Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 313/ШШ2025/00357

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /РД: *******/, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баттүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* нь 1964 оны 06 дугаар сарын 13-нд төрсөн. 1982 онд Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг төгсөж мөн оны 06 дугаар сарын 30-нд хугацаат цэргийн албанд татагдсан. 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албыг бүрэн хааж бэлтгэлээр халагдсан байна.

Өмнөговь аймгийн төвийн 8 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 44 тоот тушаалаар тус сургуульд жижүүрээр ажилд орсон. 1988 оны 09 дүгээр сарын 17-нд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөн өөр ажилд орсон. Энэ тушаалууд нь олдохгүй байгаа учир 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн төвийн 8 жилийн дунд сургуульд жижүүрээр ажиллаж байсныг ажилласан жилд тооцон, тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* 1964 оны 06 дугаар сарын 13-нд төрсөн. 1982 онд Өмнөговь аймгийн төвийн арван жилийг төгсөөд цэргийн албанд татагдсан. 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр нь 07 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн төв найман жилийн дунд сургуульд жижүүрээр ажилд авав гэсэн бичилттэй, 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэсэн бичилттэй байгаа. Гэрчээр гэрчлүүлье гэсэн боловч тодорхой үнэлэх боломжгүй байна.

Ийм учраас хавтаст хэрэгт 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сар хүртэл ажилласан байдал нь тушаалаар тодорхойлогдоод гарч ирдэг. Тиймээс энэ хугацаагаар тогтоолгох нь зөв гэж үзэж байна. Сүүлд архиваас тушаал авахад нэг тушаал гарч ирсэн гэсэн. Мөн би Н.*******д хэлсэн, яагаад надад хэлээгүй юм бэ, архиваас дөрвөн тушаал гарч ирсэн байна гэхэд Н.******* би өөрөө Өмнөговьд очиж үзүүлсэн, надад байгаа нь энэ гэж гаргаж өгсөн гэж хэлсэн. Одоо энэ тушаалуудаар асуудал шийдэгдэх болно гэдгийг нь хэлсэн. 1988 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай тушаал дээр Н.*******ийн оронд слесарь Ганхүүг ажиллуулна гэсэн тушаал байдаг. Тэгэхээр 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан байдал тогтоогдох нь зөв байх гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Итгэмжлэл, нэхэмжлэгчийн цэргийн алба хаасан тухай Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1985-1988 оны цалингийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.*******, Д.******* нараас гэрчийн мэдүүлэг авч, Өмнөговь аймгийн Архивын тасгаас нэхэмжлэгч Н.*******ийн 1985-1988 оны цалингийн тодорхойлолт болон 1985 оны 09 сарын 07-ны өдрийн 44,1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 37, 1987 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 33, 1988 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 08, 1988 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай тушаалуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.******* нь өндөр насны тэтгэвэрт гарах зорилгоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн тухайн үед ажиллаж байсан байдлыг гэрчлэх тушаал дутуугийн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт цугларсан дараах бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судлав. Үүнд:

1. 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Н.*******ээс төлөөлөгч Ш.Энхмаад олгосон итгэмжлэл, 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Даланзадгад хотын Найман жилийн сургуулиас олгосон №193255 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

2. Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08/07 дугаартай ...*******ын *******...Өмнөговь аймгаас 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдан...1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар халагдсан гэж бичигдсэн хугацаат цэргийн алба хаасны лавлагаа,

3. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 318 дугаартай Өмнөговь аймгийн Төвийн 8 жилийн дунд сургуульд 1985-1988 онуудад жижүүр, манаачийн ажил эрхэлж байсан Н.*******ийн цалингийн тодорхойлолтыг олгов. Үүнд: 1985 оны 09-12 сард 240-661 төгрөг, 1986 оны 01-12 сард 299-573 төгрөг, 1987 оны 01-12 сард 120-479 төгрөг, 1988 оны 01 сард 361 төгрөг гэж бичигдсэн архивын лавлагаа,

4. Өмнөговь аймгийн Даланзадгад хотын төвийн 8 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 44 дугаартай Ажилчин ажилд авах тухай, 1...жижүүрээр Н.*******ийг 09 сарын 01-ний өдрөөс ажиллуулсугай... гэж бичигдсэн тушаалын хуулбар,

5. Өмнөговь аймгийн Даланзадгад хотын төвийн 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаартай Урсгал засварын уралдааны болзол дүгнэх тухай, 1. Барилгын урсгал засвар хийх уралдаанд тэргүүн байранд шалгарсан багш, ажилчдыг шагнасугай... 8: *******... гэж бичигдсэн тушаалын хуулбар,

6. Өмнөговь аймгийн Даланзадгад хотын төвийн 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаартай Манаач Н.*******д 1987 оны ээлжийн амралт олгох тухай, 1. Манаач Н.*******д ээлжийн амралтыг 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн олгосугай... гэж бичигдсэн тушаалын хуулбар,

7. Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай Н.*******ийг жижүүрээр түр ажиллуулах тухай, 1. Жижүүр манаач Н.*******ийн оронд Н.*******ийг түр ажиллуулсугай... гэж бичигдсэн тушаалын хуулбар,

8. Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай Н.*******т жижүүрийн ажил давхар хариуцуулах тухай, 1. Н.*******ийн оронд сантехникч Н.*******ийг түр жижүүрээр давхар ажиллуулсугай... гэж бичигдсэн тушаалын хуулбар,

10. Гэрч Д.*******ын Н.******* нь 1985 оны 7 сард 8 жилийн сургууль буюу одоогийн 2 дугаар сургуульд жижүүрээр ажилд орж байсан. 1988 онд ажлаасаа гарсан гэх мэдүүлэг,

11. Гэрч Ц.*******ын Н.******* нь 1985 оны зун 8 жилийн сургууль буюу одоогийн 2 дугаар сургуульд жижүүрээр ажиллаж байгаад 1988 оны намар хичээл эхэлсэн дараа ажлаасаа гарсан гэх мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгч Н.*******ийг 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Найман жилийн дунд сургуульд жижүүр, манаачаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******ийг 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Найман жилийн дунд сургуульд жижүүр, манаачаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН