үйл ажиллагаа эрхэлдэг.

3. *******ийн 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдрийг дуусах хүртэл хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 2021 оны 11 сарын 17-ны өдөр НА-14210000025 дугаар Нөхөн ногдуулалтын актыг[3] ногдуулжээ.

4. Төв аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 01 дугаар тогтоолоор[4] нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хүчингүй болгож, НА-14210000025 дугаар Нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээжээ.

5. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 07 сарын 25-ны өдөр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргажээ.

6. Улмаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 123/ШШ2025/0008 дугаар шийдвэрээр 2021 оны 11 сарын 17-ны өдөр НА-14210000025 дугаар Нөхөн ногдуулалтын актыг Төв аймгийн Татварын хэлтсээс дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2025/0265 дугаар магадлалаар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасныг тус шүүх 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан.

8. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *******,******* нар 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд татварын хяналт шалгалт хийж 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр НА-14210000025 тоот нөхөн ногдуулалтын актаар нийт 943,295,445,52 төгрөгийн төлбөрийг ногдуулсан. Дээрх нөхөн ногдуулалтын актад 2020 оны хувь хүний орлогын албан татварын тайланд 1,183,129,869,01 төгрөгийн орлогыг дутуу тайлагнаж, татвар ногдуулах орлогоо бууруулсан гэж үзэн 180,172,932,1 төгрөгийн төлбөр, ТУНС-ийн ибаримтын мэдээллийн худалдан авалтын хэсэгт бүртгэгдээгүй баримтаар нотлогдоогүй 5,006,412,950,95 төгрөгийн зардлыг хасч, татвар ногдуулах орлогоо бууруулсан гэж үзэн 763,122,513,42 төгрөгийн төлбөр нийт, нийт 6,189,542,819,96 төгрөгний зөрчил гарсан үзэн 943,295,445,52 төгрөгийн төлбөр төлүүлэхээр ногдуулсан. Би энэ нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийг бүхэлд нь эс зөвшөөрч татвар төлөгч миний эрх ашгийг зөрчсөн, хууль бус гэж үзэж Төв аймгийн Татварын хэлтсийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч уг зөвлөл хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор татварын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн НА-14210000025 тоот, 943,295,445,52 төгрөгийн нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн. Иймд миний бие дараах үндэслэлээр Төв аймгийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн НА- 14210000025 тоот, 943.295,445.52 /Есөн зуун дөчин гурван сая хоер зуун ерөн таван мянга дөрвөн зуун дөчин таван төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийн нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна. ... 2020 татварын шалгалт хийгдсэн ба 2021 оны татварын тайланг хүлээж авахдаа Монгол улсын Татварын нэгдсэн санд тулгаж хүлээж авах Татварын ерөнхий хуулийг зөрчиж, миний тайланг дутуу байхад хүлээж авсан. ... би 1.1 тэрбум төгрөгийг хүнээс авсан алтаа тайлангаа буруу тусгасан байсан. Мартаж тусгасныг хариуцагч тал заавал хэлэх ёстой байтал хэлээгүй. 1.1 тэрбум төгрөгийн зөрүү байгаа ашигт малтмал малтмалын нөөц ашигласан төлбөр гэж буруу тавьсныг Монгол улсын татварын тайлан үүнээс болж бүхэлдээ зөрүүтэй болсон.  ... татварын акт хүчинтэй байлаа гэхэд жишиг үнийн аргаар тооцохгүйгээр миний зардлыг хасахгүйгээр шууд татварын акт бичсэн. Би алтыг худалдаж авсан, худалдаж авсан зардлыг хасахгүй гэдэг. И баримтаар нотлох ёстой гэсэн. Тэр хүн и баримт өгөх ёстой ч гэсэн өгөөгүй учир би и баримтыг хасаж чадахгүй байна. Энэ хүнд би мөнгөө өгсөн нь үнэн гээд шүүхийн шинжилгээгээр нотлуулсан. Шүүхийн шинжилгээ энэ алтыг хүнээс худалдаж авсан нь үнэн, энэ гарах ёстой, би үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй. ... худалдаж авдаг. Иймд жишиг үнийн аргаар тооцох буюу татварын шалгалтыг хуулийн дагуу явагдаагүй учир татварын актыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Танайх татварын тайланг хүлээж авахдаа татварын нэгдсэн сантай тулгаж авсан бол надад ийм асуудал болохгүй байх байсан. Алт өгсөн хүн надад өгөх болохоор и баримтыг хөдөөгийн хүмүүс и баримтын системд холбогдоогүй, надад өгөх ямар ч боломжгүй байсан. ... Өмнөх жил 2020 онд Төв аймагт шалгуулсан. Бүх баримтаа авчраад татварын шалгалтаа хийлгэсэн. 2021 оны татварын шалгалт болохоор ганцхан и баримтаар нотолно. Өөр баримтаар нотлохгүй гээд байцаагч тэгсэн. ... Дансны хуулга байгаа гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын албанаас 2021 онд нэхэмжлэгч *******ийн татвар төлөх тайлантай холбоотой хяналт шалгалтыг хийсэн. Шалгалт хийхдээ Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт зааснаар “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана” гэж заасны дагуу төлөвлөгөөт иж бүрэн шалгалтыг хийсэн байдаг. Хөндлөнгийн мэдээллийн санд бүртгэгдсэн алт тушаасан мэдээнд үндэслэж хяналт шалгалтын томилолт үүсэх нөхцөл бүрдсэн байдаг. Татварын ерөнхий газрын даргын 2021 оны А/39 дүгээр тушаалаар батлагдсан Хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд заасны дагуу эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэж, үүгээр 1.1 тэрбум төгрөгийг тайланг дутуу тайлагнаж и баримтаар нотлогдоогүй 5 тэрбум төгрөгийн зардлыг хасаж, татварт ногдох орлогыг бууруулсан гэдэг зөрчил үүлдэж, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, болон Хөрөнгийн орлогын албан татварын тухай хуулийн 6,8 дугаар зүйлүүдийг зөрчсөн гэж үзэж Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу акт бичигдсэн байдаг. ... татварын албаны хуулийн тогтолцоо нь төлж тайлагнах үүрэг нь татвар төлөгчийн үүрэг. Татварын ногдлыг өөрөө тодорхойлж, өөрөө тайлагнадаг тогтолцоотой. Татвар төлөгч 2020 оны хувь хүний орлогын албан татварын тайланг өөрөө борлуулалтын орлогоо Монгол банканд тушаасан алтны мэдээний дүн, зардлаа 5 тэрбум төгрөг, 1.2 тэрбум төгрөгийн ашиг малтмалын нөөц ашигласны төлбөр гэсэн байдлаар татвараа тайлагнасан байдаг. Татварын байцаагч тайланг хүлээж авахдаа бид эхний ээлжид тайлант боловсруулалтыг хийж үзэхдээ ямар ч байсан хөндлөнгийн мэдээллээс үзэхэд энэ тайлан зөрүүтэй байна гэдгийг бид мэдээд буцаасан байдаг. Хуулийн зохицуулалт нь ийм байдаг. Буцаагаад татвар төлөгч танд ийм эрсдэл үүссэн байна. Таны тайланд алдаа гарсан байна засна уу гэж татварын албанаас буцаадаг. Буцаасан тохиолдолд татвар төлөгч тайлангаа засаж болно засахгүй байсан ч болно. Тайлангаа засахгүйгээр илгээх юм бол тайланг авахгүй гэдэг ч юм уу төлж тайлагнах эрх үүрэгт халдах боломжгүй. Эхний мэдээллээр таны тайлан ийм алдаатай байна шүү гэдгийг мэдэгддэг. ... Нэхэмжлэгчийн хувьд Татварын албанаас 3 удаа тайланг нь буцаасан байдаг. Хамгийн сүүлд тайлангаа зассан, цалингийн дүнг зөв болсон. 491.5 мянган төгрөгийг төлөхөөр гаргасан. Үүнийг төлсөн. Тайлан хүлээж авна уу гэх сэтгэгдэл үлдээж тайлангаа илгээсэн байдаг. Иймд байдлаар татварын байцаагч тайланг хүлээж авсан. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт үндсэн гурван нөхцөл байдаг. Анхан шатны баримт бүрдүүлээгүй, нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй. Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд холбогдоогүй гэсэн гурван үндэслэл байх юм бол жишиг үнийн аргыг хэрэглэнэ гэж хуульд заасан байдаг. Нэгдүгээрт энэ хүний орлого зарлага нь тодорхой, өөрөө бүртгэл мэдээллийн нэгдсэн санд холбогдоод тайлангаа илгээсэн байдаг. Анхан шатны баримт байхгүй гэх тухайд дансны хуулга, Монгол банканд тушаасан алтны мэдээлэл гэх мэт анхан шатны материалууд нь байдаг. Энэ тохиолдолд жишиг үнийн аргыг хэрэглэх боломжгүй. Нэг жилийн хугацаанд тайланг засаж залруулах эрх татвар төлөгчид байдаг. Шалгалтын явцад танаас алт худалдаж авсан иргэдийн жагсаалтыг өгнө үү гэхэд та байхгүй санахгүй байна гэдэг байдлаар огт гаргаж өгөөгүй. ... Хариуцагчийн хувьд актын тухайд мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр хуулийг хэрэглэж, эцсийн дүгнэлт буюу нотлох баримтын хувьд хуульд заасан журмаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Буцааж байгаа тайланд ийм алдаа үүсэж байна шүү гэдэг  гэж болохоос биш тоон биш мэдээлэл өгч болно. Заавал өгнө гэсэн зүйл журам дээрээ байхгүй. Тооцооллын алдааг гаргаад шалгуур хангаагүй гээд татварын байцаагч дээр хувиарлагддаг. Шалгуур хангаагүй гэдэг нь ямар нэгэн тооцоолол буруу байна гэдэг үүднээс манай татварын байцаагч шаардлага хангаагүй тайланг хүлээж авах боломжгүй. Хамгийн сүүлийн байцаагч хүлээж авахад татвар төлөгч миний тайлан зөв гэж коммент бичсэн байсан. Өөрөө шалгаад өөрийн тайланг зөв гэж үзэж байгаа юм байна гээд үндэслээд байна . ... ******* татвар төлөгч энэ хууль 2020 онд шинээр бий болсон гэж яриад байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2018 онд батлагдаж, хэрэгжиж эхэлсэн. Хяналт шалгалтын явцад яасан бэ гэхээр 2018, 2019 онуудад хууль хэрэгжиж эхэлж байгаа явц гээд татварын байцаагч нар үүн дээр и баримт гэж шаарддаггүй байсан. Хууль хэрэгжиж эхэлж байгаа хүмүүс мэдээгүй байгаа гэдэг үүднээс заавал и баримтаар нотол гэдэг шаардлага тавиагүй. 2020 онд хяналт шалгалтын явцад хууль хэрэгжээд хоёр жил боллоо. Жигдрээд эхэлсэн байгаа юм чинь бүх зардал и баримтаар нотлогддог байх шаардлагатай. Энэ хууль далд эдийн засгийг бий болгохын тулд үүссэн хууль гэв.

11. Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дахин, дахин сануулж, татварын байгууллагаас дахин, дахин сануулж байхад нэхэмжлэгч хайнга хандсан юм болов уу гэж харж байна. Өшөө жаахан шалгахгүй дээ гэж үзэж байна. Нэхэмжлэгчид хоёр, гурван удаа алдаатай гэдгийг хэлээд байхад нэг бүрчлэн дахин шалгахгүй яасан юм бол оо гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн НА-14210000025 тоот нөхөн ногдуулалтыг хариуцагчаас  дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчээс 2020 оны хувь хүний орлогын албан татварын тайландаа нийт орлогоо 5,495,791,641.26 төгрөг, хасагдах зардлаа 5,478,759,867.81 төгрөг гэж, үүнээс татварын ногдлыг 16,290,773.4 төгрөг гэж тодорхойлсон.

Уг тайлангаа татварын албанд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны илгээсэн боловч буцаасан тул 02 сарын 03-ны өдөр засаж дахин илгээсэн, харин татварын албанаас 2021 оны 03 дугаар сарын16-ны өдөр, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тус тус буцаасан. 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тайланг засаж илгээснийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр татварын улсын байцаагч н.******* хүлээн авсан байдаг.

2. Улмаар Татварын хяналт шалгалт хийх 1421902588 дугаар томилолтын дагуу Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *******,******* нар *******ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хамрах хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөний дагуу шалгалтыг хийж, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн НА-14210000025 дугаартай нөхөн ногдуулалтын актаар “үнэт металл болох алт, мөнгө тушаасны борлуулалтын орлогыг 1,183,129,869.01 төгрөгөөр дутуу  тайлагнаж татвар ногдуулах орлогоо бууруулсан” үндэслэлээр 619,427,681.99 төгрөгийн нөхөн татвар, 247,771,072.8 төгрөгийн торгууль, 76,096,690.73 төгрөгийн алданги, нийт 943,295.445.52 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.

3. Төв аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 01 дугаар тогтоолоор дээрх нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталжээ.

4. Нэхэмжлэгчээс дээрх нөхөн татвар, торгууль, алдангийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэн хүчингүй болгуулахаар маргасан.

5. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын тайлбар, мэтгэлцээний үе шатанд талуудын хэлсэн үндэслэлүүд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь судлан үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн НА-14210000025 тоот нөхөн ногдуулалтын актаар тогтоогдсон гэх зөрчилд татварын байцаагч нар холбогдох хуульд заасан нягтлан шалгах ажиллагааг дутуу хийсэн, татварын хяналт шалгалтын явцад зайлшгүй цуглуулах ёстой байсан баримтуудыг бүрэн авч, нягтлан үзээгүй гэх үндэслэлүүд тогтоогдож байх тул маргаж буй НА-14210000025 дугаартай нөхөн ногдуулалтын актад дурдсан зөрчлийг шүүхээс дүгнэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул хариуцагч нарын зүгээс татварын хяналт шалгалтыг хуульд нийцүүлэн дахин хийж, шинээр акт гаргах нь зүйтэй байна гэж үзлээ.

6. Татварын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ”, мөн зүйлийн 29.1.1-т “анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх” 29.1.2-т “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлэх” 29.1.3-т “суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах” гэж татвар төлөгчийн үүргийг хуульчилсан.

Гэтэл нэхэмжлэгчээс “удаа дараа миний тайланг буцаасан, андуурч 1.1 тэрбум төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэсэгт бичигдсэн байхад миний тайланг хүлээн авахгүй ёстой” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн таны илгээсэн тайлан алдаатай байна гээд удаа дараа буцаасан байхад дахин дахин илгээж байгаа нь нэхэмжлэгчийг буруутай үйлдэл гэж үзэхээр хэдий ч мөн хариуцагчаас буцаах болсон үндэслэл шалтгааныг зааж өгөөгүй байна.

7. Татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Татварын алба татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавина”, 30.2-т “Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ”, 30.2.1-т “тайланг батлагдсан маягт, зааврын дагуу засваргүй үйлдэж, татвар төлөгч болон холбогдох бусад этгээд гарын үсэг болон тамга, тэмдэг дарж баталгаажуулсан, эсхүл цахимаар холбогдох журмын дагуу илгээсэн эсэх”, 30.2.2-т ”тайланг хуулиар тогтоосон хугацаанд тушаасан эсэх”, 30.2.3-т “тайлангийн хавсралт баримт мэдээлэл бүрэн эсэх”, 30.2.4-т “хуулийн этгээдийн хувьд нягтлан бодох бүртгэл, хувь хүний хувьд орлого, татварын бүртгэлийн дэвтэр болон холбогдох бусад баримтыг үндэслэн тайлангаа гаргасан эсэх”, 30.2.5-т “нягтлан бодох бүртгэл болон татварын тайлангийн үзүүлэлтүүд хоорондоо тохирч байгаа эсэх”, 30.2.6-т “татварын тайлан хоорондын үзүүлэлтийн дүн болон тайланд хавсаргасан баримт, мэдээллийн дүн тайлагнасан дүнтэй тохирч байгаа эсэх, тооцооны алдаа байгаа эсэх”, 30.2.7-т “тайланд тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэн тооцож, тодорхойлсон эсэх”, 30.2.8-т “тайланд тусгасан татварын тооцооны үлдэгдэл болон тухайн тайлангийн хугацаанд төлсөн татварын дүн татварын албаны бүртгэлтэй тохирч байгаа эсэх”, 30.2.9-т “тухайн тайлангийн хугацаанд хамаарах татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн хөндлөнгийн мэдээлэл татварын тайлангийн мэдээлэлтэй тохирч байгаа эсэх” гэж татварын байцаагчийн үүргийг мөн хуульчилсан байна.

8. Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч нь татварын тайлангаа татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлсэн хэдий ч тухайн тайлан алдаатай байдаг. Гэтэл татварын улсын байцаагч удаа дараа буцаагаад байхад дахин ирсэн ирэхдээ тайлан хүлээн авна уу гэсэн коммент байсан учраас авсан гэдэг боловч тухайн тайлангийн боловсруулах холбогдох баримтуудыг хянаагүй буруутай үйл ажиллагаа байна.

9. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй, эсхүл татвар ногдуулах орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тодорхойлохдоо бодит бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын алба татварын ногдлыг жишиг үнийн, эсхүл үнэ шилжилтийн тохируулга хийх аргаар тодорхойлж, холбогдох татварыг ногдуулна”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11-т "жишиг үнийн арга" гэж татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг, тийм татвар төлөгч байхгүй бол татварын алба өөрт байгаа мэдээллийг үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг”, 36.2-т “Татварын алба дараах үндэслэлээр татварын ногдлыг өөрт байгаа мэдээлэлд үндэслэн жишиг үнийн аргаар тодорхойлно” гээд 36.2.2-т “татвар төлөгч тайлан, бүртгэлийг дутуу буюу буруу хөтөлсөн тохиолдолд жишиг үнийн аргыг хэрэглэж болохоор тус тус хуульчилсан байхад акт тавихдаа уг аргыг ашиглаагүй байна.

10. Ингэснээр нийт орлогоос дутуу тайлагнасан 1,183,129,869.01 төгрөгөөс хасагдах зардлыг хасалгүй нийт дүнд, мөн 5,006,412,950.95 төгрөгийн зардал гэж нэхэмжлэгчийн тайлагнасан дүнг баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр орлогод тооцон тус тус нөхөн татвар ногдуулсан нь илэрхий үндэслэлгүй байх ба нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн гэж шүүх үзлээ.  

11. Хариуцагч хасагдах зардлыг хасч тооцоогүй, Монгол банкинд тушаасан иргэдээс алтыг худалдан авсан жагсаалт, зээлийн баримтууд болон холбогдох бусад баримтад дүгнэлт хийж, баримтаар нотлогдоогүй татварын ногдлыг цаашид тогтоох шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байна.

12. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тодруулахад, нэхэмжлэгч нь иргэдээс алт худалдаж авсан гэдэг нь дансны хуулга, гар бүртгэлүүдээр нотлогдоно гэж тайлбарлан маргасан бөгөөд шүүхээс энэхүү баримтуудыг татварын хяналт шалгалт хийхдээ татвар төлөгч буюу нэхэмжлэгчээс шаардан гаргуулан авч, нягтлан үзсэн эсэхийг хариуцагч нараас тодруулахад хариуцагч нар “нэхэмжлэгчээс шаардсан боловч гаргаж өгөөгүй, байхгүй” гэж тайлбарлах боловч хавтаст хэрэгт тэрхүү үйл баримтыг нотлох баримтууд авагдаагүй.

13. Түүнчлэн, тухайн бэлэн мөнгөний зарлагын баримтууд дээр тухайн хүний нэр бичигдсэн бөгөөд регистрийн дугаар бичигдээгүй учраас татварын байцаагч шаардлага хангахгүй гэсэн гэж маргаж байгаа энэ тохиолдолд хариуцагч татварын улсын байцаагч нар анхан шатны тухайн баримтуудыг аваад тайланд хянан боловсруулалт хийгээгүй байна.

14. Өөрөөр хэлбэл, хариуцагч татварын улсын байцаагч нар татварын хяналт шалгалтын явцад зөрчлийг тогтоох ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүй, тухайлбал, дээр дурдсан анхан шатны баримтуудыг бүхэлд нь татан авалгүйгээр зөрчлийг тогтоосон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, түүний улмаас шүүх нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг дүгнэх боломжгүй үр дагавар үүссэн ба тогтоох ажиллагааг хийсний дараа зөрчлийг дүгнэх нь хуульд нийцнэ.

15. Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Татварын алба татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай магадалгаа, баримтын хуулбар, мэдээ, судалгаа, дансны хуулга, холбогдох бусад баримт бичиг, мэдээллийг татвар төлөгч, түүнтэй харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авна”, 41 дүгээр зүйлийн 41.1-т “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.10-т “Татварын алба нь татварын хяналт шалгалт хийх зорилгоор дараах эрх хэмжээг хэрэгжүүлэх эрхтэй” гээд, 41.10.2-т “энэ хуулийн 5 дугаар бүлэгт заасан нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэх;”, 41.10.3-т “татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, санхүүгийн бусад баримт болон татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлтэй холбоотой тайлбар, лавлагаа гаргуулан авах” чиг үүргээ татварын байцаагч нар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

16. Нөгөө талаас нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12-т “Татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад дараах эрх, үүрэгтэй байна” гэж, 41.12.3-т “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах” гэж заасан үүргээ биелүүлэх учиртай гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

17. Иймд дээрх үндэслэлүүдээр татварын улсын байцаагч нараас гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн НА-14210000025 дугаартай нөхөн ногдуулалтын актыг бодит орлогыг тогтоож гаргаагүй, нэхэмжлэгчийн гаргасан алдаатай тайланд нь шууд буруутган төлбөр тогтоосон нь үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрт заасан тодруулбал зохих асуудлуудыг хариуцагч нар дахин нягтлан шалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            18. Иргэдийн төлөөлөгч *******ийн “Дахин, дахин сануулж, татварын байгууллагаас дахин, дахин сануулж байхад нэхэмжлэгч хайнга хандсан юм болов уу гэж харж байна. Өшөө илүү шалгахгүй дээ гэж үзэж байна. Нэхэмжлэгчид хоёр, гурван удаа алдаатай гэдгийг хэлээд байхад нэг бүрчлэн дахин шалгахгүй яасан юм бол оо гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 30 дугаар зүйлийн 30.2, 30.3, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.10, 41.10.2, 41.10.3, 41.12 дахь хэсэг, 41.12.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн НА-14210000025 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхээс тогтоосон хугацаанд энэхүү шийдвэрт заасан ажиллагааг хийж, дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн НА-14210000025 дугаартай нөхөн ногдуулалтын акт хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.ЗОРИГТБААТАР

 

                 ШҮҮГЧ                                     Г.УРАНГУА

 

          ШҮҮГЧ                                     А.ГАНЗОРИГ

 

 

[1] 1 дүгээр хавтас 1-4 тал

[2] 1 дүгээр хавтас 144 тал

[3] 1 дүгээр хавтас 7-9 тал

[4] 1 дүгээр хавтас 16-20 тал