Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 304/ШШ2025/00322

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, Анхдагчдын гудамж, 137-1 тоотод оршин суух, Д.Н*******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00354/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.Н*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц*******л нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Д.Н******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь Булган аймгийн Бугат сумын сургуульд 1987 оны 10-12 дугаар сард дотуур байрны жижүүрээр, Бугат сумын ******* нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл гидротехникчээр тус тус ажилласан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагч Д.Н*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаартай /Д.Н*******ийн Бугат сумын сургуульд 1987 онд, ******* нэгдэлд 1988-1991 онд, Б ХК-д 1993 онд гидротехникчээр ажиллаж байсан цалингийн цэс-ний лавлагаа /алан бичиг /хэргийн 4-р хуудас/,

-Бугат сумын сургуулийн захирлын №31 дүгээр Түр ажиллуулах тухай тушаалын хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-Булган аймгийн Бугат сумын ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаар Д.Н*******ийг гидротехникчээр ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 6- хуудас/,

-Булган аймгийн Бугат сумын ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 63 дугаар Д.Н*******т чөлөө олгох тухай тушаалын хуулбар /хэргийн 7- хуудас/,

-Булган аймгийн Бугат сумын сургуулийн захирлын 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 56 дугаар Д.Н*******ийг дотуур байрны жижүүрээр ажилд авах тухай тушаалын хуулбар /хэргийн 8-р хуудас/,

-Н.Д*******гийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хэргийн 49-р хуудас/,

3.Шүүх санаачлагаараа Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Бугат сумын ******* нэгдлийн хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 45-р хуудас/-г гаргуулсан,

4.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Ж.П*******, А.С*******, Р.*******, С.Б******* нарын мэдүүлгийг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Д.Н*******ийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч Д.Н******* нь хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул Булган аймгийн Бугат сумын сургуульд 1987 оны 10-12 дугаар сард дотуур байрны жижүүрээр, Бугат сумын ******* нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл гидротехникчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Д.Н******* нь Булган аймгийн Бугат сумын 8 жилийн сургуульд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дотуур байрны жижүүрээр, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл гуанзанд тогоочоор, Бугат сумын ******* нэгдэлд 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал гидротехникчээр тус тус ажиллаж байсан болох нь:

- Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаартай /Д.Н*******ийн Бугат сумын сургуульд 1987 онд, ******* нэгдэлд 1988-1991 онд, Б ХК-д 1993 онд гидротехникчээр ажиллаж байсан цалингийн цэс-ний лавлагаа /алан бичиг,

-Бугат сумын сургуулийн захирлын №31 дүгээр Түр ажиллуулах тухай тушаалын хуулбар,

-Булган аймгийн Бугат сумын ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаар Д.Н*******ийг гидротехникчээр ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-Булган аймгийн Бугат сумын ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 63 дугаар Д.Н*******т чөлөө олгох тухай тушаалын хуулбар,

-Булган аймгийн Бугат сумын сургуулийн захирлын 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 56 дугаар Д.Н*******ийг дотуур байрны жижүүрээр ажилд авах тухай тушаалын хуулбар,

- Бугат сумын ******* нэгдлийн хуулийн этгээдийн лавлагаа,

-гэрч: Ж.П*******ын Д.Н******* нь Булган аймгийн Бугат сумын 8 жилийн сургуульд 1987 оны 10-12 сарыг дуустал тогоочоор ажилласан. Тэгээд 1988 онд өөр байгууллага руу шилжиж ажилласан. Тухайн үед багш нарын хоол хийдэг байсан. Би тэр үед бэлтгэгчээр ажиллаж байсан гэх мэдүүлэг,

-гэрч А.С*******гийн: Булган аймгийн Бугат сумын 8 жилийн сургуульд 1987 онд тогоочоор ажилд орсон. 3 сар ажиллаад ******* нэгдэл рүү шилжиж ажилласан. Тухайн үед дотуур байрны хүүхдийн хоол хийдэг байсан гэх мэдүүлэг,

-гэрч Р.*******гийн: Д.Н******* нь Булган аймгийн Бугат сумын ******* нэгдэлд 1988 оны 01 дүгээр сараас худаг, ус хариуцсан гидротехникчээр ажилд орж байсан. Намайг 1995 онд өөр байгууллага руу шилжин ажиллахад Д.Н******* нь Б ХК-д ажиллаад үлдсэн. Б ХК-д үргэлжлүүлэн боловсон хүчнээр ажиллаж байсан. Хэдэн онд уг компаниас гарсаныг нь мэдэхгүй байна. Нэгдэл 1991 онд татан буугдаад Б ХК байгуулагдсан. Энэ компанид Д.Н******* үргэлжлүүлэн ажилласан гэх мэдүүлэг,

-гэрч С.Б*******ы: Д.Н******* нь Булган аймгийн Бугат сумын ******* нэгдэлд 1988 оны 01 дүгээр сараас боловсон хүчнээр ажилд орсон. Бид хоёр уг байгууллагад 1995 онд хүртэл хамт ажилласан. Н*******ийг хэдэн онд ажлаасаа гарсаныг мэдэхгүй байна. Нэгдэл татан буугдаж, Б ХК-д үргэлжлүүлэн ажиллаж байсан. Нэгдэл 1990 оны үед татан буугдаад Б ХК байгуулагдсан. Энэ компанид Д.Н******* үргэлжлүүлэн ажилласан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Д.Н*******ийг Булган аймгийн Бугат сумын 8 жилийн сургуульд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дотуур байрны жижүүрээр, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл гуанзанд тогоочоор, Бугат сумын ******* нэгдэлд 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал гидротехникчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дамбий овогт Дамбийгийн Н******* /рд:ГБ/-ийг Булган аймгийн Бугат сумын 8 жилийн сургуульд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дотуур байрны жижүүрээр, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл гуанзанд тогоочоор, Бугат сумын ******* нэгдэлд 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал гидротехникчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ