| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2021/02232/И |
| Дугаар | 210/МА2021/01614 |
| Огноо | 2021-11-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2021/01614
| 2021 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 210/МА2021/01614 |
иргэний хэргийн тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/02617 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ТБА ХХК-ийн хариуцагч Л.Сд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 18 808 824 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, хариуцагчийн өмгөөлөгч С.Галцацрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л.С 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ТБА ХХК-аас 7 850 000 төгрөг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд тоёота харриер маркийн ...УБИ улсын дугаартай автомашиныг барьцаалж, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй үндсэн зээлээс 7 850 000 төгрөг, зээлийн хүүнд 7 033 824 төгрөг, алдангид 3 925 000 төгрөг, нийт 18 808 824 төгрөгийн үлдэгдэлтэй. Үүргийн гүйцэтгэлийг 672 хоногоор хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. Энэ нь гэрээний 1.2.6-д заасан ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл төлөлт хийгээгүй, гэрээний хугацаа 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр дууссан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д зааснаар автомашиныг зээлдэгчийн эзэмшилд байх хугацаанд гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй, авто машин устаж, тээврийн хэрэгсэл хаана байгаа нь тодорхойгүй болсон. Үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах боломжгүй болсон тул Л.Сгаас нийт 18 808 824 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагаас 13 000 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй тул хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 286 дүгээр зүйлийн 286.3, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Л.Сгаас 17 427 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ТБА ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 381 824 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Л.Сгаас улсын тэмдэгтийн хураамжид 245 085 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, өмгөөлөгч С.Галцацрахын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч Л.С П.Од төлөөлөх итгэмжлэл олгосон. Шүүх хуралдаан 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр болоход шүүгчийн туслах шүүх хуралдааны талаар хэлсэн. Тухайн үед П.О нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгэсэн талаар хэлсэн боловч шүүхэд эмнэлгийн магадалгаа хүргэж амжилгүй шүүхийн шийдвэр гаргасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн алдангитай холбогдох хэсэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцэхгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч ТБА ХХК-ийн зээлд 7 850 000 төгрөг, зээлийн хүүнд 7 033 824 төгрөг, алдангид 3 925 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Л.С 13 000 000 төгрөгийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Л.С 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч ТБА ХХК-аас 7 850 000 төгрөг, сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд ...УБИ улсын дугаартай тоёота харриер маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөхөөр тохиролцсон байна. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. /хх6-9/
Зээлдэгч нь гэрээний хугацаанд үндсэн зээлд 7 850 000 төгрөг, зээлийн хүүнд 3 768 000 төгрөг, нийт 11 618 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, зээлдүүлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үр дүн гараагүй гэх тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй.
Шүүх хариуцагчаас зээлд 7 850 000 төгрөг, зээлийн хүүнд 3 768 000 төгрөг /12 сар*314 000 төгрөг/ гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасантай нийцжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг 672 хоногоор хэтрүүлсэн гэж зээлийн хүүнд 7 033 824 төгрөг шаардсан нь үндэслэлгүй. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийг хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэг нь зөвхөн банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд хамааралтай байна. Нэхэмжлэгч компани нь барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг этгээд тул хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй.
Алдангид 3 925 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан байхад шүүх нийт гүйцэтгэвэл зохих үүргийн 50 хувиар тооцоолон алдангид 5 809 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцэхгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас үндсэн зээл 7 850 000 төгрөг, зээлийн хүүнд 3 768 000 төгрөг, алдангид 3 925 000 төгрөг, нийт 15 543 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй. Шүүхээс 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагчийг шүүхэд албадан ирүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 30 хоногоор сунгах зэрэг ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2, 77 дугаар зүйлийн 77.9 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулсан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Од шүүхээс 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлан, хуралдааны товыг мэдэгдсэн байна. Тэрээр 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, эрүүл мэндийн шалтгаантай байсан талаарх баримтаа ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасны дагуу эзгүйд нь шүүх хуралдааныг явуулсныг буруутгах үндэслэлгүй. /хх11, 18, 20, 21-23/
Нэхэмжлэгч нь автомашин хэний эзэмшил, ашиглалтад байгаа нь тодорхойгүй тул фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон гэж тайлбарласан болно.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/02617 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 17,427,000 ...” гэснийг “ ... 15 543 000 ...” гэж, “... 1,381,824 ...” гэснийг “... 3 265 824 ...” гэж, 2 дах заалтын “... 245,085 ...” гэснийг “... 235 665 ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 085 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
А.МӨНХЗУЛ