Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 46

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч Л.Г , түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Нүүдэлчин овогт Л.Г д холбогдох эрүүгийн 1826000370043 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Нүүдэлчин овгийн Л.Г

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Г  нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цөөвөр” гэх газар иргэн Б.Г хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүний баруун гарын долоовор хурууг хазаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Г  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “... Миний буруугаас болсон. Би Г-с унагатай гүү авсан. Тэгээд 500000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгээд унагатай гүүгээ  авах гээд очиход  туранхай муу гүү өгсөн. Тэгэхээр нь 500000 төгрөг арай их байна гээд би голсон. Тэгээд 1 сарын үед архи ууцгааж байгаад нөгөө асуудлаасаа болж маргалдсан. Би та надад муу унагатай гүү  өгсөн биздээ гэхэд намайг алхаар цохьсон тэгээд намайг багалзуурдахаар нь гарыг нь хазсан. Хохиролд Эрүүл мэндийн дэвтрийг 200000 төгрөгөөр бөглүүлсэн, эмнэлгийн ор хоногийн мөнгө 300.000 төгрөг, мөн сумаас ирж очсон зардал, сахиурын мөнгө гээд нийтдээ 1000000 төгрөгийн хохирол төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Хохирогч Б.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ хүү Болдбаатартай хамт байж байтал манай саахалтын залуу Л.Г  мотоцикльтой ганцаараа ирэхдээ 2 шил 0.5 литрийн Харзтай архитай ирсэн. Манай айлын Мөнхөө гаднаас орж ирээд архийг гурвуулаа уусан. Би гэртээ байсан нэг шил 0.5 литрийн Нутгийн буян архийг тэр хоёртой хамт уусан. Архи дуусаад Мөнхөө гэр лүүгээ явсан. Мөнхөөг явсны дараа Л.Г  зун “над өгсөн гүү чинь туранхай муу гүү өгсөн. Анх үзүүлсэн гүүгээ өгөөгүй” гэж хэлснээс болоод бид хоёр маргалдсан.  Л.Г  надад уурлаад миний баруун гарын долоовор хурууг шүдээрээ хазаад зажилсан. Тэгээд Г  шүдээ хазахаа болихоор нь долоовор хуруунаас цус гараад байхаар нь марлиар боосон. Гараа хазуулснаас хойш гэртээ 3 хоносон. Долоовор хуруу хавдаад байхаар нь сумын эмч Балжиннямд долоовор хуруугаа үзүүлэхэд аймаг явах шаардлагатай, судсаар идээ гүйвэл үхэх аюултай гэхээр нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч Гангамөрөн эмчид үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хэвтэн эмчлүүлээд долоовор хуруугаа угаар нь тайруулсан. Л.Г  миний эрүүл мэндийн дэвтрийг 2 жил 6 сараар бөглүүлж өгсөн. Эмнэлгийн ор хоногийн мөнгө болох 500.000 төгрөгийг төлсөн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 5-6 хуудас/,

Шүүгдэгч Л.Г гийн яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын эхээр яг өдрийг санахгүй байна. Би хөдөө гэрээсээ бензин авах гээд Зүүбаян-Улаан сумын төв орсон. Г  гэдэг хүнээс авлагатай байсан мөнгө авах гээд очтол Г  2 шил 0.5 литрийн Харзтай архи байна. Мөнгөний оронд ав гэхээр нь 2 шил архийг аваад Г-д Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багийн Цөөвөрт гэх газар ганцаараа очсон. Г -ийнд Г -, Г -ийн хүүхэд, айлын хүн Мөнхөө нар байсан. Тэднийд 2 шил архийг Мөнхөө, Г -, бид гурав хувааж уусан. Архи уугаад дуустал Г - гэрээсээ 1 шил 0.5 литрийн архи гаргаж ирээд Мөнхөө, Г -, бид ахиж хувааж уусан. Архи ууж дуусаад нэлээд согтсон. Мөнхөө гэр лүүгээ явсан. Г -, хүүхэд нь бид гурав үлдсэн. Би Г -өөс 2017 оны хавар 04 дүгээр сард унагатай гүү авна гээд 500.000 төгрөг өгчихсөн байсан. Тухайн үед сайхан том биетэй гүү үзүүлсэн. Хэд хоногийн дараа гүүгээ авах гээд очтол айлын адуунд гүү яваа гэж хэлсэн. Маргааш нь өөр гүү үзүүлээд энийг ав гэхээр нь наймаа тохироогүй. Сүүлд нь ахиж өөр гүү үзүүлэхээр нь тэр гүүг авсан. Тэр явдлыг санаад Г -т “үхэж байгаа гүү өгсөн шүү” гэсэн чинь тэрнээс болоод хоёулаа маргалдаад би Г -ийг босч ирээд бариад авах гэтэл Г - намайг алхаар толгой руу нэг удаа цохьсон. Би газар унаад хэсэг хэвтэж байгаад босч ирээд Г -ийг бариад автал миний хоолойг боогоод байхаар нь баруун гарын долоовор хурууг хазсан. Г -тэй дээр доороо орж ноцолдож байгаад бид хоёр эвлэрсэн. Би Мөнхөөгийнд орж толгойны цусыг тогтоож, толгойгоо юмаар боолгож тэндээ хоночихоод маргааш нь гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,

Хохирогч Б.Г -ийн мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “... Манайх Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар баг “Цөөвөрт” гэх газар байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ байж байтал манай саахалт айлын залуу Г  манайд жаахан юм уучихсан, 3 шил архи өвөртөлчихсөн орж ирсэн. Тухайн үед манай эхнэр эзгүй, аймагт эмнэлэгт хэвтэж байсан. Би 3 дугаар ангийн хүүтэйгээ хамт байсан. Г г ирэхээр нь бид хоёр архийг нь хувааж уусан. Бид хоёр нилээд согтсон. 2017 оны хавар Г  бид хоёр адууны наймаа хийж байсан юм. Тэрийгээ яриад муу адуу өгсөн байна. Гүүгээ аваарай гээд Г  над руу дайраад эхэлсэн. Би тэгэхээр нь чи тэгвэл яах гэж авсан юм. Авъя гэж авчихаад пиздаа чинь гээд хэлсэн чинь миний баруун гарын долоовор хуруунаас шүдээрээ хазчихсан. Тэгсэн миний гарнаас цус гараад би марлиар боогоод бид хоёр эв зүйгээ олсон. Г  манайд хоночихоод маргааш өглөө нь гэр лүүгээ явсан. Тэгээд 2-3 хоногийн дараа хазуулсан гар хавдаад эхэлсэн. Тэгээд сумын эмнэлэгт очиж үзүүлэхэд хэвтэж эмчлүүл гээд хэвтсэн. Сумын эмнэлэгт 2 хоноод гар улам хавдаад, хавдар нь буухгүй байхад эмч үзээд аймаг явахаар болсон. Г  эхнэртэйгээ эргэж ирээд миний гарыг үзчихээд наадах чинь ерөөсөө болохоо байсан байна. Ерөөсөө аймаг авч явъя гээд Г  машин олж ирээд аймаг явсан. Аймагт ирээд эмнэлэгт хэвтээд хагалгаа хийсэн. ... Тухайн үед манай 3 дугаар ангийн хүү, Г  бид гурав байсан. Хажуу айлын Мөнхбаяр архинаас уулцчихаад гэртээ ороод унтаад өгсөн. Яг хазуулж байхад байгаагүй. ... Адилхан эр хүмүүсийн алийг тэр гэх вэ. Хамт ууж идчихээд муухай юм даа. Надад санал байхгүй. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ, гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9 хуудас/,

Шүүгдэгч Л.Г гийн мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “... Манайх Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар баг “Агуйн үүд” гэх газар оршин суудаг. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би хөдөө гэрээсээ үхэр хураах гэж гараад замаараа сум орж хүнээс мөнгө авч бензин хийх санаатай явсан. Сум ороод нөгөө хүнтэйгээ очиж уулзахад мөнгө байхгүй, байгаа нь 2 шил архи байна гэхээр нь архийг аваад Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар баг “Цөөвөр” гэх газар байх саахалт айл Б.Г - ахынд очсон. Би мотоцикльтойгоо ганцаараа очсон. Намайг очиход тэднийд Г - ах хүүхэдтэйгээ айлын хүн Мөнхөө нар байсан. Тэгээд нөгөө хүнээс авсан 2 шил архи гаргаж ирээд хувааж ууцгаасан. Архиа уугаад  дуусахад Г - ах 1 шил архи гаргаж ирээд тэрийг бас хувааж уусан. Тэгсэн айлын хүн Мөнхөө гараад гэртээ орсон. Тэгээд нилээн согтсон байсан. Г - ах бид хоёр юм ярьж байгаад 2017 оны хавар 6 дугаар сарын сүүлээр Г - ахаас унагатай гүү 500.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үед жоохон туранхай гүү өгсөн юм. Тэр талаар хэлээд тэрнээс болж маргалдсан. Би “...та надад үхэж байсан юм өгөө биз дээ...” гэсэн чинь “...чиний хэдэн адуу миний гарт байгаа шүү...” гээд занаад хэрэлдээд Г - ах алх барьж аваад намайг нүүрэн хэсэгт дух руу нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би уурлаад өмнөөс нь бариад авсан чинь намайг хоолой боогоод, боолгоод байж байтал ам руу гар нь ороод ирэхээр нь хазчихсан юм. Тэгээд бид хоёр жоохон маргалдаж байгаад эвлэрсэн. Миний дух хэсгээс цус гараад тогтохгүй болохоор нь хажуу айлд орж хөвөн шатааж нааж цусыг нь тогтоосон. ... 2 хоногийн дараа хонь нийлчихээд Г - ахынд хонь шүүх гэж орсон чинь хуруу хэсэг нь хавдчихсан байхаар нь наадах чинь хавдартай байна. Сум орж үзүүлье гэхэд өөрөө яах юм бэ зүгээр гээд байсан. Тэгсэн 2 хоногийн дараа айлынх нь хүний эхнэр утасдаад Г - ахын гар хавдаад байна. Чи ирж үзүүл гэхээр нь эхнэртэйгээ яваад очсон. Очоод байж байтал багийн эмч ирж үзээд “идээлсэн байна, суман дээр очиж үзүүлж цэвэрлүүлье” гээд аваад явсан. Нилээн орой болсон болохоор эхнэр бид хоёр үхрээ хураахаар цаашаа явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/,

Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэмтлийн тасагт баруун гар хазагдсан шарх, буглаатай гэсэн оношоор хэвтэхэд нь эмчлэгч эмчээр 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эмчилгээ хийсэн. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бохир шархыг угааж, үрэвсэж идээлсэн шархыг түүж, баруун гарын алганы арыг нээж угаах мэс засал хийсэн. Унтуулгатай хагалгаанд орсон. Энэ хагалгаанаас хойш эмийн эмчилгээ хийсэн боловч өвчтний биеийн байдал сайжрахгүй, гарын шарх идээ бохиртой байсан. Г - эмнэлэгт хэвтэж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байсан тул гэмтлийн эмч нарын хурлын хамтарсан шийдвэрээр хэлэлцэж, Г -өөр өөрөөр нь өргөдөл бичүүлж авсан. Истори дээр нь байгаа. Энэ асуудлыг хэлж ярьснаас хойш дахин архи, тамхи хэрэглээд байсан. Г -ийг эмнэлгээс гаргах нөхцөл байдал үүссэн боловч асран хамгаалах хүнгүй шархны байдал бүрэн эдгээгүй байсан тул эмчилгээг үргэлжлүүлж хийсэн. 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Г -ийн баруун гарын долоовор хурууг тайрах хагалгаа хийсэн. Тэрнээс хойш шархны эдгэрэлт сайжирсан. Г -ийн шарх эдгэрэхгүй байсан нь архи, тамхи, эмнэлэгт хэвтэхдээ дотоод журам зөрчөөд байсантай холбоотой байж магадгүй. Г -ийн ор хоногийн мөнгө 300000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын 200000 гаруй төгрөгийг хэрэг үйлдсэн Г  тушаасан талаар надад Г - өөрөө хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/,

          Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 70 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн: “... 1.  Б.Г -ийн биед баруун гарын 2-р хурууны 3-р үе мэс заслаар тайрагдаж үгүй болсон гэмтэл тогтоогдлоо.

2. Гэмтэл хүндэрсээр мэс заслаар тайрагдсан байх боломжтой.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-20 хувь тогтонги алдагдуулна.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25 хуудас/,

Хохирогч Б.Г -ийн №323 дугаартай өвчний түүх /хх-ийн 99-128 хуудас/,

            Шүүгдэгч Л.Г гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллого, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоол, №6228000012, №0248467/034 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, № 0094768/31 дугаартай гэрэлтийн гэрчилгээний хуулбар, /хх-ийн 37, 38-39, 59, 87-89, 90-91 хуудас/,

Хохирогч Б.Г -ийн Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан: “... Борын Г - би Л.Г д хазуулсан гэмтэл авч баруун гарын долоовор хурууг тайруулсан. Миний зүгээс Л.Г д гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 144 хуудас/,

Шүүгдэгч Л.Г гийн Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан: “... Л.Г  миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хэргээ хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 143 хуудас/,

Хохирогч Б.Г -ийн шүүхэд гаргасан: “... Хохирогч Б.Г - миний бие Л.Г д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон болно. Миний бие н гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй  тул шүүх хуралд суухгүй. Л.Г д хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 164 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Л.Г  нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цөөвөр” гэх газар иргэн Б.Г -ийн баруун гарын долоовор хурууг хазсаны улмаас түүний баруун гарын 2 дугаар хурууны 3-р үе нь  мэс заслаар тайрагдаж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.Г -ийн “Г д хуруугаа хазуулсны улмаас хуруугаа тайруулсан талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5-6/, гэрч Л.Г гийн “...Г - нь миний хоолойг боогоод байсан.Тэгээд аманд хуруу нь ороод ирэхээр нь хазчихсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/, гэрч Б.Гангамөрөнгийн “...баруун гар хазагдсан шарх, буглаатай гэсэн оношоор хэвтсэн. Эмийн эмчилгээ хийсэн боловч сайжрахгүй байсан учраас гэмтлийн эмч нарын хамтарсан хурлын шийдвэрээр баруун гарын долоовор хурууг тайрах мэс засал хийсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/, шүүгдэгч Л.Г гийн үйлдлийн умаас хохирогч Б.Г -ийн эрүүл мэндэд  “баруун гарын 2 дугаар хурууны 3-р үе мэс заслаар тайрагдсан” хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 70 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/, Хохирогч Б.Г -ийн №323 дугаартай өвчний түүх /хх-ийн 99-128/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Л.Г гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Г -ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 70 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн: “... 1.  Б.Г -ийн биед баруун гарын 2-р хурууны 3-р үе мэс заслаар тайрагдаж үгүй болсон гэмтэл тогтоогдлоо.  5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25 хуудас/, гэрч Э.Гангамөрөнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэмтлийн тасагт баруун гар хазагдсан шарх, буглаатай гэсэн оношоор хэвтсэн.   ...бохир шархыг угааж, үрэвсэж идээлсэн шархыг түүж, баруун гарын алганы арыг нээж угаах мэс засал хийж, эмийн эмчилгээ хийсэн боловч өвчтний биеийн байдал сайжрахгүй, гарын шарх идээ бохиртой байсан тул 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Г -ийн баруун гарын долоовор хүрууг тайрах хагалгаа хийсэн.” /хх-ийн 12-13/ гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Г -ийн №323 дугаартай өвчний түүх /хх-ийн 99-128/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Нүүдэлчин овгийн Лхагвасүрэнгийн Г д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгч Л.Г  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд  прокуророос уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Л.Г  нь хохирогчид 1000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

           Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Л.Г гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.Г г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан  хохирлыг төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 3-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзлээ.

          Шүүгдэгч Л.Г д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх тул шүүгдэгч Л.Г д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд сар бүр 300000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч Л.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Г -т 1.000.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Л.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 3 ,4, 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13,  38.1 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нүүдэлчин овогт Л.Г г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Нүүдэлчин овогт Лхагвасүрэнгийн Г г 600 /Зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд сар бүр 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Л.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Г -т 1000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЦЭЦЭГЭЭ