Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар  2024/ДШМ/33

 

 

 

 

 

 

 

2024        05         29                                           2024/ДШМ/33

 

 

                                          Б.Ч-т холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч                                                       Б.Ч

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          С.Дорждулам

Хохирогч                                                  Ц.З

Нарийн бичгийн дарга                               Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Ч-ын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ч-т холбогдох 2425000000084 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Ч, Монгол улсын иргэн, Орхон аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Х газарт оршин суух бүртгэлтэй, урьд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар 00.

 

 Б.Ч нь 2023 оны 06 дугаар сард гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Ц.З-г Х байрлах гэртээ хардалтаас болж маргалдан гэдэс рүү нь дэвсэн өшиглөж, нүд рүү цохисон,

2023 оны 08 дугаар сард гэртээ хардалтаас болж маргалдан хамар, зүүн нүд рүү нь цохисон,

2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөнгөө зөв зарцуулсангүй гэж хэрүүл маргаан  үүсгэн боорцогны шүүр шидэж, зүүн нүдийг цохисон,

2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр согтуугаар далимдуулан гүтгэлээ гэж маргаан үүсгэн, зүүн нүд рүү нь цохиж, байнгын шинжтэй үйлдлээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Орхон аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар Орхон аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 9 сарын хугацаагаар Орхон аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Ч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ч-ын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдаж,

 

Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч Б.Ч давж заалдах гомдолдоо:

“ ... Би эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин шүүхээс надад оногдуулсан ял нь миний ажил, амьдралын бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байгаа учир зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг нэмэгдүүлэх, түүнчлэн ялын хэмжээг хуульд заасан доод хэмжээгээр бууруулан багасгах зорилгоор гомдол гаргаж байна.

Би Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт амьдардаг малчин бөгөөд өөрийн амьжиргааны адууг малладаг адуучин хүн. Би ерөнхий боловсролын сургууль төгссөнөөсөө хойш хөдөө амьдарч байгаа, бүрэн дунд боловсролтой, их дээд сургуульд суралцаж мэргэжил эзэмшээгүй. Манай хэдэн адуу бидний амьжиргааны эх үүсвэр болдог учраас адуу малнаасаа салвал надад өөр орлого мөнгө олох боломж байхгүй. Манайх өвөл Хонгор морьт гэдэг газар өвөлждөг ба зун нь Хангал самбар гэдэг газар зусаж, айраг цагаагаа Эрдэнэт хот руу зөөж зарж борлуулдаг.

Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр нь бага хэмжээтэй бөгөөд өвөлдөө манай адуу мал Эрдэнэт хотын вокзалын ойр орчим, манайхтай хил залгаа Баруунбүрэн болон Хангал сумын нутаг руу орж, цас шуурганд уруудах дайжих явдал олонтаа гардаг. Энэ тоолонд малчин хүн малынхаа араас цаг хугацаа алдалгүй яаралтай явж, эрж хайснаар адуу малаа бүрэн бүтэн олж авах зайлшгүй хэрэгцээ шаардлага байнга гардаг. Гэтэл шүүхээс надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь Жаргалант сумын нутаг дэвсгэрийн хүрээгээр хязгаарлагдаж байгаа бөгөөд үүнийг удаа дараалан зөрчвөл би хорих ялаар шийтгүүлэх юм байна. Ингэхээр надад адуу малынхаа араас явж хоригдол болох уу, эсхүл адуугаа эрж хайлгүй зөнд нь орхиж, улмаар амьжиргааны эх үүсвэргүй болох уу гэдэг зовлонтой асуудал тулгарч байна. Адуу мал хүний хэл ойлгодоггүй учир манай малын явдал гүйдэл нь миний хүсэл зоригоос үл хамаарах нь үнэн бөгөөд би адуу малаа Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гадагш гаргахгүй байлгаж чадна гэх баталгаа байхгүйтэй адил. 

Манай эхнэр Ц.З жирэмсэн ба энэ оны 8 дугаар сард амаржина. Бидний амьдардаг Жаргалант суманд өрхийн эрүүл мэндийн төв байдаг боловч энд төрөх тасаг, хүүхэд эх баригч эмч байдаггүй учир Жаргалантын эхчүүд Орхон аймгийн эмэгтэйчүүдийн төрөх эмнэлэгт амарждаг. Эхнэр амаржих үед надад Орхон аймгийн нутагт зорчих зайлшгүй хэрэгцээ шаардлага гарна. Иймд малчин миний амьдралын дээрх бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж надад шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг өргөтгөн тэлж, улмаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг, Говил баг, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Булган аймгийн Хангал сумын газар нутгийг хамруулж өгнө үү. Надад адуу малынхаа араас явж хөөцөлдөхөөс өөрөөр Жаргалант сумаас гарч дээрх газруудаар явах хэрэгцээ шаардлага байхгүй. Хөдөөний малчин хүнд хүйтний улиралд орон гэртээ байж адуу малаа маллахаас өөр чухал ажил угаасаа байдаггүй. 

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн бол 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар нутгийн мал маллагааны онцлог, адуучин хүний бодит нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр тус тус заажээ. Иймд дээр дурдсан хөдөө үзэж, шүүхээс дээрх зүйлүүдээр надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг тус бүр нэг сараар багасган, өвлийн ид хүйтний үед адуу малынхаа араас санаа амар явж хөөцөлдөх цаг хугацааг 2 сараар наашлуулж, надад анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг доод хэмжээгээр нь хөнгөрүүлж, ялын нийт хэмжээг 7 долоо сарын хугацаатай болгон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. 

Гомдолд өөрийн оршин байрлаж, адуу мал малладаг газрын талаарх Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн Засаг даргын тодорхойлолт,  Жаргалант сумын нутаг дэвсгэр болон манай адуу мал цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас цааш дамжин гүйх боломжтой хөрш зэргэлдээ сумуудын газар нутгийн хил заагийг харуулсан зураг зэргийг өөрийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримтаар хавсаргав. Би давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрөө биечлэн оролцох хүсэлтэй байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Ч тайлбартаа: “...Би малчин болохоор зундаа Хангалд зусдаг. Давж заалдах гомдолд зураг хөрөг баримт хавсаргаж өгч чадаагүй. Манай өвөлжөө Баруун бүрэн сумтай хил залгаа байдаг...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дорждулам тайлбартаа: “...Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Эхнэр нь жирэмсэн. Улаан толгойд төрөх эмнэлэг байхгүй. Эрдэнэтийн эмнэлэгт төрөх шаардлагатай байна. Хүүхэд хэзээ төрөх нь тодорхойгүй учраас энэ нөхцөл байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ялын хүрээ хязгаарыг тэлж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Мөн адуу малладаг учраас хонь ямаа шиг биш, өвлийн цагт уруудаад нааш цааш явах болдог. Иймд гомдлыг хангаж өгнө үү...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ц.З тайлбартаа: “...Тайлбар, санал байхгүй...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Лхамсүрэн дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Чын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ч нь Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн Хонгор морьт гэх газарт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Ц.З-г 2023 оны 06 дугаар сард хардалтаас болж маргалдан гэдэс рүү нь дэвсэн өшиглөж, нүд рүү цохисон, 2023 оны 08 дугаар сард хардалтаас болж маргалдан хамар, зүүн нүд рүү нь цохисон, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөнгөө зөв зарцуулсангүй гэж хэрүүл маргаан үүсгэн боорцогны шүүр шидэж, зүүн нүдийг цохисон,

мөн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр согтуугаар далимдуулан гүтгэлээ гэж маргаан үүсгэн, зүүн нүд рүү нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шүүгдэгч Б.Чын үйлдлийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

 

Мөн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 9 сарын хугацаагаар Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, түүнд оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.Ч нь давж заалдах гомдолдоо “... өөрийн оршин байрлаж, адуу мал малладаг газрын талаарх Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн Засаг даргын тодорхойлолт,  Жаргалант сумын нутаг дэвсгэр болон манай адуу мал цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас цааш дамжин гүйх боломжтой хөрш зэргэлдээ сумуудын газар нутгийн хил заагийг харуулсан зураг зэргийг өөрийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримтаар хавсаргав...” гэсэн байх боловч дээр дурьдсан нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй болно.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэм хэмжээ, хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох эсхүл тодорхой газар очихыг хориглох эсхүл шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

 

Хэрэв эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай тохиолдолд шүүхээс тогтоосон бүсэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжгүй болсон, мөн хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас өөрийн зорчих эрхэд тогтоосон хориглолт, хязгаарлалтыг өөрчлөх тохиолдолд шүүгдэгч Б.Ч нь энэ талаарх хүсэлтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.

 

 Энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Б.Чын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 139 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Б.Чын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

 

                                                                 ШҮҮГЧИД                                   С.ЦЭЦЭГМАА

 

                                                            С.УРАНЧИМЭГ