| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/00034/Э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2018-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Энхтуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 38
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Ч.Энхжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Энхтуяа
Шүүгдэгч Ц.Б , Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Тоодойхон овогт Ц.Б , Хошир овогт Б.А нарт холбогдох эрүүгийн 1826000180035 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, урьд Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын хугцааагаар хорих ялаар шийтгүүлж байсан. Оюуны хөнгөн хомдол, төрх үйлийн хямрал сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадвартай, Тоодойхон овогт Ц.Б
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Хошир овогт Б. А .
Шүүгдэгч Ц.Б нь Б.А тай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 10-05 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Х.Мө-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.А нь Ц.Б тэй бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 10-05 тоотод байрлах Ц.Б ийн гэрт хохирогч Х.М ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлыг үнэн зөвөөр ярьсан. Миний буруу. Гэм буруугаа хүлээж байна” гэв.
Шүүгдэгч Б.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлыг үнэн зөвөөр ярьсан. Нэмж ярих зүйл байхгүй. хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна...” гэв.
Хохирогч Х.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байсан. Би тэр өдрийн үдээс хойш 17 цагийн орчим захын наад талын “Шунхлай” клонкийн орчим ганцаараа явж байгаад найз Болдоотой таарсан. Болдоо бид хоёр уулзаад ганц нэг юм ууя гээд захын дэлгүүрээс 0.75 литрийн Харзтай архи 2 шилийг аваад Болд манай найзынд оръё гэхээр нь би Т.Болдоог дагаад явсан. ...Т.Болд бид хоёрыг ороход Ц.Б , Ц.Б ийн ээж нэрийг нь мэдэхгүй, Ц.Б ийн найз охин /Б.А гэх/, Т.Болдоогийн ээж /нэрийн нь бас мэдэхгүй, танихгүй/ хүмүүс байсан. Тэгээд бид 2 архи гаргаж ирээд бүгдээрээ хувааж уусан. Авчирсан хоёр шил архиа хувааж уучихаад Т.Б намайг чи наанаа байж бай гэхээр нь би тэнд үлдсэн. ...Тэр хоёрыг явсан хойгуур Ц.Б ийн найз охин надаас гар утсаа өгч бай гэхээр нь би өгсөн. Би гар утасныхаа гэрэн дотор Хаан банкны виза картаа хийсэн байсан чинь миний картыг утасны араас авчихсан байсан. Тэгээд картын дугаараа хэл гэхээр нь би хэлээгүй. Миний дансанд 30000 төгрөг байсан юм. Тэгээд намайг картын дугаараа хэлэхгүй байсан чинь миний хамар луу 2-3 удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гоожоод цусаа арчаад байж байтал, Т.Б, Ц.Б нар хүрээд ирсэн. Т.Б орж ирээд миний найзыг хэн цохьчихвоо гэхээр нь би танай найзын найз охин цохьчихлоо гэж хэлсэн. Ц.Б найз охинтойгоо цуг гэрээс гарсан. Тэгээд удалгүй орж ирэхээр нь А гэх хүүхнээс би картаа авмаар байна гээд картаа нэхэхэд Ц.Б , Ц.Б ийн найз охин хоёр уурлаад над руу зэрэг дайраад Ц.Б миний өмсөж байсан цамцаар хоолой боогоод үсдэж дараад дэвсгэр мөргүүлээд байсан. Тэгээд намайг гадаа чирч гаргаж байгаад зодсон. Б салгах гээд дийлээгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-15, 17 дугаар хуудас/,
Гэрч Т.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “... Намайг эргээд иртэл Х.М-н нүүр ам нь цус болчихсон байхаар нь юу болсон талаар асуухад Б.А виза карт, гар утсыг нь авчихаад өгөхгүй байхаар нь Б.А би виза карт гар утсаа авна гэсэн чинь Б.А миний юмнуудыг өгөхгүй намайг зодчихлоо гэж хэлсэн. М-н нүүрийг угаах гээд сууж байтал, Ц.Б , Б.А нар гэртээ орж ирээд Ц.Б Х.М-г барьж аваад нүүрлүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн чинь М хойшоо унасан. Б.А нь Х.М-г үсдээд барьчихсан бaйxaд Ц.Б , Х.М-н нүүр, ам цээж рүү нь хамаагүй хөл гараараа цохиод байсан. Б.А мөн адил нүүр ам, цээж рүү нь хаа хамаагүй цохиод байсан. Би Х.М-г тэд нараас хамгаалж, гэрээс нь чирч гаргахад Ц.Б , Б.А хоёр гэрээсээ гарч ирээд Х.М-г хоёулаа чирч авч орсон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Түгээ Овооны араас аймгийн төвд хүү Т.Болдтой хамт хүнтэй уулзахаар орж ирээд хүнтэйгээ уулзчихаад Б ийн гэрт ганцаараа орсон. Тэгэхэд 13 цаг өнгөрч байсан. Намайг Ц.Б ийнд ороход манай хүү Т.Болд, Ц.Б , Ц.Б ийн найз хүүхэн, Цэндээ дөрөв байсан. Би хүү Т.Болдыг захаас хүнээс гурил, будаа олоод ир гээд явуулсан. Би Ц.Б ийнд үлдсэн. Учир нь гадаа их хүйтэн байсан. Т.Болд захаас ирэхдээ Х.М гэх залуутай Ц.Б ийнд ороод ирсэн. Х.М дэлгүүрээс 2 шил 500 граммтай Харзтай архи олж ирээд тэр архийг гэрт байсан хүмүүс бүгдээрээ уусан. Би Т.Болд гэртээ хариад гал түлчихээд иргээд явуулахад Ц.Б манай хүүтэй хамт явсан. Б.А нь Болд, Ц.Б нарыг манай гэр лүү явсны дараа Х.М ыг түлхэж унагаад нүүр лүү нь цохиод байсан. Тэгсэн Х.М ын нүүр нэлэнхүйдээ цус болсон байсан. ... Тэгээд би унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Х-н 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 37 дугаартай: “... Үзүүлэгч Х.М ын биед тархи доргилт дух баруун нүд, зовхи, эрүү, хүзүү, хоолойд цус хуралт, зулгаралт, хаван хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 26 дугаар хуудас/,
Сэтгэцийн шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 83 дугаартай: “... Үзүүлэгч Б.А нь сэтгэцийн олдмол болон төрөлхийн ямар нэгэн өвчин үгүй. Үзүүлэгч Б.А нь сэтгэцийн олдмол төрөлхийн ямар нэгэн өвчин эмгэг үгүй. Үзүүлэгч Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр буюу хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчин эмгэгээр өвчлөөгүй байсан. Үзүүлэгч Б.А нь болсон үйл явдлыг зөвөөр тусгаж авах зөвөөр илэрхийлэх чадвартай. Үзүүлэгч Б.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,
Сэтгэцийн шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 70 дугаартай: “... Үзүүлэгч Ц.Б нь оюуны хомсдол төрх үйлийн хямрал сэтгэцийн эмгэгтэй. Үзүүлэгч Ц.Б нь оюуны хөнгөн хомсдол төрх үйлийн хямрал сэтгэцийн эмгэгтэй. Үзүүлэгч Ц.Б нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр буюу хэрэг үйлдэх үед эмчид үзүүлээгүй учир уг өвчин сэдрэл хөдлөлтэй болохыг одоо тогтоох боломжгүй. Үзүүлэгч Ц.Б нь үйл явдлыг зөвөөр тусгаж авах зөвөөр илэрхийлж мэдүүлэг өгөх чадвартай. Үзүүлэгч Ц.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 49, 55 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 48 дугаар хуудас/,
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 68-71, 75-85, 88-103 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Б ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.А ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.А ыг яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ц.Б ийг яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Хохирогч Х.М ын Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан: “... Х.М миний бие нь Ц.Б , Б.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон болно. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 136 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Б нь Б.А тай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 10-05 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Х.М ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.А нь Ц.Б тэй бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 10-05 тоотод байрлах Ц.Б ийн гэрт хохирогч Х.М ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 10-05 тоотод шүүгдэгч Ц.Б , Б.А нарт зодуулсан талаар...” өгсөн хохирогч Х.М ын мэдүүлэг. /хх-ийн 14-15, 17/, “...Хохирогч Х.М ыг шүүгдэгч Ц.Б , Б.А хоёр зодсоныг харсан, салгах гэж оролдсон талаар...” өгсөн гэрч Т.Болд /хх-ийн 21-22/, гэрч Д.Балжинням нарын мэдүүлэг /хх-ийн 23-24/, Хохирогч Х.М ын биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Х-н 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 37 дугаартай дүгнэлт. /хх-ийн 26/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 49, 55/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 48/, Шүүгдэгч Б.А , Ц.Б нарын мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Тоодойхон овогт Ц.Б , Хошир овогт Б.А нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Ц.Б “оюуны хөнгөн хомсдол төрх үйлийн хямрал сэтгэцийн эмгэгтэй” боловч “үйл явдлыг зөвөөр тусгаж авах зөвөөр илэрхийлж мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” болох нь Сэтгэцийн шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 70 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 39 дүгээр хуудас/ тогтоогдсон байна.
Шүүгдэгч Тоодойхон овогт Ц.Б , Хошир овогт Батсайханы А нат холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Ц.Б , Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б , Б.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ц.Б , Б.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б , Б.А нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Шүүгдэгч Ц.Б , Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Ц.Б , Б.А нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1,5,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тоодойхон овогт Ц.Б , Хошир овогт Батсайханы А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тоодойхон овогт Ц.Б , Хошир овогт Батсайханы А нарыг 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б , Б.А нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
4. Шүүгдэгч Ц.Б , Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б , Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б , Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР