| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0360/Э |
| Дугаар | 394 |
| Огноо | 2018-05-08 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 394
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Н.Уранбайгаль,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.У,
иргэний нэхэмжлэгч Б.М,
шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Амаржаргал /ҮД:1145/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаргайт овогт Сын Б-д холбогдох 1803000010130 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Электроник автоматик мэргэжилтэй, Дулааны 3-р цахилгаан станц” ТӨХК-ийн Цахилгаан техникийн лабораторид мэдээллийн хэмжилт, хөргөлтийн хэсгийн монтёр ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо Ус суваг ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шаргайт овогт Сын Б /РД: /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод аав Д, талийгаач ээж Б.Ц нар хотод ирээд он гаргаад 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 14 цаг өнгөрч байхад харих гээд Улаанбаатараас Төв аймгийн Заамар сумруу гарсан юм. Тухайн үед Төв аймгийн Заамар сумаас цуг ирсэн жижиг машинтай гарсан, аав Д талийгаач ээж Б.Ц болон манай төрсөн дүү О, 3 настай хүүхэд Лболон жолоочийн хамтаар 5-лаа явж байгаад СХД-н 32 дугаар хороо Эмээлтийн зам дээр осолд орсон. Намайг гэртээ байж байхад 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цаг 30 минутын орчим манай дүү О утсаар залгаад Эмээлтийн энд осолд орчихлоо урсгал сөрөөд машин урдаас орж ирээд мөргөлдсөн гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад очих гээд явж байтал урдаас түргэний машин жолоочоос бусад манай хэдийг аваад ГССҮТ явж байна гэхээр нь би эргээд ГССҮТ дээр очтол талийгаач ээж Ц толгойдоо гэмтэл авсан байсан. Тэгээд шууд эмнэлэгт хэвтээд маргааш өглөө нь 11 цагийн орчим толгойны хагалгаанд ороод 5 хоног эмчлэгдэж байгаад нас барсан. Мөн манай аав Д болон дүү О түүний хүүхэд Лнарын бие харьцангүй гайгүй байгаа. Талийгаачийг Бадарчийн Ц гэдэг байсан 1960.09 04-ний өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн 58 настай хүн байсан. Эцэг эхээсээ 4-лээ айлын 2 дахь хүүхэд дээрээ нэг эгчтэй доороо нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөгөөд 1968 онд Төв аймгийн Заамар суманынхаа сургуульд орсон. 1976 онд 8 дугаар анги төгсөөд мал дээр гарч өдийг хүртэл малчин хийж байсан. ...гомдолтой байна, нэхэмжлэх зүйлээ баримтаар гаргаж өгнө. ...” гэх мэдүүлэг /1 хх 24-25, 26 х/
1.2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хэдий гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн ч би ээжийгээ алдсан тул маш их гомдолтой байна. Эмээлтийн зам цасгүй байсан, шүүгдэгч яагаад урд талын машиныг мөргөчихөөд зогсож болоогүй хажуу тийш дарсан бэ гэж асуумаар байна. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч ээжийг эмнэлэгт хэвтсэн цагаас хойш холбоотой байсан. Хохиролд нийт 29.000.000 төгрөг авсан. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.3.Хохирогч Ж.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үдээс хойш нөхөр Бийн хамтаар ...улсын дугаартай Т.Перимо маркийн автомашинтай хүй 7 худгийн цаана цагаан хөтөл гэх газарт байх хадам аав Сын гэрт очиж хоносон. Тэгээд маргааш нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 15 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо эмээлтийн зам дээр Улаанбаатар руу ...улсын дугаартай Т.Перимо маркийн автомашинтай түүнийг манай нөхөр Б жолоодоод би хажуу талын урд суудал дээр суугаад замын 2 дугаар эгнээгээр 50 гаран км цагийн хурдтай явж байтал уруу зам руу орж ирсэн, тухайн зам дээр цас орсон халтиргаатай байсан, тэгтэл урд хар өнгийн ...улсын дугаартай Т.Ист маркийн автомашин удаан явж байгаад гэнэт тоормос гишгээд зогссон. Тэгтэл манай нөхөр араас нь тоормос гишгээд гулгасаар байгаад мөргөсөн. Тэгтэл миний сууж явсан машины дэр задарсан тэгээд л харагдах орчин байхгүй болсон, тэгээд л би сайн санахгүй байгаа юм нэг мэдэхэд дахиад л нэг зүйлтэй мөргөлдсөн юм, нэг сэрэхэд онцгой байдал ирсэн намайг сэргээрээ гээд байсан, тухайн үед миний нуруу хөдөлж болохгүй байсан. Удаагүй эмнэлгийн машин ирэхээр нь намайг эмнэлэг явуулсан юм. Энэ ослоос болж би нуруундаа гэмтэл авч Цэргийн эмнэлэгт 12 хоног сахиуртай хэвтээд гарсан. Ер нь 2 сар сахиуртай гэртээ хэвтэж байна. Гэхдээ нөхөр Бид ямар нэгэн санал нэхэмжилэх зүйл байхгүй. Одоо би хэвтрийн дэглэмд нөхрийнхөө асаргаанд гэртээ хэвтэж байна цаашид нэлээн удаан эмчилгээ сувилгаа шаардлагатай байна. Би ажлаа хийхгүй байгаа цаашид хэзээ ажилдаа орохоо мэдэхгүй байна. Манай нөхөр гэр бүлээ ганцаараа тэжээдэг бид бага насны хүүхэдтэй хохирол төлбөрийн асуудлыг зээл авч боломжоороо төлж байгаа. ...” гэх мэдүүлэг /1 хх 51-52 х/
1.4.Иргэний нэхэмжлэгч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ачиж журмын хашаанд тавьсан үнэлгээ хийлгэсэн, оношлогоонд оруулсан зэрэг 560,000 төгрөг нийлээд 3,634,000 төгрөгний зардал одоогоор гараад байна. Миний энэ машин 2009 онд үйлдвэрлэгдсэн Монгол улсад 2017.12.07-ны өдөр орж ирсэн машин байгаа юм. Би буруутай жолоочоос энэ мөнгөө нэхэмжилж байна. Цаашид эмчилгээнд мөн хэдэн төгрөг гарах талаар сайн мэдэхгүй байна үүнийгээ баримтаар гаргаж өгнө. Би ослын талаар гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлээ хэлсэн байгаа. Хохиролоо гаргуулан авсан тохиолдолд ямар нэгэн санал гомдолгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 32-33 х/
1.5.Иргэний нэхэмжлэгч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Шүүгдэгч биднийг машинаас гаргасан гэж ярьж байгаа нь худлаа. Осол гарсаны дараа би хойно байгаа хүмүүсийг гарга гэж шүүгдэгчид хэлэхэд шүүгдэгч буцаад машин руугаа гүйсэн. Шүүгдэгч миний машины хохирлыг барагдуулсан. Би Соната-6 машинаа шинээр 7.500.000 төгрөгөөр аваад 20 гаруй л хонож байтал осолд орсон. Осолд орсон машиныг дахин унахгүй зарна. Шүүгдэгч надад 3.074.000 төгрөгийг өгсөн, би машины мөнгөнд нэмж 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.6.Шүүгдэгч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үдээс хойш эхнэр Ж.Цгийн хамтаар ...улсын дугаартай Т.Перимо маркийн автомашинтай хүй 7 худгийн цаана Цагаан хөтөл гэх газарт байх аав Сын гэрт очиж хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 15 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо эмээлтийн зам дээр Улаанбаатарлуу явж байгаад осолд орсон. Тухайн үед би өөрийнхөө эзэмшилийн ...улсын дугаартай Т.Перимо маркийн автомашинаа бариад миний хажууд урд суудал дээр манай эхнэр Ц суугаад замын 2 дугаар эгнээгээр 50 гаран км цагийн хурдтай явж байтал уруу замлуу орж ирсэн, тэгтэл урд явсан машин тоормос гишгээд хурд нь нэлээн удааширсан тэгэнгүүт би араас нь тоормос гишгээд амжаагүй очоод машиныхаа баруун урд хамар хэсгээр ...улсын дугаартай Т.Ист маркийн автомашины зүүн хойд хэсэглүү мөргөөд түүнээс ойж гарч ирээд эсрэг урсгаллуу ороод урдаас ирж явсан ...улсын дугаартай Х.Санато маркийн автомашинтай урд талаараа мөргөлдөөд замын зүүн талд гараад зогссон юм. Эхний машины араас мөргөх үед миний машины дэр гарсан болохоор цаашаа хэрхэн мөргөлдсөн талаараа сайн мэдэхгүй байна. Тэгээд л зогсоод буугаад иртэл урд суудал дээр сууж явсан манай эхнэр Цг яаж байна гэж асуухад хөдөлж чадахгүй байна гэж хэлсэн тэгэхээр нь эхнэрээ орхиод зам дээр гартал урдаас мөргөлдсөн Сонато-6 маркийн автомашины хаалга нь онгойхгүй болохоор хаалгыг нь татаж онгойлгоод хүмүүсийг нь гаргасан. Сонато дотор жолоочоос гадна 3 том хүн нэг хүүхэд байсан, тэр хүмүүсийг гаргаад нөгөө араас нь мөргөсөн Ист маркийн машинлуу гүйгээд очиход жолоочийн нөхөр нь замын цаана гарсан шээгээд юу ч болоогүй юм шиг зогсож байсан, зүгээр үү гэж асуухад зүгээрээ гэж байсан. Миний осол хийсэн газраас 200-300 орчим метр зайтай цагдаагийнхан байсан, хүмүүс маш хурдан ирсэн. Удаагүй эмнэлэг ирээд Сонато дотор явсан талийгаач, түүний нөхөр, Ог хүүхдийнх нь хамтаар мөн манай эхнэрийг аваад явсан. Би ийм хэрэг хийсэндээ их гэмшиж байна. Төлбөрөө сайн дураараа төлж барагдуулж байгаа. Талийгчийн талд одоогоор эмчилгээний болон оршуулгын зардалд 3,963,000 төгрөг өгсөн. Дгийн нийт төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгаа. ...” гэх мэдүүлэг /1 хх 237-238 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.7.Гэрч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 15 цаг 30 минутын орчим Улаанбаатар хотоос Төв аймгийн Заамар сум орох гээд өөрийнхөө эзэмшилийн ...улсын дугаартай Санато-6 маркийн автомашинтай 4 зорчигчтой СХД-н 32 дугаар хороо эмээлтийн зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй замын 2 дугаар эгнээгээр 40 орчим км цагийн хурдтай газрын өгсүүр явж байтал эсрэг урсгалд явж байсан Т.Перима маркийн автомашин урдаа яваа Т.ИСТ маркийн автомашиныг араас нь мөргөөд эсрэг урсгалд орж ирээд миний машины халз урдаас мөргөөд замын нэгдүгээр эгнээнд хөндлөн харуулаад зогсоосон. Харин өөрөө замаас гараад зогссон юм. Тухайн үед миний машины урд суудал дээр Д гэх ах жолоочийн ар талын хойд суудал дээр талийгаач Цэрэндолгор түүний баруун гар талд 3-4 орчим насны нэг хүүхэд түүний баруун гар талд тэр хүүхдийн ээж явж байсан. Тэр хүүхэд Д гэх хүний хүүхэд байгаа юм. Тэгээд машинаас буугаад иртэл талийгаач Цэрэндолгор толгой нүүр хэсэг нь цус болсон байсан, бусад хүмүүс харьцангуй гайгүй байсан, удаагүй эмнэлэг ирээд надаас бусдыг нь аваад явсан юм. Бид тухайн үед бүгдээрээ бүсээ зүүж явсан юм. Дээрээс урсгал сөрж орж ирсэн машиныг хэр хурдтай ирснийг би сайн мэдээгүй гэнэт л урдаас урсгал сөрөөд яах ийхийн зуургүй л ороод ирсэн юм. Би ороод ирлээ гэж бодоод л тоормос гишгээд л амжаагүй мөргөлдсөн юм. Тухайн урсгал сөрж орж ирсэн машинд жолооч залуугаас гадна эхнэр нь гэх хүн хамт явсан, харин араасаа мөргүүлсэн Т.Ист машинд нэг настай эгч машин барьсан хажууд нь хөгшин нь цуг явж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 38 х/
1.8.Гэрч А.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Заамар сумаас талийгаач эхнэр Ц, төрсөн хүүхэд О түүний 3 настай хүүхэд Лнарын хамтаар замын машинаар Улаанбаатар хотод ирээд нэг хоноод буцаад 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 14 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Төв аимгийн Заамар сум орох гээд Заамар суманд манай хажууд байдаг М гэх залуугийн ...улсын дугаартай Санато-6 маркийн автомашинтай талиигаач Эхнэр Б Ц, төрсөн хүүхэд О түүний 3 настай хүүхэд Лнарын хамтаар явсан. Тухайн үед М машин бариад урд суудал дээр, би жолоочийн арын суудал дээр, талийгаач эхнэр Ц түүний баруун гар талд О хүүхдээ тэврээд явж байсан. Тэгээд бид 15 цаг 30 минутын орчим байх СХД-н 32 дугаар хороо эмээлтийн зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй замын 2 дугаар эгнээгээр 40 орчим км цагийн хурдтай газрын өгсүүр явж байтал гэнэт урдаас машин орж ирээд л тас гээд л явчихсан. Тухайн үед урдаас нэг жижиг машин явж байсан, тэрний араас л гэнэт гараад ирсэн тэгээд л манай машинтай мөргөлдсөн тэрнээс хойш би сайн санахгүй байна. Түргэний машин ирээд бид нарыг аваад ГССҮТ явсан. Тэгээд очоод эхнэр шууд эмнэлэгт хзвтсэн, харин бид 3 эмнэлэгт хэвтээгүй. Зөөлөн эдийн гэмтэлтэй гээд гаргасан юм. Тухайн үед урдаас орж ирж мөргөсөн машин жижиг л машин байсан номер дугаарыг нь саин мэдэхгүй байна. ... гэсэн мэдүүлэг /1 хх 55-56 х/
1.9.Гэрч З.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 11 цаг 40 минутын орчим Булган аймгийн Дашинчилэн сумаас Улаанбаатар хот орох гээд төрсөн хүү Б.Тийн эзэмшилийн ...улсын дугаартай Т.Ист маркийн автомашинтай нөхөр Бийн хамтаар гарсан юм. Тэгээд би машинаа жолоодоод СХД-н 32 дугаар хороо эмээлтийн зам дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй буюу Улаанбаатар хотын чиглэлтэй замын нэгдүгээр эгнээгээр 50 орчим км цагийн хурдтай уруу газарлуу явж байтал гэнэт араас тас гээд л нэг юм мөргөсөн тэгээд миний машин доороо эргэлдээд замын баруун тийшээ гараад зогссон юм. Тэгээд л машинаас буугаад иртэл миний машины араас машин мөргөөд уг машин нь урсгал сөрөөд урдаас ирж явсан машиныг мөргөөд нэг машин нь замын хажууд харин араас мөргөсөн машин замын хажуу руу гараад зогссон байсан. Тухайн ослоос болж манай нөхөр болон бид 2-н биед ямар нэгэн гэмтэл шарх учирсан зүйл байхгүй, тийм болохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, харин манай хүүгийн автомашинд 2,380,000 төгрөгний хохирол учирсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 59 х/
1.10.Гэрч Б.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...уг машиныг манай эхнэр Д унаад би урд суудал дээр нь суугаад хамт гарсан юм. Тэгээд эхнэр Д машинаа жолоодоод СХД-н 32 дугаар хороо эмээлтийн замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй буюу Улаанбаатар хотын чиглэлд замын нэгдүгээр эгнээгээр 50 орчим км цагийн хурдтай газрын уруу явж байсан. Миний сууж явсан машины араас гэнэт тас гээд л нэг юм мөргөсөн, тэгээд миний сууж явсан машин доороо эргэлдээд замын баруун тийшээ гараад явж байсан чиглэлийнхээ эсрэг хараад зогссон юм. Тэгээд л машинаас буугаад иртэл миний сууж явсан машины араас машин мөргөөд уг машин нь урсгал сөрөөд урдаас ирж явсан машиныг мөргөөд нэг машин нь замын хажууд харин араас мөргөсөн машин замын хажуу руу цасны хунгарлуу ороод зогссон байсан. Тухайн ослоос болж манай эхнэр болон бид 2-н биед ямар нэгэн гэмтэл шарх учирсан зүйл байхгүй болохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, харин манай хүүгийн автомашинд 2,380.000 төгрөгний хохирол учирсан, энэ хохирлоо манай хүүхэд Т нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /1 хх 72 х/
1.11.Гэрч Д.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 14 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Төв аймгийн Заамар сум орох гээд Заамар суманд манай хажууд байдаг М гэх залуугийн ...улсын дугаартай Санато-6 маркийн автомашинтай аав Д, талийгаач ээж Б.Ц болон өөрийн төрсөн хүүхэд Лнарын хамтаар явсан, тухайн үед М машин бариад урд суудал дээр аав Д жолоочийн арын суудал дээр талийгаач ээж Ц, түүний баруун гар талд би суугаад хүүхдээ тэврээд явж байсан. Тэгээд бид 15 цаг 30 минутын орчим байх СХД-н 32 дугаар хороо эмээлтийн зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй замын 2 дугаар эгнээгээр 40 орчим км цагийн хурдтай газрын өгсүүр явж байтал гэнэт урдаас машин орж ирээд л тас гээд л явчихсан тэр үед би хэсэг ухаан алдсан юм шиг байгаа юм, нэг сэртэл ээж хажууд толгой хэсгээс нь цус гарсан хүүхэд уйлсан сууж байхад сэрсэн ойролцоогоор хэдэн минут болсоныг мэдэхгүй нэг л мэдэхэд түргэний машин ирсэн байсан. Тэгээд л тэр түргэний машинаар аав ээж хүүхдийн хамтаар ГССҮТ явсан. Очоод ээж шууд эмнэлэгт хэвтсэн, харин бид 3 эмнэлэгт хэвтээгүй. Зөөлөн эдийн гэмтэлтэй гээд гаргасан юм. Тухайн үед эсрэг урсгалаас ямар машин орж ирсэн болон яагаад мөргөлдсөн талаар мэдэхгүй байна, харин дараа нь сонсоход нэг машин урсгалд сөрж орж ирээд миний сууж явсан машиныг мөргөсөн гэж манай жолооч М хэлж байсан. Би ямар ямар машинууд мөргөлдсөнийг сайн санахгүй байгаа хэсэг ухаан алдаад л тэгээд сэргээд шууд түргэний машинаар эмнэлэг яваад өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 74 х/
1.12.Шинжээчийн дүгнэлт:
1....улсын дугаартай Т.Перимо маркийн автомашин жолоодож явсан С.Б нь МУ-н ЗХД-н 9.2-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2....улсын дугаартай Х.Санато маркийн автомашины жолооч Б.М нь МУ-н ЗХД-н ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
3....улсын дугаартай Т.Ист маркийн автомашины жолооч З.Д нь МУ-н ЗХД-н ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
4.Тоормосны мөргүй тул автомашины хурдыг тодорхойлох боломжгүй байна. ...” гэх дүгнэлт /1 хх 82 х/
1.13.Шинжээчийн 1044 дугаар дүгнэлт:
1.Б.М-н биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун 1,2-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх болломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /1 хх 98 х/
1.14.Шинжээчийн 3717 дугаар дүгнэлт:
1.Цгийн биед бүсэлхийн 3-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн 2-3, 4-5-р нугалмын жийргэвчийн цүлхийлт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр 2018 оны 01 сарын 01-нд үүссэн.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт /1 хх 100 х/
1.15.Шинжээчийн 232 дугаар дүгнэлт:
1.Цогцост хийсэн шинжилгээгээр баруун талд чулуулаг яснаас арагш дээш үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн эдийн гүн дэх цусан хураа /70мл/, харалдаах тархины эдийн няцрал, зүүн дух, чамархайн дэлбэнгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, зүүн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал /2018.01.02/. хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи дарагдал, голын бүрдлийн шилжилт. Баруун атгаал, шуу ясны доод хэсгийн ташуу зөрөөтэй далд хугарал зүүн хөмсөг, хацарт шарх, зүүн зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3.Цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй.
4.Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлын улмаас нас баржээ.
5.Талийгаач нь 2018.01.06-ны өдрийн 22 цаг 35 минутанд нас баржээ. 6.Талийгаач нь 4-р бүлгийн цустай байна. ...” гэх дүгнэлт /1 хх 113 х/
1.16.Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 5 х/
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.
2.1.С.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 206 х/ 2.2.С.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 207х/
2.3.С.Бийн оршин суугаа хорооны тодорхойлолт /1 хх 210, 217 х/
2.4.С.Бийн ажил байдлын талаарх Дулааны цахилгаан станц ТӨХК-н тодорхойлолт /1 хх 218 х/
Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.
3.1.Иргэний нэхэмжлэгч Б.Мын “ бариал заслын 40,000 төгрөгийн” төлбөрийн баримт / 1 хх 43 х/
3.2.“Ашид Билгүүн” ХХК-ны “... 34-35 ОРХ улсын дугаартай Нуundai sonata 6 маркийн тээврийн хэрэгсэлд шууд 2.572.000 /нийт 3.074.000/ төгрөгний хохирол учирсан. ...” гэх дүгнэлт, /1 хх 84 х /
3.3.Иргэний нэхэмжлэгч Б.Мт “автомашин ачилт, эмчилгээний зардалд 600,000 төгрөг, автомашины эвдрэлд 3,074,000 төгрөг, нийт 3,674,000 төгрөг төлсөн тухай” баримтууд /2 хх 8, 9, 10 х/,
3.4.Иргэний нэхэмжлэгч З.Дгийн эмчилгээний зардлын баримтууд /1 хх 66-70 х/,
3.5.Иргэний нэхэмжлэгч З.Дд “эмчилгээний зардалд 860,000 төгрөг төлсөн” тухай баримт /1 хх 64 х, 2 хх 7 х/,
3.6.“Кости-Эстимэйт” ХХК-ны “... Б.Тийн 86-77 УБО улсын дугаартай “Тоуоtа Ist” маркийн тээврийн хэрэгсэлд шууд 1.890.000 /нийт 2.380.000/ төгрөгний хохирол учирсан. ...” гэх дүгнэлт, /1 хх 90 х/,
3.7.Иргэний нэхэмлэгч Б.Тт “автомашины засварын төлбөрт 2,380,000 төгрөг төлсөн” тухай баримт /1 хх 34, 229, 230 х/
3.8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уын “... хохиролд нийт 28,900,000 төгрөг авсан, ... цаашид нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх баримт /1 хх 223, 224, 225, 228, 2 хх 5, 6 х/,
3.9.Шүүгдэгч С.Бийн хохирол төлсөн баримтууд /1 хх 223-225, 227-230 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Дүгнэлтийн хэсэг:
С.Б 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн замд 24-27 УБЛ улсын дугаартай “Тоуоtа рrеmiо” маркийн суудлын автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”...гэсэн заалтыг зөрчсөний улмаас С.Бийн өөрийн жолоодож явсан автомашинд зорчиж явсан Ж.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Б.Мын жолоодож явсан 34-35 ОРХ улсын дугаартай ‘Нуundai sonata’ маркийн автомашины урдаас мөргөсний улмаас тус автомашинд зорчиж явсан Б.Цын амь нас хохирсон болох нь:
Шүүгдэгч С.Бийн “...Тухайн үед би өөрийнхөө эзэмшлийн ...улсын дугаартай Т.Премио маркийн автомашинаа бариад миний хажууд урд суудал дээр манай эхнэр Ц суугаад замын 2 дугаар эгнээгээр 50 гаран км цагийн хурдтай явж байтал уруу зам руу орж ирсэн, тэгтэл урд явсан машин тоормос гишгээд хурд нь нэлээн удааширсан тэгэнгүүт би араас нь тоормос гишгээд амжаагүй очоод машиныхаа баруун урд хамар хэсгээр ...улсын дугаартай Т.Ист маркийн автомашины зүүн хойд хэсэглүү мөргөөд түүнээс ойж гарч ирээд эсрэг урсгал руу ороод урдаас ирж явсан ...улсын дугаартай Х.Сонато маркийн автомашинтай урд талаараа мөргөлдөөд замын зүүн талд гараад зогссон. ...” гэх мэдүүлэг /хх 237-238 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Ж.Цгийн “... урд хар өнгийн ...улсын дугаартай Т.Ист маркийн автомашин удаан явж байгаад гэнэт тоормос гишгээд зогссон. Тэгтэл манай нөхөр араас нь тоормос гишгээд гулгасаар байгаад мөргөсөн. Тэгтэл миний сууж явсан машины дэр задарсан тэгээд л харагдах орчин байхгүй болсон, тэгээд л би сайн санахгүй байгаа юм нэг мэдэхэд дахиад л нэг зүйлтэй мөргөлдсөн юм, нэг сэрэхэд онцгой байдал ирсэн намайг сэргээрэй гээд байсан, тухайн үед миний нуруу хөдөлж болохгүй байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 51-52 х/
Гэрч А.Дийн “... бид 15 цаг 30 минутын орчим байх СХД-н 32 дугаар хороо эмээлтийн зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй замын 2 дугаар эгнээгээр 40 орчим км/цагийн хурдтай газрын өгсүүр явж байтал гэнэт урдаас машин орж ирээд л тас гээд л явчихсан. Тухайн үед урдаас нэг жижиг машин явж байсан, тэрний араас л гэнэт гараад ирсэн тэгээд л манай машинтай мөргөлдсөн тэрнээс хойш би сайн санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 101-102 х/
Гэрч З.Дгийн “... 50 орчим км цагийн хурдтай уруу газарлуу явж байтал гэнэт араас тас гээд л нэг юм мөргөсөн тэгээд миний машин доороо эргэлдээд замын баруун тийшээ гараад зогссон юм. Тэгээд л машинаас буугаад иртэл миний машины араас машин мөргөөд уг машин нь урсгал сөрөөд урдаас ирж явсан машиныг мөргөөд нэг машин нь замын хажууд харин араас мөргөсөн машин замын хажуу руу гараад зогссон байсан. ...” гэх мэдүүлэг /хх 104-105 х/
Гэрч Д.Огийн “... Эмээлтийн зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй замын 2 дугаар эгнээгээр 40 орчим км/цагийн хурдтай газрын өгсүүр явж байтал гэнэт урдаас машин орж ирээд л тас гээд л явчихсан тэр үед би хэсэг ухаан алдсан юм шиг байгаа юм, нэг сэртэл ээж хажууд толгой хэсгээс нь цус гарсан хүүхэд уйлсан сууж байхад сэрсэн ойролцоогоор хэдэн минут болсоныг мэдэхгүй нэг л мэдэхэд түргэний машин ирсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 74 х/
Шинжээчийн 232 дугаар дүгнэлт:
1.Цогцост хийсэн шинжилгээгээр баруун талд чулуулаг яснаас арагш дээш үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн эдийн гүн дэх цусан хураа /70мл/, харалдаах тархины эдийн няцрал, зүүн дух, чамархайн дэлбэнгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, зүүн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал /2018.01.02/. хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи дарагдал, голын бүрдлийн шилжилт. Баруун атгаал, шуу ясны доод хэсгийн ташуу зөрөөтэй далд хугарал зүүн хөмсөг, хацарт шарх, зүүн зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ... 4.Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлын улмаас нас баржээ. ...” гэх дүгнэлт /хх 113 х/,
Шинжээчийн 3717 дугаар дүгнэлт:
1.Цгийн биед бүсэлхийн 3-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн 2-3, 4-5-р нугалмын жийргэвчийн цүлхийлт гэмтэл тогтоогдлоо. ... 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ... гэх дүгнэлт /1 хх 100 х/
Шинжээчийн дүгнэлт:
1....улсын дугаартай “Тоёота премио” маркийн автомашин жолоодож явсан С.Б нь МУ-н ЗХД-н 9.2-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...” гэх дүгнэлт /хх 82 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
С.Б нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, нэг хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангах гол шалгуур нь С.Бийн автомашин жолоодож явахдаа хийсэн дүрмийн бус үйлдэл, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хүний амь нас хохирсон хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх явдал юм.
Шалтгаант холбооны хувьд болгоомжгүй үйлдэл, хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол С.Б эхлээд Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасан үйлдлээс Ж.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Б.Цын амь нас хохирсон нь С.Бямбдоржийн хууль бус үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой тул дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уын “... хохирол оршуулгын зардалд 3,963,000 төгрөг авсан, би гэм хорын хохиролд 42,000,000.00 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч С.Бтой ярилцаж 25,000,000.00 төгрөг төлүүлэхээр тохиролцоод хохирлыг бүрэн барагдуулсан тул талийгаач ээжийн нас барсан асуудлаар дахин шүүхэд хандахгүй, гомдол санал гаргах шаардлагагүй болохыг тодорхойлов” гэсэн баримт /2 хх 5 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
З.Дгийн хохиролд 860,000 төгрөг төлж барагдуулсан баримт /2 хх 7 х/,
Иргэний нэхэмжлэгч Б.Тийн хохиролд 2,380,000 төгрөг төлж барагдуулсан баримт /1 хх 229-230 х/
Иргэний нэхэмжлэгч Б.Мын хохиролд 3,674,000 төгрөг төлсөн баримт /2 хх 8-10 х/ зэргээр шүүгдэгч С.Б нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол нэхэмжилсэн хэмжээнд нь мөн иргэний нэхэмжлэгч нарт учруулсан бодит зардлуудыг нотлох баримтаар тогтоогдсон хэмжээгээр нь бүрэн нөхөн төлсөн, хохирогч Ж.Ц хохирол нэхэмжлэхгүй гэсэн болох нь тус тус тогтоогдож байгаа тул С.Бийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Иргэний нэхэмжлэгч Б.М “миний автомашин 7 сая гаруй төгрөгийн үнэтэй, сэвтсэн машин унамааргүй байгаа тул уг автомашины зөрүү мөнгийг нэхэмжилж байна” гэх тайлбарыг гаргасан.
Шинжээчийн дүгнэлтээр Б.Мын автомашинд учирсан эвдрэл, түүнийг засахад шаардагдах зардлыг нийт 3,074,000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлттэй өөрөө танилцаж зөвшөөрч гарын үсэг зурсан /1 хх 140 х/ шүүгдэгч С.Б нь нотлох баримтаар тогтоогдсон автомашины зардлыг болон эрүүл мэндийн зардалтай холбоотой нэхэмжилсэн мөнгийг бүрэн төлсөн, уг автомашин Б.Мын өөрийнх нь мэдэлд байгаа зэргээс дүгнэхэд түүнд автомашины үнийн зөрүү төлбөрийг гаргуулах үндэслэлгүй, шүүгдэгчийн зүгээс бодит хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т зааснаар: “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. С.Б нь насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийтлэг субъект шаарддаг болно.
Шүүгдэгч С.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож харин түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй,
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хүний амь нас хохироосонтой холбоотой гарсан бодит зардал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилсний төлбөрийг мөнгөн дүнгээр төлсөн, хүндэвтэр гэмтэл учирсан хохирогчийн хувьд шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг хийлгэж байгаа, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргээс дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуульд заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж байна гэж шүүх үзсэн тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 03 жилээр тогтоож, зам орчны нөхцөл байдлыг сайн тооцоолж яваагүй байдлаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд замын хөдөлгөөний дүрмийн сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, авто тээврийн чиглэлийн тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу С.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулсан болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уад 28,900,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Дд 860,000 төгрөг, Б.Тт 2,380,000 төгрөг, Б.Мт 3,674,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан тул 790300 дугаартай С.Бийн жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шаргайт овогт Сын Бийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүд, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.4-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд замын хөдөлгөөний дүрмийн сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, авто тээврийн чиглэлийн тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
4.С.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уад 28,900,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Дд 860,000 төгрөг, Б.Тт 2,380,000 төгрөг, Б.Мт 3,674,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5.Хэрэгт хураагдан ирсэн 790300 дугаартай С.Бийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ