Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/563

 

 

 

 

    2024           05            14                                          2024/ДШМ/563

 

Ж.Б , З.Н , Б.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

шүүгдэгч Ж.Б-н өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч З.Н ын өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/316 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлээр эрүүгийн 2308018351949 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ж.Б, ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.../,

2. З.Н, ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.../,

3. Б.Э, ... тоотод түр оршин суух, /РД: .../, урьд:

            -Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр дуусгавар болсон.

- Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан, 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр дуусгавар болсон.

Ж.Б , З.Н , Б.Э нар нь үгсэн тохиролцож, бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 87 харилцагчид хуурамч захиалга үүсгэн санхүүгийн программд шивж тус компанийн агуулахаас 31.441.600 төгрөгийн хүнсний барааг падаанаар гаргуулан авч мэдээллийг санхүүгийн Dmanager программаас устгуулан, барааг зарж борлуулан завшсан,

Ж.Б , Б.Э нар нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “... ” ХХК-ийн агуулахаас авсан барааны орлогын мөнгийг компанийн дансанд тушаалгүйгээр хувьдаа завшиж 4.396.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Э нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд тус компанийн агуулахаас 9.017.050 төгрөгийн хүнсний бараа авч, орлогын мөнгийг компанийн дансанд тушаалгүйгээр хувьдаа завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Б , З.Н , Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Б , З. Нямжаргал, Б.Э тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б д таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая төгрөгийн торгох ял, шүүгдэгч З.Н д дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн сая төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.Э-т эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг жил зургаан сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Э-с 22.395.583 төгрөгийг гаргуулан хохирогч “... ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Прокурор Р.Очирсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Э-н хувьд ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо эхнэр хүүхдийн хамт ... тоотод байр түрээслэн амьдарч байгаа, Баянгол дүүрэгт байрлалтай “... ” ХХК-д мужаан ажилтай. Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл бөгөөд шүүгдэгч Б.Энхбаярын хувьд Улаанбаатар хотоос гарахыг хориглосон нь нийтлэг байдлаар хамрах хүрээг өргөтгөсөн, өргөн хүрээнд тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/316 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2 дахь заалтын Б.Энхбаярт холбогдох хэсгийг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянуулж, шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэв.

Шүүгдэгч Ж.Б-н өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.Б  болон өмгөөлөгч миний бие гомдол гаргаагүй мөн прокурорын эсэргүүцэлд үйлчлүүлэгчийн маань талаар ямар нэгэн байдлаар дурдагдаагүй учраас хэлэх зүйл байхгүй байна...” гэв.

Шүүгдэгч З.Н ын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Э болон өмгөөлөгч миний бие гомдол гаргаагүй. Прокурорын эсэргүүцэлтэй холбоотойгоор 2 дүүргээр хязгаарлах асуудлыг шүүх шийдвэрлэх байх...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Ж.Б , З.Н , Б.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Прокуророос Ж.Б , З.Н , Б.Э нар нь үгсэн тохиролцож, бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 87 харилцагчид хуурамч захиалга үүсгэн санхүүгийн программд шивж “... ” ХХК-ийн агуулахаас 31.441.600 төгрөгийн үнэ бүхий тахианы мөч, бугалга, гуя, зайрмаг, сирок гэх мэт хүнсний барааг падаанаар гаргуулан авч мэдээллийг санхүүгийн “Dmanager” программаас устгуулан, барааг зарж борлуулан завшсан,

Ж.Б , Б.Э нар нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “... ” ХХК-ийн агуулахаас авсан барааны орлогын мөнгийг компанийн дансанд тушаалгүйгээр хувьдаа завшиж 4.396.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Э нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд “... ” ХХК-ийн агуулахаас 9.017.050 төгрөгийн хүнсний бараа худалдан авсан боловч орлогын мөнгийг компанийн дансанд тушаалгүйгээр хувьдаа завшсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрх хэргийг шийдвэрлэхдээ, түүний урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаа нь 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр дуусгавар болсныг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.  

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах...”-аар заасан бөгөөд хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, өмнө ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын хэмжээг тогтоох зохицуулалт юм.

Өөрөөр хэлбэл, Б.Э тэнссэн хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуульд заасан “санаатай” гэмт хэрэг үйлдсэнд холбогдсон бөгөөд хуулийн дээрх заалтаас үзвэл түүний Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэргийн ялын хэмжээг тогтоон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн шийдвэрлэх ёстой атал энэ талаарх дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарч байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/316 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Мөн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгчийн хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаарх бусад мэдээлэл буюу ямар гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан талаарх мэдээллийг тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “шүүгдэгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн газар, он, сар, өдөр, түүний оршин суугаа газар болон ажлын газар, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, мэргэжил, гэр бүлийн байдал, хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаархи бусад мэдээлэл” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Ж.Б , З.Н , Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, прокурорын Р.Очирсүрэнгийн бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/316 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ж.Б , З.Н , Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.МӨНХӨӨ

          ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

          ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН