Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 37

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ч.Энхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Оюунчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бямбасүрэн,

Шүүгдэгч: Д.Ж  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хуруу овогт Дашдоржийн Ж д холбогдох 1826000120029 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Хуруу овогт Д.Ж  

Шүүгдэгч Д.Ж  нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Залаа зочид буудалд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Э.Н г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Ж  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Э.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Намайг 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байтал над руу Сараа гэх хүн залгаад Ж  болон хэдэн хүмүүстэй ууж байна, Залаа зочид буудалд хүрээд ир гэхээр нь би гэрээсээ шөнийн 01 цагийн үед гараад тухайн буудалд очоод 2 давхарт гараад шатны өөдөөс харсан өрөө рүү орсон. Намайг буудлын өрөөнд ороход тэнд миний танихаас Сараа болон Ж  нар байсан. Өөр 3 эмэгтэй хүн байсан. Бид нар тэнд 0.75 литрийн архи 2 ширхэг, 2.5 литрийн пиво тус тус ууж дуусгасан. Гэхдээ би бол архинаас нь уугаагүй. Пивоноос нь уусан. Тэгээд би Сараа болон нэг эмэгтэй найзтай нь 3-уулаа гараад Их богд орж 2 ширхэг 2.5 литрийн пиво аваад Хараа зочид буудалд орж уусан. Ингээд бараг өглөө болсон. Сараа гэр рүүгээ яваад өгсөн. Би Хараа зочид буудлаас Залаа зочид буудал руу ороод Ж тай уулзсан. Тэгэхэд 09 цаг болж байсан байх. Тэгээд авч ирсэн архиа Ж  болон тэнд байсан 3 эмэгтэй хүнтэй хамт уусан. Би дахиад архинд яваад бас хамт уусан. Ингээд байж байгаад Ж  бид хоёр хоорондоо маргалдсан. Угаасаа Ж  бид хоёр таардаггүй юм. Тэгээд Ж  миний зүүн талын шанаа хавьцаа нэг удаа гараараа цохьсон. Тэгтэл миний хамраас цус гойжоод ерөөсөө тогтохгүй байсан ба би цусаа цэвэрлэх гээд 00-ийн өрөө рүү орсон. Тэгээд би ухаан алдсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. /хх-ийн 21-22 хуудас/,

Гэрч Г.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Намайг 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байтал манай хүүхэд Н  17 цагийн үед цус нөжтэйгөө холилдсон орж ирээд ажлын газрынхаа Ж  гэх хүнд зодуулсан гэж хэлсэн. /хх-ийн 23-24 хуудас/,

Гэрч Ж.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Н гээс юу болсон талаар лавлаж асуухад хамт ажилладаг Ж  гэх залууд зодуулсан талаар хэлсэн. Залаа зочид буудалд хамт хоноод маргааш нь архи ууж байгаад гэнэт толгой руу нь цохиод авахад хамраас нь их цус гараад угаалгын өрөө рүү орсон байхад араас нь ирээд дахиад толгой хэсэг рүү нь цохьсон гэсэн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна гэж хэлж байсан. /хх-ийн 25-26 хуудас/,

Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Архи ууж байснаа Н  би ийм өвчтэй, чи намайг ямар өвчнийг туулаад гарч ирснийг мэдэхгүй гэснээ сууж байснаа босоод ирсэн. Тэгтэл Ж  чи тэр өвчнөөрөө түрүү бариад байгаа юм уу? гэж хэлснээс болж тэр 2 муудалцсан. Ж  Н г нэг удаа алгадаад авахад Н-н хамраас цус гараад тогтохгүй байсан. Н гийн хамрын цусыг 00-ийн өрөөнд орж тогтоосон. Н Б, Б 2 аваад явсан. /хх-ийн 27 хуудас/,

Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би та нар битгий маргалд гэж хэлээд угаалгын өрөө орчихоод буцаад ортол Н гийн хамраас их цус гарсан байсан. Би тэд нараас юу болсон талаар асуухад М хэлэхдээ Ж  Н гийн хамар руу нь цохьчихсон гэж хэлсэн. /хх-ийн 29 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №38 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Э.Н гийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 41 хуудас/,

Өвөрхангай аймгийн прокурорын газарт хохирогч Э.Н гийн гаргасан Д.Ж тай эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт /хх-ийн 85 хуудас/,

Шүүгдэгч Д.Ж гийн хувийн байдлыг тогтоосон Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 53 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа,

Шүүгдэгч Д.Ж гийн урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Ж  нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Залаа нэртэй зочид буудалд хохирогч Э.Н тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний шанаан тус газар нь гараараа 1 удаа цохиж, хохирогч Э.Н гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.Наяжин, гэрч Г.Уртнасан, Ж.Саранбаяр, Б.Мягмардулам, М.Баярмаа нарын шүүгдэгч Д.Ж  нь хохирогч Э.Н г цохисон талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №38 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон, хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Д.Ж д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Д.Ж  нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлуудыг болон шүүгдэгч Д.Ж гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Д.Ж  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Мөн шүүгдэгч Д.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 480000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 4, 5, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хуруу овогт Д.Ж г хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ж д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Ж  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мөн шүүгдэгч Д.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 480000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Х.ОТГОНЖАРГАЛ