| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2018/00031/Э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 41
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Шүүгдэгч Н.Н ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэлэг овгийн Н.Н д холбогдох эрүүгийн 1826000080017 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Тарагт суманд 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр баг “Адаг бүрд” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Гэлэг овгийн Нямдоржийн Н . /РД: ЙМ88042513/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Н нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ачтан ирээдүй” эмнэлгийн байранд иргэн Б.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.Б нь 2017 оны 03 дугаар сарын 20-ноос эхлэн манай эхнэртэй холбоотой байсан. Тэрийг нь мэдээд би өөртэй нь 6 дугаар сард уулзсан. Тэгээд уулзаж зөв буруугаа ололцсон хэрнээ 10 дугаар сараас эхлэн дахин уулзаж эхэлсэн байсан. Тэрийг нь мэдээд миний уур хүрээд зодсон. Хохирогчийн нүүрэн тус газар нь 2-3 удаа цохьсон. 1 удаа өшиглөсөн. Тухайн өдрийн урд өдөр нь би хөдөөнөөс ирээд аймагт хоносон. Тэгээд гутлын түрүүнд байсан жижиг хутгаар айлгах санаатай гаргаж ирэхэд хохирогч гараараа атгаад өөрийнхөө гарыг гэмтээсэн. Би хөдөө мал дээр байсан хувцастайгаа аймагт ирсэн. Манай эхнэр хүүхдүүдтэйгээ хамт аймагт байдаг. Намайг дуу цөөнтэй бүрэг ичимхий болохоор элэг бариад байна гэж бодож байгаа. Сүүлийн үед манай эхнэрийн зан ааш нь хувирч өөрчлөгдөөд хэрүүл салахаа байсан. Б ийн эхнэр нь хүртэл над руу яриад энэ 2-ыг уулзаад байгаа талаар хэлж байсан. Тийм зүйлүүдээс л болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 200000 төгрөг төлсөн. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.
Хохирогч Б.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “Ачтан ирээдүй” эмнэлэгт хүүхдээ сахиад хэвтэж байсан юм. Тухайн үед манай хүүхэд ханиад хүрээд тэр нь хүндрээд хатгаа авчихсан байсан. Тэгээд оройн 16 цагийн орчимд байх би хүүхэдтэйгээ хэвтэж байсан өрөөнөөсөө гараад 00 орж бие засчихаад зогсож байтал миний араас нэг хүн баруун талын хөл хэсэг рүү өшгилөчихсөн. Юун хүн яаж байгаа юм бол гээд эргээд хартал Н зогсож байсан. Тэгснээ шууд миний нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод авахаар нь “...яаж байгаа юм...” гэхэд “...манай эхнэртэй утсаар ярьсан байна...” гэснээ хаанаас ч юм бүү мэд нэг хутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь би намайг хутгалах юм байна гэж бодоод хутгатай гарнаас нь барьж аваад хутгыг нь булааж авахдаа иртэй хэсгээр нь алгаараа бариад татсан чинь миний баруун гарын алга хэсэг зүсэгдчихсэн. Тэгээд хутгыг нь булааж аваад гутлынхаа түрийнд хийчихсэн. Үүний дараа бид хоёр гадаа гарч учраа олъё гээд эмнэлгээс гарсан. Эмнэлгийн гадаа Н бид хоёр юм яриад зогсож байхад Н миний зүүн талын мөр рүү цохиж аваад байхаар нь би зугтаачихсан юм. Хэсэг байж байгаад эмнэлэг дээр эргээд очтол Н байхгүй байсан ба цагдаа нар ирчихсэн байсан. ...Тухайн үед бол Н намайг эхнэртэйгээ хардаад тэрнээс болсон юм. Уг үйл явдал болохоос хэд хоногийн өмнө би Н н эхнэртэй утсаар ярьсан. Ингэхдээ ойр зуурын юм асууж л ярьсан. Н болон манай хоёр гэр ойролцоо байдаг, нэг нутаг усны хүмүүс гэдэг утгаараа нэгнийгээ танина. Н бид хоёрын хооронд болсон хэрэг бол Арвайхээр сумын 5 дугаар багийн Ачтан ирээдүй эмнэлэг дотор болсон. ... Өөрөөр цохиж зодсон зүйл бол байхгүй. Н г би ганц удаа ч цохиж зодоогүй. ...Одоо миний бие зүгээр байгаа. Тухайн үед миний баруун талын гарын алга зүсэгдсэн, баруун талын нүд бага зэргийн хавдсан, толгой өвдөж байсан. Яг тэр зодоон болж байхад бид хоёр хоёулхнаа байсан. Өөр хүн байгаагүй. ...Тухайн үед тэр хутгыг нь цагдаа нарт өгчихсөн. Ногоон иштэй, нэг төө орчим урттай хутга байсан. Сайн анзаарч хараагүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Н миний хохирлыг барагдуулчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Ү.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай нөхөр Н нь намайг 2017 оны хавраас эхлээд Б гэх хүнтэй харддаг болсон. Тухайн үед Б надтай 1-2 удаа утсаар ярьсан, энэ байдлыг манай нөхөр Н буруугаар ойлгож намайг хардаад миний гар утсыг булааж аваад энэ тэндээс ирсэн мессеж уншаад үүнээс болж бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалддаг болсон. Гэхдээ одоо бол энэ байдал өөрчлөгдсөн, нөхөртэйгөө учраа олоод амьдарч байгаа. ...Хааяа утсаар л ярьдаг байсан болохоос өөрөөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Б ийн гэр Хайрхандулаан сумаас цаашаа хөдөө байдаг гэсэн. Манай нэг гэр Арвайхээр суманд, нөгөө гэр Тарагт сумын 1 дүгээр багт байдаг юм. Тийм болохоор би Б гэж хүнтэй уулзаад яваад байдаггүй. ...Өнгөрсөн жилийн намар байх нэг удаа миний зүүн гарын булчин хэсэг рүү цохиж авч байсан. Н одоо бол хааяа Б той чи утсаар ярьж байнаа, уулзаж байна уу гэх мэтээр хэл амаар доромжлоод байдаг. ...Хамгийн сүүлд тэр өнгөрсөн жилийн намар л нэг удаа миний зүүн талын гарын булчин руу цохиж байсан. Тэрнээс өөрөөр цохиж зодож байгаагүй. Би гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийлгэхгүй. Анх Н тэй 2006 онд танилцаж, 2007 онд гэрлэж гэрлэлтээ батлуулсан. Тэрнээс хойш хамт амьдарч байгаа. Одоо 2 хүүхэдтэй болсон ба том нь 8 настай эрэгтэй, бага нь 3 настай эрэгтэй. Н н хувьд мал маллаж амьдардаг. Багадаа Тарагт сумын ЕБСургуульд сураад 4 дүгээр анги төгссөн. Их дээд сургуульд сурч байгаагүй. Зан аашийн хувьд тогтворгүй, их олон ааштай хүн байгаа юм. ...Ял шийтгэл эдэлж байгаагүй, элдэв асуудалд орооцолдож байгаагүй. ...Бонго-3 гэдэг ачааны машин, мөн нэг жижиг тэрэг байгаа. 1000 гаран малтай. Арвайхээр суманд 5 дугаар багт “Шонхор” таунд 1 өрөө байртай...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч П.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний бодлоор бол энэ хоёр хүүхэд их сайхан амьдралтай хүмүүс гэж бодож байна. Байранд орохоосоо өмнө манай хамар хашаанд байдаг байсан. Анх гэрлэсэн цагаас хойш гэр бүлийн талаар нь мэдэх болсон. Н Тарагт суманд хөдөө малтай байдаг. Нэг гэр нь Арвайхээр суманд байдаг юм. Эхнэр Ариунаа нь хоёр хүүхдээ хараад аймагт байдаг. Манайхтай айл байхдаа бол хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан удаа бол байхгүй. Сайхан харилцаатай гэр бүл байсан. Харин одоо манайхаас тусдаа амьдарч байгаа болохоор сайн мэдэхгүй байна. ...Миний нүдэн дээр эхнэрээ зодож байсан удаа байхгүй. Ер нь тэр талаар сонсож байгаагүй. ...Н нь айлын том хүүхэд ба эхээс хоёулаа. Архи дарс, тамхи хэрэглэдэггүй. Амьдралын төлөө бол зүтгэж яваа хүүхэд байгаа юм. Ааш зангийн хувьд бол даруухан их зөөлөн хүүхэд. ...Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуульд 4 дүгээр анги төгсөж байсан, бага бололвсролтой. Ял шийтгэл эдэлж байгаагүй. Хоёр машин, 1000 гаран малтай. Арвайхээр сумын 5 дугаар багт “Шонхор” таунд 1 өрөө байртай...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Э.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчим байх өрөндөө хэвтэж байтал түн тан гээд дуу гараад байхаар нь юу болов гэсэн чинь нэг залуу зодуулчихсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн.Зодуулсан хүн хүүхдээ хараад эмнэлэгт хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай: “1.Б.Б ийн биед тархи доргилт, баруун хөмсөг, баруун гарт мэс заслын оёдол бүхий шарх, нүүрний хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол /хх-ийн 2 дугаар хуудас/,
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,
Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хяръяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх-ийн 20 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 62 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 72-73 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Н н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-36/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Н.Содномпил, хүү Н.Жигжид нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-40-41/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллого /хх-ийн 42-43 дугаар/,
Хохирогч Б.Б ийн шүүхэд ирүүлсэн: “...Н.Н д холбогдох хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Хохиролд 200000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт зэрэг болно.
Шүүгдэгч Н.Н нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ачтан ирээдүй” эмнэлгийн байранд иргэн Б.Б ийг зодож, түүний эрүүл мэндэд “тархи доргилт, баруун хөмсөг, баруун гарт мэс заслын оёдол бүхий шарх, нүүрний хэсэгт цус хуралт, зулгаралт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Б ийн “шүүгдэгч Н.Н д зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан” талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ү.А, Э.Ц нарын мэдүүлэг /хх-6-7, 26-27/, хохирогч Б.Б ийн эрүүл мэндэд “тархи доргилт, баруун хөмсөг, баруун гарт мэс заслын оёдол бүхий шарх, нүүрний хэсэгт цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт /хх-31 хуудас/, Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хяръяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх-20/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах” тухай тогтоол /хх-62 хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-72-73/, шүүгдэгч Н.Н н сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-34-35, 65-66/, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Гэлэг овгийн Нямдоржийн Н д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Н.Н нь шүүх хуралдаанд “надад оногдуулах ялыг тэнсэн харгалзаж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд энэ зүйлд хорих ял оногдуулахаар хуульчлаагүй тул шүүгдэгч Н.Н н гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.Н н гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаас гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 3-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Н д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Н нь 2017 онд адуу 120 толгой, үхэр 86 толгой, хонь 740 толгой, ямаа 151 толгой, нийт 1097 толгой мал тоолуулсан, 2 ширхэг автомашин, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг “Шонхор” таунд 1 өрөө байр, 5 ханатай гэр, мотоцикль зэрэг эд хөрөнгөтэй болох нь гэрч Ү.А, П.Б нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллогын баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх тул шүүгдэгч Н.Н д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 160000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Б ид 200000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон, цагаан өнгийн хосолсон хуванцар бариултай хутга 1 ширхгийг устгаж,
Шүүгдэгч Н.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гэлэг овгийн Н.Н г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Гэлэг овогт Н.Н г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Б оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 160000 /нэг зуун жаран мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Б ид 200000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон, цагаан өнгийн хосолсон хуванцар бариултай хутга 1 ширхэгийг устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
АРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ