| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0377/Э |
| Дугаар | 392 |
| Огноо | 2018-05-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Н.У |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 392
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Н.Уранбайгаль,
шүүгдэгч Н.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чунт овогт Нийн Ут холбогдох 1803002620151 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Эрдэнэс бетон” ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Чунт овогт Нийн У /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч Г.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 13-ны орой 18 цагийн орчим өөрийн эзэмшлийн Х.Элентра маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодон, хуучин хамт ажиллаж байсан Оийн хамт 3 дугаар цахилгаан станцаас Орбит орохоор Цэргийн хотхоны урд талын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү 40 гаран км цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалаас Тоёота Приус маркийн ...улсын дугаартай автомашин урсгал сөрөөд ороод ирэхээр нь би хурдаа хасаад зогстол миний жолоодож явсан автомашины жолооч талын крыло, зүүн урд талын дугуй руу ирж мөргөсөн. Энэ үед урд талын салхины шилийг толгойгоороо мөргөсөн. Хажууд сууж явсан зорчигч О урд талын салоныг мөн мөргөсөн байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний биед хүнд гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Машинд учирсан эвдрэлийн үнэлгээ мөн гарсан уг үнэлгээгээр нийт 866.000 төгрөгний хохирол учирсан. Миний биеийн байдал гайгүй, эмнэлэгт хэвтээгүй, хэвтэх шаардлагагүй гэсэн. Зам ачаалалгүй сийрэг байсан. Зам байгалийн гэрэлтэй байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Миний эмчилгээний зардлыг жолооч Г.У гаргасан, миний зүгээс бол эмчилгээтэй холбоотой зардал гараагүй, би өөрийн цаашид эмчилгээнд шаардлагатай томографийн шинжилгээний зардал болон 120.000 төгрөг, 3 сар ажилгүй байх үеийн зардал өдрийн 10.000 төгрөгөөр тооцоод 900.000 төгрөг нийт 1.020.000 төгрөгийг Н.У бүрэн гаргаж өгсөн тул миний хувьд гомдол санал хүсэлт байхгүй, хохирол бүрэн барагдсан болно. ...Машинд учирсан хохирол, эмчилгээний зардал нийт 2,550,400 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй ...” гэх мэдүүлэг /хх 45-49, 51-52 х/
1.2.Шүүгдэгч Н.Уын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 13-ний орой 17 цагийн орчим ажпаа тараад гэр лүүгээ харихаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн хотхоны баруун урд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү эхнэр С.Мын эзэмшлийн Тоёота Риус маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг бариад хөгжмөө суллах гээд тонгойтол эсрэг урсгал руу орж урдаа ирж явсан Хьюндай Элентра маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осол гаргасан. Хьюндай Элентра маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд жолооч А, түүний хажуугын суудал дээр нэг эмэгтэй сууж явсан байсан. Жолоочийн хажуу талд сууж явсан эмэгтэй О урд талынхаа шилийг мөргөсөн, харин жолооч А миний хүзүү эвгүй болчихлоо гээд байсан. Би А жолоочтой хоёулаа ярилцаад шийдье таны машины хохирлыг барагдуулж өгье гэхэд 3 сая төгрөг өг гэсэн тул би надад мөнгө байхгүй гэж хэлсэн үүний дараа цагдаа болон түргэнд А жолооч дуудлага өгсөн. Цагдаа ирсэний дараа түргэн ирээд А болон зорчигч О нарыг үзээд гэмтлийн эмнэлэг орж үзүүлээрэй гээд явсан. Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийхэд А болон миний бие байсан. Осол болсны маргааш би А жолоочийг Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн. Оийг ослоос хойш 2 хоногийн дараа мөн эмнэлэгт үзүүлсэн. А жолоочийн эмчилгээний зардлыг би өөрөө гаргасан. А жолоочийн цаашдын эмчилгээний зардалд би 900.000 төгрөг мөн томографийн шинжилгээг дахин хийлгэнэ гэсэн тул 120.000 төгрөг гаргаж өгсөн. Мөн автомашины эвдрэлийн хохирол болох 866.000 төгрөгийг гаргаж өгсөн. Үүнээс гадна Агийн эмчилгээнд 664.000 төгрөгний эмчилгээ хийлгэж өгсөн.Мөн зорчигч Оийн томографийн шинжилгээний 120.000 төгрөг, эм авсан 56.879 төгрөг, дахин шинжилгээ өгнө гэсэн тул 150.000 төгрөгийг мөн барагдуулсан. Жолооч Агийн биед хүнд гэмтэл учруулсан буруугаа ойлгож байна. ... хохирогч Г.Ад нийт 2,550,400 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Од 326,800 төгрөг тус тус төлсөн ...” гэх мэдүүлэг /хх 82-85 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.3.Иргэний хариуцагч С.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 13- ны өдөр 17 цаг өнгөрч байхад миний өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн ...улсын дугаартай автомашиныг нөхөр Н.У ажлаа тараад гэр лүүгээ харихаар ажил дээрээсээ унаж явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, цэргийн хотхоны баруун талын замд ...улсын дугаартай Хьюндай Элентра маркийн автомашиныг мөргөж улмаар жолооч Г.Агийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болно. Бидний зүгээс хохирогч Г.Агийн эмчилгээнд нийт 664.400 төгрөгний эмчилгээ хийлгэж, эвтомашины хохиролд 866.000 төгрөгийг барагдуулж, цаашдын эмчилгээнд зарцуулах, 1.020.000 төгрөгийг барагдуулсан. Харин зорчигч Оийн эмчилгээнд 120.000 төгрөгөөр томографийн шинжилгээ хийлгэхэд өгсөн, 56.879 төгрөгийн эм авч өгсөн. Мөн дахин шинжилгээ өгнө гэсэн тул 150.000 төгрөгийг мөн барагдуулаад байна. А болон О нарт учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Зарцуулсан эмчилгээний баримтууд нь бүгд баримтаар байгаа болно. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60-р хуудас/
1.4.Гэрч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчим ажлаа тараад 1 дүгээр хорооллын 32-ын автобусны буудал өнгөрөөд алхаад явж байтал А ах машинтайгаа явж таараад хаашаа явж байна гэхэд нь гэр лүүгээ явж байна гэж хэлэхэд нь хүргээд өгье гэж хэлэхэд нь машинд орж жолоочийн хажуу талын суудал дээр нь сууж явсан. Цэргийн хотхоны баруун талын замаар зүүнээс баруун зүг рүү явж байтал урдаас цэнхэр өнгийн суудлын машин чигээрээ орж ирж миний сууж явсан машины жолооч талын дугуй руу мөргөсөн. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр намайг шүүх эмнэлэгт үзүүл гэж шинжээч эмч томилсон тогтоол өгсөн би шүүх эмнэлэгт үзүүлэхээс сайн дураараа татгалзаж тогтоол дээр гарын үсэг зурсан байгаа. Одоо миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй, тухайн үедээ шинжилгээ өгөхөд бага зэрэг цус хурсан байна гэж эмч хэлсэн. Жолооч Н.У 56.000 төгрөгний эм авч өгсөн. Томографийн шинжилгээг 120.000 төгрөгөөр хийлгэж өгсөн. Н.Ут миний зүгээс гомдол санал хүсэлт байхгүй, шинжилгээ өгөхөд хариу нь гайгүй гарсан тул би шүүх эмнэлэгт үзүүлэхээс сайн дураараа татгалзсан. Одоо дахин үзүүлэхгүй болно. ..." гэх мэдүүлэг /хх 62-63 х/
1.5.Шинжээчийн 3695 дугаар дүгнэлт:
1.Г.А-н биед хүзүүний 2-р нугалмын их биеийн шугаман хугарал, зүүн зулайн хуйхны цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 25 х/,
1.6.Замын цагдаагийн албаны шинжээчийн 228 дугаартай дүгнэлт:
1.Тоёота Приус маркийн ...улсын дугаартай автомашины жолооч Н.У нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь заалт а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх ундэслэлтэй байна.
2.Хьюндай Элентра маркийн ...улсын дугаартай автомашины жолооч Г.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх 75-76 х/
1.7.Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “... Н.У 1,20 хувь гэсэн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” /хх 15 х/
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.
2.1.Н.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 27 х/
2.2.Н.Уын оршин суугаа хорооны тодорхойлолт хх 93 х
2.3.Ял шийтгэлгүй тухай тодорхойлолт хх 88 х
Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.
3.1. “Ашид билгүүн” ХХК-ийн автомашины эвдрэл, техиникийн үнэлгээний тайлан /хх 53 х/
3.2.Автомашины эвдрэлийн зардалд нийт 866,000 төрөг хүлээн авсан баримт /хх 55 х/
3.3.Хохирлын баримтууд /хх 90-92 х/
3.4.Хохирол төлсөн баримтууд /хх 55-56, 110-111 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Дүгнэлтийн хэсэг:
Н.У нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн хотхоны баруун урд замд С.Мын эзэмшлийн Тоуоtа Рius маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7. а/ согтууруулах ундаа... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин эсрэг урсгалд Г.Агийн жолоодож явсан “Нуиndai Elentra” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж жолооч Г.Агийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь:
Хохирогч Г.Агийн “...2018 оны 03 дугаар сарын 13-ны орой 18 цагийн орчим ... эсрэг урсгалаас Тоёота Приус маркийн ...улсын дугаартай автомашин урсгал сөрөөд ороод ирэхээр нь би хурдаа хасаад зогстол миний жолоодож явсан автомашины жолооч талын крыло, зүүн урд талын дугуй руу ирж мөргөсөн. Энэ үед урд талын салхины шилийг толгойгоороо мөргөсөн. Хажууд сууж явсан зорчигч О урд талын салоныг мөн мөргөсөн байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний биед хүнд гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан үүнийг би хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх 45-49, 51-52 х/
Шүүгдэгч Н.Уын “...Би 2018 оны 03 дугаар сарын 13-ний орой 17 цагийн орчим ... эхнэр С.Мын эзэмшлийн Тоёота Риус маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөгжмөө суллах гээд тонгойтол эсрэг урсгал руу орж урдаа ирж явсан Хьюндай Элентра маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осол гаргасан. ...” гэх мэдүүлэг /хх 82-85 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Д.Оийн “...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчим ажлаа тараад ... Цэргийн хотхоны баруун талын замаар зүүнээс баруун зүг рүү явж байтал урдаас цэнхэр өнгийн суудлын машин чигээрээ орж ирж миний сууж явсан машины жолооч талын дугуй руу мөргөсөн. ..." гэх мэдүүлэг /хх 62-63 х/
Шинжээчийн 3695 дугаар дүгнэлт:
1.Г.А-н биед хүзүүний 2-р нугалмын их биеийн шугаман хугарал, зүүн зулайн хуйхны цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 25 х/,
Замын цагдаагийн албаны шинжээчийн 228 дугаартай дүгнэлт:
1.Тоёота Приус маркийн ...улсын дугаартай автомашины жолооч Н.У нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь заалт а/ согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх ундэслэлтэй байна. ... /хх 75-76 х/ гэх дүгнэлт
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “... Н.Ут 1,20 хувь гэсэн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” /хх 15 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Н.Уын хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Н.Уын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7. а/ согтууруулах ундаа... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин эсрэг усргалд орж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “ согтуурсан ...үедээ”, 2.3 “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” гэсэн шинжүүдийг тус тус хангасан болох нь Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 15 х/, шүүх эмнэлгийн дүгнэлт /хх 25 х/ зэрэг нотлох баримтуудаар,
Г.Агийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Н.Уын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдлийн улмаас үүссэн, үйлдэл, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой болох нь тус тус тогтоогдсон тул энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирогч Г.Агийн “...Миний бие А нь жолооч Уаас өөрт учирсан хохирлоо 100% барагдуулж авсан. Өөрсдөө эмчилгээнд дагуулж явж эмчилгээий зардалд 664,900 төгрөг зарцуулж өгсөн. Авто үнэлгээгээр гарсан 866,000 төгрөг, 3 сар ажилгүй байх хугацааны зардалд өдрийн 10,000 төгрөгөөр тооцож 900,000 төгрөг, 2 сарын дараа томографын зураг авхуулах 120,000 төгрөгийг тус тус бэлнээр өгсөн. Цаашид миний бие дахин гомдол гаргахгүй, хохиролд нийт 2,550,400 төгрөг авсан ...” гэх баримт /хх 110 х/,
-Д.Оийн “...би осол гаргасан жолооч Уаас эмчилгээний зардал, эм тарианы мөнгө болох нийт 326,800 төгрөг авч өөрийгөө эмчлүүлсэн. Одоо миний биеийн байдал хэвийн өвдөж зовиурлах зүйлгүй байгаа тул гомдолгүй, цаашид гомдол санал гаргахгүй” гэх баримт /хх 111 х/ зэргээр хохирогч болон иргэний нэхэмжлэгчид учруулсан эд материалын болон эмчилгээний зардлыг бүрэн нөхөн төлсөн болох нь тогтоогдож байгаа тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т зааснаар: “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд Н.У нь насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийтлэг субъект шаарддаг болно.
Н.У тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож харин түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй,
Шүүгдэгч Н.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд тохиолдлын шинжтэй гэж үзэхээр, болгоомжгүй үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргээс дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуульд заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж байна гэж шүүх үзсэн тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 02 жилээр тогтоож, гэмт хэрэг согтуугаар үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Н.Ут тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Агийн хохиролд 2,550,400 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Оийн хохиролд 326,800 төгрөг тус тус төлөгдсөн, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан тул түүний жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Чунт овогт Нийн Уыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүд, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар Н.У-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
4.Н.Уын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Г.Ад 2,550,400 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Од 326,800 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5.Хэрэгт хураагдан ирсэн Н.Уын 942834 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ