Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 301/ШШ2025/00405

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 301/ШШ2025/00405

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Ө ХХК-д холбогдох,  

918,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.О нар хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг баримтлан тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК918,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Хариуцагч нь нэхэмжлэгчийн эм ханган нийлүүлэх төвөөс 2023 оноос хойш 1,286,500 төгрөгийн барааг худалдан авч хамтран ажилласан. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл дээрх төлбөрөөс 368,000 төгрөгийг төлсөн бөгөөд худалдан авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл 918,500 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч компаниас 918,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

- Хариуцагч Ө ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ө ХХК-ийн захирал Д овогтой О би М ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Тус нэхэмжлэлийн хариуцагч Д.О би М ХХК-ийн эмийн бөөний төвөөс 2011 оноос эхлэн эмийн сандаа бэлэн мөнгөөр эм бараа татан борлуулж, мөн 2016 онд үйлдвэрийн эм барааг зээлээр татан авч борлуулах гэрээтэйгээр хамтран ажиллаж ирсэн билээ. Энэ хугацаанд манай компани М ХХК-ийн эм ханган нийлүүлэх байгууллагын оруулж ирдэг Эксклюзэвийн бүх л эм бараанаас эмийн сан дээрээ татаж орон нутагтаа А аймгийн төвийн нийт ард иргэдэд нутагшуулан хэрэглүүлэх зорилго тавин ажиллаж ирсэн бөгөөд 2018 оноос эмийн сангийн борлуулалт маань сайжран улам идэвхжиж бид татан авалтын нэр төрлөө сайжруулан М ХХК-ийн эм барааны байнгын болон улирлын урамшуулалт аянд идэвхтэй оролцож эмийн сандаа татан авалт хийж орон нутагт маш сайн борлуулалт хийж үр дүнтэй ажиллаж ирсэн билээ. Манай эмийн сан 2016-2023 оны 12 дугаар сарыг хүртэл М тунгаас татсан эм барааны төлбөр тооцоог хугацаа хэтрэлгүй дор бүр төлж барагдуулан санхүүгийн сахилга баттай ажиллаж ирсэн. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Д.О миний төрсөн дүү маань маш хүнд гэмтэж гадагшаа явж хагалгаанд орох болж ар гэрт маань санхүүгийн болон сэтгэл санааны маш хүнд байдалтай энэ үед М ХХК-ийн ЭХНБ-с 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр татан авсан эм барааны төлбөр 1,286,500 төгрөгийг төлөхөд удааширсан ба мөн энэ байдлаа ч хэлж санхүү удирдлагын албанд мэдэгдэж хүсэлт бичиж өгч Ц суманд ажиллуулж буй эмийн сангийн орлогоос боломжит хэмжээгээр хийхээр тохролцсон, мөн 2025 оны 03 дугаар сард А аймгийн Э сумын 5 дугаар цэцэрлэгт өгсөн ариутгалын бодисын төлбөрөөс төлүүлэхээр тохирсон ч тус цэцэрлэг нь нэхэмжлэхийн баримт шивж өгвөл бид мөнгөө шилжүүлэх учир гэрээгүй газар шилжүүлж болохгүй гэсэн, мөн энэ байдлыг ч М ХХК-д хэлсэн боловч нэхэмжлэх шивэх боломжгүй гэсэн учир тус ариутгалын мөнгө шилжигдээгүй байна. Энэхүү төлбөрийг манай эмийн сан бөөнөөр төлж барагдуулах боломжгүй байгаа тул одоо Ц суманд ажиллуулж буй эмийн сангаасаа 2024 онд 318,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 50,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 5 удаагийн төлөлтөөр 100,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 2 удаагийн төлөлтөөр 40,000 төгрөгийг тус тус төлсөн байна. Одоогоор төлбөрийн үлдэгдэл 778,500 төгрөгийн үлдэгдэл байна. ... Бид одоогоор сард 30,000 төгрөг төлөх л боломжтой байгаа билээ гэжээ.

 

2. Нэхэмжлэгч байгууллагаас

-Тооцооны үлдэгдлийн баталгаа 968,500 төгрөг гэсэн,

- 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл М ХХК-ийн харилцагчийн тайлан,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК-иас хариуцагч Ө ХХК-д холбогдуулан 918,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын хангах нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Хариуцагч нь нэхэмжлэгчийн эм ханган нийлүүлэх төвөөс 2023 оноос хойш 1,286,500 төгрөгийн барааг худалдан авч хамтран ажилласан. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл дээрх төлбөрөөс 368,000 төгрөгийг төлсөн бөгөөд худалдан авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл 918,500 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч компаниас 918,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ хэрэгт авагдаагүй боловч М ХХК, Ө ХХК нарын 2025 оны 01 сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, 2023 оны 01 сарын 01-наас 2025 оны 04 сарын 30 хүртэл хугацааны харилцагчийн тайлан,  хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар зэргээр хариуцагч Ө ХХК нэхэмжлэгч М ХХК-иас 2023 онд эм бараа худалдан авсан, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байна. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, барааг хүлээн авч төлбөрийн зарим хэсгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр байна.

Худалдан авсан эм барааны үлдэгдэл төлбөр 918,500 төгрөгийг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасныг хариуцагч маргахгүй зөвшөөрсөн, сар тутам 30,000 төгрөгийн төлбөр төлөх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тал төлбөр төлөх графикийг зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй, ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан бөгөөд хариуцагч Ө ХХКнь нэхэмжлэгч байгууллагад худалдан авсан барааны төлбөрийг төлөх үүрэгтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө ХХК-н төлөөлөгч нэхэмжилсэн төлбөрийн зарим хэсгийг төлж 778,500 төгрөгийн төлбөр үлдсэнийг төлөх тайлбар ирүүлсэн, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч үлдэх төлбөр 778,500 төгрөгийн төлбөрийг маргаагүй тул хариуцагч Ө ХХК-с Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан барааны төлбөрт 778,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 27,794 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 23,234 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Ө ХХК-иас 778,500 төгрөг гаргуулж М ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 27,794 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 23,234 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН