| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2018/00039/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2018-03-27 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 42
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж
Улсын яллагч Ц.Батзориг,
Хохирогч Ө.Д ,
Шүүгдэгч Б.Д , түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Борбандийн Д д холбогдох эрүүгийн 1826000140033 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Б.Д
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 8 дугаар гудамжны 8 тоот хашаанд өөрийн гэртээ төрсөн дүү Б.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:
Шүүгдэгч Б.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай дүү Б.Д манайд ирсэн. Надад нэг шил архитай ирсэн. Тэгээд согтоод над руу салаавч өгөөд байхаар нь тэрийгээ боль гэж хэлсэн. Би салаавч өгөхөөр нь би гарыг нь барьсан чинь гараа татаад намайг түлхсэн. Тэгээд би унасан. Би тэр үед шал угаах гээд хувинд ус хийгээд тавьсан байсан. Тэр асгарсан усанд дээр халтираад унасан байх. Д бас ойчсон байсан. Би тэгээд босч ирээд харсан чинь зуух цус болсон байсан. Би тэгэхээр нь гал голомт бузарлачихлаа, үүнийгээ цэвэрлэ гээд очоод алгадаад, өшиглөсөн. Миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Оршуулгын зардалд 3000000 төгрөг зарцуулсан. Цаашид хохирогчид байнга тусалж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Б.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн үед Богд сум руу алсын дуудлаганд явах болоод, нөхөр лүүгээ залгахад манай нөхөр Д ахынд байна гэсэн. Би явах болоод нөхрөөсөө мөнгө авах гээд Д ахынд очиход энэ хоёр сууж байсан. Би мөнгө аваад Богд сум руу явсан. Тэгэхэд энэ хоёр архи уусан шинж ажиглагдаагүй. Д ах цай чанаж байгаа юм уу гэмээр сууж байсан. Тэгээд Богдод орой 9 цаг өнгөрч байхад очсон. Хагалгаандаа ороод гарч ирсэн чинь 12 цагийн үед Д ах над руу залгахаар нь утсаа авсан чинь манай гэрийг хэн цэвэрлэх юм бэ манай гэр цус нөж болчихлоо. Хэн цэвэрлэх юм бэ гээд байсан. Тэгэхээр нь яасан юу болсон юм бэ? гэсэн чинь. Танай нөхөр чинь манайд агсам согтуу тавиад гэрийн эд зүйл эвдчихлээ гэсэн. Танайхаас өдрөөс хойш яваагүй байгаа юм уу? Би маргааш гэрийг чинь цэвэрлээд өгчихье, наад хүнээ гэрт нь хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгээд би нөхөр лүүгээ залгаад яагаад айлд агсам согтуу тавиад байгаа юм бэ? гэсэн чинь намайг ирээд аваадах, Бо /Д / намайг зодоод байна гэсэн. Тэгээд утас нь салаагүй байхаар би чагнасан чинь Д ах “босч гэр цэвэрлэ, бос гэр цэвэрлэ” гээд байгаа нь сонсогдсон. Тэгж байтал эхнэр орж ирж байгаа бололтой “юу болоод байгаа юм бэ зодоон нүдээн хийсэн юм уу” гээд байгаа дуулдсан. Тэгээд утас нь тасарсан. Тэгээд би Бадмаа эгч рүү ярьсан чинь энэ хоёр зодолдсон байна. Хонгороогоор гэр лүү чинь хүргүүлэхээр явуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь та өглөө ажилдаа явахдаа очоод хараадахаарай гайгүй бол ч яахав, гайтай бол үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд Хонгороо луу залгасан чинь гэрт чинь хүргээд ирлээ, унтчихлаа гэсэн. Дүү лүүгээ залгаад асуусан чинь гайгүй байна гэсэн. Өглөө Богдоос гараад өдөр 4 цагийн үед гэртээ ирэхэд ийм зүйл болсон байсан. Оршуулгын зардалд 3000000 төгрөг өгсөн. Цаашид миний орон сууцны зээлээс төлөлцөнө гэсэн. Ах дүү нар дундаа Д ах манай нөхөр хоёр их дотно харилцаатай байсан. Д ах нөхөрт маань байнга анхаарал тавьж, тусалж дэмжиж байдаг байсан. Д д гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Бид хоёр эвлэрсэн учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг би гаргасан гэв.
Хохирогч Б.Д гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн орчимд Богд сум руу дуудлаганд явсан. Намайг Богд сум руу дуудлаганд явахаар болоод нөхөр Д руу залгахад “Д ахындаа байна” гэж хэлсэн. Тэгээд би Арвайхээр сумын 2 дугаар багт байх Д ахынд нь очиход гэрт нь манай нөхөр Д, Д ах хоёр байсан. Намайг ороход манай нөхөр Д архи уугаагүй архи уусан шинж анзаарагдаагүй. Тэгээд би Богд сум руу явлаа гэдгээ хэлээд тэднийхээс гарсан. ... Богд суманд 21 цагийн орчимд очсон. Тухайн үед нөхрийгөө төрсөн ахындаа байгаа болохоор ерөөсөө санаа зовохгүй байсан тул нэг ч удаа залгаагүй. Тэгээд хагалгаандаа орчихоод оройн 23 цаг болж байхад ах Д залгаад “...манай гэрийг ирж цэвэрлэ, хэн цэвэрлэх юм бэ...” гэхээр нь би “...яасан юм бэ...” гэхэд “...танай нөхөр гэрт агсам тавиад манай гэр хамаг цус нөжиндөө будагдаад хамаг юм эвдэрчихлээ...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “...маргааш очоод цэвэрлээд өгье, би Богд суманд дуудлаганд явж байна, наад хүнээ гэрт нь хүргээд өгчих...” гэж хэлэхэд “...за за тэгвэл яахав...” гээд утсаа салгасан. Тэгэхээр нь би өөрийн нөхөр болох Д гар утас руу залгаад “...яагаад айлд агсам тавиад байгаа юм бэ, юу болоод байгаа юм...” гэхэд Д “...чи намайг ирээд аваадах, Бо /Д / намайг зодоод байна...” гэж хэлээд чимээгүй болсон. Тэгэхээр нь би утсыг нь чагнаад байсан чинь цаанаас нь Д ах “...босож гэр цэвэрлэ, босож гэр цэвэрлэ чи...” гээд байсан. Д юу ч дугарахгүй байсан. Тэгтэл гаднаас ахынх нь эхнэр Б орж ирж байгаа бололтой “...юу болоод байгаа юм...” гээд орилох дуу гарсан. Тэгээд л утас нь салсан. Ахиад нөхөр лүүгээ залгасан боловч утсаа аваагүй. Эргээд би Д ахын эхнэр лүү залгаад асуухад гайгүй нь ч гайгүй байна, арайч үхчихээгүй байна. Хонгороогоор гэр лүү нь явуулчихлаа...” гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би Х руу залгаад “...бие нь ямар байна, хэр согтуу байна...” гэж асуухад Х “...гайгүй нь ч гайгүй байна гэрт нь оруулаад унтуулчихлаа...” гэж хэлэхээр нь би “...маргааш өглөө очоод гайгүй бол яахаа үзүүлэх шаардлагатай бол үзүүлээдхээрэй...” гэж хэлсэн. Д ахын эхнэр ч бас тэгж хэлсэн. Хо залгачихаад дараа нь дүү Д рүү залгаад асуухад “...Дэ ахдаа зодуулсан юм шиг байна. Гайгүй нь ч гайгүй л юм шиг байна, унтчихлаа гэж хэлсэн. Тэрнээс хойш би ахиж залгаагүй, өөртэй нь яриагүй. Маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өглөө Богд сумаас 09 цагийн очимд гарахдаа Д ахын эхнэр Б руу залгаад “... та манайхаар оров уу...” гэхэд “... би орж амжаагүй завгүй, ажилтай ах нь очдог юм байгаа биз гээд элдвээр доромжлоод байсан...” гэж хэлсэн. Тэгээд би утсаа салгаад гайгүй юм байна гэж бодоод өөр хэн нэгэн рүү залгалгүй Богд сумаас гарсан. Өдрийн 12 цаг өнгөрч байхад Гучин-Ус суман дээр сүлжээ орж ирэхэд дүү Д над руу залгасан. Тэгээд утсаа автал “... Нямаа ах амьсгаадаад байгаа юм шиг байх юм яах вэ...” гэхээр нь Би Х руу залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр ньХ-н эхнэр рүү залгахад утсаа аваад байна уу гэснээ утсаа тасласан. Хадам ээж Д руу залгахад утсаа аваагүй. Б руу залгахад утсаа аваад “... би бас л завгүй ажилтай байна...” гээд байсан. Хантэй нь ярьж чадаагүй. Тэгээд л Гучин-Ус сумаас аймаг руу гарсан. Аймгийн төв дээр 16 цаг өнгөрч байхад ирсэн. Шууд гэртээ ирэхэд манай нөхөр Д нас барчихсан байсан. Манай гэрт талийгаачийн ах, дүү нар нь ирчихсэн байсан. Шарил нь том өрөөнд газар байсан. Нүүр нь хавдартай, нүүрийг нь хадгаар боосон байсан. Хоёр гар нь бугалга хэсгээрээ хөх няц, ар нуруу нь зулгарч хөхөрсөн байсан. Цаашаа сайн харж чадаагүй. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-29 хуудас/,
Гэрч Т.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэр өдөр 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байсан. ...Манай байгууллагын шинэ жил 16 цагаас "Өшгөг" зочид буудалд болоод оройн 00 цагт тарсан. Би машингүй ирсэн байсан болохоор нөхөр Д ийн хүргэн болох Хонгорзулыг утсаар дуудаад “эгч нь шинэ жилээс тарчихсан, намайг гэрт хүргээд өгөөч...” гэхэд Хонгорзул за гээд ирсэн. Тэгээд би хүргэн Хонгорзулаар гэртээ хүргүүлээд очиход гэрт манай нөхөр Д , нөхрийн дүү болох Д хоёр голдоо төмпөнтэй мах тавьчихсан гал зуухны өрөөнд сууж байсан. Манайх Арвайхээр сумн 2 дугаар багийн 8-08 тоотод байдаг. Тэгээд гал тогооны цонхны дотор талын дан цонх нь цацраад цуурчихсан, коридорын өрөөний цонхны дотор талын дан цонх хагарчихсан, гэрээс архи үнэртээд Д нэлээн согтуу байсан. Тэгэхээр нь би “...та нар чинь одоо юу болж байгаа юм бэ...” гээд уурлаад хашхираад аашилтал нөхөр Д “...би хүмүүжилгүй юмыг хүмүүжүүлж байгаа юм. Сандал авч шидээд хамаг юм хэмхчээд байгаа юм...” гэж хэлсэн. Хонгорзулыг гэрт ороход талийгаач Д харчихаад “... ахыгаа гэрт хүргээд өг...” гэхэд “... Хонгорзул зөвшөөрөөд тэр хоёр манай гэрээс хамт гарсан. Буцаж манайхаар Д ирээгүй. Би талийгаачийг гэрээс гарсны дараа Д ээс “... та нар чинь одоо яаж байгаа юм бэ...” гэхэд Д “... би дүүгээ хүмүүжүүлж байгаа юм. Энэ намайг их зовоож байгаа юм...” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн өглөө босоод 09 цагт би ажилдаа явсан. Үдээс хойш 14 цагийн орчимд манай нөхөр Д над руу залгаад “...Д ын бие сонин болчихсон байна...” гэхээр нь би ажлаасаа гараад шууд “Хархорин” өргөөгийн орон сууцанд байх Д ын гэрт очсон. Намайг очиход манай нөхөр Д түрүүлээд ирчихсэн толгойг нь тэвэрчихсэн уйлаад сууж байсан. Д нас барчихсан байсан. Намайг гэрт ороход талийгаачийн зүүн талын билүү, баруун талын шанаа хэсэг хавдчихсан, бэлцийчихсэн, шалбараад цус гарсан байсан. ... Манай нөхөр Д нь зөөлөн ааштай, уяхан сэтгэлтэй хүн байгаа юм. Өмнө нь архи хэрэглэдэг байсан. 1 жилийн өмнөөс архи уухаа больсон. Архи уусан хүнийг харахаараа уурладаг болсон, архи огт амсахаа больсон. Хааяа жаахан түргэн зан гаргадаг л юм. Удахгүй уур нь гарчихдаг. Б.Д нь архи уудаг, сүүлийн үед нилээн уудаг болсон байсан. Архи уухаараа агсан зантай болчихдог болсон байсан. Өмнө нь гайгүй л байсан, сүүлийн үед тийм л зантай болчихсон байсан хүүхэд байгаа юм. Д , Д нар нь бие биенийгээ гэдэг, хоорондоо амь нэгтэй хүмүүс байсан. Эхээс долуулаа, манай нөхөр хамгийн том банди нь. Талийгаач Д нь дээрээсээ 3 дахь хүүхэд нь байгаа юм. Бүгд л самгардаад мэдэгдэж чадаагүй юм. Манай нөхөр Д “...би өөрөө цагдаад мэдэгдэнэ, гэхдээ ажлыг нь өнгөрөөж байж мэдэгдэнэ...” гээд байсан. Тэгээд өчигдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нөхөр Д өөрөө цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-33 хуудас/,
Гэрч С.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 27-ны орой 23 цагийн орчим гэртээ байхад Д ахын эхнэр Бадамханд нь над руу утасдаад шинэ жил тарж байна гэрт хүргээд өгөөч гэхээр нь би машинаа асаагаад “Өшгөг” рестораны тэндээс Бадамханд эгчийг аваад гэрт нь хүргэж өгсөн. ...Намайг орох үед Д ын шанаа хэсэг нь хавдсан, бага зэрэг цус гарч байсан. Д ах биедээ ямар нэг гэмтэл бэртэлгүй байсан. Ингээд би тэр хоёроос “та хоёр чинь одоо юу болоод байгаа юм бэ, зодоон цохион хийсэн юм уу...” гэж асуутал Д ах “...миний дүү надад жаахан агсам тавиад, би жаахан сургаал айлдаад сууж байна...” гэж хэлсэн. Д тэгэхэд хэлээ гаргаад гэмшсэн байдалтай инээж байсан. Тэгэхээр нь өрөөний доторхийг ажиглахад гал тогооны өрөөний цонх хагарч газар болон зуухны наад ирмэгээр цус дуссан байсан, коридорын цонх хагарсан байсан. Тэр үед талийгаач Д надад хандаж “... ахыгаа хүргээд өг ах нь явъя гэж хэлсэн...” Тэгээд би Д ахыг машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгөх замдаа “танайд хүн байгаа юм уу, эмнэлэгт үзүүлэх үү” гэж асуутал Д ах “манайд Дэлгээ байгаа би эмнэлэгт үзүүлэхгүй харъя, би зүгээр” гэж хэлэхээр нь гэрт нь очоод хаалгыг нь тогштол Дэлгээ хаалга онгойлгож өгсөн ба хөгжлийн бэрхшээлтэй Д ахын хүүхэд хоёр байсан. Ингээд Дэлгээ ахад том өрөөнд нь газар гудас дэвсэж, адьяал нөмрүүлсэн. Ингээд Д ах миний дүү одоо харьж амар амар гарахдаа гэрэл унтраачихаарай гэж надад хэлэхээр нь би тэднийхээс 01 цаг болох гэж байхад гараад гэртээ харьсан. Маргааш өгөөл нь босоод байж байтал 12 цагийн үед Дэлгээ нар руу яриад Д ахын бие нь өвөөд байх шиг байна. Их сонин болооод байна гэж хэлэхээр нь би хувцаа өмсчихөөд Д ах руу залгаад Д ахын бие нь муу байга. Хүрээд ир гэж хэлчихээд Д ахынх руу очсон. Гэрт нь яваад ороход цээж нь хөдлөхгүй, хоолой нь амьсгалаа гаргасан байдалтай байсан. Удалгүй Донидэмбэрэл ах орж ирээд Д ахын толгойг нь бариад уйлаад “... би юу хийчих вэ муу дүүгээ...” гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,
Гэрч Ө.- мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 23 дугаар сарын 27 юм уу 28-ны өдөр байсан. ... шөнийн 01 цаг юм уу 02 цаг үед байх хаалга нүдээд онгойлгож өгөхөд талийгаач согтуу хамт талийгаачийн дүүгийнх нь нөхөр Хо хамт орж ирсэн. Тухайн үед талийгаачийн баруун талын нүд нь улайчихсан, хавдчихсан хүнтэй зодолдсон гэмээр байдалтай болчихсон байсан. Тэгэхээр нь юу болсон яасан талаар асуухад “...Дэмбээ муу пиздаатай зодолдсон...” талаараа хэлсэн. Тэгээд Х яваад өгсөн. Талийгаач хаалгаа түгжээрэй гэхээр нь би босч хаалгыг нь түгжчихээд унтсан. Талийгаач ч гэсэн унтсан байх. Тусдаа өрөөнд ундтаг юм. Маргааш өглөө нь 10 цагийн үед босоод нойл руу орж бие засчихаад гэр нүүрээ угаачихаад том өрөөнд ороход талийгаач өндийгөөд суучихсан ахдаа хүйтэн юм хийгээд өг гэхээр нь стаканд ус хийж өгсөн. Тэрийг уучихаад дахиад хийгээд миний хажууд тавьчих гээд эргээд хэвтээд өгсөн. ... Нэг харахад талийгаачийн байгаа байдал нь нэг л сонин байсан. Ингэхдээ амьсгаа нь хоолойн төвөнх нь хөдлөөд сонин амьсгаадаад байхаар нь Хонгороо луу залгаад Ням ахын бие сонин болоод байна хүрээд ир гэж дуудахад Хонгороо эхэлж ирсэн. Араас нь талийгаачийн ээж нь, Дэмчиг гээд ах нь Хо-н эхнэр Мягаа гэх хүмүүс ирсэн. ...Энэ үед гаднаас Д эхнэртэйгээ орж ирсэн. Тэгсэн талийгаачийг нас барчихсан байна гэхэд арай үгүй байлгүйдээ гээд талийгаачийн толгойн хэсэгт нь очиж суугаад үзэж байснаа “би дүүгээ алчихлаа, би арай хэтрүүлчихлээ, хашраах гэсэн юм” гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/,
Шүүгдэгч Б.Д ийн яллагдагчаар өгсөн: “... Тэр өдөр 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байсан. Тэр өдөр намайг гэртээ байхад миний төрсөн дүү болох Д Баяраа гэх залуугийн хамт манай гэрт орж ирсэн. Би цагийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан үдээс хойш л орж ирсэн. Орж ирэхдээ тэр хоёр хоёулаа эрүүл, ямар нзгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай гэрт орж ирэхдээ 0.75 литрийн ЭКС гэх архитай орж ирсэн. Тэгээд авчирсан архиа задлаад надад амсуулаад байж байтал дүүгийн эхнэр Д Баяраагийн эхнэртэй /нэрийг нь мэдэхгүй байна/ орж ирсэн. Тэгээд тэр хоёрын карт, бэлэн мөнгийг нь аваад явсан. Тухайн үед би гал асаах гэтэл гaл асахгүй байхаар нь плиткан дээр цай чанаж тэр хоёрт өгсөн. Цай уучихаад Баяраа гараад явсан. Дүү Д надтай хамт үлдсэн. Бид хоёр цай уугаад чанасан мах өшиглөж идээд юм яриад хэсэг суусан. Баяраа задалсан архинаас нь ганц нэг балгаад л гарсан байсан. Үлдсэн архийг нь Д ганцаараа уугаад байсан. Тэгээд нилээн халж байгаа бололтой хэл үг нь олшроод янз бүрийн зүйл яриад л байсан. Намайг загинахаар өөдөөс салаавч гаргаад байсан. Би мах хөшиглөөд өөрийнх нь аяганд нь хийж өгөөд байж байтал миний гарт барьж байсан хутга руу дайраад байхаар нь би гарыг нь зөрүүлээд барьж автал “би дийлддэггүй хүн” гээд толгойныхоо ар хэсгээр цонхны шил рүү мөргөсөн. Гал тогооны цохны хажууд сууж байсан юм. Тэгээд гараа татаж дугтраад намайг түлхтэл би арагшаа унахдаа шал арчих гээд түмпэнд хийсэн байсан усыг татаж асгасан. Д наймаг түлхсэндээ хальтирч унасан уу, яасан пийшин рүү толгойгоороо цохиод унасан. Манай пийшин доошоо ухагдаж суусан пийшин
байгаа юм. Тэгээд босч ирээд өндийгөөд суусан байхаар нь наад асгасан усаа арчиж цэвэрлэ гэхэд миний өмнөөс салаавч өгсөн. Тэгээд пийшингийн ирмэгний хажууд цус болсон байхаар нь би “...гал голомт бузралчихлаа чи...” гээд хоёр хацар луу нь ээлжлээд нэг нэг удаа гараараа алгадсан. Унаад босоод ирэхдээ нүүр ам нь цус болсон байсан үгүйг анзаараагүй. Дараа нь харахад аль чихийг нь санахгүй байна. Баруун талын чих шиг л санагдаад байна. Чихний дотор талын хэсгээс нь цус гарчихсан байсан. Би Д ыг “...энийгээ угаа чи...” гэхэд миний өөдөөс салаавч өгөхөөр нь би яасан их caлаавч өгдөг юм бэ “...чамайг салаавч өгдөггүй болгоно...” гээд гарын хоёр талын шуу хэсэг рүү нь хөлөөрөө нэг нэг удаа өшиглөсөн. Тэгээд асгасан усаа арчаад ахиад түмпэнд ус хийж өгөөд Д ыг энийгээ цэвэрлэ гэхэд Д “...чадахгүй, би шал угаадаг хүн мөн үү...” гээд ахиад асгасан. Тэгэхээр нь би Д ын эхнэр болох Д рүү залгаад “...гэр ирж цэвэрлэж өг...” гэхэд “...Д би хөдөө явж байна, маргааш очоод цэвэрлээд өгье...” гэсэн. Тэр өдрийн оройн манай эхнэр шинэ жил тэмдэглэж байсан болохоор эзгүй байсан. Тэгээд бид хоёрыг сууж байтал шөнийн 00 цагийн орчимд манай эхнэр Бадамханд хүртэн Хонгорзул нар орж ирсэн. Д Хонгорзулыг хараад “... ахыгаа хүргээд өг гээд...” гэр лүүгээ хүргүүлэхээр явсан. Буцаж манайхаар орж ирээгүй. Маргааш өглөө нь би өмнөх өдөр нь асгасан ус завааруулсан зүйлүүдийг нь цэвэрлээд байж байтал манай дүү Дэмчигсүрэн утсаар яриад “...Д ын бие нь муудаад байна гэнэ хурдан оч...” гэхээр нь би хувцасаа өмсөөд Д ын гэр лүү гараад алхаж байтал манай эхнэр өмнөөс машинтай ирсэн. Тэгээд эхнэртэйгээ цуг Д ын гэрт очиход гэрийнхээ том өрөөнд газар гудас дэвсчихсэн дээр нь хэвтэж байсан. Тэгээд ороод хартал нас барсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90 хуудас/,
Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Талийгаач Б.Д ын биед үүссэн тархины хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь онолын хувьд хатуу биетийг мөргөх болон цохигдох үеийн аль алинд нь үүсэх боломжтой. Гэхдээ талийгаач Б.Д ын биед учирсан гэмтэл нь хатуу хальсыг хуулах үед биежээгүй шингэвтэр цус байсан. Задлан шинжилгээний явцад талийгаачийн тархины орой хэсэгт үүссэн цус хуралт гэмтэлтэй хэсэгт хуйхан дор цус хуралт гэмтэл тогтоогдоогүй. Хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь 5*2,6*0,2 см-ын хэмжээтэй цусан хураа байсан бөгөөд уг цусан хураа гэмтэл нь үхэлд хүргэхгүй, уг гэмтэл нь мөргөлтийн улмаас үүсэх боломжтой гэмтэл юм...” /хх-ийн 62-63 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн: “... 1.2 Б.Д ын биед тархины хатуу хальсан доорхи цусан хураа, дух, нүдний зовхи, хамар, хацар, шанаа, чих, мөр, баруун, зүүн гар, сарвуу, нуруу, баруун зүүн хөл хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь: Дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Биеийн бусад хэсэгт үүссэн цус хуралт, зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох жумын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Талийгаач Б.Д ийн цуснаас 2.1 промилли спиртын агууламж илэрсэн байна. Цусанд илэрсэн 2.1 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна.
6. Зүрхний булчингийн жижиг голомтот сорвижил, завсар эдийн голомтот үрэвсэл, элэгний эдийн өөхжил нь спиртийн цочмог хордлого үүсгэх суурь шалтгаан болдог.
7. Нас бараад 75-80 цаг болсон байх боломжтой.
8. Талийгаач Б.Д нь Спиртийн цочмог хордлогын улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 57-59 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1079 дугаартай шинжээчийн: “... Шинжилгээнд ирүүлсэн “Өвөрхангай Арвайхээр сум эр /47н/ Б.Д ” гэж хаягласан цусанд 2.1 промилли, ходоодны шингэнд 2.2 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илрсэн 2.1 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 51 хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-10/,
Цогцсонд үлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-19/,
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-21/,
Шүүгдэгч Б.Д ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-68, иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх-67/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-66/,
Хохирогч Ө.Д гийн “2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр миний нөхөр Б.Д төрсөн ах Б.Д дээ зодуулсны улмаас эрүүл мэнддээ хүнд хохирол авч, улмаар спиртийн цочмог хордлогын улмаас амь нас нь хохирсон. Б.Д нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оршуулгын болон бусад зардлыг нөхөн төлсөн, цаашид ч бидний амьдралд тус дэм үзүүлж байна гэдгээ илэрхийлж байгаа, би түүнд нь итгэж байна. Б.Д ийг уучилсан, бид эвлэрсэн зэрэг байдлыг харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хохирогчийн зүгээс татгалзах зүйлгүй байна. Б.Д д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно” гэсэн хүсэлт /хх-ийн 98 хуудас/,
Шүүгдэгч Б.Д ийн “Миний бие 2017 оны 12 дугаар сарын 27-ны орой Арвайхээр сумын 2 дугаар багийн 8-8 тоотод өөрийн гэртээ төрсөн дүү болох Б.Д ыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Талийгаач дүүгийнхээ оршуулгын болон бусад зардалд тусламж үзүүлсэн, цаашид ч амьдралд нь тус дэм үзүүлэхээ илэрхийлж байна. Надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хялбаршуулан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт зэрэг болно.
Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 8 дугаар гудамжны 8 тоот хашаанд өөрийн гэртээ төрсөн дүү Б.Д ыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд хохирогч Б.Д гийн өгсөн мэдүүлэг /хх-27-29/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Т.Б /хх-32-33/, гэрч С.Хонгорзул /хх-34-35/, гэрч Ө.Дэлэгдулам /хх-39-40/, шүүгдэгч Б.Д ийн үйлдлийн улмаас талийгаач Б.Д д хүнд гэмтэл учирсныг, талийгаач Б.Д нь Спиртийн цочмог хордлогын улмаас нас барсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-57-59/, талийгаач Б.Д нь согтолтын дунд зэрэгтэй байсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1079 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51/, шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мэдүүлэг /хх-62-63/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-10/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-19/, Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-21/, хохирогч Ө.Д гийн хүсэлт /хх-98/, шүүгдэгч Б.Д ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Б.Д ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Б.Д ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн “Б.Д ын биед тархины хатуу хальсан доорхи цусан хураа, дух, нүдний зовхи, хамар, хацар, шанаа, чих, мөр, баруун, зүүн гар, сарвуу, нуруу, баруун зүүн хөл хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Биеийн бусад хэсэгт үүссэн цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох жумын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /57-59/, шинжээч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн “Хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь 5*2,6*0,2 см-ын хэмжээтэй цусан хураа байсан бөгөөд уг цусан хураа гэмтэл нь үхэлд хүргэхгүй” /62-63/ гэсэн мэдүүлгээр,
Талийгаач Б.Д нь спиртийн цочмог хордлогын улмаас нас барсан болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн “Зүрхний булчингийн жижиг голомтот сорвижил, завсар эдийн голомтот үрэвсэл, элэгний эдийн өөхжил нь спиртийн цочмог хордлого үүсгэх суурь шалтгаан болдог. Талийгаач Б.Д нь спиртийн цочмог хордлогын улмаас нас барсан” гэсэн дүгнэлтээр /хх-57-59/ тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Боржигон овгийн Б.Д д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд прокуророос уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Д нь хохирогчид 3000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10000 нэгж буюу 10000000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5-т заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Д ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 3-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Д д шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр 277778 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ө.Д д 3000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Бо. Д ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Б.Д ийг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Д д шүүхээс оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр 277778 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ