Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/37

 

  

 

 

 

 

 

 

2024      06          05                                         2024/ДШМ/37

 

 

                                                   Н.Ст холбогдох

                                                     эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгч                                                       Н.С

            Нарийн бичгийн дарга                             Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.С-ийн гаргасан давж заалдах гомдлоор Н.С-т холбогдох 2425000000154 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С, Монгол Улсын иргэн, Булган аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, эх, хүүхдүүдийн хамт 00 тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар 00.

Н.С нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн Х дугаартай гар утаснаас иргэн С.Ч-ы А дугаартай гар утас руу залгаж “Баярмаа байна, гар утсаа түр барьцаанд тавиад өгөөч” гэж, мөн өөрийн Б дугаартай гар утаснаас залгаж “Баярмаагийн дүү нь байна” гэж зохиомол байдлын зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, хуурч түүний 300.322 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-14 загварын гар утсыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Смарт” сүлжээ ломбардад 200.000 төгрөгийн барьцаанд тавиулж, хохирогчид 300.322 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Н.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-ийг 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.С давж заалдах гомдолдоо:

 

“...  Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтаар надад зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулсан. Үүнийг өөрчилж өгнө үү гэж гомдол гаргахын учир нь би хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байгаа, учруулсан хохирлоо бүрэн төлсөн. 

Би 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрж 4 дэх охин маань мэндэлсэн. Одоо нялх хүүхэдтэй, нийт бага насны 4 хүүхэдтэй, таксинд явж амьдрал, орлогоо зохицуулж ирсэн. Нөхөр Ууганбаатар нь Илт голд уурхайд гагнуурчин хийдэг. Ээлжийн ажилтай 14 хоног ажилдаа яваад 7 хоног ирж амардаг. Зорчих эрхийг хязгаарлах ял нь 4 хүүхдээ хэвийн өсгөн хүмүүжүүлэх, ажил төрлөө хийх, орлого хэвийн байхад хүндрэлтэй байдал үүсгэж байгаа юм. Тодорхой нутаг дэвсгэрийн хязгаарлагдах байдлаас болж, орон нутаг, хот хоорондын зорчих хүн тээврийн үйлчилгээ буюу таксинд явах байдал хязгаарлагдаж, улмаар өрхийн орлого буурч, хүүхдүүдээ хэвийн өсгөхөд бэрхшээл, саад болж байх тул хэвийн ажиллаж амьдрах боломжийг олгож, торгуулийн ялыг хэрэглэж өгнө үү.

Мөн 2024 оны 04 дүгээр сарын 19-нд төрсөн охин У.Болор-эрдэнэ маань сар болгон Улаанбаатар хотын Эх нялхасын хяналтад түнхний дутуу хөгжил оношоор эмчлүүлдэг бөгөөд тухайн эмчилгээ удаан хугацаанд үргэлжилнэ гэсэн ба хүүхдийг маань хардаг ээж Ш.Цэрэнсодном нь тархины өвчний улмаас уналт таталт байнга байх болсонтой холбоотой Улаанбаатар хотод байнгын байж эмчлүүлж байгаа зэргээс хүүхдүүдээ зөвхөн өөрөө асран хамгаалж, тэжээн тэтгэж байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж, торгуулийн ялыг хэрэглэж өгнө үү. Миний таксинд явж, орлого олдог байдлыг болон өөрийн гэсэн хөрөнгөтэй байдлыг харгалзан үзэж, торгуулийн ялыг хэрэглэж өгнө үү. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.16-ны өдрийн 2024/ШЦТ/166 тоот шийтгэх тогтоолын ял оногдуулсан хэсгийг өөрчилж, торгуулийн ялыг хэрэглэж өгнө үү” гэжээ. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.С тайлбартаа: “... Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгуулийн ял оногдуулж өгнө үү ...” гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Дүүрэнжаргал дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна” гэв.

 

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.С-ийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Н.С нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн 85351198 дугаартай гар утаснаас хохирогч С.Чы эзэмшлийн 99745963 дугаартай гар утас руу залгаж “Баярмаа байна, гар утсаа түр барьцаанд тавиад өгөөч” гэж, мөн өөрийн 90114398 дугаартай гар утаснаас “Баярмаагийн дүү нь байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, түүний гар утсыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Смарт” сүлжээ ломбардад барьцаанд тавиулж 200.000 төгрөг авч, хохирогчид 300.322 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч С.Ч-ы “2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12 цагаас 14 цагийн хооронд миний гар утас руу 85351198 дугаарын утаснаас залгаад “Баярмаа байна, та таньж байна уу, та надад гар утсаа түр барьцаанд тавиад өгөөч” гэж хэлэхээр нь төрөх гээд дикритээ авчихсан мөнгө төгрөг хэрэг болсон юм байх гэж бодоод “тэгье, тэгье” гэж хэлсэн чинь удалгүй 90114398 гэсэн утаснаас залгаад “Баярмаагийн дүү нь байна” гээд над руу залгаад төв Хаан банкны урд уулзалдаад цаашаа яваад Пирамид төвийн ломбард ороод тэр хүүхэнд 200.000 төгрөгийн барьцаанд тавьж өгсөн. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би Баярмаа руу залгаад “ахынхаа гар утсыг гялс авч өгөөрэй” гэж хэлсэн чинь “Та юу яриад байгаа юм бэ, огт тийм юм хийгээгүй” гэхээр нь хүнд залилуулсан байна гэж бодоод Цагдаагийн байгууллагад хандсан юм. С гэж байсан, гар утас барьцаанд тавьсан газарт очиж асуухад нэрийг нь надад хэлж өгсөн. Баярмаа бид хоёр хамт нэг газар ажилладаг. Би 2018 оны “Очир-Увидас” эмнэлэгт ажилд ороход ажиллаж байсан юм. Тэгээд анх таньдаг болсон залуу хүүхэд болохоор нь тус болно биз гэж бодоод л уг нь гар утсаа барьцаанд тавьж өгсөн ...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Н.С-ийн яллагдагчаар өгсөн “... прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Намайг Баярмаа гэж дуудаад байсан болохоор би өөрийгөө “Баярмаагийн дүү” гэж хэлээд гар утсыг нь ломбардад тавьчихсан. Тэр үед надад мөнгө хэрэгтэй байсан учраас худлаа хэлээд өөрийгөө “Баярмаагийн дүү байна” гээд хэлчихсэн юм. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг,

хохирогч С.Ч-ы “Самсунг А-14” загварын гар утсыг 300.322 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлэгдэж, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон яллах болон өмгөөлөх талуудын тайлбар, дүгнэлт, бусад нотлох баримтыг үндэслэж, хянасан хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

 Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох,  бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж хохирогч С.Ч-ы гар утсыг барьцаанд тавиулж мөнгө авсан Н.С-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэдийгээр шүүгдэгч Н.С нь “… 2024 оны 04 дүгээр сарын 19-нд төрсөн охин У.Болор-эрдэнэ маань сар болгон Улаанбаатар хотын Эх нялхасын хяналтад түнхний дутуу хөгжил оношоор эмчлүүлдэг бөгөөд тухайн эмчилгээ удаан хугацаанд үргэлжилнэ гэсэн ба хүүхдийг маань хардаг ээж Ш.Цэрэнсодном нь тархины өвчний улмаас уналт таталт байнга байх болсонтой холбоотой Улаанбаатар хотод байнгын байж эмчлүүлж байгаа зэргээс хүүхдүүдээ зөвхөн өөрөө асран хамгаалж, тэжээн тэтгэж байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж, торгуулийн ялыг хэрэглэж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд, холбогдох нотлох баримтуудыг шүүх хуралдаанд гаргасан боловч анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд тохирсон байна.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэм хэмжээ, хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох эсхүл тодорхой газар очихыг хориглох эсхүл шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ст эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний ар гэрийн байдал, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учирсан бодит хохирлыг бүрэн төлсөн зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг буруутгах, хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэв шүүгдэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн зорчих эрхэд тогтоосон хориглолт, хязгаарлалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэ талаарх хүсэлтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Сийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Сийн давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА

 

                                               ШҮҮГЧ                                               С.УРАНЧИМЭГ

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               З.ХОСБАЯР