Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01613

 

 

 

 

                                     Ж.Эийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2021/01619 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Эийн хариуцагч Г ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 425 000 төгрөг, нийгмийн болон эрүүл  мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах үндсэн, 330 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл, нэхэмжлэгч Ж.Эийн хариуцагч УБ ДЦ ХХК-д холбогдуулан гаргасан нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоолгох, ажилласан хугацааны хөлс 8 700 000 төгрөг гаргуулах үндсэн, 220 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Нансалмаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баярмаа, Д.Биндэръяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.Э Г ХХК-ийн нягтлан бодогч, оффис менежерийн ажилд 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 1 сарын туршилтын хугацаатай орсон. Туршилтын хугацаа нь дуусч 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс нягтлан бодогч, оффис менежерийн ажилд томилогдсон. Нэхэмжлэгчийг ажилд ороход тус компанийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойшхи бүх санхүүгийн анхан шатны бүртгэл, тайлан тооцоо хийгдээгүй байсан. Г ХХК, УБ ДЦ ХХК-ийн санхүүгийн ажлыг хүлээн авч санхүүгийн баримт, тайлан тооцоог тулгаж, 2019 оны жилийн эцсийн тайланг засч гаргасан. Мөн 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тус компаниудын нэмэгдсэн өртгийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангуудыг тус тус 2 санхүүгийн программ дээр тусад нь салгаж бүртгэдэг байсан. УБ ДЦ ХХК-ийн тайлангийн алдааг засуулна, нягтлангаар санхүүгийн ажлыг дагнаж хийлгэнэ гэж хэлж байсан боловч нягтлан ажилд аваагүй. Ж.Э нь үргэлжлүүлэн Г ХХК, УБДЦ ХХК-ийн кассын нярав, нярав, тооцооны нягтлан, ерөнхий нягтлан, захирлын туслах, бүх албан бичиг төлөвлөж боловсруулах, тендерийн материал бэлдэж төсөл боловсруулах ажилд оролцох зэргээр 2 компанийн ажлыг хавсран гүйцэтгэдэг байсан. Гэтэл тус компанийн захирлын эхнэр н.Бажиллуулдаг "Соffee cofeрестораны анхан шатны бүх бүртгэлийг бүртгэж, ашиглалтад оруулахтай холбоотой хөрөнгийн бүртгэлийг бүртгэх ажлыг нэмж хийлгэсэн. Нэхэмжлэгч нь 3 компанийн анхан шатны бүртгэлийг бүртгэх ажлыг хийснээс болж жирэмсний зулбах шинж тэмдэг илэрч 2 удаа ажлаас чөлөө авсан. Үүнээс шалтгаалаад удирдлагын зүгээс дарамтлах болсон. 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр УБДЦ ХХК-ийн НӨАТ-ыг бүртгэж байхад хэлсэн үүрэг даалгавар биелүүлээгүй атлаа чөлөө авсан гэж үг хэлээр доромжилж, Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ЗТ/20/6/1 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргахад Г ХХК хүлээн зөвшөөрч, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин УБДЦ ХХК-д холбогдох хэргийг шүүх хүлээн авахаас татгалзсан. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж Ж.Эийн дансанд 1 485 000 төгрөг орсон. 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгосон талаар и-мэйл явуулсан. 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа ирэх мэдэгдэл өгсөн. 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй, 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тухай мэдэгдлийг тус тус ирүүлсэн. Хариуцагч нь Ж.Эт холбогдуулж Нийгмийн даатгалын хэлтэст, Цагдаагийн газарт зөвшөөрөлгүй бичиг баримт авсан гэж гомдол гаргасан. Үүний дараа 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ажлаас халсан мэдэгдлийг ирүүлсэн. Хариуцагч нэхэмжлэгчийг ажилд нь оруулахгүй байх бүх аргыг авч байсан. 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжийг хариуцагч биелүүлээгүй. Л.Маргадыг ажилд томилсон эхний нэг сарын туршилтын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг компани тайлагнахгүй талаар удирдлагаас хэлсэн тул тайлагнаагүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгоно. Нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сард жирэмсний амралтаа авсан тул 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарыг дуустал 5 сарын олговор, нэг сарын үндсэн цалин 1 485 000 төгрөгөөр тооцож 7 425 000 төгрөг гаргуулна. Нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлүүлнэ. Уг маргаанаас болж нэхэмжлэгч жирэмсний болон хүүхэд асарсан хугацааны тэтгэмж авах эрх хаагдахад хүрсэн тул тасалдал үүсгэхгүйн тулд нөхрийнхөө Чибумт ХХК-ийн нэрээр 2020 оны 8, 9 дүгээр сард тус бүр 360 000 төгрөг, 2020 оны 10, 11 дүгээр сард тус бүр 460 000 төгрөг, нийт 1 680 000 төгрөгийг нийгмийн даатгалд төлүүлсэн тул үүнийг хариуцагчаас гаргуулна.

Нэхэмжлэгч нь анх 2019 оны жилийн эцсийн тайланг нь гаргаж өгөхөөр хариуцагчтай тохиролцсон. Эдгээр компаниуд нь тусдаа тайлан гаргадаг хуулийн этгээд бөгөөд хөдөлмөрийн гэрээнд хоёр хуулийн этгээдийн талаар тохиролцоогүй, нэмэлт ажлын хөлсийг зохицуулаагүй тул 2 компаниас тус тусд нь нэхэмжилнэ.  Нэхэмжлэгч ажиллах хугацаандаа УБДЦ ХХК-ийн санхүүгийн тайлангуудыг гаргасан тул нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоож,  сарын хөлс 1 450 000 төгрөгөөр тооцон 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 6 сарын цалин хөлсд 8 700 000 төгрөг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Г ХХК Ж.Этэй 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр нягтлан бодогч, оффис менежерийн ажилд нэг сарын туршилтын хугацаатай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.  Туршилтын хугацаа дуусч 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нягтлан бодогч, оффис менежерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээг байгуулж, сарын цалин хөлсийг 1 485 000 төгрөгөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нь нягтлан бодогч болон оффис менежерийн ажлыг УБДЦ ХХК, Г ХХК-д давхар гүйцэтгэхээр тохиролцсон. 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зарим компанийн НӨАТ-ын тайлан шивэгдээгүй гэх гомдол харилцагч компаниудаас ирсэн. Ж.Э нь шаардлагыг хүлээн авахгүй маргалдсанаас ажлаас халах тушаал гарсан. Хариуцагч нь өмнө гаргасан ажлаас халах тушаалаа хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Уг тушаалыг хүчингүй болгосноор Ж.Этэй өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр үргэлжлээд явж байгаа тул дахин шинээр гэрээ байгуулах шаардлагагүй. Ж.Э нь ажилдаа ирээгүй. 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нийгмийн даатгалын тайлан гаргах хугацаа тулсан тул ажлаа хийх талаар хэлсэн боловч ирээгүй. Иймд Ж.Этэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасны дагуу сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Ж.Э ажилдаа ирээгүй учир санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанитай гэрээ байгуулж тайлангуудаа гаргуулсан. Түүнчлэн Л.Мнь хариуцагч компанид 2020 оны 6 дугаар сард архитектороор ажилд орж, цалин хөлсийг нь байгууллагаас олгосон атал тухайн сарын нийгмийн даатгалын тайланг гаргахдаа энэ талаар тусгаагүй зөрчил гаргасан. Удирдлагаас тайланд тусгах шаардлагагүй гэж нэхэмжлэгчид хэлээгүй.

Нэхэмжлэгч ажил тасалж ноцтой зөрчил гаргасан, нийгмийн даатгалын тайланг буруу гаргасан тул давтан зөрчилд тооцсон. Ж.Э 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр наадмын амралтын өдрөөр ажилтан н.Мөнх-Эрдэнэтэй хуйвалдаж компанийн ажлын байранд нэвтэрч, компанид хадгалагддаг ажилтны хувийн хэргийг удирдлагад мэдэгдэлгүйгээр дур мэдэн авч явсан. Уг асуудлаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Нэхэмжлэгч нь нягтлан бодогч, оффис менежерийн ажлыг давхар гүйцэтгэж байгаа учраас анхнаасаа цалин хөлсийг нь өндөр тогтоосон. “Хийморь оффист байдаг кофе шоп нь Г ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд уг кофе шопыг нээхэд бараа, материал засвартай холбоотой санхүүгийн бүртгэлийн үйл ажиллагааг Ж.Э хийсэн. Энэ нь Г ХХК-ийн ажил үүрэгт хамаарна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. УБ ДЦ ХХК нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, Г ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хүрээнд хоёр хуулийн этгээдийн тайланг гаргахаар тохиролцож өөрийн ажил үүргийнхээ хүрээнд тайланг гаргасан гэжээ.

Хариуцагч Г ХХК, УБДЦ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд: Тус компаниуд нь нэг захиралтай. Ж.Эийг хоёр компанийн санхүү, татварын тайлангуудыг гаргуулахаар ажилд авсан. 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр И-баримтаар НӨАТ-ын борлуулалтыг шивэх эцсийн хугацаа байсан. Гэтэл Ж.Э ажлаа хийгээгүй, шаардлагыг хүлээн аваагүй муудалцсан. УБДЦ ХХК дээр 2 борлуулалт, Г ХХК-ийн хувьд борлуулалт байхгүй байсан. Иймд Ж.Эийг ажлаас чөлөөлсөн. Ж.Эийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрч, ажил үүргээ гүйцэтгэхийг мэдэгдсэн боловч ажилдаа ирээгүй, энэ хугацаанд татвар санхүүгийн тайланг албан бичгээр хандаад засуулах боломжтой байсан. Ж.Э нягтлан бодогчийн хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулиуд болон Санхүү татварын олон улсын стандарт болон холбогдох дүрэм журмыг дагаж мөрдөн хуулийн хугацаанд санхүүгийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг гарган хянуулж баталгаажуулах, татвар, шимтгэлийн төлбөрийг тушаах ажил үүргийг гүйцэтгэх ёстой. Нэхэмжлэгч ажилдаа ирээгүй, ажил тасалж ажил үүргээ гүйцэтгээгүй, хуульд заасан хугацаанд татвар, санхүүгийн болон НӨАТ-ын тайланг гаргах боломжгүй болсон тул 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Мэжик консалтинг аудит ХХК-тай санхүүгийн тайлангийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх гэрээг 2 компани байгуулж, 330 000 төгрөгийн хөлс төлсөн. Ж.Э 8 дугаар сард ажилдаа ирж ажил үүргээ хэвийн гүйцэтгэсэн бол өөр байгууллагатай гэрээ байгуулж төлбөр төлж санхүүгийн тайлан гаргуулахгүй байсан. Иймд санхүүгийн зөвлөх үйлчилгээний төлбөрт төлсөн 330 000 төгрөгийг компани тус бүрээр нэхэмжлэгчээс гаргуулна. Хэрэгт авагдсан и-баримтаар УБДЦ ХХК-аас "Мэжик консалтинг аудит" ХХК-д 220 000 төгрөг шилжүүлсэн байх тул тус компани сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжлэгчээс 220 000 төгрөг гаргуулна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

  Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ж.Эийг Г ХХК-д нягтлан бодогч-оффис менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 425 000 /долоон сая дөрвөн зуун хорин таван мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Эт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 128.1.11-д зааснаар Г ХХК-аас 1 680 000 төгрөг гаргуулах тухай Ж.Эийн шаардлагыг, Ж.Эээс 330 000 төгрөг гаргуулах тухай Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар УБДЦ ХХК-аас 1 000 000 /нэг сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 700 000 төгрөг болон Ж.Эээс 220 000 төгрөг гаргуулах тухай УБДЦ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч Г ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Г ХХК-ийн төлсөн 10 550 төгрөг, хариуцагч УБДЦ ХХК-ийн төлсөн 10 550 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 181 030 төгрөгийг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагч Г ХХК-аас 133 750 төгрөг, УБДЦ ХХК-аас 28 550 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэг, мөн нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Г ХХК-д даалган шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчаас Ж. Энхцэцэгийг ажлаас чөлөөлөх үндэслэлээ Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, 2020 оны 06 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг алдаатай мэдүүлсэн гэх зөрчлүүдийн талаарх хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүйгээр үгүйсгэн нэхэмжлэгчийн буруутай үйлдлийг зөвтгөн дүгнэсэн нь үндэслэлгүй. Ж.Э 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ЗТ/20/6/1 тоот тушаалаар ажлаас халсан асуудлаар нэхэмжлэл гаргасныг Г ХХК хүлээн авч, түүнийг ажилд нь эргүүлэн авч 7 дугаар сарын 31-ны өдрийн А/20-Г-128 албан тоот хүргүүлсэн үеэс Ж.Эт ажил үүргээ гүйцэтгэхийг мэдэгдсээр байсан, 8 дугаар сарын 05-ны өдөр мэйл хүргүүлснээр ажилдаа ирж тайлангаа гаргах боломжтой байсан. Ж.Э нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа компанид хадгалагдаж байсан нүний нөөцийн бичиг баримтын хавтаснаас ажилтны хувийн хэрэг, өөрт холбоотой хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, бусад бичиг баримтуудыг удирдлагын зөвшөөрөлгүй, бүх нийтийн амралтын өдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр өөр ажилтантай хуйвалдан авсан байдаг. Уг үйлдлээ нэхэмжлэгч үгүйсгэдэггүй бөгөөд энэ талаар гэрчийн мэдүүлэг өгсөн. Ж.Эийн уг үйлдэл нь зүй бус үйлдэл бөгөөд сахилгын зөрчил болно. Үүний талаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2020 оны 7 сарын 27-ны өдөр хандсан. Ж.Э нь өөрт байх ёстой бичиг баримтаа үрэгдүүлэн, компанид хадгалагдах ёстой бичиг баримтыг нууцаар авсан зүй бус үйлдлийнхээ талаар Цагдаагийн байгууллагад тайлбар өгсөн байтал хариуцагчийг ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөлийг бүрдүүлсэн гэж нэхэмжлэгчийн үйлдлийг шүүх зөвтгөн дүгнэсэн нь шударга бус, хэт нэг талыг баримталсан. Ажил олгогчийн зүгээс Ж.Эийг 7 дугаар сарын сүүлчээр 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгэхийг мэдэгдсэн, тэрээр 8 дугаар сарын 05-ны өдрийн дотор гаргах ёстой нийгмийн даатгалын тайлан гаргах хангалттай боломжтой байтал 8 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлэг өгсөн нь хариуцагчийн бус Ж.Эийн өөрийнх нь зүй бус үйлдлээс болсон. Мөн нэхэмжлэгч нь Л.Мгэх ажилтны цалин хөлсийг буруу тайлагнасан үйлдлийн талаар компанийн зүгээс нийгмийн даатгалд гомдол гаргаагүй байтал компанийг гомдол гаргасан гэсэн худал тайлбарыг үндэслэн Ж.Эийн ажилдаа ирэхгүй, ажил тасалсныг нь шүүх зөвтгөсөн. Нэхэмжлэгчийн буруу тайлагнасан тайланг залруулж ажилтны төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр харьяа Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст албан тоотоор хандахад хэний буруугаас энэ асуудал үүссэн тухай яригдах үед нийгмийн даатгалын байцаагч Ж.Этэй утсаар холбогдож тайлбар авсан. Түүнчлэн компани гомдол гаргасны дагуу очиж тайлбар өгсөн гэх нэхэмжлэгчийн аман тайлбарт үндэслэсэн. Хариуцагчийн нийгмийн даатгалын тайланг буруу тайлагнасантай холбоотой нотлох баримтыг шүүх үндэслэлгүйгээр үгүйсгэсэн. 6 дугаар сарын нийгмийн даатгалын тайланд ажилтан Л.Маргадын цалин хөлсийг тайлагнахгүй байхыг захирал хэлсэн гэж худал хэлж өөрийн буруутай үйлдлийг зөвтгөсөн. Нягтлан бодогч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 41.1 дэх хэсэгт нягтлан бодогчийн үүргийг мэргэжлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллах үүрэгтэй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон. Гэтэл шүүх нэхэмжлэгч зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа нийгмийн даатгалын тайланг ажил олгогч байгууллагын удирдлага өөрөө гарын үсэг зурснаар тайлагнасан байх тул нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас дутуу тайлагнасан гэж үзэх боломжгүй гэж цалингийн бодолт тооцоолол хийх үүргийг компанийн удирдлагад хамаатуулан нягтлангийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй асуудлыг үндэслэлгүйгээр зөвтгөж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.1, 23.2.2-т хөдөлмөриин гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж заасан. Хариуцагч Г ХХК 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн гэрээний хугацааг 3 сар байхаар тохиролцсон. Гэрээний хугацаа 6 дугаар сарын 05-ны өдөр дуусахад хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээг цуцлах санал тавиагүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт заасны дагуу Ж.Этэй байгуулсан гэрээний хугацаа 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжлэх байсан. Хэдийгээр нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан боловч ажилд нь эргүүлэн авч үндэслэлгүй халсан тушаалаа хүчингүй болгосноор өмнөх хөдөлмөрийн гэрээ хэвээр үргэлжилсэн, үүнийг хуулиар хориглоогүй. Мөн нэхэмжлэгч талаас хөдөлмөрийн гэрээний хугацаа 9 дүгээр сарын 05-ны өдөр дуусах талаар маргаагүй байхад шүүхээс байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой гэж дүгнэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолд Ж.Энь урьд эрхэлж байсан ажилд буцаж орохоос татгалзсан гэж дурдсан. Гэтэл шүүх уг баримтыг үнэлж дүгнээгүй. Энэ нь нэхэмжлэгч Э.Энхцэцэгийн Г ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон, нэхэмжлэгч ажиллахаас татгалзсан болохыг баталж байна. Гэтэл шүүхээс 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаанд 7 425 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн амаржихаас өмнөх 2 сарын өмнө декрет авах ёстой болохыг тооцоогүй. УБ ДЦ ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоолгох, цалин хөлс 8 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ харицагчийн татгалзлын үндэслэл үзлэгийн тэмдэглэлээр ажлын байрны тодорхойлолтод Г ХХК болон УБ ДЦ ХХК-ийн ажлын нэгжийг хамаарсан ажил үүргүүдийг гүйцэтгэхээр заасан байгааг нотлох баримаар үнэлж дүгнээгүй. Богино хугацаат ажил гүйцэтгэх нэг сарын хугацаатай дууссан гэрээг үндэслэсэн. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдснаар өмнөх богино хугацаат гэрээгээр хүлээсэн үүрэг шинэчлэгдсэн хүчин төгөлдөр гэрээ байтал энэхүү гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ үндэслээгүй нь нотлох баримтыг буруу үнэлсэн.

Мөн УБ ДЦ ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан цалин хөлсийг тохироогүй учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан хэмжээгээр гэж хариуцагчаар эвлэрэн хэлэлцэхээр ярилцах үед 200 000 төгрөгөөр тооцон эвлэрэх боломжтой гэсэн боловч угг дүнгээр эвлэрээгүй байхад шууд тооцож шийдсэн.  УБДЦ ХХК нягтлан бодох бүртгэлийн компаниар тайлангаа гаргуулж тухайн компанид төлбөр шилжүүлсэн баримтыг шүүх хурал эхлэхэд гаргаж өгсөн боловч шүүх хурлын явцад үзлэг хийхдээ өөр баримт материалтай хольж хэрэгт хавсаргаагүй бөгөөд төлбөр төлсөн баримтыг ирүүлээгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэсэн. 8 дугаар сарын 05-ны өдрийн тайланд н.Б гарын үсэг зурсан хэдий ч уг тайланг санхүүгийн тайлангийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу гаргуулсан болох нь гэрээ болон төлбөр төлсөн баримтаар нотлогдсон, шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлгүй.  Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалт үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.Э хариуцагч Г ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 425 000 төгрөг, нийгмийн даатгалд төлсөн 1 680 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах, хариуцагч УБ ДЦ ХХК-д холбогдуулан нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоолгох, ажилласан хугацааны хөлс 8 700 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч хариуцагч Г ХХК 330 000 төгрөг, хариуцагч УБ ДЦ ХХК 220 000 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

1. Хариуцагч Г ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 425 000 төгрөг, нийгмийн даатгалд төлсөн 1 680 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Г ХХК-тай богино хугацааны ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тус компанийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан баланс, оффисын менежмент, захирлын туслах болон компанийн үйл ажиллагаатай холбоотой бусад үүрэгт ажлыг туршилтын 1 сарын хугацаатай хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна. Улмаар 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр талууд 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь компанийн нябо, оффис менежерээр ажиллах, гэрээний хугацаа дууссан тохиолдолд харилцан тохиролцож сунгахаар болжээ. Талууд хөдөлмөрийн гэрээг бичгээр сунгаагүй боловч нэхэмжлэгч нь ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт зааснаар уг гэрээг анхны тохиролцсон 3 сарын хугацаагаар 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл сунгагдсан гэж үзнэ.  Хариуцагч компанийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халсан ба тэрээр уг шийдвэрийг эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжилснийг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/02046 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шүүхийн уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, хариуцагч компанийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгч Ж.Эийг ажлаас чөлөөлсөн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил үүргээ гүйцэтгэхийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчид цахим шуудангаар мэдэгдсэн байна. Тэрээр ажил олгогчоос ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх талаар мэдэгдсэн дээрх үйл баримтын талаар маргаагүй болно. /1хх6-11, 16, 62, 2хх16-19, 60-63/

Хариуцагч байгууллагын тушаал гарч, мэдэгдсэн өдрөөс буюу 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчид ажилдаа ирж ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх үүрэг үүссэн байна.

Хариуцагчаас хөдөлмөрийн гэрээг 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болгон цаашид сунгагдахгүй болсон талаар 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн нь нэхэмжлэгчийг гэрээний хугацаанд ажил үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй. Тус компанийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгчийг ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зэрэг сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна. /1хх5, 17/

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3-т “ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг нэрлэн заасан байх ба үүнд ажилтан ажил олгогчид мэдэгдэлгүйгээр хоёроос дээш хоногоор ажил тасалсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлана” гэжээ. Иймд эгүүлэн тогтоосон 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй тул хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргаагүй, ажил олгогч ажилтныг ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжоор хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрандаа ирээгүй ба уг үндэслэлээ ажил олгогчийн зүгээс Цагдаагийн байгууллага, Нийгмийн даатгалын газарт гомдол гаргасны улмаас холбогдох байгууллагад удаа дараа очиж тайлбар, мэдүүлэг өгсөн, ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж тайлбарласан. Уг тайлбараа нотлохоор нэхэмжлэгч Ж.Эт холбогдуулан хариуцагчаас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан өргөдөл, хүсэлт зэрэг баримтыг ирүүлсэн байна. Нэхэмжлэгч нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст очиж тайлбар, мэдүүлэг өгсөн байх ба үүнээс бусад өдрүүдэд ажил эрхлэх боломжгүй буюу хууль сахиулах байгууллагаас дуудсан тухай баримтгүй байна. Дээрх үндэслэл нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэхгүй байх, ажилдаа очихгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан биш юм./1хх56, 67, 149-151/

Дээрх үндэслэлээр Нэхэмжлэгчийн Г ХХК-ийн нябо-оффис менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсд 7 425 000 төгрөг, нийгмийн даатгалд төлсөн 1 680 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангав.

2. УБ ДЦ ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоолгох, ажилласан хугацааны хөлсд 8 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Нэхэмжлэгч уг шаардлагын үндэслэлээ Г ХХК-д ажиллаж байхдаа УБ ДЦ ХХК-ийн санхүүгийн тайлангуудыг давхар гаргаж байсан тул тус компанид нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоолгон, сарыг хөлсийг 1 450 000 төгрөгөөр тооцож 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх 6 сарын хөлсийг гаргуулна гэж тайлбарласан боловч уг компанид хөдөлмөрийн гэрээгээр ажилласан гэх байдал тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлс шаардах эрхтэй, нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоолгох нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус цалин хөлс гаргуулах шаардлагын үндэслэл болно гэж дүгнэсэн нь зөв. Хариуцагчаас ажлын хөлсний 1 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй, хариуцагч нь давж заалдах гомдлын энэ хэсгээсээ татгалзсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын хүрээнд шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээв. 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно. 

Хариуцагч Г ХХК 330 000 төгрөг, хариуцагч УБ ДЦ ХХК 220 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч Ж.Эт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ “нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа 2020 оны 6 дугаар сарын нийгмийн даатгалын тайланг буруу гаргасан, нэхэмжлэгч ажилдаа ирэхгүй, ажил тасалсны улмаас хуульд заасан хугацаанд татвар, санхүү, НӨАТ-ын тайланг гаргах боломжгүй болж “Мэжик консалтинг аудит” ХХК-аар хагас жилийн санхүүгийн тайлан гаргуулсан. Хэрэв нэхэмжлэгч ажил үүргээ хэвийн гүйцэтгэсэн бол өөр байгууллагатай гэрээ байгуулж төлбөртэй тайлан гаргуулахгүй байсан”  гэж тайлбарлаж байна.

             Хэрэгт хариуцагч Г ХХК, УБ ДЦ ХХК 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “Мэжик консалтинг аудит” ХХК-тай байгуулсан зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ авагдсан байх боловч ямар хугацааны санхүүгийн тайлан гаргуулсан нь тодорхойгүй байх тул хохирол учирсан гэх үндэслэлгүй. /1хх82-83, 98-99/

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2021/01619 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.3, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ж.Эийн хариуцагч Г ХХК-д холбогдуулан гаргасан нягтлан бодогч, оффис менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 425 000 төгрөг, нийгмийн даатгалд төлсөн 1 680 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Г ХХК-ийн нэхэмжлэгчээс 330 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. ” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт зааснаар хариуцагч УБ ДЦ ХХК-аас 1 000 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ж.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 700 000 төгрөг болон тус компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоолгох, хариуцагч УБ ДЦ ХХК-ийн нэхэмжлэгч Ж.Эээс 220 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, 

Тогтоох хэсгийн 3 дах заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт баталгаажилт хийхийг хариуцагч Г ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “... хариуцагч “Гербридж ХХК”-аас 133.750 төгрөг,” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                        ШҮҮГЧИД                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                       

                                                                                                   А.МӨНХЗУЛ