| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00206/И |
| Дугаар | 304/ШШ2025/00274 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 304/ШШ2025/00274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:******* аймаг, ******* сум, ******* 1 дүгээр баг, 2Б тоотод оршин суух, Э.М*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 6 дугаар баг, 6а-15 дугаар гудамж, 06 тоотод оршин суух, Б.О*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий ******* индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.М*******,
Хариуцагч Б.О*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.М******* нь хариуцагч Б.О*******т холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие О*******тэй 2011 онд танилцаж, 2012 оноос хамт амьдарсан. Бидний хүү М*******ийн Т******* 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй болохоор ээжээрээ овоглон төрсний гэрчилгээг нь авсан. Мөн тухайн үед О******* үе үе сураггүй, хэл чимээгүй алга болчихдог байсан болохоор тусдаа амьдарч эхэлсэн. 2014 оноос холбоо барин хүү Т*******тэйгээ ойр болон харьцаж эхэлсэн. 2017 оноос хамт амьдарч 2018 онд бидний 2 дахь хүү О*******ийн ******* төрсөн. Ааваар нь овоглож төрсний гэрчилгээг нь авсан. Манай аавын гэр болох******* аймаг, ******* сумын ******* 1 дүгээр баг, 2-11 тоотод амьдарч байхдаа Булган руу гэр лүүгээ ойр ойрхон яваад ирэхдээ зан байдал нь өөрчлөгдөөд өөр хүн шиг болоод ирдэг болсон. Гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэсэн. Ээж Нарантуяа нь элдэв бусаар хэлж байсан. Чи манай хүүхдээс сал. 2 хүүхдээ аваад яв. Чам шиг хэрэггүй хүн байхгүй. Би хүүхдээ гал голомтоо сахиулж Булган нутгийнхаа хүнтэй суулгана гэх болсон. О******* элдэв бусаар доромжилж, хүргэн ах Билгүүнтэй харддаг болсон. Шалтгаан нь 2 хүүхдээ хараад сууж байгаа надаас салах шалтгаанаа хайгаад энэ үгийг хэлвэл надаас салах болно гээд албаар муудалцуулсан. Төд удалгүй эхнэртэй болоод хүүхэдтэй хүртэл болсон байсан. Би энэ талаар мэдээгүй явсан. Одоо О******* Ичинхорлоо гэх эмэгтэйтэй суугаад охинтой болсон. Бид зан харьцаа, гэр бүлээс гадуурх харилцаанаас болж 2022 оны 07 сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. 2 хүүхдээ огт хайхардаггүй. Салснаас хойш нэг ч яриагүй. Хүү М.Т******* 6 дугаар анги, бага хүү О.******* 1 дүгээр ангид сурдаг бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас бусад зардлуудыг миний бие ганцаар хариуцхад хүндрэлтэй байна. Иймд эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2011 онд танилцаад 1 сар гаруйн хугацаанд үерхсэн. Би сургуулиа төгсөөд Солонгос улсад 4 жил ажилласан. Тэгээд бүх мөнгөө Э.М******* рүү явуулж байшин, хашаа, машин авч өгсөн. Улаанбаатар хотод ажил хийнэ гээд явсан. Хүргэн ахтайгаа нэг ажилд орсон. Салах болсон шалтгаан нь Э.М******* эхэлж хүнтэй явалдсан. Т*******, ******* хоёр миний хүүхэд мөн, хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийг миний Солонгост ажиллаж байхдаа авч өгсөн байшин хашаа, машиныг дүйцүүлнэ гэв.
3.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-4-р хуудас/,
-Төв аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09/14 дүгээр тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/,
-Төв аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09/03 дугаартай тодорхойлолт /хэргийн 6-7-р хуудас/,
-Төв аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны 05/11 дүгээр тодорхойлолт /хэргийн 8- хуудас/,
-О.*******, М.Т******* нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 9-10-р хуудас/,
-Э.М*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 11-р хуудас/ 4.Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.М******* нь хариуцагч Б.О*******т холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Нэхэмжлэгч Э.М*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж, шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
3.Хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Зохигч 2011 онд танилцан тэдний дундаас 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүү М.Т*******, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүү О.******* нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
5.Хариуцагч Б.О******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү М.Т*******, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү О.******* нарын эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.
6.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсдэг. Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт ... эцэг, эх нь хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй гэх тул хариуцагч Б.О******* нь хүү М.Т*******, О.******* нарыг тэжээн тэтгэх үүргийг хуулиар хүлээж байна.
Иймд шүүх хүү М.Т*******, О.******* нарын эцэг нь Б.О******* мөн болохыг тогтоож, хүү М.Т*******, О.******* нарыг эцэг Б.О*******ээр сар бүр хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
7.Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 70,200 төгрөг, хариуцагч Б.О*******ээс 70,200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү М.Т*******гийн төрсөн эцэг нь Сартуул овогт Баасанхүүгийн О******* /рд:ГЮ/ мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү М.Т*******, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү О.******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувь, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.О*******ээр сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.М*******т даалгасугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг хэвээр үлдээж Төрийн сангаас илүү төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Б.О*******ээс 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.М*******т олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхмаад даалгасугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасан үүргийг эцэг, эх хүүхдийнхээ өмнө хүлээх бөгөөд эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ