Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/632

 

 

 

 

       

 

     2024           05             30                                       2024/ДШМ/632

 

 

Ц.Л д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч Ц.Л , түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/418 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Л гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2308 03498 0097 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Ц.Л  нь 2023 оны 11 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “М-Март” дэлгүүрийн гадна байх Хаан банкны АТМ дотор иргэн Д.Т г виза картаасаа мөнгө авах гэж байхад картыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтан улмаар тус картаас 500.000 төгрөгийг бэлнээр гарган авч, бусдад нийт 508,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокуророос: Ц.Л гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 372 дугаартай магадлалаар өөрчлөлт оруулсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолын 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан эрүүгийн 2208021971485 дугаартай хэрэгт шүүгдэгч Ц.Л гийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 (жаран тав) хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож эдлэх ялаас хасаж, хохирогч Д.Т  нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн “М-март” дэлгүүрийн гадна талын хяналтын камерын бичлэг, мөн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ын хяналтын камерын бичлэг бүхий хоёр ширхэг компакт дискийг хэргийг хадгалагдах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л гоос 513,100 (таван зуун арван гурван мянга нэг зуу) төгрөгийг гаргуулан хохирогч Д.Т д олгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Л  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие айлын том хүүхэд бөгөөд ээж болон доороо 3 дүү, 2 охинтойгоо долуулаа амьдардаг айлын өрх толгойлсон эцэг хүн, хохирлоо бүрэн барагдуулсан тул ар гэрийн байдлыг минь харгалзан хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.Л д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Л  нь 2023 оны 11 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “М-Март” дэлгүүрийн гадна байх Хаан банкны АТМ дотор иргэн Д.Т г виза картаасаа мөнгө авах гэж байхад картыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтан улмаар тус картаас 500.000 төгрөгийг бэлнээр гарган авч, бусдад нийт 508,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт дуудлага мэдээлэл өгсөн лавлагаа /хх-ийн 2 тал/, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр таньж оруулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-16 тал/, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “М-март” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-42 тал/, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-50 тал/, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-27 тал/, хохирогч Д.Т гийн Хаан банкны ****  тоот Хаан банкны дансны хуулга /хх-ийн 19 тал/, дансны мессеж ирсэн баримт /хх-ийн 20 тал/,  

хохирогч Д.Т гийн “... миний картыг АТМ-ээс гарч ирэнгүүт надаас түрүүлж дараад аваад гүйчихсэн. Удалгүй 01 цаг 19 минутын үед миний картаас 500.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн мессеж ирсэн тул би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх 7-8, 71 тал/,

 

яллагдагч Ц.Л гийн “...би тухайн мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маш гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 63 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Л г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогч Д.Т д хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Л  нь “...Миний бие айлын том хүүхэд бөгөөд ээж болон доороо 3 дүү, 2 охинтойгоо долуулаа амьдардаг айлын өрх толгойлсон эцэг хүн, хохирлоо бүрэн барагдуулсан тул ар гэрийн байдлыг минь харгалзан хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. 

Анхан шатны шүүх шүүдэгч Ц.Л д оногдуулсан ял шийтгэлийг оногдуулахдаа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 372 дугаар магадлалаар өөрчлөлт оруулсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолын 3 дахь хэсэгт заасан “хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн” шийдвэрийг хүчингүй болгож, нэг жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.  

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах...” гэж заасан байхад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Л д оногдуулсан 6 сарын хорих ялыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 372 дугаар магадлалаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял болгон өөрчилж шийдвэрлэжээ.

Улмаар шүүгдэгч Ц.Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан анхан шатны шүүхээс 6 сарын хорих ял оногдуулсныг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/418 дугаар шийтгэх тогтоолоор хүчингүй болгож, 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Тухайлбал, шүүгдэгч Ц.Л д Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ДШМ/372 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн хугацааг нэмж нэгтгэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Иймд шүүгдэгч Ц.Л гийн гаргасан давж заалдах гомдлыг агуулгын хувьд хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах...” гэж заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/418 дугаар шийтгэх тогтоолд хууль хэрэглээний хувьд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Л д урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, шүүгдэгч нь хохирогч Д.Т д 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 500.000 төгрөгийн хохирол төлбөр төлснийг дурдаж /хх-ийн 150 тал/, шүүгдэгч Ц.Л  нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/418 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 52 /тавин хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/418 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай...” гэж,

5 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ялд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

 2. Шүүгдэгч Ц.Л  нь 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Д.Т д хохирол төлбөрт 500.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л гийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                     ШҮҮГЧ                                                  Ц.ОЧ

 

                     ШҮҮГЧ                                                  Б.АРИУНХИШИГ