Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2018/0548/З |
Дугаар | 222 |
Огноо | 2019-06-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 222
“ЭСПСЖА” ХХК-ийн
нэхэмжлэлтэй, ЗТХЯ-д холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “...“2016, 2017 онд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардал 1,325,000,013 төгрөгийг төлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх ажлын зардап 1,325,000,013 төгрөгийг олгохыг ЗТХЯ-д даалгах”
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0837 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0165 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа нар,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0837 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад заасныг тус тус баримтлан “ЭСПСЖА” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2016, 2017 онуудад Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардал 1,325,000,013 төгрөгийг төлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх ажлын зардал 1,325,000,013 төгрөгийг “ЭСПСЖА” ХХК-д олгохыг ЗТХЯ-д даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0165 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0837 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч “ЭСПСЖА” ХХК-ийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ЭСПСЖА” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ЗТХЯ-д холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0165 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д зааснаар дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.
4. Магадлалд ”...Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт 2016, 2017 онд гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэгчид төлбөрийг өгөх боломжгүй гэх атлаа нэхэмжлэгчийн гаргасан зардлыг хүлээн зөвшөөрч байгаагаас, мөн эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргийн агуулгаас тус тус дүгнэхэд заавал гэрээ байгуулсны үндсэн дээр 1,325,000,000 төгрөг олгогдоно гэж үзвэл нэмэлт гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах, эсхүл ажлын хөлсийг төсөвт тусгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох зэргээр захиргааны хэргийн шүүхэд харъяалагдаж болохуйц нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулсны үндсэн дээр маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. ...Хэрэгт санхүүжилт хийгдээгүйгээс төлбөр төлөгдөхгүй байгаа, мөн төсвийн төсөлд тусгуулахаар хариуцагчаас удаа дараа Сангийн яаманд хүсэлт гаргасан талаарх нотлох баримт авагдсан байх бөгөөд санхүүжилтээс хамаарч төлбөр төлөгдөхгүй байх тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн тодорхойлохоос хамаарч хамтран хариуцагч татагдах нөхцөл үүсэхийг ч үгүйсгэхээргүй байна...” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй.
5. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд болон нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг үндэслэж, нотлох баримт цуглуулах ажиллагааг хангалттай хийсэн гэж ойлгож байгаа. Энэ нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0837 дугаар шийдвэрт “...энэ тохиолдолд ЗТХЯ-д авто замын байгууламжийн барилгын ажлын техник, технологийн хяналтыг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэх, гэрээ байгуулах эрх хэмжээ хуулиар олгогдсон, “ЭСПСЖА” ХХК нь төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж, 2016, 2017 онд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, тодорхой ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Иймээс хариуцагч нь авто замын асуудлаар шийдвэр гаргах, дэд бүтцийг бий болгох үндсэн чиг үүрэгтэй бөгөөд хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хуулийн этгээдэд хийсэн ажлын зардлыг олгохгүй байгаа нь ...шударга ёсны зарчимд нийцэхгүй байна” гэж дүгнэснээс харагдана.
6. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаар хэнийг татах нь өөрийн эрхийн асуудал бөгөөд зайлшгүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгддэг. Гэхдээ анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэгдэх явцад дээр дурдсан нөхцөл байдал үүсээгүй, үүсэх ч шаардлагагүй байхад давж заалдах шатны шүүх нь “хариуцагчийн хууль бус үйлдлээс бус харин төсвийн санхүүжилтээс хамаарч төлбөр төлөгдөхгүй байх тохиолдолд зөвхөн ЗТХЯ-д холбогдуулж нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх эсэхийг анхаарвал зохино” гэсэн нь учир дутагдалтай юм.
7. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасныг үндэслэн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. “...зөвлөх үйлчилгээний зардал 1,325,000,013 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ...ажлын зардал 1,325,000,013 төгрөгийг олгохыг ЗТХЯ-д даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр тул магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
9. “ЭСПСЖА” ХХК болон Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам /тухайн үеийн/ хооронд 2011 оны 03 дугаар сарын 28, 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тус тус байгуулсан “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км. хатуу хучилттай авто замын барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээг үзүүлэх захиалагч зөвлөхийн хооронд байгуулсан гэрээ”-гээр нэхэмжлэгч нь тухайн ажилд техник, технологийн хяналтыг хэрэгжүүлж, санхүүжилт нь олгогдсон, харин замын ажлын гүйцэтгэл удааширснаас 2016-2017 онд ямар нэг гэрээ байгуулалгүйгээр өмнөх гэрээнд заасан ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн, энэ хугацааны ажлын хөлс болох 1,325,000,013 төгрөгийг хариуцагч олгохгүй байгаагаас маргаан үүссэн байна.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хуулийн этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандахдаа энэ хуулийн 52 болон 106 дугаар зүйлүүдэд заасан агуулгын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж гаргах учиртай.
11. Энэ маргааны тухайд “...ажлын хөлсийг олгохгүй байгаагаас хохирол учирсан гэж 1,325,000,013 гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байгаа...” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагаа дээрх хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “...эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 52.5.2-т “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх”, 106 дугаар зүйлийн 106.3.4-т ”захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”, 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэх хуулийн зохицуулалтын агуулга, шаардлагад нийцүүлэн тодорхойлсон үзэхээргүй юм.
12. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж тус тус заасныг үндэслэн ямар хууль бус актын улмаас хохирол учирснаа нэхэмжлэгч тодорхойлох, шүүх үүнийг тодруулах зайлшгүй шаардлагатай.
12. Тухайлбал, хохирол нэхэмжлэхийн өмнө эхлээд хууль бус гэх захиргааны актаа зөв тодорхойлоогүй, тухайн маргаан нь нийтийн эсхүл хувийн эрх зүйн маргааны алинд хамаарахыг шүүх дүгнээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
13. Иймээс “...анхан шатны шүүх нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлсэн...” гэх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр түүний хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0165 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээсн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ