Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/604

 

 

 

 

    2024          05            22                                           2024/ДШМ/604

 

Д.Б, Ж.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюунцэцэг,

яллагдагч Д.Бийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, Д.Гансүх,

яллагдагч Ж.Г, түүний өмгөөлөгч Л.Батжав, Б.Бадамгарав,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/526 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 42 дугаартай эсэргүүцлээр эрүүгийн 1902000610016 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ж.Г, .... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.../,

2. Д.Б, .... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:..../;

Ж.Гнь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус хэлтсийн Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бтэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

“Дүүргийн 2018 оны төсөв батлах тухай” Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор татвар хураалт, орлого бүрдүүлэлтэд баталсан 599,756,000 төгрөгийн төсвийн санхүүжилтээс 107,000,000 төгрөгийг “Шагнал урамшуулал олгох тухай” 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/90 дугаартай тушаал гарган урамшуулал хэлбэрээр бусдад өгч, шинэ жилийн болон аяны арга хэмжээнд зарцуулж, өөртөө авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, 107,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ж.Г, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1. Шүүхээс буцсан хэрэгт нэмэлт ажиллагаа хийхдээ Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолын биелэлтийг бүрэн хангаагүй гэж шүүх дүгнэв.

Үүнд мөрдөн байцаалтын шатанд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргын нарийн бичгээр ажиллаж байсан Т.Цыг гэрчээр асууж, Д.Б, Б.Знарт Удирдлагын академийн сургалтад суух чөлөө олгосон тушаалын хуулбарыг хэрэгт хавсаргах зэрэг мөрдөн шалгах 2 ажиллагаа хийгдсэн байна. 

2023 оны 9 дугаар сарын 12-ны өдөр Т.Цоос мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр дуудаж мэдүүлэг авсан боловч “Уг тушаал, түүний хавсралтыг хэн хэзээ бичсэн эсэх, хэн боловсруулсан болохыг би мэдэхгүй. Тухайн цаг хугацаанд архивын нэгж хөтөлж байхдаа дээрх А/90 дугаартай тушаалыг би хайж байсан боловч олдохгүй байсан. Уг тушаалыг ерөөсөө харж байгаагүй.” гэж мэдүүлсэн байна.

Уг мэдүүлгээс дүгнэхэд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн магадлал дурдсан А/90 тоот тушаал, түүний хавсралтыг хэн, хэзээ бичсэнийг тодруулах, уг тушаал бүхий баримтуудыг хэн гаргасан, захиран зарцуулах зөвшөөрлийг хэрхэн өгсөн зэргийг нэмэлт мөрдөн байцаалтаар үргэлжлүүлэн нарийвчлан шалгаж тогтоогоогүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 дахь заалтад “оролцогч” гэж гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгоно гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасны дагуу нэр бүхий 16 хүнийг иргэний хариуцагчаар татан оролцуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэний хариуцагч, түүний төлөөлөгчийн эдлэх эрхийг “баримт сэлт, хүсэлт гаргах... өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах... шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох... шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах... хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчийн хууль зөрчиж учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх гомдол гаргах...” гэж заажээ.

Шүүхээс буцсан хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхдээ нэр бүхий 16 иргэний хариуцагчаас 5-н иргэний хариуцагчид хэргийн материал танилцуулж, 11 иргэний хариуцагч болон өмгөөлөгч Л.Даваасүрэнд хэргийн материалыг огт танилцуулаагүй ба прокурорын шатанд “хэргийн материалтай танилцах, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хуулбарлан авах” хүсэлт гаргасан байхад үүнийг шийдвэрлээгүй байгаа нь дээр дурдсан иргэний хариуцагч, түүний өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.

3. Эрүүгийн 1902000610016 дугаартай хэргийн 13 дугаар хавтасны 146-170 дугаар талд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 640 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолд яллагдагч Ж.Гболон түүний өмгөөлөгч нарын гарын үсэг зурагдаагүй, энэ тогтоолтой танилцсан гэж үзэх боломжгүй байх тул уг зөрчлийг арилгуулах нь зүйтэй байна.

4. 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн татварын хэлтэст Хувь хүний татварын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ю.Лгийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн татварын хэлтэс орлогын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Сын гэрчээр өгсөн мэдүүлэг, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн татварын хэлтэст эрсдэл статистикийн тасгийн дарга А.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн татварын хэлтэст татвар төлөгчтэй тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу татварын улсын ахлах байцаагч Ц.Эгийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн татварын хэлтэст татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бийн гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь зөрүүтэй байх тул мэдүүлгийн зөрүүг арилгуулах шаардлагатай байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ.” гэж тус тус зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолын биелэлтийг хангуулахаар, мөн дээрх үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1-т Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/90 дугаартай “Шагнал урамшуулал олгох тухай” тушаалыг Д.Бээр дамжуулан боловсруулагдаж, Ж.Гнь хянаж албажуулан гарын үсэг зурсан үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан гэрч Б.Бийн мэдүүлэг (1-р хх-ийн 93-95), Б.Мөнгөнтулгын мэдүүлэг (10-р хх-ийн 207) авагдсан байх ба дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, тухайн нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгийн хэрхэн үнэлж байгаа талаар дүгнэлт хийгээгүй.

2-т нэр бүхий 16 иргэний хариуцагчаас 5 иргэний хариуцагчид хавтаст хэргийн материал танилцуулж... 11 иргэний хариуцагч болон өмгөөлөгч Даваасүрэнд хэргийн материалыг огт танилцуулаагүй ба прокурорын шатанд “хэргийн материалтай танилцах, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хуулбарлан авах хүсэлт гаргасан байхад үүнийг шийдвэрлээгүй байгаа нь дээр дурдсан иргэний хариуцагч болон өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн боловч мөрдөгчийн иргэний хариуцагч нарт хавтаст хэргийн материал танилцах талаар мэдэгдсэн тэмдэглэл хавтаст хэрэгт хавсаргагдсан, мөн хэргийн оролцогч нараас хавтаст хэргээс материал хуулбарлан авах талаар прокурорт хүсэлт гаргаж байгаагүй болно.

3-т Гэрч Ю.Л,... Г.С,... А.Б,... Ц.Э... Б.Б нарын мэдүүлэг нь хэрхэн ямар байдлаар зөрж байгаа болохыг тодорхой зааж бичээгүй, ямар ажиллагааг хийж гүйцэтгэх талаар тодорхой дурдаагүй.

4-т 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 640 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолд гарын үсэг зуруулаагүй гэж дүгнэсэн бөгөөд яллагдагч Ж.Г, түүний өмгөөлөгчийг байлцуулан өөрчлөлт оруулах тухай тогтоолыг танилцуулж, яллагдагчаас мэдүүлэг авсан талаарх тэмдэглэл хавтаст хэрэгт хавсаргагдсан байхад тогтоолд гарын үсэг зураагүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль зүйл хэсгийг зөрчсөн болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байх ба дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.”, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол" гэснийг,

мөн захирамжид яллагдагч нарын эцэг эхийн нэр, төрсөн газар, он, cap, өдөр, түүний оршин суугаа газар болон ажлын газар, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, мэргэжил, гэр бүлийн байдал, хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаарх бусад мэдээлэл, яллагдагчийн холбогдсон хэргийн товч агуулгыг тусгаагүй, урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорыг улсын яллагч гэж захирамжид тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.6 дахь заалтыг зөрчсөн байна.

Иймд шүүхээс Ж.Г, Д.Б нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцааж шийдвэрлэхдээ захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/526 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Яллагдагч Д.Бийн өмгөөлөгч Б.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Энэ хэргийн тухайд 3 шатны шүүхээс шийдвэр гарсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол гарсан. Эдгээр 3 шатны шүүхийн шийдвэрт заагдсан ажиллагаануудыг прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад хийлгээгүй. Хийгдсэн ажиллагааны тухайд нэгдүгээрт, бичиг хэргийн ажилтан байсан н. Циенхорол гэдэг хүнийг байцаасан. Прокурор н.Цэрэннадмид гэж яриад байх шиг байна, н.Циенхорол гэдэг хүн юм. Хоёрдугаарт, миний үйлчлүүлэгчид 7 хоногийн пүрэв гараг бүр чөлөө олгосон тушаалын хуулбарыг хуулбар үнэн даруулж Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс авсан. Энэ ажиллагааг хийлгэж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж, ялыг өөрчилж сонсгоод Д.Бийг яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Улсын дээд шүүхээс хохирлын хэмжээг бодитой тогтоо, шүүгдэгч нарын үйлдэл, оролцоог нарийвчлан тодорхойлж тогтоо, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох мөрдөн шалгах ажиллагааг хий гэсэн чиглэлийг өгсөн. Гэтэл эдгээрийн нэгийг ч хийгээгүй.

Улсын дээд шүүхийн шийдвэрийн дараа Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн захирамж гарсан. Тус захирамжид н.Циенхоролыг асууна, тушаалыг хэн бичсэн тухай тодруул, 107,000,000 төгрөгийг захиран зарцуулах зөвшөөрлийг хэн өгсөн болохыг тодруул гэсэн. 107,000,000 төгрөгийг захиран зарцуулах зөвшөөрлийг Баянзүрх дүүргийн Төрийн сангийн хэлтэс, Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын нарийн бичиг, Сангийн яамнаас тус тус олгож улмаар энэ мөнгө зарцуулагдсан. Энэ асуудлыг огт шалгаагүй, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үүний дараа давж заалдах шатны шүүхээс эдгээр шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх нь зүйтэй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бодитой тогтоох шаардлагатай, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог нарийвчлан шалгаж тогтоосны эцэст шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж хэргийг буцааж шийдвэрлэсэн. Үүний дагуу хоёрхон ажиллагаа хийчхээд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн учир бидний зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаж, улмаар шүүхээс захирамж гарч, хэргийг прокурорт буцаасан.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй атлаа хийх шаардлагагүй гэж үзэж прокурорын эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй байна. Нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. ...” гэв.

Яллагдагч Д.Бийн өмгөөлөгч Д.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн захирамж хууль ёсны дагуу гарсан гэж үзэж байна. Иймд тус захирамжийг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Прокурорын эсэргүүцэл 5 үндэслэлтэй бичигдсэн бөгөөд түүний нэгдүгээр үндэслэлийг миний бие эрс хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокурорын эсэргүүцэлд тухайн үед гэрч Б.Б, Б.Мөнгөнтулга гэх хууль, эрх зүйн ажилтан нарын мэдүүлгийг иш татаж, тушаалыг хэн гаргасан нь тодорхой байна гэсэн утга бүхий дүгнэлт хийсэн байна.

Гэтэл шүүгчийн захирамжид тушаал болон тушаалын хавсралтыг хэн боловсруулсан бэ гэж байна. Хавсралт гэдэг үг нь гол асуудал юм. Тушаалын эхийг ажил үүргийнхээ дагуу Д.Б хэлтсийн даргадаа хэлсэн тухай аль аль нь ярьдаг. Хавсралтыг хэн боловсруулсан бэ гэдгийг тогтоогоогүй, гэрчүүдээс мэдүүлээгүй. Сүүлд нэмэлт мөрдөн байцаалтаар нарийн бичгийн дарга байсан хүнийг байцаасан. Тушаалын эхийг боловсруулахад Б.Мөнгөнтулга оролцож, Д.Б ажил үүргийн хуваарийн дагуу чиглэл өгсөн байна. Харин прокуророос тушаалын хавсралтын хэн хийж, хэнийг хэдэн төгрөгөөр шагнах тухай асуудлыг хэн шийдвэрлэж, хэн оролцсон тухай шалгаж тогтоогоогүй. Улсын дээд шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны шүүхийн захирамж гарсан байхад тус асуудлыг шалгахгүй удаа дараа эсэргүүцэл бичиж, тус хэргийг шалгах ажиллагааг удаашруулж байна. Тус тушаалыг хэн гаргасан, хэн боловсруулсан, хэн шивсэн юм бэ гэж нарийн шалгах ёстой. Бидний зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 5 үндэслэлээр хэргийг нэмж шалгах шаардлагатай тухай бичиж өгсөн. Миний бичгээр бичиж өгсөн 5 үндэслэл бүхий урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт хэрэгт хавсаргагдсан байгаа. Эдгээрийг уншилгүй зөвхөн шүүгчийн захирамжийн заалтуудыг оролдсон маягаар эсэргүүцэл бичиж байна.

Гэтэл өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр юуг шалгах шаардлагатай, юу нь ойлгомжгүй талаар бүгдийг биччихсэн. Нөгөөтэйгүүр, Д.Бийг энэ хэрэгт яагаад хамаатуулж байна вэ. Төсөв захирах, ялангуяа төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан гэдэгт хэрэн хамаарч байгаа нь тодорхойгүй байна. Прокурор ерөнхий заалт зааж яллах дүгнэлт хийж байна. Гэтэл Д.Бт төсөв захирах эрх, үүрэг байхгүй, тушаал гаргахад оролцоогүй. Ж.Г, Д.Б хоёрын мэдүүлэг зөрүүтэй, эдгээр хүмүүсийн мэдүүлгийн зөрүүг гаргасан гэрч байхгүй. Ийм нөхцөл байдалтай байхад эдгээр хүмүүсийг яаж авлигын хүнд гэмт хэрэгт хамааруулж ял шийтгэж болох вэ, яаж хариуцлага хүлээлгэх вэ, яаж гэм буруутай эсэхийг тогтоох вэ. Үүнийг прокурор анхаарахгүй байна уу, анхаарахыг хүсэхгүй байна уу. 11 орон тооны бус ажилчдыг шагнасан асуудал буруу зүйл биш шүү дээ. Хэмжээнд нь шагнасан байна. Тэр асуудал хохирлоос хасагддаггүй юм уу. 10 хувийг суутгаад үлдэж байгаа шүү дээ. Энэ нь хэрхэн хохиролд хамаарч байна вэ. Эдгээр үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Ж.Гийн өмгөөлөгч Л.Батжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Улсын дээд шүүхээс заагдсан ажиллагаанууд хийгдээгүй байсан учраас хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж шийдвэрлэснийг зөв, зүйтэй гэж үзэж байна. Иймээс прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү. Түүнчлэн, өмгөөлөгч Д.Гансүх, Б.Батцэнгэл нарын гаргасан тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж, тэдгээртэй санал нэг байна. ...” гэв.

Яллагдагч Ж.Гийн өмгөөлөгч Б.Бадамгарав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөх 3 өмгөөлөгчтэй санал нэг байна. Учир нь анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхүүдээс аль хэдийн ямар ажиллагаа дутуу байгаа талаар дахин шалгах шаардлагатай гэж шийдвэр, магадлал, тогтоол гарсан. Энэ ажиллагаа хийгдээгүй байсаар дахин прокурор эсэргүүцэл гаргасан байна. Тус ажиллагаа хийгдэж, бүрэн гүйцэт тогтоох ёстой нотолбол зохих нөхцөл байдал тогтоогдсоноор энэ хэрэг тогтоогдох ёстой. Прокурор хохирол, хохирлын хэмжээ, мөн тушаалыг хэн боловсруулсан талаар нөхцөл байдлууд бүрэн тогтоогдоогүй байхад эсэргүүцэл гаргасан нь үндэслэлгүй байна. ...” гэв.

Яллагдагч Ж.Гтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төсвийн зарцуулалтыг тухайн жилд зарцуулах ёстой дээрээс олгосон тушаалыг албан хаагч нарт урамшуулал хэлбэрээр олгож болохгүй гэдэг байдлаар гаргаж байна. Би энэ тушаалыг гарын үсэг зурж, баталгаажуулсан боловч энэ тушаалыг тухайн жилд зарцуулахад манай дүүргийн Сангийн яам, Төрийн сан, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолууд болон ерөнхий дээд Сангийн яамнаас олгогдох эрх бүхий албан тушаалтнуудын зөвшөөрлийн дагуу манай дансанд тухайн жилийн төсөв орж, улмаар албан хаагч нарт урамшуулал олгосон. Энэ болгоныг тогтоохгүй, би өөрийн дансанд байсан мөнгийг сайн дураар зарцуулсан мэтээр Авлигатай тэмцэх газрын албан хаагч, прокурор дутуу ажиллагаа хийж, өөрийн үзэмжээр хэргийг шийдвэрлэж байна гэж үзэж байна. Энэ ажиллагаануудыг зөв, зүйтэй хийж, зөв шийдвэрийг гаргаж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Нийслэлийн прокурорын газраас: Ж.Гийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус хэлтсийн Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бтэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

“Дүүргийн 2018 оны төсөв батлах тухай” Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор татвар хураалт, орлого бүрдүүлэлтэд баталсан 599,756,000 төгрөгийн төсвийн санхүүжилтээс 107,000,000 төгрөгийг “Шагнал урамшуулал олгох тухай” 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/90 дугаартай тушаал гарган урамшуулал хэлбэрээр бусдад өгч, шинэ жилийн болон аяны арга хэмжээнд зарцуулж, өөртөө авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, 107,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан...” гэж тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх яллагдагч Д.Б, Ж.Гнарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд “...- Өмнөх шүүгчийн захирамж болон давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолын биелэлтийг бүрэн хангаагүй буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “шүүгчийн захирамж болон Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн магадлал дурдсан А/90 тоот тушаал, түүний хавсралтыг хэн, хэзээ бичсэнийг тодруулах, уг тушаал бүхий баримтуудыг хэн гаргасан, захиран зарцуулах зөвшөөрлийг хэрхэн өгсөн” зэргийг нэмэлт мөрдөн байцаалтаар үргэлжлүүлэн нарийвчлан шалгаж тогтоогоогүй байна.

- хэрэгт нэр бүхий 16 хүнийг иргэний хариуцагчаар татан оролцуулсан бөгөөд шүүхээс буцсан хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхдээ нэр бүхий 16 иргэний хариуцагчаас 5-н иргэний хариуцагчид хэргийн материал танилцуулж, 11 иргэний хариуцагч болон өмгөөлөгч Л.Даваасүрэнд хэргийн материалыг огт танилцуулаагүй ба прокурорын шатанд “хэргийн материалтай танилцах, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хуулбарлан авах” хүсэлт гаргасан байхад үүнийг шийдвэрлээгүй байгаа нь дээр дурдсан иргэний хариуцагч, түүний өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.

            - Эрүүгийн 1902000610016 дугаартай хэргийн 13 дугаар хавтасны 146-170 дугаар талд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 640 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолд яллагдагч Ж.Гболон түүний өмгөөлөгч нарын гарын үсэг зурагдаагүй, энэ тогтоолтой танилцсан гэж үзэх боломжгүй байх тул уг зөрчлийг арилгуулах нь зүйтэй байна.

            - 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Ю.Лгийн, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Г.Сын, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр А.Бын, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ц.Эгийн, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Б.Бийн гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь тус тус зөрүүтэй байх тул мэдүүлгийн зөрүүг арилгуулах шаардлагатай байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ.” гэж тус тус зааснаар Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолын биелэлтийг хангуулахаар, мөн дээрх үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Учир нь, Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянахад, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, харьцуулан дүгнэх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцүүлэн хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс шийдвэр гаргах боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, процесс ажиллагааны засах боломжгүй зөрчил, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шалтгаантай бол хэргийг прокурорт буцаах бөгөөд бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх нь зүйтэй. 

            Түүнчлэн, хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

            Иймд Д.Б, Ж.Гнарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/526 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.  

2. Яллагдагч Д.Б, Ж.Гнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                      Н.БАТСАЙХАН