Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/588

 

 

 

 

 

 

  2024             05             21                                       2024/ДШМ/588          

 

 

Д.Г т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           Прокурор Г.Гармаа,

           шүүгдэгч Д.Г , түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир,

           нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалсан шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/253 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очирын гаргасан гомдлоор Д.Г т холбогдох эрүүгийн 2411 00362 0229 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

             

Шүүгдэгч Д.Г  нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Ойн жим гэх амралтын газарт хохирогч Л.О ын эзэмшлийн Хаан банк дахь түүний эзэмшлийн ****  дугаарын данснаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 1,270,000 төгрөгийг авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокуророос: Д.Г ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

                   Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г ийг 240 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Г ийг өдөрт 4 цагаар нийтэд тустай ажил хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шүүгдэгч Д.Г  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

                   Шүүгдэгч Д.Г ийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Г  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, 1.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                   Шүүгдэгч Д.Г  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учруулсан хохирол 1,270,000 төгрөг төлсөн, чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй, 6-10 хүнтэй бригадад хөдөө орон нутагт улирлын чанартай жил эрхэлдэг, “К ” ХХК-тай Төв аймгийн Заамар сумын хэсэгчилсэн ерөнхий 1 дүгээр хэсгийн төв доторх 142 метр урт авто зам, барилгын ажил гүйцэтгэх гэрээт ажлыг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх тул ажил гүйцэтгэх боломжоор хангах зэрэг нөхцөл байдлыг харгалзан давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

                   Шүүгдэгч Д.Г  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

 

                   Прокурор Г.Гармаа давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаан дээр ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн холбогдох баримт болон ажил гүйцэтгэх гэрээ хэрэгт авагдаагүй байсан. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаад шүүхийн шатанд хүсэлтээсээ татгалзсан учраас анхан шатны шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ...” гэв.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очирын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Д.Г т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос Д.Г ийг “2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Ойн жим гэх амралтын газарт хохирогч Л.О ын эзэмшлийн Хаан банк дахь түүний эзэмшлийн ****  дугаарын данснаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 1,270,000 төгрөгийг авч хулгайлан авсан” хэмээн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол, ялын саналын хамт хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Г т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийг ноцтой зөрчжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Г  нь Чингэлтэй дүүргийн прокурорын газарт “би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-ийн 53 тал/ гэх хүсэлтийг гаргасан ба 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр уг хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 41 дугаартай прокурорын тогтоол гарчээ.

Улмаар Д.Г т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтайгаар хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Г  нь “хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан хэдий ч хэргийг энгийн журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-ийн 67 тал/ гэх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ...” гэж заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Г  нь хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгтээ “...шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэж дүгнэж, улмаар Д.Г т прокурорын ялын саналын дагуу ирүүлсэн 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...”, 36.7 дугаар зүйлд тус тус заасны дагуу шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/253 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

             2. Шүүгдэгч Д.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

 

                

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                               ШҮҮГЧ                                      Ц.ОЧ

 

                               ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ