Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2016/0569/З |
Дугаар | 710 |
Огноо | 2016-09-28 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 710
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн хоёрдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ******* ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух Ю.Э*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргын 20******* оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах”,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М*******гийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “...Нийслэлийн Засаг даргын 20******* оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 захирамжийг хүчингүй болгуулах, 20******* оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалинг нөхөн гаргуулах, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Э*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.Э******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийслэлийн Засаг даргын 20******* оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 тоот захирамжаар “Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн нь тогтоогдсон” тул Авилгатай тэмцэх газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 058173 тоот албан бичгийг үндэслэн намайг ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч миний бие үл зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь:
1. Нийслэлийн Засаг даргын захирамжиндаа үндэслэл болгосон Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3-д “...албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах” гэсэн хариуцлагын 2 хэлбэрийг л заасан байхад хуульд байхгүй албан тушаалаас чөлөөлөх хариуцлага ногдуулсан.
2. Нийслэлийн Засаг дарга гаргах захирамжийг Нийслэлийн Засаг даргын орлогч гаргасан. Түүнд эрх шилжиж ирсэн эсэх нь тодорхойгүй.
3. Нэхэмжлэгч намайг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо ******* цогцолборын ******* байрны ******* тоот 1 өрөө орон сууцийг мэдүүлээгүй зөрчил гаргасан гэжээ. Миний бие 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 51 дүгээр сургуулийн захирлаар томилогдсон. Үүнээс өмнө багш байсан тул хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх шаардлагагүй байсан. Багш байх үедээ дээрх нэг өрөө орон сууцаа өөрийн дүү Ю.У*******д шилжүүлэн өгсөн. Одоо уг орон сууц түүний нэр дээр өмчлөгчөөр бүртгэгдээд, гэрчилгээ олгогдсон байгаа. Дүү Ю.У******* дээрх орон сууцаа банканд барьцаалж зээл авсан. Гэтэл захирал болохоос өмнө өмчлөх эрхээ шилжүүлээд, шинэ өмчлөгч, банкны барьцаанд тавьсан байрыг намайг 2014 оны ХАСХОМ-доо намайг мэдүүлээгүй зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
4. Ажлаас чөлөөлөх нь “сахилгын шийтгэл” гэсэн төрөлдөө багтана. Иймд хөөн хэлэлцэх хугацаа яригдах юм. 2014 оны ХАСХОМ мэдүүлсэн үйлдэлд бүтэн 2 жилийн дараа буюу 20******* оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хариуцлага ногдуулж байгаа нь мөн үндэслэлгүй юм.
5. Авто зогсоол гэдгийн тухайд стандарт бус юм. Өөрөөр хэлбэл авто зогсоолууд 18 мкв хэмжээтэй байдаг. Гэтэл дээрх авто зогсоол нь 10 мкв хэмжээтэй юм. Үүнээс болоод банкны барьцаанд тавих гэхээр аль ч банк барьцаанд авдаггүй, зарах гэхээр зарагддаггүй, үнэлгээ хийлгэе гэхээр хөрөнгийн үнэлгээчин үнэлдэггүй юм. Тодорхой үнэ байхгүй, үнэлж өгдөггүй, стандарт бус болохоор хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлэх үнэ байхгүй болчихоод байгаа ба авто зогсоолын зориулалтаар бус элдэв зүйл хураах зориулалтаар ашиглагддаг талбай юм. Тэгээд ч энэхүү авто зогсоол нь эхнээсээ манай дүү Ю.У*******гийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо ******* цогцолборын ******* байрны ******* тоот 1 өрөө орон сууцтай хамт худалдан авсан, уг байранд байрладаг авто зогсоол юм.
6. Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.15-д “мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт тавих, шалгах, хугацаа хожимдуулсан буюу санаатай худал мэдүүлсэн этгээдэд холбогдох хуульд заасан арга хэмжээ авахуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх” гэж заасан байхад Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн ирүүлсэн мэдэгдлийг үндэслэн ямар нэгэн хяналт шалгалт явуулаагүй, намайг өөрийгөө өмгөөлөх, тайлбар мэдүүлэг гаргах эрхээр хангаагүй болно.
Жич нэмэлт тайлбар: Дээрх 20******* оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 тоот захирамжид гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хожимдуулсныг сэргээлгэхээр миний бие шүүхэд хүсэлт гаргасан. Шүүх хянан үзэж “Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа”-г Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20******* оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 4274 тоот захирамжаар сэргээсэн болно.
Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 20******* оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ю.Э******* нь Нийслэлийн Засаг даргын 20******* оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Нийслэлийн Засаг даргын 20******* оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 тушаалыг хүчингүй болгуулах, 20******* оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас халагдсан чөлөөлөгдсөн үеийн цалинг 20******* оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд гаргуулах, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэсэн үндэслэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэл нь хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн нь тогтоогдсонтой холбоотой. Нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д заасан заалтыг үндэслэн тушаал гаргасан. Тухайн үед Нийслэлийн Засаг даргын эзгүйд Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Б******* гэдэг хүн тушаал гаргасан байдаг. Нэхэмжлэгч Ю.Э******* нь 51 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан. Үүнээс өмнө математикийн багш хийж байсан. Багш байсан хүн хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлэх шаардлагагүй. Ажлаас чөлөөлөх асуудал нь сахилгын шийтгэлд багтаж байна. Тухайн зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Хөрөнгө орлогын мэдүүлэгт авто зогсоолын асуудал яригддаг. 1 өрөө байр болон авто зогсоол У******* гэдэг хүний нэр дээр хамт шилжсэн. Нийслэлийн боловсролын газрын мэдүүлсэн саналыг үндэслээд Нийслэлийн Засаг даргаас тушаалыг гаргасан гэдэг. Нийслэлийн засаг даргын тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны нэг сарын цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагатай байна” гэв.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У*******аас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн Ю.Э*******ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг хүргэж байна. Үүнд:
1. Нийслэлийн Засаг даргын 20******* оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 дугаар “Ю.Э*******ыг ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 13 дугаар зүйлийн 13.8.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасныг тус тус үндэслэн Авлигатай тэмцэх газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05/8173 дугаар “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгээр хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн болох нь тогтоогдсон тул үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Авлигатай тэмцэх газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05/8173 дугаар “Хариуцлага тооцуулах тухай” албан бичигт Ю.Э*******д Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3 дахь заалтыг үндэслэн албан тушаал бууруулах хариуцлага хүлээлгэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 28-ны дотор хариу мэдэгдэхийг шаардсан. Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал нь төрийн үйлчилгээний албан хаагч ба Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6-д тус тус зааснаар хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д заасан үндэслэл нь ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай шаардлага тавих эрхийг төрийн тодорхой байгууллага буюу түүний албан тушаалтанд тухайн хуулиар олгосон байхаар зохицуулжээ. Энэ нь Авлигатай тэмцэх газар, түүний эрх бүхий албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3-д заасан шаардлагыг тавих эрхийг олгосон байна. Нийслэлийн Засаг дарга нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх эрхтэй ба сургуулийн захирлын албан тушаалаас бууруулж, сургалтын менежер, эсхүл багшийн ажил, тушаалд томилох хууль зүйн үндэслэл байхгүй юм. Учир нь ерөнхий боловсролын сургуулийн захирал нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар багш, ажилтныг ажилд авах эрхтэй тул Нийслэлийн Засаг дарга нь энэхүү хуульд заасан эрх, үүрэгт хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй юм.
2. Нийслэлийн Засаг даргын орлогч захирамж гаргаж ажлаас чөлөөлсөн тул уг захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн үед Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Б******* эзгүй байсан ба Нийслэлийн Засаг даргын албан үүргийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Б түр орлон гүйцэтгэж байсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.1, 3.2.1 дэх заалтад тус тус хамаарч байгаа болно.
3. Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Монгол Улсын Дээд шүүхийн “Иргэний зарим хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай” 2007 оны 32 дугаар тогтоолын 3.1-д “Төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан гаргасан хэдий ч хөдөлмөрийн эрхийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул тухайн асуудлаарх маргааныг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасныг мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дэх заалтыг тус тус зөрчиж байна. Иймд иргэн Ю.Э*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Э******* нь “...Нийслэлийн Засаг даргын 20******* оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 захирамжийг хүчингүй болгуулах, 20******* оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалинг нөхөн гаргуулах, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.
Нэхэмжлэгч Ю.Э*******ыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/64 дүгээр тушаалаар Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн захирлаар томилсон байна.
Ю.Э*******ыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 13 дугаар зүйлийн 13.8.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 20******* оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар “...Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн захирал Ю.Э******* нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн болох нь тогтоогдсон тул Авлигатай тэмцэх газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05/8173 дугаар албан бичиг”-ийн дагуу 20******* оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон 51 дүгээр сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Авлигатай тэмцэх газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05/8173 дугаар албан бичигт “...Ю.Э******* нь мэдүүлгийн “Орон сууц, барилга байгууламж” хэсэгт ...автозогсоолыг, ...*******-******* тоот 1 өрөө орон сууцыг ту тус мэдүүлээгүй нь тогтоогдсон. Иймд Ю.Э*******д Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3 дахь заалтыг үндэслэн албан тушаал бууруулах хариуцлага хүлээлгэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 28-ны дотор хариу мэдэгдэнэ үү” гэж дурьдсан ба Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3-д “зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдээлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах” арга хэмжээ авахаар заасан байна.
Харин Нийслэлийн Засаг даргын 20******* оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар Ю.Э*******ыг Нийслэлийн 51 дүгээр сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд заагаагүй хариуцлага тооцсон ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Нийслэлийн Засаг дарга нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх эрхтэй ба сургуулийн захирлын албан тушаалаас бууруулж, сургалтын менежер, эсхүл багшийн ажил, албан тушаалд томилох хууль зүйн үндэслэл байхгүй юм. Учир нь ерөнхий боловсролын сургуулийн захирал нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар багш, ажилтныг ажилд авах эрхтэй тул Нийслэлийн Засаг дарга нь энэхүү хуульд заасан эрх, үүрэгт хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй юм” гэсэн тайлбар нь үндэслэлгүй бөгөөд хуулинд зааснаар тухайн сургуулийн удирдлагын мэдэлд шилжүүлэх боломжтой байжээ.
Мөн Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй” гэсний дагуу уг албан бичгийн хариуг 2015 оны 12 дугаар сарын 28-ны дотор хүргүүлэх ёстой атал Нийслэлийн Засаг даргын 20******* оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр 20******* оны 01 дүгээр сарын 18-наас 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Нямаагийн Б*******д даалгасан учир Ю.Э*******ыг албан тушаалаас чөлөөлөх захирамжийг 01 дүгээр сарын 29-ний өдөр түр орлон гүйцэтгэгч Н.Б******* гаргах ёстой гэдэг тайлбар хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Нийслэлийн Засаг дарга хуулиар хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 20******* оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Ю.Э*******ын ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ю.Э******* нь Баянгол дүүргийн 51 дүгээр дунд сургуулийн захирлаар ажиллаж байх үедээ бусдыг хясан боогдуулж, хээл хахууль авсан хэрэгт Авлигатай тэмцэх газраас шалгагдаж байсан бөгөөд Мөрдөн байцаагчийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх” тогтоолоор 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн түүний албан тушаалыг түр түдгэлзүүлсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно” гэж зааснаар Ю.Э******* нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 20******* оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 223 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял шийтгэгдэх хүртэлх хугацаанд цалин хөлс аваагүй байна.
Иймд 20******* оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалинг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 13 дугаар зүйлийн 13.8.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю.Э*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 20******* оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ю.Э*******ын 20******* оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалинг нөхөн гаргуулах, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх Нийслэлийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА