Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/593

 

 

 

 

 

 

   2024            05            21                                        2024/ДШМ/593

 

 

Д.Ат холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа, 

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/266 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Д.Бум-Аюушийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн эрүүгийн 2411003720119 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.А, тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../, урьд:

 

-Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар таван жил нэг cap хорих ял оногдуулж нэг жил зургаан сарын хугацаагаар хойшлуулсан.

 

Д.А нь 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 20 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Naru’’-н зогсоол замд “Toyota Prius” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Д.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Д.Бум-Аюуш давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгч маань мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Хувийн байдлын хувьд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн 5 дугаар ангид суралцдаг, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төрсөн 2 настай 2 хүүхэдтэй. Эхнэр “Мөнх” худалдааны төвд лангуу түрээслэн ажилладаг, Хас банканд 11.694.689 төгрөгийн зээлтэй, cap тутам зээл, лангууны түрээс, ар гэр амьдралаа тэжээж, Д.А нь 2 настай хүүхдээ харангаа сургуулийнхаа хүүхдийг зөөж, ар гэрийн ажлаа амжуулж эхнэрээ ажил хийж мөнгө олох боломжийг бүрдүүлдэг байсан. Хорих ял оногдуулснаар бага насны болон сургуулийн хүүхдүүдийг харах хүнгүй болсноор эхнэр нь ажил хийх боломжгүй болж ар гэрийн эдийн засаг, амьжиргааны байдал үнэхээр хэцүү болж байна. Мөн урьд өмнө авагдсан зөрчлийн арга хэмжээг энэ гэмт хэрэгт хамаатуулан хүндрүүлж хорих ял өгсөн нь үндэслэлгүй байна. Цаашид дахин болчимгүй үйлдэл хийхгүй, гэмт хэрэг зөрчил үйлдэхгүй, өөрийн үйлдлээ ухамсарлан хянаж амьдрахаа ухаарч ойлгож байна. Иймээс Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг хийсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино, Эрүүгийн хуулийн 6.1-р зүйлийн 2-т заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх зохицуулалтуудыг харгалзан анхан шатны шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хоригдож байх хугацаандаа их зүйлийг ойлгосон. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж байна. Гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Одонтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

            Д.Аын яллагдагчаар өгсөн “... 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 10 цагийн орчимд дахин 2,5 литрийн хэмжээтэй 2 сав пиво уусан. Тэгээд унтаж байгаад орой нь 20 цагийн орчимд 16 дугаар хорооллоос гэртээ харихаар өөрийн Тоёота Приус загварын ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод хөдөлсөн. Хөдлөөд явж байгаад замдаа хармаг буюу чацарганы исгэсэн бараашиг шиг зүйлийг 800 граммыг уусан. Оройн 2 цагийн орчимд гэртээ харихаар тээврийн хэрэгсэл жолоодоод явж байх үед миний уусан пиво бүрэн гарсан гэж бодсон ба миний ухаан санаа эрүүл, зүгээр байсан. Тэгээд телевизийн замаар хойшоо чиглэлтэй явж байтал цагдаагийн алба хаагч намайг зогсоосон. Зогсоогоод драгер багаж үлээлгэн шалгахад 2,07 хувийн согтолттой гэж гарсан ба би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан учир эрүүлжүүлэх саатуулах байранд очсон. Саатуулах байранд очоод дахиад драгер багаж үлээхэд 0,94 хувийн согтолттой гарсан. ...” /хх42/ мэдүүлэг,

 

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-2, 8/,

 

            Жолоочийн нэгдсэн сан, автотээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн Д.Аын жолоочийн эрх хасагдсан тухай лавлагаа /хх 6/,

           

            Д.Аын 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн материалын хуулбар /хх 59-73/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

 

            Д.А нь өмнө 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 20 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Naru’’-н зогсоол замд “Toyota Prius” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг дахин согтуугаар жолоодсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Аын үйлдлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд үйлдсэн зөрчлүүдийн үр дагаврыг ойлгож ухамсарлаагүй, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

 

Шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Д.Бум-Аюуш “... өмнө нь авагдсан зөрчлийн арга хэмжээг энэ гэмт хэрэгт хамаатуулан хүндрүүлж хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ар гэр болон хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг бүхэлд нь хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

 

Тодруулбал, шүүхээс оногдуулж буй ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд Д.Аын ар гэрийн нөхцөл байдал, боломж бололцоо, хүсэл сонирхолд нийцүүлэн ялын төрөл, хэмжээг сонгон оногдуулдаггүйг дурдвал зохино.

 

Харин анхан шатны шүүхээс 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/785 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шийтгэх тогтоолд тоо тооцооллын, үг, утга, агуулгын алдаатай, техникийн шинжтэй алдаа гарсан байна гэж үзэн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолно” гэсэн залруулга хийсэн нь хуульд заасан техникийн шинжтэй алдаанд хамаарахгүйгээс гадна анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсан атал 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шийтгэх тогтоолд дээрх байдлаар залруулга хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/785 дугаартай “Шийтгэх тогтоолд залруулга хийх тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/266 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюушийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Д.А нь шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 47 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/266 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

                 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/785 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюушийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР

                

                                    ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН