Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2025/0658

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ганбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Ч.Аийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөл, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Ч.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э

Хариуцагч: Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга

Хариуцагч Улсын Их Хурлын нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г

Хариуцагч: Төрийн албаны зөвлөл

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Р.Ж, Я.Ө*******

Гуравдагч этгээд: С.Б

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Ч.А******* үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 1151 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,

2.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 341 дүгээр тогтоолын Ч.А холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.Э, хариуцагч Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж /цахимаар/, Я.Ө******* /цахимаар/, гуравдагч этгээд С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бөртэ-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.А миний бие 2010-2019 онд Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газарт ажилтнаар, 2019 оноос 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэс болон Цахим парламент, инновацын газрын Цахим шилжилт, бодлого төлөвлөлтийн хэлтэст Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан референтийн албан тушаалд тус тус ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч билээ. Гэтэл миний ажиллаж буй уг албан тушаалын сул орон тоо үүсээгүй, албан тушаалын тусгай шалгалт зарлах үндэслэлгүй байхад Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн албаны зөвлөлд захиалга хүргүүлж, албан тушаалын тусгай шалгалт зарлуулсан. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн газрын технологи хариуцсан референт буюу Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан референтийн албан тушаалын тусгай шалгалтыг зарлаж, Төрийн албаны зөвлөлийн даргын тушаалаар тусгай шалгалтын комиссыг байгуулж, албан тушаалын тодорхойлолтын шаардлага хангахгүй Сайннямбуугийн Б гэх иргэнийг бүртгэж, улмаар шалгалтад тэнцүүлсэн. Энэ асуудлаар Ч.А миний бие 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн даргад гомдол гаргасан боловч миний гаргасан гомдлыг үндэслэлтэй эсэх талаар одоог хүртэл хариу ирүүлээгүй байна. Улмаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1151 дүгээр захирамжаар Ч.А намайг ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн.

Уг чөлөөлөх захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 46, 47 дугаар зүйлд заасан үндэслэлийг баримтлаагүй бөгөөд төрийн албан хаагч намайг халах, чөлөөлөх үндэслэл бүрдээгүй, уг нөхцөл байдал үүсээгүй байхад төрийн албанаас хууль бусаар буюу Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно, 49.2-т Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно гэж тус тус заасныг зөрчсөн. Мөн Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус үндэслэж нь ажлаас чөлөөлөх нь хууль бус байна.

Миний бие төрийн жинхэнэ албанд 15 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа ахлах түшмэлийн дөтгөөр зэрэгтэй төрийн жинхэнэ албан хаагч байтал хууль бус үндэслэлээр ажлаас чөлөөлсөнд маш их гомдолтой байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 527 дугаар захирамжаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянуулсан байх хуулийн шаардлагыг хангаагүй, уг журмыг хэрэглэх боломжтой гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаны дагуу Төрийн албаны зөвлөлд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандсан.

Уг гомдлын хариуг Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04/370 дугаар албан бичгээр өгсөн бөгөөд уг албан бичигт Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1151 дүгээр захирамжийг хууль зөрчөөгүй, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 341 дүгээр тогтоолоор 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Ч.А******* шилжүүлэн ажиллуулах тухай 683, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Үргэлжлүүлэн ажиллуулах тухай 578 дугаар захирамжийн холбогдох хэсэг, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Үргэлжлүүлэн ажиллуулах тухай 120 дугаар захирамжийн холбогдох хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус тус хүчингүй болгох хугацаатай үүрэг даалгаврыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад өгсөн. Төрийн албаны зөвлөлийн тогтоолын холбогдох хэсгийг биелүүлж, тус албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, таныг тухайн албан тушаалаас чөлөөлсөн... гэж, мөн Ч.А намайг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх Үндэслэлгүй гэсэн хариуг өгсөн байна.

Уг Төрийн албаны зөвлөлийн 341 дүгээр тогтоол 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гарсан байтал надад энэ талаар мэдэгдээгүй Тамгын газрын ажилчдад нэг тушаал мэдэгдээд байна гэж сонссон боловч намайг дуудаж мэдэгдээгүй тул надтай холбогдон гарсан гэж ойлгоогүйгээр ажлаа хийгээд явж байсан. Гэтэл энэ тушаалыг үндэслэж ажлаас халж байгаа талаар 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр надад мэдэгдээд 11-ний өдөр ажлаас чөлөөлөх захирамж гаргасан. Миний бие төрийн жинхэнэ албанд 15 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа ахлах түшмэлийн дөтгөөр зэрэгтэй төрийн жинхэнэ албан хаагч байтал хууль бус үндэслэлээр чөлөөлөөд зогсохгүй төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулаад байна гэсэн гомдлын хариуд төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэлгүй гэж тайлбар гаргаж байгаагаас үзэхэд надад субьектив байдлаар хандсан, эрх ашгийг зөрчил үүссэн байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна.

Төрийн албаны тухай хуулийн 6.2-т Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан албыг тарийн жинхэнэ алба гэнэ. 6.1.2.төрийн захиргааны алба: 6.1.3.төрийн тусгай алба гэж тус тус заасан бөгөөд Төрийн албаны төв байгууллагад төрийн жинхэнэ алба хаагч мөн гэдгийг нотлох бүхий л баримт хадгалагдаж байгаа атал төрийн хариуцлагатай албан тушаалтан ийм хариуг өгч байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулаад зогсохгүй эд хөрөнгө болон сэтгэл зүйн хувьд маш их хохироож байна. Тухайн тогтоолын талаар надад танилцуулаагүй тул хэрхэн гарсан холбогдох бүхий л материалыг шүүхийн журмаар гаргуулан авах хүсэлттэй байна.

Дээрх байдлаар төрийн захиргааны дээрх байгууллагууд миний эрх зөрчсөн байх тул уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр шүүхэд хандаж байна. Иймд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1151 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн томилогдох, ажилгүй байсан хугацааны цалинг таргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 341 дүгээр тогтоолын Ч.А холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1151 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, үүнтэй холбоотойгоор урьд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн томилогдох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэдэг шаардлага гаргасан. Хоёрдугаарт нь хариуцагчийн тайлбарлаж байгаагаар энэ тушаал нь өөрөө Төрийн албаны зөвлөлийн тогтоолд үндэслэсэн гэж ярьдаг учраас Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 341 дүгээр тогтоолын Ч.А холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэдэг 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой товчхон тайлбар хэлэхэд хөдөлмөрийн харилцаанд хувийн байна уу, төрийн байна уу, бид нар ажлаас чөлөөлөх, халах тушаал дээр халж байгаа хууль зүйн үндэслэлээ, ямар үндэслэлээр халах эрх олгосон юм бэ, тэр хууль зүйн үндэслэл тодорхой байх ёстой. Хоёрдугаарт нь ажлаас чөлөөлөх болон халж байгаа хууль зүйн үндэслэлээ заах ёстой. Гэтэл энэ Их Хурлын Ерөнххий нарийн бичгийн ажлаас чөлөөлсөн тушаалыг үзвэл ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөөд байгаа, халаад байгаа гэдэг үндэслэлээ заагаагүй. Дээрээс нь нэмээд тушаал хэсэгт эрх олгосон хуулийнхаа зүйл заалтыг бичээгүй. Миний үйлчлүүлэгч өөрөө нэхэмжлэлийнхээ үндэслэл дээр тодорхой бичсэн. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд ажлаас чөлөөлж байгаа бол ямар үндэслэлээр чөлөөлөх вэ гэдэг хууль зүйн үндэслэлийг бичих ёстой. Энэ тушаал дээр хууль зүйн үндэслэлээ бичээгүй байсан. Өөр нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбоотой нарийн тайлбаруудыг нотлох баримт шинжлэн судлах, асуулт хариултын шатанд нэмэлт тайлбартаа хэлээд явах нь зүйтэй болов уу гэж бодож байна гэв.

3.Хариуцагч Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: 1.Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг 2024 оны 07 дугаар сарын 24-29-ний өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт, шалгалт, зөвлөн туслах ажлыг хийсэн. Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Хяналт, шалгалт, зөвлөн туслах ажлын мөрөөр авах арга хэмжээний тухай 341 дүгээр тогтоолыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт ирүүлсэн. Тогтоолын 1 дэх заалтад Улсын Их Хурлын Тамгын газрын зарим төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх албан тушаалд томилсон шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг. 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.3. 43.4 дэх хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.3, 44.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна гэж тогтоожээ.

Улмаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж төрийн захиргааны албан тушаалд ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй томилогдсон иргэн, албан хаагчийн нэр, албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг, 2 дугаар хавсралтаар төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах журам зөрчиж томилогдсон албан хаагчийн нэр, албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг ирүүлсэн. Дээрх тогтоолын 2 дахь заалтаар тогтоолын 1 дүгээр хавсралтад дурдагдсан нэр бүхий иргэн, албан хаагчийг томилсон шийдвэрийг хүчингүй болгох, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн захиргааны албан тушаалын сул орон тоог нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр нөхөх арга хэмжээ авахыг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Б******* даалгасан.

Түүнчлэн, тогтоолын 3 дахь заалтаар тогтоосон хугацаанд томилсон шийдвэрийг хүчингүй болгоогүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгож буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэхээ мэдэгдсэн.

Дээрх тогтоолын 1 дүгээр хавсралт Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж төрийн захиргааны албан тушаалд ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй томилогдсон иргэн, албан хаагчийн нэр, албан тушаал, шийдвэрийн жагсаалт-ын 7-д нэхэмжлэгч Ч.А багтсан байдаг. Үүнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 683 дугаар захирамж, үргэлжлүүлэн ажиллуулах тухай 2020 оны 578 дугаар захирамжийн холбогдох хэсэг, үргэлжлүүлэн ажиллуулах тухай 2024 оны 120 дугаар захирамжийн холбогдох хэсэг нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг. 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсгийг тус тус зөрчин шилжүүлэн томилсон болохыг тогтоосон.

Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын ажилтнаар ажиллаж байсан нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга. Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ыг зөрчиж туслах түшмэлийн албан тушаалаас ахлах түшмэлийн албан тушаалд тусгай шалгалтгүйгээр ангилал алгасуулж томилсон гэж үзжээ. Учир нь Төрийн албан зөвлөлийн 2023 оны 26 дугаар тогтоолоор баталсан Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт-д Тагнуулын ерөнхий газрын ажилтан-ыг төрийн захиргааны туслах түшмэл-ийн ангилалттай адилтгасан бол Улсын Их Хурлын Тамгын газрын референт-ийн албан тушаал нь Монгол Улсын Их Хурлын 2019 оны 18 тогтоолын хавсралтад зааснаар ахлах түшмэл-ийн ангилалд хамаардаг.

2.Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Б Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 341 дүгээр тогтоолын хавсралтад нэр дурдагдсан Тамгын газрын ажилтан, албан хаагчидтай 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагт Төрийн ордны Их Засаг танхимд уулзаж дээрх тогтоолыг танилцуулж, тогтоолын 1 дүгээр хавсралтад нэр дурдагдсан ажилтан, албан хаагчдыг тусгай шалгалт өгөх боломжтой талаар мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдэхэд нэхэмжлэгч Ч.А байсан, оролцсон тул тухайн тогтоолыг мэдээгүй тухай тайлбар үндэслэлгүй.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор өгсөн даалгаврыг биелүүлэх, тогтоолд нэр дурдагдсан ажилтан, албан хаагчдад хуульд заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчмыг баримтлан 7 орон тоог нөхөх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлан 2024 оны 10 дугаар сарын 08-аас 22-ны өдрүүдэд бүртгэж, мөн сарын 28, 29-ний өдрүүдэд тусгай шалгалт авсан. Өөрөөр хэлбэл, 341 дүгээр тогтоолд нэр дурдагдсан ажилтан, албан хаагчдыг ажил олгогч шууд ажлаас чөлөөлөх халах арга хэмжээг урьтал болгоогүй харин ч эсрэгээрээ сонгон шалгаруулалтад оролцож Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага, шалгуураа хангаж тэнцсэн тохиолдолд үргэлжлүүлэн ажиллах тэгш боломжоор бүгдийг хангасан.

Нэхэмжлэгч Ч.А Мэдээллийн технологийн газрын Референт (технологи хариуцсан)-ийн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн. Гэвч нэхэмжлэгчийн эзэмшсэн мэргэжил Мэдээллийн технологийн газрын Референт (технологи хариуцсан)-ийн албан тушаалын тодорхойлолт заасан мэргэжилтэй таараагүйн улмаас түүнийг тусгай шалгалтад бүртгэхээс татгалзсан байдаг. Түүний урьд ажиллаж байсан Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн референтийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан мэргэжил таарахгүй хэр нь ажилласаар ирсэн байдаг.

Улмаар тус албан тушаалд нэхэмжлэлд нэр дурдагдсан С.Б хамгийн өндөр оноог авч, түүнийг дээрх орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлж, санал болгох тухай 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 491 дүгээр тогтоолыг Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 12.3-т Нэр дэвшсэн албан хаагч, иргэнийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Зөвлөл, Салбар зөвлөлийн тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор томилно гэж заасан. Төрийн албаны зөвлөлийн 491 дүгээр тогтоолыг ирүүлсэн, журмын дагуу С.Б томилох шаардлагатай болсон тул 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг нэхэмжлэгчтэй хийсэн. Сонсох ажиллагааны үеэр болон дараа нэхэмжлэгч ямарваа нэг тайлбар, санал гаргаагүй болно.

Иймд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн албаны тухай хууль тогтоомжоор тогтоосон хэм хэмжээ, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 341 дүгээр тогтоолыг биелүүлэн нэхэмжлэгчийг чөлөөлсөн нь хуульд нийцэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.1.Хариуцагч Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Урд өгсөн тайлбараа дэмжээд дараах тайлбарыг өгье. Манай итгэмжлэгдсэн төлөөлөгч маань тогтоолоо танилцуулсан талаар жоохон дутуу ярьчихлаа. Эхнээс нь ярья. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 341 дүгээр тогтоолыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэлсний дагуу Улсын Их Хурлын Тамгын газарт ирүүлсэн. Тогтоолын 2 дахь заалтад төрийн албаны хууль тогтоомж зөрчиж, төрийн захиргааны албан тушаалд ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй томилсон иргэн, албан хаагчийн албан тушаал, шийдвэрийн жагсаалтын 1 дүгээр хэсэгт байгаа. 2-т нь тогтоолын 3 дахь заалтад энэ тогтоолын 1 дүгээр хэсэгт дурдсан нэр бүхий иргэн, албан хаагчид томилсон шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн захиргааны албан тушаалын сул орон тоог нээлттэй сонгон шалгаруулалт хийх арга хэмжээг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгасан. 4 дүгээр заалтаараа Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хугацаанд томилсон шийдвэрийг хүчингүй болгоогүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэх, урьдчилан мэдэгдсүгэй гэж заагаад тогтоолын 7-д, тогтоолын хэрэгжилтийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд тайлагнахыг Улсын Их хурлын Ерөнхий нарийн бичигт даалгасан. Энэ нь өөрсдийнх нь нэхэмжлэлийнх нь асуудал байгаа. Нэхэмжлэгчийн нэр болохоор дээр ирсэн тогтоолын 1 дүгээр хавсралтын 7-д авагдчихсан. Дараа нь нэхэмжлэгч маань тогтоолыг танилцуулаагүй, мэдүүлээгүй гээд нэхэмжлэл дээрээ мэдэгдчихсэн байгаа. 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн тогтоолд нэр дурдагдсан албан хаагчдыг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авсан. Үүнтэй холбоотойгоор хариуцагчийн зүгээс уулзалтын тэмдэглэлийг ирцтэй нь шүүхэд гаргаж өгсөн байгаа. Уулзалтаар Ерөнхий нарийн бичгийн дарга энд байгаа хүмүүсээс зарим нэг нь надтай уулзсан гэж 1 дүгээр хуудас дээр тогтоолын ерөнхий агуулгын талаар тэмдэглэлийн 3, 4 дүгээр хуудсан дээр 1 дүгээр асуудлаа дурдсан хүмүүс чөлөөлөгдөөд тусгай шалгалт өгөх хэрэгтэй гэж 4 дүгээр хуудсан дээр, энэ хүмүүс надтай хэзээд уулзахад бэлэн Ерөнхий нарийн бичгийн даргын өрөө нээлттэй гэж тэмдэглэлийн 7-д тус тус тусгасан байгаа. Дараа нь ирц нэхэмжлэгчийн нэр, уулзалтын ирцийн 38-д, гуравдагч этгээдийн нэр С.Б 39-д тухайн хуралд сууж байсан. Тэгэхээр нэхэмжлэгч тэр тогтоолын талаар ерөөсөө мэдээгүй гэх үндэслэл байхгүй байна. Дараачийнх нь, Тамгын газар бүгдэд нь тэгш боломж олгосон. Төрийн албаны тухай хууль Төрийн албаны зөвлөлийн шаардсан шиг бүгдийг нь чөлөөлөхгүй, харин бүгдэд нь тэгш өрсөлдөх боломжийг олгон, үргэлжлүүлэн ажиллуулж байх хугацаанд нь буюу 10 дугаар сард бараг жилийн өмнө тусгай шалгалтаа зарласан. Өөрийн эрх зүйн байдлаа хөндөгдлөө гэдгийг нэхэмжлэгч маань мэдээд хэргийн материалд авагдчихсан байгаа 10 дугаар сард Улсын Их Хурлын Тамгын газарт зарласан Мэдээллийн технологийн газрын референтийн албан тушаалд өрсөлдөхөөр бүртгүүлчихсэн байгаа. 12 дугаар сарын 04-ний өдөр миний бие нэхэмжлэгчтэй сонсох ажиллагаа хийсэн. Төрийн албаны зөвлөлөөс С.Б нэр дэвшүүлсэн тогтоол ирсэн тул бид хуулиар тогтоолоо биелүүлээд сонсох ажиллагаанд оролцсон. Энэ үеэр мөн шүүхэд хүргэж өгсөн сонсох ажиллагааны тэмдэглэл дээр надтай холбоотой асуудлууд байгаа гэж ойлгож байгаа хэмээн мань хүн өөрөө хэлсэн байгаа. Энэ хэргийн нотлох баримтаар авагдсан, улмаар Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 491 дүгээр тогтоол ирсэн учраас салбар зөвлөлийн тусгай шалгалтын журмаар сул орон тоог нөхөж байгаа тохиолдолд хамгийн эхэнд дүгнэгдсэн хүнийг нэр дэвшүүлэх чиг үүрэгтэй бөгөөд тусгай шалгалтад хамгийн өндөр оноо авсан С.Бийн гуайд нэр дэвшүүлсэн нь чадавхын зарчмыг шалгаруулж хамгийн сайн хангасан хүнийг томилох зохицуулалттай нийцэж, С.Б буюу гуравдагч этгээдээр орж байгаа хүнийг томилсон. Бас манай нэхэмжлэгчийн яриад байгаа зүйл нь уг нь нэхэмжлэлд байхгүй. Гэвч С.Б гуравдагчаар татагдлаа, дээрээс нь Төрийн албаны зөвлөлөөс болон манайхаас бүртгэлтэй холбоотойгоор нотлох баримт гаргуулах шаардлага тавьсан. Энэ бүгдийг нь бид үзээд дараах тайлбар өгч байна. Уг нь энэ асуудлыг шалгалт авсан төрийн албаны зөвлөл маань нарийн тайлбарлах ёстой. Гэвч нэг хүн нь байхгүй, нөгөөх нь ганцаараа оролцож байна. 2019 онд томилогдсоноос хойш нэхэмжлэгч маань нэхэмжлэлийн албан тушаалын тодорхойлолтод заасан нэг ч мэргэжлийн шаардлагыг хангахгүй байсан. Тэгээд нэхэмжлэгч маань математик, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй. Гэвч 2019 оны 11 дүгээр сараас хойш томилогдсон бүх албан тушаалд тавигдсан шаардлага нь арай өөр мэргэжил шаардчихсан байгаа. Тэр бүгдийг миний зүгээс шүүхэд гаргаж өгсөн. 2-т нь шалгалтын цахим бүртгэлд ажилласан жилүүдийг тооцож үзээд шаардлагыг хангаж байна уу, төрийн албанд ажилласан чадвар ёсоор тоолох үүднээс тушаалын хуулбаруудыг уг нь оруулдаг. Гэвч түүн дээр Тамгын газарт ажиллаж байсан хугацааныхаа тушаалуудын хуулбарыг л оруулсан. Түүнээс биш өөрийнх нь Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсантай холбоотой ямар нэгэн мэдээлэл ерөөсөө оруулаагүй байдаг. Мөн дээрээс нь тангараг өргөсөн хуудас уг нь систем дээр маань оруулахыг шаарддаг. Гэвч манай нэхэмжлэгч маань материалаа дутуу оруулсан, эсвэл нэг материалыг өөр өөр нүдэн дээр олон давхардуулан оруулсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д хуульд өөрөөр хязгааргүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно гээд 33.1-д төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэжлийн шалгалтыг авна, 33.3-т ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал тоонд шилжих тохиолдол болон энэ хуулийн 27.1, 33.8-д заасан нууцад байгаа гэдгээс авна гэж тус тус заасан. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар тогтоолоор баталсан. Энэ бол тухайн үед үйлчилж байсан акт байгаа. Төрийн жинхэнэ албанд шатлан дэвшүүлэх журмын 2.4-д төрийн жинхэнэ албан хаагчийг шатлан дэвшүүлэхэд албан тушаалын ангилал алгасахгүй гэж заасан. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 1.5-д төрийн жинхэнэ албан хаагчийн адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулна. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 2926 дугаар тогтоолоор баталсан төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх, албан тушаалын жагсаалтад Тагнуулын ерөнхий газрын ажилтныг төрийн захиргааны туслах түшмэлийн ангилалд адилтгасан бол Улсын Их Хурлын Тамгын газрын референтийн албан тушаал нь Монгол Улсын Их Хурлын 2019 оны 18 дугаар тогтоолын хавсралтад зааснаар ахлах түшмэлийн ангилалд байгаа юм. Энэ 2-ын хооронд дунд нь дэс түшмэлийн албан тушаал байна гэсэн үг. Төрийн албаны зөвлөл 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолоор баталсан төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх сонгон шалгах журмын 1.1-д Төрийн захиргааны төрийн алба, үйлчилгээ, байгууллагын төслийн захирагчийн сонгон шалгаруулалт, нэр дэвшүүлэх, төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх шалгуур зохион байгуулах, төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, шатлан дэвшүүлэхтэй холбогдсон харилцааг хуульд заавал энэ журмаар зохицуулна гээд 8.2-т нь төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх, туслах албан тушаалын сул орон тоог дараах байгууллагаас сонгон шалгаруулалтаар нөхнө 8.2.1-т тухайн байгууллага болон холбогдох бусад төрийн байгууллага ажиллаж байгаа төрийн жинхэнэ алба хаагчдаас 8.2.2-т энэ журмын 2.1-д заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албаны нөөц, зорилт дээр нөхнө гээд заасан. Төрийн албаны тухай хууль тогтоомж дээрх зохицуулалтаас үзвэл төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэн төрийн албаны шалгалт өгч тэнцсэнээр төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох эрх үүсэх бөгөөд төрийн жинхэнэ албан шалгалт өгөөгүй тохиолдолд Тамгын газрын референтийн албан тушаалд томилогдох ямар ч хууль зүйн үндэс байхгүй. Тодруулбал, төрийн захиргааны албан тушаалд сонгон шалгаруулалтад оролцоогүй этгээдийг ажиллуулах боломжгүй. Нэхэмжлэгчийн тухайд Улсын Их Хурлын Тамгын газрын референт буюу ахлах түшмэлийн ангилалд ажиллаж байсан бөгөөд төрийн захиргааны албан тушаалын ангилалд орж шилжих тохиолдол буюу ахлах түшмэлээс энэ түшмэлийн тусгай шалгалт өгснөөр томилогдох зохицуулалттай байх тул нэхэмжлэлийн тайлбар үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч төрийн албанд олон жил ажилласан тул өөрийн албан тушаалын ангилалд таарахгүй тусгай шалгалт өгөх ёстой гэдгийг мэдэж байсан. Өөрийн эрх зүйн байдлыг батлах ёстой гэдгийг мэдэж байсан. Түүнчлэн сул орон тоо нь тусгай шалгалт зарлахыг үндэслэн төрийн албаны шалгалтын цахим системд шалгалтын зарыг нийтэлсэн үйлдлийг бодит захиргааны акт гэж үзэх бөгөөд энэхүү үйлдэл нь Төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцсэн референтийн албан тушаалын тусгай шалгалт зарлаж, ангилал зэрэг дэвшин ажиллуулах боломжийг бүрдүүлсэн нь нэхэмжлэгч Ч.А эерэг үйлчлэлтэй захиргааны акт гэх үндэстэй байна. Бид энэ шалгалтыг зарлаад ажилд томилуулах санал дэвшүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн шаардсан ажлаас нь чөлөөлөөгүй, ажлыг нь хэвээр үлдээгээд явж байсан. Дараа нь салбар зөвлөлийн тусгай шаардсан журмаар сул орон тоог нөхөж байгаа тохиолдолд хамгийн эхэнд үндэслэсэн. Иргэнийг нэр дэвшүүлэх чиг үүрэгтэй бөгөөд тусгай шалгалтад хамгийн өндөр оноо авсан С.Бийн тухайд чадавхын зарчмыг шалгаруулж, хамгийн сайн хангасан хүнийг томилох зохицуулалтад нийцсэн гэж би дүгнэж байна. Төрийн албаны тухай хуулийн 7.14-т Монгол Улсын иргэн, төрийн алба хаах тэгш боломжоор хангагдах төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 Төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадавхын зарчмыг баримтлах, 26 дугаар зүйлийн 26.1-д төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-д заасан чадавхын зарчмыг үндэслэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно гэж заасныг Тамгын газар хангасан гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас түр чөлөөлөх 47 дугаар зүйлд нь төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас халах зохицуулалтад 47 дугаар зүйл ерөөсөө хамааралгүй, 46.1 болохоор төрийн албанаас түр чөлөөлөх, 46.1-т төрийн албанаас чөлөөлөх гэж байдаг. Гэвч төрийн албанаас нэхэмжлэгч маань төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөсөн. Гэвч эхний 46.1.4 нь эхний 4 заалтыг барья гэхээр энд ямар ч нэхэмжлэгчийн хувьд ажил олгогчийн зүгээс ямар нэгэн тохирох заалт байхгүй. Бид хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэж болохгүй. 46.2-ыг хэрэглээд 46.2.5-д заасан хуульд заасан бусад үндэслэл гээд хэрэгжчих юм бол бид нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад төрийн албанаас бүр чөлөөлчихнө. Нэг ёсондоо тусад нь ерөнхий шалгалт дахиж өгөх шаардлага үүснэ. Тиймээс бид хууль тогтоомж болон Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг үндэслээд өөрсдийнхөө эрх хэмжээний хүрээнд 46 дугаар зүйл заалтыг ашиглаагүй юм шүү. 46.1.2-ын дараа нь манай нэхэмжлэгч сул орон тоо гараагүй байхад зарласан гэж нэхэмжлэл дээрээ дурдсан. Өөрөөр хэлбэл, хууль бусаар чөлөөлж, сонгон шалгаруулалт явуулаад хууль бусаар чөлөөлчихлөө гээд байгаа. Тамгын газраас Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлж, мэдээллийн технологийн хэлтсийн референтийн орон тоонд сонгон шалгаруулалт зарласан нь Төрийн албаны тухай хуулийн 3.1.4-д заасан сул орон тоонд нийцнэ. Энэ нь 3.1.4-д сул орон тоо гэж төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалаас бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон эсвэл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг гэж заасан. Энэ нь сул орон тоо гарсан тохиолдолд тухайн албан тушаалтны томилох бүхий этгээд нь энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан хууль, дүр зураг бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь журмын дагуу орон тоог нөхнө гэсэн заалтад нийцэж байгаа. Мэдээж манай нэхэмжлэгч бас маргаж магадгүй. Үүн дээр миний асуудал дурдагдаагүй байна гээд дахиад нэг юм хэлэхэд бол Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2010 оны 8 дугаар тогтоол байдаг. Үүн дээр төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгаа сул орон тоо гарсан гэдэгт хамааруулж үзнэ гээд заачихсан байдаг гэв.

4.Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж шүүх бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: 1.Төрийн албаны зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай 117 дугаар тушаалаар хяналт, шалгалтын ажлын хэсгийг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.С******* ахалж, гишүүдэд Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын ахлах шинжээч П.О*******, Маргаан хянан шалгах газрын ахлах шинжээч В.Д*******, шинжээч Я. Ө*******, нарийн бичгийн даргаар Маргаан хянан шалгах газрын ахлах референт Р.Ж, Захиргаа, удирдлагын газрын референт Д.Н******* нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. ажлын хэсэг 2024 оны 07 дугаар сарын 24-29-ны өдрүүдэд Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

Тус ажлын хэсгийн хяналт, шалгалтаар Ч.А******* Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 683 дугаар захирамжаар ТЕГ-ын ажилтны албан тушаалаас референтийн албан тушаалд төрийн албаны тухай хуулийн шаардлага, албан тушаалын ангилал, зэрэглэл алгасуулан төрийн албаны тусгай шалгалтгүйгээр шилжүүлэн томилсныг илрүүлсэн.

Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 155-ны өдрийн 341 дүгээр тогтоолоор Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Ч.А******* шилжүүлэн авч ажиллуулах тухай 683 дугаар, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Үргэлжлүүлэн ажиллуулах тухай 578 дугаар, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Үргэлжлүүлэн ажиллуулах тухай 120 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн болохыг тогтоосон.

Зөвлөлийн 2024 оны 341 дүгээр тогтоолын холбогдох хэсгээр Ч.А******* сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаатай холбоотой зөрчлийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор арилгах хугацаатай үүрэг даалгаврыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Б******* Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01/1762 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэж заасан. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна гэж хуульчилсан бөгөөд энэ зохицуулалтыг зөрчсөн болохыг Зөвлөлийн тогтоолоор тогтоосон. Иймд төрийн жинхэнэ албан тушаалд хууль бусаар томилогдсон Ч.Аийн Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасан. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01/1762 дугаар албан бичгийг Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлсэн ажлын хэсгийн тайлан, Зөвлөлийн 2024 оны 341 дүгээр тогтоолыг хүлээн авч, тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий албан хаагчдад 2024 оны 09 дүгээр сард танилцуулж, мэдэгдсэн байх тул Ч.А******* Зөвлөлийн 2024 оны 341 дүгээр тогтоолыг тухайн үед мэдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана, 14.4 дэх хэсэгт Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана. гэж тус тус заасны дагуу Ч.А******* Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтад энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

4.1.Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны зөвлөлийн ажлаас чөлөөлсөн захирамжтай маргаж байгаа. Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалт хийж, зөвлөн туслах ажлын мөрөөр авах арга хэмжээний Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 341 дүгээр маргаан бүхий акт 08 дугаар сарын 15-ны өдөр гарсан байдаг юм. 08 дугаар сарын 22-оос ч билүү улсын Их Хурлын Тамгын газарт хүргэгдсэн. Үүний дараа маргаан бүхий акт болох 341 дүгээр тогтоолын хавсралтаар орсон бүх албан хаагчдыг Улсын Их Хурлын Тамгын газраас цуглуулаад Төрийн албаны зөвлөлөөс хяналт шалгалт хийлээ. Төрийн жинхэнэ албан хаагчийн томилгоотой холбоотой хяналт шалгалттай холбоотой Төрийн албаны зөвлөл зөрчилтэй томилогдсон иргэн, албан хаагчдыг болж өгвөл томилгооны зөрчлийг нь арилга, боломжгүй бол үүрэгт ажлаас нь чөлөөлөөд энэ томилгооны зөрчлийг зөвлөдөг гэдэг байдлаар зөвлөмж өгсөн юм. Энэ хүрээндээ маргаан бүхий актын хавсралтад дурдсан албан хаагчдыг цуглуулаад Төрийн албаны зөвлөлөөс хяналт шалгалт хийгээд энэ тогтоолын хэрэгжилтийг 11 дүгээр сарын 15-аас билүү 12 дугаар сарын 15-нд Төрийн албаны зөвлөлд ирүүл гээд хугацаатай үүрэг даалгаврыг Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлсэн. 08 дугаар сарын 15-аас тогтоосон хугацаа хүртэл 3, 4 сарын хугацаанд тусгай шалгалт зохион байгуулаад энэ зохион байгуулсан тусгай шалгалтад боломжтой бол ороод шаардлага шалгуурыг нь хангахгүй бол тайлангаараа энэ хүрээнд албан хаагчдаа бүгдийг нь цуглуулаад Төрийн албаны зөвлөлийн 341 гэдэг тогтоол гарсан гэдэг мэдээллийг өгсөн юм байна лээ. Тухайн үед Улсын Их Хурлын Тамгын газраас үүнтэй холбоотой нэгэнт Ч.Аийн хувьд Төрийн албаны зөвлөлийн 341 гэдэг тогтоолыг 2024 оны 09 дүгээр сард энэ хүн мэдчихсэн байдаг юм.Тэгчхээд тусгай шалгалт зохион байгуулаад, тусгай шалгалтад өөрөө ороод хамгийн өндөр оноо авч чадаагүй, нэгээр гарч чадаагүй учраас үүний дараагаар өөрөө Төрийн албаны зөвлөлийн тогтоол болон ажлаас чөлөөлсөн шийдвэртэй маргадаг. Тиймээс үүгээрээ Захиргааны процессын хуулийн 54.1.8-д заасны дагуу захиргааны актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол нэхэмжлэлээ гаргах ёстой. 30 хоног битгий хэл өнгөрсөн хугацаанд гомдол нэхэмжлэлээ нэхэмжлэгч маань гаргасан байдаг учраас хүлээн авахаас татгалзаж, 109.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

5.Гуравдагч этгээд С.Баас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэл дэх захиргааны анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/4726 дугаар албан бичгээр ирүүлсэн шүүгчийн 128/Ш32025/3926 дугаар захирамжид дурдсанаар миний бие Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн газарт референт (технологи хариуцсан)-ээр томилогдон ажиллаж буйтай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдан орж байгаа тухай дурдсан байна.

С.Б миний бие төрийн албанд 7 дахь жилдээ ажиллаж байгаа, хууль дүрэм журмын дагуу төрийн албаны ерөнхий шалгалт, төрийн албаны тусгай шалгалтыг өгч, хуулийн дагуу томилогдсон Төрийн жинхэнэ албан хаагч билээ. Төрийн албаны зөвлөлийн сул орон тоог нөхөх Орen-Exam (hh.csc.gov.mn) тусгай шалгалтын цахим хуудаст Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн газарт референт (технологи хариуцсан)-ийн албан тушаалд буюу Ахлах түшмэл-ийн ангиллын гүйцэтгэх албан тушаалтныг сонгон шалгаруулах тусгай шалгалтын бүртгэл 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр эхлэхээр зарласан. Ийнхүү тус зарын дагуу миний бие холбогдох материалаа бүрдүүлж, цахим системд бүртгүүлж, холбогдох журмын дагуу бүртгэл баталгаажсаны дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шалгалтад орж, 66.2 оноо авснаар тус сул орон тоонд шалгалт өгсөн иргэдийн жагсаалтад оноогоор Нэгдүгээрт эрэмбэлэгдэж Төрийн албаны зөвлөл 2024 оны 491 дүгээр тогтоолыг Улсын Их Хурлын Тамгын газарт ирүүлсэн.

Тогтоол, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1158 дугаар захирамжаар намайг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн газрын референт (технологи хариуцсан)-ээр томилсон. Миний бие хууль ёсны дагуу томилогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Иймд Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуулийн дагуу миний эрхийг хамгаалж, хэргийг хууль ёсны дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

5.1.Гуравдагч этгээд С.Баас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сайнбуян овогтой Б 2024 оны 10 дугаар сарын 08-нд Төрийн албаны зөвлөлөөс зарлагдсан тусгай шалгалтад openixapp системээр бичиг баримтаа бүрдүүлж өгөөд 2028 онд тусгай шалгалтад ороод, тэгээд шалгалтын дагуу хамгийн хангалттай оноо авсан гэж үзээд энэ албан тушаалд томилогдсон хүн байгаа. Тэгэхээр миний зүгээс энэ маргаан бидний үйл ажиллагаанд шууд орж ирэхээс илүү шалгалтад оролцоод, авсан учраас эрх ашиг хөндөгдөж байгаа гэдэг нь бол гуравдагч этгээдээр батлагдаад энд орсон байгаа гэв.

6.Процессын түүх

Нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тусгай шалгалтын комиссын шийдвэрийг хүчингүй болгуулахаар, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр маргаан бүхий Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Ч.А******* үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 1151 дүгээр захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн даргад тус тус гомдол гаргажээ.

Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Гомдлын хариу хүргүүлэх тухай 04/370 дугаартай албан бичгээр ...Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1151 дүгээр захирамж нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. Төрийн албаны хууль тогтоомжид заасан журмын дагуу та сул орон тооны нээлттэй сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх эрхтэй болохыг зөвлөе гэх хариуг нэхэмжлэгч Ч.А хүргүүлжээ.

Улмаар нэхэмжлэгчээс анх шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 128/ШЗ2025/0527 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ч.Аийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Нэхэмжлэлийн зарим шаардлагад захиргааны хэрэг үүсгэж, зарим шаардлагад бүрдүүлбэр хангах хугацааг тогтоох тухай 128/ШЗ2025/1907 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн зарим шаардлагаар Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Нэг.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Хяналт, шалгалт, зөвлөн туслах ажлын мөрөөр авах арга хэмжээний тухай 341 дүгээр тогтоолын Ч.А холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

2.Тагнуулын ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/826 дугаар тушаалаар тус газрын Сөрөх тагнуулын газрын Дөрөвдүгээр хэлтсийн ажилтан, ахмад Ч.А******* 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрөөс Улсын Их Хурлын Тамгын газрын мэдэлд шилжүүлжээ.

3.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 683 дугаар захирамжаар Ч.А******* албан ажлын зайлшгүй шаардлагаар Тагнуулын ерөнхий газраас Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн референтийн буюу Төрийн захиргааны албан тушаалын Ахлах түшмэл ангилал, АА6-5 дугаар шатлалаар шилжүүлэн,

мөн Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулж, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Үргэлжлүүлэн ажиллуулах тухай 578 дугаар захирамжаар Мэдээллийн технологийн хэлтсийн Программ хангамжийн албаны Программ хангамжийн референтийн,

Үргэлжлүүлэн ажиллуулах тухай 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 184, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 120 дугаар захирамжуудаар Засвар үйлчилгээний албаны Цахим парламент, инновацийн газрын Мэдээллийн технологийн хэлтсийн Засвар үйлчилгээний албаны референтийн, Цахим шилжилт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн референтийн албан тушаалуудад тус тус үргэлжлүүлэн ажиллуулжээ.

4.Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай 117 дугаар тушаалаар Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

5.Улмаар Төрийн албаны зөвлөл 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Хяналт, шалгалт, зөвлөн туслах ажлын мөрөөр авах арга хэмжээний тухай 341 дүгээр тогтоолын хавсралтын холбогдох хэсгээр Ч.А******* Улсын Их Хурлын Тамгын газрын дээр дурдсан албан тушаалуудад томилон ажиллуулсан Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 683, 2022 оны 578, 2024 оны 120 дугаар захирамжийн холбогдох хэсгүүд нь Төрийн албаны хууль тогтоомж зөрчиж, төрийн захиргааны албан тушаалд ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй байхад томилсон болохыг тогтоож, томилсон шийдвэрийг хүчингүй болгох, төрийн захиргааны сул орон тоог нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр нөхөх арга хэмжээ авахыг, зөвлөлөөс тогтоосон хугацаанд томилсон шийдвэрийг хүчингүй болгоогүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 хэсэгт заасны дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлэхийг мэдэгдэж, хэрэгжилтийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор зөвлөлд тайлагнахыг тус тус Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгажээ.

6.Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ, 30.2-т Энэ хуулийн 30.1-д заасан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна гэж тус тус заасан.

7.Дээрх хуулийн заалтын агуулгаас үзвэл төрийн албаны төв байгууллага нь төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх эрхтэй байна.

8.Төрийн албан тушаалын ангилал, төрлийг Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлээр зохицуулсан бөгөөд 10.2-т Төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна, 10.4-т Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална, 18 дугаар зүйлийн 18.7-д Улсын Их Хурал, болон Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно гээд, Монгол Улсын Улсын Их Хурлын 2019 оны Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай 18 дугаар тогтоолд Улсын Их Хурлын референтийн албан тушаалыг Ахлах түшмэл ангилал, АА-6 зэрэглэлд хамаарахаар заасан байна.

9.Төрийн албаны зөвлөлийн 2023 ооны 02 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар тогтоолоор баталсан Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт-д Тагнуулын ерөнхий газрын ахлах ажилтан, ажилтан-ыг төрийн захиргааны албан тушаалын Туслах түшмэл-ийн албан тушаалтантай адилтан үзэхээр заасан.

10.Нэхэмжлэгч Ч.А Улсын Их Хурлын Тамгын газрын референтийн буюу Удирдах албан тушаалд томилогдохоос өмнө Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын Дөрөвдүгээр хэлтсийн ажилтан-аар буюу Гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Тагнуулын ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/826 дугаар тушаалаар тогтоогдсон, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.

11.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс;, 33 дугаар зүйлийн 33.3-т Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна гэж заажээ.

12.Хариуцагч Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга туслах түшмэл-ийн албан тушаалд ажиллаж байсан Ч.А******* Дэс түшмэл-ийн ангиллыг алгасуулан Ахлах түшмэл-ийн ангиллын албан тушаалд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтгүйгээр ангилал алгасуулж томилсон нь Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтуудад нийцээгүй, хууль бус байна.

Хоёр.Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1151 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:

13.Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65 дугаар зүйлийн 65.6-д Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ, 66 дугаар зүйлийн 66.1-д Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 66 дугаар зүйлийн 66.1.3-т иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэж тус тус заасан.

14.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл Төрийн албаны зөвлөл нь төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох бүрэн эрхтэй, ийнхүү эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

15.Төрийн албаны зөвлөл Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга нь нэхэмжлэгч Ч.А******* тагнуулын байгууллагаас шилжүүлэн томилохдоо төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн болохыг тогтоож, тус хууль бус шийдвэрийг хүчингүй болгохыг даалгасан, энэ тохиолдолд хариуцагч Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга төрийн албаны төв байгууллагын тус шийдвэрийг биелүүлж, 2024 оны 1151 дүгээр захирамжаар Ч.А******* үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

Гурав.Нэхэмжлэгчийн Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 341 дүгээр тогтоолын талаар мэдэгдээгүй гэх тайлбарын тухайд:

16.Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 341 дүгээр тогтоол ирүүлсэнтэй холбогдуулан 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус тогтоолын хавсралтад дурдсан Тамгын газрын албан хаагчидтай Төрийн ордын Их Засаг танхимд уулзсан, тус уулзалтын зарыг нэхэмжлэгчид хүргэсэн болох нь хэрэгт авагдсан Уулзалтын тэмдэглэл, зар хүргэсэн байдал зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

17.Үүнээс гадна Улсын Их Хурлын Тамгын газраас Ч.А******* хийсэн сонсох ажиллагааны тэмдэглэлд нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 341 дүгээр тогтоолд өөрийг нь төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтгүйгээр тухайн албан тушаалд томилогдсон зөрчилтэй болохоо мэдэж байснаа илэрхийлж байсан-аас үзвэл маргаан бүхий 341 дүгээр тогтоолыг мэдэгдээгүй гэж хариуцагч албан тушаалтныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

18.Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч нарын маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 103.1.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 33 дугаар зүйлийн 33.3, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3, 66.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Аийн Төрийн албаны зөвлөл, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад тус тус холбогдуулан гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Хяналт, шалгалт, зөвлөн туслах ажлын мөрөөр авах арга хэмжээний тухай 341 дүгээр тогтоолын Ч.А холбогдох хэсгийг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Ч.А******* үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 1151 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР