| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/00312/И |
| Дугаар | 313/ШШ2025/00394 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 313/ШШ2025/00394
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 9-р баг
Хариуцагч: ******* овогт *******ын ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 9-р баг
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ц.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баттүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.*******тай 2018-2025 оны 04 сар хүртэл хамтран амьдарсан. Хамтран амьдарч байхдаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2018 оны 11-р сарын 03-ны өдөр охин Т.*******, 2021 оны 07-р сарын 29-ний өдөр О.******* нар төрсөн. Одоо Т.******* нь 6 настай, О.******* 4 настай. Ц.******* нь байнга үндэслэлгүй хардаж, хэрүүл хийж, архидан согтууруулах ундаа хэрэглэхээрээ бидэнд бие мах бодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг байсан. 2021 оны 10-р сард Ц.******* нь гэрт согтууруулах ундаа хэрэглэн 1 удаа миний дагавар охин болох Г.ийн биед халдаж, сэтгэл санааны гэнэтийн цочролд оруулж, илж таалж, бэлгийн хүчирхийлэл үйлдэх гэж байхад нь Б.******* миний бие харснаас хүчирхийлэл үйлдэхээс нь өмнө таслан зогсоож, Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст дуудлага өгснөөр Ц.******* нь 1 сарын баривчилгаанд явсан. Түүнээс хойш 7 сарын хугацаанд бид тусдаа амьдарч байсан боловч 2 хүүхдээрээ шалтаглан уучлалт гуйсаар байсан болохоор эргэн нийлж хамтран амьдарсан. Сүүлийн үед хэрүүл маргаан өдөөн хатгаж үүсгээд 2-3 хоногоор архидан согтуурч, ор сураггүй алга болдог болсон. Ийм үйлдлээ 3-4 удаа гаргасан.
Одоогоор Б.******* миний бие сургуулийн насны 4 хүүхэдтэй /9-р анги, 7-р анги, 1-р анги, цэцэрлэгт 1/, ажил хийх ямар ч боломжгүй учир хариуцагч Ц.*******аас охин Т.*******, хүү О.******* нарт тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүнтэй суугаад 6 жил болж байгаа. 2 дагавар хүүхэдтэй суусан. Дундаасаа 2 хүүхэдтэй болоод 4 хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Бид тусдаа амьдарч байгаа. Хамт амьдрахаар нэг нэгийгээ ойлгодоггүй, үргэлж маргалдаж муудалцдаг байсан. Ярилцах гэхээр ярилцдаггүй. Хэрүүл болоод манай хүн гараад архи ууж ирээд хэрүүл маргаан үүсгээд хэд хэдэн удаа гар хүрч байсан. Сүүлдээ уурлаад гурав, дөрөв хоногоор алга болдог байсан. Нэг биш хэд хэдэн удаагийн давтамжтай ийм байдал гаргасан. Тэгээд гэр бүлдээ хайр, халамж байхгүй, үр хүүхэд, хань ижлээ хайрлана гэж байхгүй, ярилцаж, ойлголцох гэхээр би ярилцаж чаддаггүй, хэрүүл үүсгэлээ гэдэг. Хоёр жилийн өмнө ийм байдалтай байж байгаад, бид хоёр тусдаа 6, 7 сар болоод үр хүүхдээ бодоод би уучлаад хамт амьдарсан боловч дахиад ийм үйлдэл гарсаар байсан. Тэсэхээ болиод дөрвөн хүүхэдтэйгээ би одоо тусдаа амьдарч байгаа. Тиймээс 2 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Энэ хүнтэй өмнө нь уулзаж ярилцахад уучлаарай, хамт амьдаръя гэж нэг ч үг хэлж байгаагүй. Нэхэмжлэл өгөхөөсөө өмнө надтай уулзаж, ярилцахгүй яасан юм гэж байна. Өөрөө үр хүүхдээ болон намайг боддог байсан бол ирж уулзах хэрэгтэй байсан юм. Таг алга болчихсон. Тэгчхээд би энэ хүнийг гуйж, очиж ярилцах ёстой байсан юм шиг яриад байгаа. Хүнтэй огт ярилцдаггүй. Ярилцдаггүйгээс болж бид хоёрын гэр бүл ийм байдалд хүрч байгаа. Ярих гэхээр хэрүүл өдөх гэлээ гээд уурлаад гараад явчихна. Тэгээд гараад явж байгаа хүнийг би яах вэ. Гарч яваад архи уучихна. Эсвэл хоёр, гурав хоног алга болчихно. Архи ууж ирчхээд ойлголцохгүй бүр илүү хэрүүл болдог гэв.
Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие болох Ц.******* нь *******ийн гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох *******, ******* нарт тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүнтэй 2021 оноос хойш амьдарч байгаа. Бие биетэйгээ ойлголцдоггүй нь үнэн. Ярилцах гэхээр бие биеийнхээ эсрэг ч юм шиг юм ярьцгаадаг. Уурлаж гарч яваад архи ууж ирээд агсам тавьдаг зүйл байхгүй. Маргалдаад 3, 4 хоног явдаг гэдэг нь энэ хүн маргалдахаар үргэлж хөөдөг. Тэгээд ажил дээрээ очиж хоносон. Дараагийн өдөр нь хадам аавынд очиж хоносон. Дараагийн өдөр нь гэртээ ирсэн болов ч оруулаагүй. Тэгээд машин дотроо хоносон гэв. Энэ хүн өмнө нь өөр амьдралтай байсан. тай амьдарч байсан. , Б.******* хоёр хамт амьдарч байх үед Т.******* төрсөн гэв. 2025 оны 04 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа гэв. Нэхэмжилж байгаа учраас төлнө. Хоёр хүүхдээ л их өрөвдөж, бодож байна. Энэ хүнийг шүүхэд өгөхөөс өмнө надтай ярих юм болов уу гэж бодсон. Гэтэл яриагүй. Гэр бүлийнхээ төлөө гэж нойр, хоолгүй ажиллаад байна гэж бодсон. Манай хүн хайр, халамж үзүүлэхгүй байна гээд тиймэрхүү зөрчилтэй. Ууж, идэх шаардлага гарвал хамт гарч орж, ууж иддэг байсан. Хүүхдүүдийн хажууд бараг ууж үзээгүй гэв.
Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, охин Т.*******, О.******* нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Энхийн хүслэн өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Өмнөговь аймаг Даланзадгад сумын 33 дугаар цэцэрлэгийн О.*******ийн цэцэрлэгийн дунд Б бүлэгт суралцдаг нь үнэн болох тодорхойлолт, Өмнөговь аймаг Даланзадгад сумын 6 дугаар сургуулийн Т.******* 1Ё ангид суралцдаг болох нь үнэн болох тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ц.******* нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.
Б.*******, Ц.******* нар нь гэрлэлт бүртгүүлээгүй хэдий ч 2018 оноос 2025 оны 4 сар хүртэл хамтран амьдарч тэдний дундаас 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүү О.******* төрсөн, эцэг Ц.******* болох нь төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар, 2018 оны 11-р сарын 03-ны өдөр охин Т.******* төрсөн, эцэг Ц.******* болох нь зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Одоо охин Т.******* 06 нас, 08 сартай, хүү О.******* 03 нас, 11 сартай, эх Б.*******ийн асрамжид эрүүл өсөн бойжиж, сурч хүмүүжиж байгаа болох нь төрсний гэрчилгээний хуулбар, Энхийн хүслэн өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Өмнөговь аймаг Даланзадгад сумын 33 дугаар цэцэрлэгийн О.*******ийн цэцэрлэгийн дунд Б бүлэгт суралцдаг нь үнэн болох тодорхойлолт, Өмнөговь аймаг Даланзадгад сумын 6 дугаар сургуулийн Т.******* 1Ё ангид суралцдаг болох нь үнэн болох тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Хариуцагч Ц.******* нь хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй тул нэхэмжлэгч дээрх үүргийг эцгээс нь шаардах эрхтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Ц.*******аас мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан насанд хүрээгүй охин Т.*******, хүү О.******* тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй... болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлжээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт *******ын ******* /РД: *******/-аас 2018 оны 11-р сарын 03-ны өдөр охин Т.*******, 2021 оны 07-р сарын 29-ний өдөр О.******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.*******т мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН