| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунсүхийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0583/З |
| Дугаар | 128/ШШ2025/0678 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2025/0678
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ганбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар С.Бийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: С.Б
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Л
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д*******
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *******дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Өлзийдүүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С******* овогтой Б нь 2020 оны 4 дүгээр сард Горхи-Тэрэлжид байрлах байгалийн цогцолборт газрын ******* саравч нэртэй газар аялал жуулчлалын зориулалтаар 2 га газар олгох хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд иргэний нэр дээр хүсэлт гаргасан болно. Тус хүсэлтийн дагуу 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/523 дугаар тушаал гарч Н******* дүүргийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ******* саравч нэртэй газарт 20070 м.кв талбайг олгосон болно. Гэвч 2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал гарснаар Монгол Улс даяар онц байдал зарлаж Улаанбаатар хотод хөл хорио тогтоогдсон болно. Үүний улмаас тус газар нь миний нэр дээр гарсан болохыг мэдээгүй бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 11-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаанаас ирж уулзах мэдэгдэл авсны дагуу мэдсэн болно. Үүний дагуу 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тэмдэгтийн хураамж болох 10 137 273 төгрөг, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээний үнэ 21 112 төгрөгийг Гэрэгэ системээс тушааж газар ашиглах гэрчилгээгээ гардаж авсан. 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаанд нөхөн сэргээлтийн төлбөр 3.000.000 /гурван сая төгрөг тушаасан. Улмаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга баталсны дагуу 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 0075 дугаар Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээг Горхи-Тэрэлж байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаатай 5 жилийн хугацаатай байгуулсан болно. Тус газрын төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 2023, 2024 оны газрын төлбөр болох 4.816.800 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2025 оны хагас жилийн төлбөр болох 1212 444 төгрөгийг үүссэн нэхэмжлэлийн дагуу тушаасан болно. 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаан дээр газрын гэрээгээ сунгахаар холбогдох мэдээлэл авахаар очихдоо тус газрын ашиглах эрх 2023 онд тушаал гарснаар дуусгавар болсныг мэдсэн бөгөөд тус өдрөө хүсэлт гаргасны дагуу 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 12-р сарын 28-ны өдрийн *******дүгээр тушаалын хуулбарыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын газрын Газар ашиглах эрх хүчингүй болсон тухай мэдэгдлийг гардан авсан болно. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр газар ашиглах гэрээ байгуулж гэрээний дагуу үүссэн нэхэмжлэлийн дагуу газрын төлбөрийг төлсөөр байхад үндэслэлгүйгээр миний газар эзэмших эрхийг цуцалсан байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *******дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож миний газар эзэмших эрхийг сэргээж өгч тусална уу гэжээ.
1.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь 2020 оны 04 дүгээр сард Горхи Тэрэлжид байрлах Байгалийн цогцолборт газрын ******* саравч нэртэй газар аялал жуулчлалын зориулалтаар 2 га газар олгох хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд иргэний нэр дээр хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн дагуу 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр А/523 дугаар тушаал гарч Н******* дүүргийн Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ******* саравч нэртэй газарт 20,070 метр квадрат газрыг олгосон. Тухайн үед 2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал гарснаар Монгол Улс даяар онц байдал зарлаж, Улаанбаатар хотод хөл хорио тогтоогдсон байсан. Үүний улмаас тус газар нь миний төлөөлөгчийн нэр дээр гарсныг мэдээгүй бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаанаас ирж уулзаж мэдэгдэл авсны дагуу гэрчилгээ гарсныг мэдсэн. Тэгээд тухайн сонсгох ажиллагаа нь дээрээс миний төлөөлүүлэгч хариу тайлбар гаргаж, тэр хариу тайлбарын үндсэн дээр тэмдэгтийн хураамж гэрчилгээний үнэ төлбөрийг төлж гэрчилгээгээ авах тухай мэдэгдсэний дагуу 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тэмдэгтийн хураамж болох 10,137,273 төгрөг, гэрчилгээний үнэ болох 20,000 төгрөгийг Байгаль орчны яамны дансанд хийснээр гэрчилгээг эх хувиар нь хүлээж авсан. Үүний дагуу 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Байгаль орчны яамтай гэрээ байгуулж гэрээ хийгдсэн. Гэрээ хийгдсэний дагуу 2024 онд миний төлөөлүүлэгчид татварын албанаас нэхэмжлэл үүсэж ирсэн. Газрын төлбөр төлөх нэхэмжлэлийн дагуу газрын төлбөрөө 100 хувь барагдуулж төлсөн. Газрын төлбөр тооцоо нийлсэн актуудаар батлагдаж байгаа. Дээрх шалтгаануудаар төлбөр тооцоо, тэмдэгтийн хураамжийг бүрэн төлсөөр байхад Байгаль орчны яамнаас 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *******дүгээр тушаал гарч тус гэрчилгээг хүчингүй болгосон. Үүнийг бид нар 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сунгалт хийхээр очихдоо мэдсэн. Үүнийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсныг мэдээд мэдэгдлээ гардаж хүлээж авсан. Бид нар уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Үндэслэлгүй гэдэг нь тухайн тушаал дээр тэмдэгтийн хураамж төлөөгүй, татвараа төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан байсан. Бид нар тэмдэгтийн хураамж төлсөн нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Гэрэгэ киоск-оор төлснөөрөө батлагдаж байгаа. Энэ баримт нь хавтаст хэрэгт хавсрагдсан байгаа. Татварын асуудлыг нэхэмжлэл үүссэний дагуу манай төлөөлүүлэгч нэхэмжлэлийнхээ дагуу төлж авсан. Гэрээ хийсний дагуу нэхэмжлэл үүссэн байсан. Сонсгох ажиллагаа явуулсны дараа тусгай хамгаалалттай газрын захиргаанаас Байгаль орчны яам руу явуулсан бичиг гэж үзүүлж байсан. Үүн дээр хариу тайлбараа гаргаж, газар ашиглахаа илэрхийлэн тайлбарыг тус тус ирүүлсэн гэж бичсэн байгаа. Тухайн үед цар тахал гарч энэ хүн боломжгүй байсан гэдгийг үндэслээд хариу тайлбар дээр гэрчилгээ, гэрээг хийх боломжтой гэдэг үндэслэлийг тусгай хамгаалалтын захиргаа гаргасан гэж үзэж байгаа. Энэ үндэслэл дээр бид нарт гэрчилгээгээ өгч гэрээ хийсэн гэж бодож байна гэв.
2.Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ******* саравчийн хязгаарлалтын бүсэд байрлах 20,070 м талбайг ашиглах эрхийг иргэн С. Б******* олгосон шийдвэрийг хүчингүй болгосон. Энэхүү шийдвэр нь дараах нөхцөл байдлаар үндэслэгдсэн. Иргэн С.Б нь Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй. Энэ талаар Нийслэлийн Н******* дүүргийн Татварын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/1368 дугаар албан бичиг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 567 дугаар албан бичгээр нотлогдсон, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж, тухайн иргэнээс тайлбар авсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 08/5883 дугаар албан бичгийг иргэн С.Б******* 2023 оны 11 дүгээр сарын 13-нд хүргүүлсэн нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Бүртгэл-хяналтын картаар баталгаажсан. Иргэн С.Б нь яам болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд төлбөр төлсөн баримт бүрдүүлээгүй, архивд огт авагдаагүй. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *******дүгээр тушаал нь хуульд нийцүүлэн гарсан захиргааны акт болох тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.1.Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч иргэн нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/523 гээд тушаалаар Н******* дүүрэг, горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд 2 га газар ашиглах эрх олгосон байдаг. Тухайн иргэн газрын төлбөр цаг тухайдаа төлөөгүй, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *******тушаал гарсан. Энэ тушаал гарах үндэслэл нь тухайн тухайн хамгаалалтын захиргааны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 567 дугаар албан бичгийн саналын дагуу цуцлах шийдвэр гарсан. Тухайн хамгаалалтын захиргаа нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийгдсэн. Хамгаалалтын захиргаа надад хэлэхдээ тухайн иргэн сонсох ажиллагаа явагдаад тушаал гарах процесстой тул тэмдэгтийн хураамжаа төлсөн байх. Тэрнээс бол өмнө нь тэмдэгтийн хураамж төлсөн баримт байхгүй байсан. Газар цуцлах эрх нь үүссэн гэж надад тайлбар өгч байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд тусгай хамгаалалттай газар нутгийг 2 үндэслэлээр цуцалдаг. Нэгд нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр цуцалдаг. Энэ үндэслэлийн дотор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу газрын төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй гэсэн зүйл заалт байдаг. Энэ 2 үндэслэл хуулиар бүрдсэн байдаг. Энэ хуулийн үндэслэлээр цуцалсан. Газрын төлбөрөө төлсөн гэж ярьж байна. Би үүнийг гайхаж байна. 2023 оны 12 дугаар сард газар ашиглах эрхийг хүчингүй болгож цуцалсан. 2023 оноос хойш үлдэгдэлтэй гэж гарч ирсэн. 2024 онд төлсөн гэж хэлж байна. Газрын алба цуцалж байгаа тул газрын төлбөр нь хаагдсан байх ёстой. Хугацаандаа төлөөгүй. Хууль зүйн үндэслэлтэй байна гэж харж байна. Иймд нэхэмжлэлийг буцааж, хүчингүй болгож өгнө үү гэв.
3.Процессын түүх
3.1.Нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/523 дугаар тушаалын хавсралтаар иргэн С.Б******* Н******* дүүрэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ******* саравч нэртэй, аялал жуулчлалын зориулалтаар, 20070 м.кв газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгожээ.
3.2.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай *******дүгээр тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/523 дугаар тушаалаар Улаанбаатар хотын Н******* дүүрэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ******* саравчийн хязгаарлалтын бүсэд иргэн С.Б******* олгосон 20070 м.кв газрын улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Нийслэлийн Н******* дүүргийн Татварын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/1368, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 567 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэж, нэхэмжлэгчид 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдэл хүргүүлжээ.
3.3.Улмаар нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *******дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлээр шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Захиргааны хэрэг үүсгэх тухай 128/ШЗ2025/4643 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч С.Бээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *******дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах эрх олгосон шийдвэрээ мэдэгдээгүй, байгалийн цогцолборт газрын захиргаанаас мэдэгдэл авснаар уг шийдвэр гарсныг мэдэж, улсын тэмдэгтийн хураамж, гэрчилгээний үнийг төлж гэрчилгээгээ авсан, нөхөн сэргээлтийн төлбөрийг төлж, 2023 оны 05 дугаар сард газар ашиглах байгуулсан гэрээний дагуу үүссэн нэхэмжлэлээр газрын төлбөрөө төлсөн байтал газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус гэж тодорхойлжээ.
3.Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэн С.Б******* тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн, уг саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тухайн газарт хэрэгжих аялал жуулчлалын төсөлд Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийжээ.
4.Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/523 дугаар тушаалын хавсралтаар иргэн С.Б******* Н******* дүүрэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ******* саравч нэртэй, аялал жуулчлалын зориулалтаар, 20070 м.кв газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгожээ.
5.Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө, 35 дугаар зүйлийн 35.3.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх, 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: гээд 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж тус тус газрын төлбөрийн талаар зохицуулжээ.
6.Газрын төлбөрийн тухай хуулийн (өөрчлөн найруулсан) 9 дүгээр зүйлийн 2-т Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага (албан тушаалтан) энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ, 5-д Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ гэжээ.
7.Хуулийн дээрх зохицуулалтаас харвал Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газрын ашиглалтын тухайн жилд ногдох газрын төлбөрийг ногдуулж, Татварын албанд хүргүүлэх бөгөөд Татварын албанаас тухайн ногдуулалтын талаарх мэдээллийг нэхэмжлэгчид цахимаар, эсхүл бусад арга хэрэгслээр мэдэгдэх үүрэгтэй, өөрөөр хэлбэл, төлбөр төлөх үүрэг хуулиар үүсэх хэдий ч холбогдох байгууллагуудаас төлбөрийн нэхэмжлэхийг мэдээллийн системд оруулсны дараа газрын төлбөр төлөх боломж газар эзэмшигч, ашиглагчид нээгдэхээр[1], энэ хүрээнд газар ашиглагч этгээд газрын төлбөрөө төлөх боломж үүсэх учиртай.
8.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан.
9.Хэрэгт авагдсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэлд иргэн С.Бийн газар ашиглах эрх олгосон сайдын шийдвэрийг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мэдсэн, газар ашиглах эрхийн гэрчилгээ авахаар удаа дараа хандахад хариу гараагүй байна, шийдвэр гарахаар хэлнэ гэдэг хариу өгдөг байсан гэх тайлбар, Н******* дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/1368 дугаар албан бичгээр тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх бүхий 12 аж ахуйн нэгжүүд нь газрын төлбөрөө төлөөгүй, ... иймд газар эзэмших эрхийг хүргүүлж байна гэх албан бичиг, түүний хавсралтад нэхэмжлэгч багтаагүй зэргээс үзвэл нэхэмжлэгчид 2023 оны газрын төлбөр төлөх мэдээллийг Газрын мэдээллийн нэгдсэн сан болон Татварын удирдлагын нэгдсэн системд оруулсан гэж үзэхгүй бөгөөд хариуцагч төрийн захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа энэ талаар холбогдох ажиллагааг явуулаагүй байна.
10.Тодруулбал, хариуцагч төрийн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан дээр дурдсан ажиллагааг хийгээгүй, ялангуяа Н******* дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 01/1368 дугаар албан бичгийн хавсралтад нэхэмжлэгчийн нэрийг ирүүлээгүй, энэ тохиолдолд тухайн бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ гүйцэтгэсний эцэст маргаан бүхий захиргааны актыг гаргах байжээ.
11.Газрын төлбөр төлөх нэхэмжлэх үүсээгүй тухайн тохиолдолд нэхэмжлэгч уг төлбөрийг төлөх боломжгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээ авах талаар хариуцагч төрийн захиргааны байгууллагад удаа дараа хандаж байсан, байгуулсан гурван талт гэрээг талууд жил бүр дүгнэж байгаагүй зэргээс үзвэл хариуцагч нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, газрын төлбөрөө хугацааанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.
12.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
13.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаар тогтоолоор 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс бэлэн байдлын зэрэг-т шилжүүлж, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан-аас хойш маргаан бүхий захиргааны акт гарсан тул хүндэтгэн үзэх шалгаан-д хамаарахгүй, үүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 103.1.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Бийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *******дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР