| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0361/Э |
| Дугаар | 401 |
| Огноо | 2018-05-09 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ж.Энхамгалан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 401
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Ж.Энх-Амгалан,
Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар /ҮД:0695/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гын Дд холбогдох 1808013550296 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Говь-Аптай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нэхмэлчин мэргэжилтэй, Говь” ХК-нд нэхэгч машин баригч ажилтай, ам бүл-10, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Гын Д /РД: .../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч Н.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...микро автобусанд сууж явахдаа гар утасныхаа цагийг хараад эргүүлж баруун талын өмсөж явсан хар куртикны халаасандаа хийх үед миний хажууд баруун гар талд сууж явсан залуу мөн гар утсаараа оролдоод сууж байсан. Тухайн үед миний гар утас цэнэгтэй байсан. Би гар утсаа унтраагаагүй бөгөөд зөвхөн цаг хараад куртикныхаа баруун талын дээд халаасанд эргүүлэн хийсэн. Түүнээс биш гадуур нь хийгээгүй. ...би 1 жилийн өмнө 800,000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” гэх мэдүүлэг /хх 15, 17 х/
1.2.Шүүгдэгч Г.Дгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би энэ гэмт хэргийг хэн нэгэн хүнтэй хамтран үйлдээгүй. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө 09 цагийн үед Говь ХК-иас ажлаас тараад гэр лүүгээ харихаар явахад манай найз Эажлын газрын гаднаас такси авахад хамт суугаад Хархорин захын автобусны буудалд буугаад зогсож байхад автобусны буудал дээр Нисэх чиглэл рүү явна гэсэн хар ногоон өнгийн микроавтобус ирж зогсоод кондуктор зарлахад нь уг ногоон өнгийн микронд суусан юм. Тэгээд хөдлөөд явж байгаад 5 шарын автобусны буудал дээр жолооч бид хоёрын хооронд сууж явж байсан эмэгтэй бууя гэхэд би хаалга онгойлгоод эхлээд буусан тэр эмэгтэй араас буусан тэгээд өөр хүн бол нэмэгдэж суугаагүй, би урд талын сууж байсан суудал дээр суугаад явж байсан бөгөөд Монос ХХК-ны харалдаа явж байтал 5 шарын автобусны буудал дээр буусан эмэгтэйгийн суудал дээр цагаан өнгийн Айфон 6 гар утас байсан, тэгэхээр нь би уг утсыг аваад халаасандаа хийгээд явж байгаад Нисэхийн сургуулийн буудал дээр буугаад гэртээ харьсан юм. Гэртээ ороод уг Айфон 6 маркын гар утсыг үзэхэд унтарчихсан байсан болохоор нь би асаах товчийг дараад асаатал сим карт, пин кодтой байсан. Би маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн дүү болох 16 настай Нэргүйг дагуулаад “Тэди” төв дээр очоод дэлгэцний кодыг нь гаргуулах гээд зогсож байхад цагдаа ирээд уг утсыг хулгайн утас байна гээд хураагаад авсан. ...” гэх мэдүүлэг /хх 28-29 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хоёр:Хувийн байдлын талаарх нотлох баримтууд.
2.1. Гэрч Г.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай дүү бол даруухан, одоо “Говь” ХК-нд 10 сард ажилд ороод ажиллаж байгаа. Архи дарс уудаггүй. Хулгай хийх хүүхэд биш. Одоо манайд амьдарч байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 18-19 х/
2.2. Гэрч О.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү Г.Д нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 1998.01.10-нд төрсөн эрэгтэй хүүхэд байгаа юм, бага насаа эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжсэн бөгөөд дунд сургуулиа сумандаа төгсөөд 2015 онд УБ хотод Монгол-Солонгосын коллежид орж суралцаж өнгөрсөн жил сургуулиа төгсөөд “Говь” ХК-нд нэхмэлийн машин баригчаар ажилд орсон хүү байгаа юм. Миний хүү дуу цөөтэй, төлөв, даруу зантай, ажилд махрангуй сайн, хүний үгнээс гарахгүй, аав ээж, дүү нартаа халамжтай, хамаагүй гадуур яваад байдаггүй, архи тамхи хэрэглэдэггүй хүүхэд байгаа юм. Ажил, гэр хоёрын хооронд явж байдаг хүү байгаа юм. Ямар нэгэн ширүүн догшин зан байхгүй даруу хүүхэд ...” гэх мэдүүлэг /хх 18-19 х/
2.3.Г.Дгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30 х/
2.4.Г.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 51 х/
2.5.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 52 х/
Гурав:Хохирлын баримтууд.
3.1.Хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 53 х/
3.2.Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 36 х/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Дүгнэлтийн хэсэг:
2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутагт Г.Д нь микроавтобусаар зорчиж явахдаа хажууд нь сууж явсан хүн утсаа орхиод явсныг мэдсээр байж авсан үйлдлийн улмаас Н.Нд 350,000 төгрөгний хохирол учирсан болох нь:
Шүүгдэгч Г.Дгийн “… “Монос” ХХК-ны харалдаа явж байтал 5 шарын автобусны буудал дээр буусан эмэгтэйн суудал дээр цагаан өнгийн “Айфон 6” гар утас байсан, тэгэхээр нь би уг утсыг аваад халаасандаа хийгээд явж байгаад Нисэхийн сургуулийн буудал дээр буугаад гэртээ харьсан юм. ... 2018 оны 01 дгээр сарын 26-ны өдөр төрсөн дүү болох 16 настай Нэргүйг дагуулаад “Тэди” төв дээр очоод дэлгэцний коыг нь гаргуулах гээд зогсож байхад цагдаа ирээд уг утсыг хулгайн утас байна гээд хураагаад авсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 28-29 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Н.Нын “...Тухайн үед миний гар утас цэнэгтэй байсан. Би гар утсаа унтраагаагүй бөгөөд зөвхөн цаг хараад куртканыхаа баруун талын дээд халаасанд эргүүлэн хийсэн. ...би 1 жилийн өмнө 800,000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” гэх мэдүүлэг /хх 15, 17 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Н.Нын микроавтобусанд гээгдүүлсэн гар утсыг мэдсээр байж өөртөө авч завшсан нь санаатай үйлдэл болох нь тогтоогдсон бөгөөд шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол Н.Н нь утсаа гээгдүүлсний улмаас түүнд 350,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан нь Г.Дгийн хүний гээгдүүлсэн утсыг мэдсээр байж авч зарах гэсэн үйлдэлтэй шууд холбоотой явдал юм. Өөрөөр хэлбэл Г.Дгийн гээгдэл утсыг авч зарах гэсэн үйлдэл Н.Нын утсаа гээгдүүлсний улмаас түүнд бага хэмжээнээс дээш хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Н.Н “Айфон-6” маркийн гар утсаа хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 36 х/, хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх 53 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Г.Дг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т зааснаар: “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Г.Д нь насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийтлэг субъект шаарддаг болно.
Г.Дгийн хүний гээгдэл утас авч завшсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн хувьд их биш зэргийг харгалзан түүнд шүүхээс 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгийн торгуулийн ял оноож, уг торгуулийн ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж үзсэн.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж, Г.Дд тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт Гын Дг Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Дг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000.00 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Г.Дд үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Дд мэдэгдсүгэй.
5.Г.Дгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ