Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 304/ШШ2025/00406

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 304/ШШ2025/00406

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б****** аймаг, Б****** сум, ** дугаар баг, У*******ын ******** тоотод оршин суух, Б******* овогт Б*******ы А*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б***** аймаг, Б******* сум, ** дугаар баг, З******* хорооллын ****** тоотод оршин суух, Б******* овогт Л*******гийн Ч*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 12,016,800 төгрөг гаргуулах тухай 132/2024/00189/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.А*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д

Хариуцагч Л.Ч*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А******* миний бие Булган аймгийн төвийн Ханжаргалант худалдааны төвд хүнсний 119, 113б гэсэн дугаартай 20 м/кв 2 павилонд 8 тавиур, 2 ширхэг хөргүүр, нэг цахилгаан жин хэрэглэн хүнсний бүтээгдэхүүн худалдах үйл ажиллагаа эрхэлж байгаад иргэн Л.Ч*******тэй харилцан тохиролцож 2 павилоноо, 3,5 сая төгрөгний үнэтэй нэг хөргүүр, худалдаалж байсан баглаа савтай хүнсний бүтээгдэхүүний хамт нийт 85,692,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож Ч******* 70 сая төгрөгийг надад шууд өгч үлдэх 15,692,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний дотор 2 хувааж төлөхөөр гэрээ байгуулан нотариатаар батлуулж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэн өгсөн. Ингэхдээ би нэг бүр нь 500,000 төгрөгний үнэтэй 8 ширхэг тавиур, 500,000 төгрөгний үнэтэй нэг хаалгатай хуучин хөргүүр, 200,000 төгрөгний үнэтэй цахилгаан жин, 1 сая төгрөгөөр үнэлэх задгайгаар зарж байсан төрөл бүрийн чихэр нийт 5,700,000 төгрөгний эд хөрөнгө бараагаа үнэ төлбөргүйгээр дагалдуулан өгсөн. Нийт 4,078,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Би яг хөргүүр гэж тохироогүй зээлийн гэрээний үлдэгдэл мөнгө дээр гэрээ хийсэн. Нотариатаар орох гэж байгаа учраас жагсаалт хэрэгтэй гээд жагсаалт гаргасан болохоос биш зүгээр үлдэгдэл мөнгөн дээрээ л хийгдсэн гэрээ. Өөрөө тухайн үед хүлээн зөвшөөрөөд худалдах худалдан авах гэрээ хийсэн би хүлээн зөвшөөрөөд мөнгө аваагүй байж гэрчилгээг шилжүүлж өгсөн. Би өдийд гэрчилгээ шилжүүлээгүй байсан бол ийм байдалд орохгүй байсан гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ үнэгүй өгсөн тавиур, хөргүүр, ... зэргээ үнэлэн 5,700,000 төгрөгийг нэхэмжилжээ. Хэрвээ ингэж тухайн үед мөнгөөр үнэлэх байсан бол би анхнаасаа авах санаа, сэдэлгүй байсан. Б.А******* бид хоёрын хооронд энэ мөнгөн дүнгийн хэмжээнд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан ба хариу төлбөргүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр тогтоогдож байна. Мөн тухайн үед өгсөн хуучин хөргүүр нь А*******ын өөрийнх нь биш байсан ба тухайн захад ажилладаг Туул гэх хүн минийх гээд буцааж авсан. Барааны жагсаалтын 403, 404, 405-д үнэгүй гэж тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардпагыг биелүүлэх үндэслэлгүй юм. Бусад тавиурууд нь хуучирч эвдэрсэн байнга засвартай байсан. Зарим тавиуруудыг А******* өөрөө ард нь бэхэлж хадсан учраас би павилоноо худалдахдаа ч аваагүй. Нэг тавиур нь одоо ч хүртэл тэр павилондоо байгаа. (тавиур болон хөргүүрийг Ханжаргалантад худалдаа эрхэлж байгаа хөрш лангууныхан мэднэ, мөн павилон худалдаж авсан иргэн н.Баярцэцэг гэрчилнэ.) Мөн үнэгүй өгсөн задгай чихэр байхгүй ба бүх чихэрээ үнэ тооцсон. Хугацаа нь дууссан бараагаа ч үнэлж өгсөн. Павилон худалдаж авахад байсан задгай чихэр нь барааны жагсаалтын 368, 369, 370, 374 дээр бүгд мөнгөн дүнгээрээ бичигдсэн байгаа нийт 902,175 төгрөгний чихэр байсан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 520,000 төгрөгийн хөргүүр энэхүү нэхэмжлэлийн дүнд орсон ба нэхэмжлэгч нь зах зээлийн үнээс өндөр надад зарсан учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Зах зээлийн ханш 1,700,000-1,900,000 хооронд зарагдаж байна. Тиймээс А*******д 2,000,000 төгрөгөөр үнэлж авъя гэхэд зөвшөөрөөгүй. Хуучин хөргүүрийнхээ баталгааны хуудсыг өгнө гээд өгөөгүй. Б.А******* бид 2 анх ярихдаа хугацаа дууссан барааг буцааж авна гээд ярьж байсан. Би хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг жагсаалтыг бичээд гаргасан. Ирж аваарай гэхэд хамаатны хүн нь ирж авсан. Тэрийг тоо ёсоор нь буцааж өгсөн. Хамгийн гол нь энэ хөргүүрийн үнийг өнөөдрийг хүртэл яагаад төлөөгүй гэхээр тухайн үед би өөрөө худалдаа үйлчилгээ эрхэлж үзээгүй учраас зах зээлийн үнийг нь судлаагүй. Одоо яг санаж байна бид хоёрын утсанд шүүх чатны үзлэг хийсэн. Тэр үзлэгт шинэ хөргүүр 1,600,000 төгрөг, 1,700,000 төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр энэ 3,500,000 төгрөг үнэхээр боломжгүй би 2,000,000 төгрөгөөр авъя гэдгээ өмнөх шүүх хурал дээр хэлж байсан. Энэ 2,000,000 төгрөг зах зээлийн үнэ байна. Надад арай үнэтэй өгөх гээд байна гэж хэлээд энэ маргаан эхэлсэн. 5,376,000 төгрөг багасаад 4,076,000 төгрөг болсон гээд байна. Үүний 3,500,000 төгрөг нь хөргүүрийн үнэ. Миний тооцоогоор буцааж өгсөн барааны жагсаалтаар нэг сая долоон зуун хэдэн мянган төгрөгийн чихрийг би буцааж өгсөн, өгөх ёстой үнийн дүнгээс хассан. Дээр нь хөргүүрийн 3,500,000 төгрөг энэ мөнгө л бид хоёрын дунд үлдсэн өөр тооцоо байхгүй. Энэ хөргүүрийн үнийг надад бодитойгоор зах зээлийн үнээр хоёулаа ярилцаж тохиролцоод ойлголцсон бол энэ 1 жил 4 сарын хугацаанд үргэлжлэхгүй байсан. Би хүний юмыг үнэгүй авах сэтгэл надад байхгүй. Нэгийг авсан бол буцаагаад нэгийг өгдөг зарчимтай хүн. Надад нэг муухай санагдсан юм нь хэрэглэчихсэн байсан. Тэгээд зах зээлийн үнэ нь тэгж хямдарсан байхад шинэ байтугай бараг 2 шинэ хөргүүрийн үнээр өгөх гээд байгааг эгдүүцсэн. Түүнээс би хүнээс ярьж тохирч авчхаад ийм удаан хугацаанд мөнгийг нь өгөхгүй байх сонирхол надад байгаагүй би өмнөх шүүх хурал дээр хэлж байсан гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Б.А*******ын гаргасан зээлээр худалдах худалдан авах гэрээнээс үүссэн маргаан болох 4,076,000 төгрөгийг гаргуулан шийдэх хууль зүйн үндэслэлтэй байна. Үүн дээр нэмээд худалдах худалдах авах гэрээний 3.2 дугаар хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүсэх алданги 2,038,000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. ... Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүү алданги тооцогдоно гэдгийг хэлэх нь зүйтэй байна. 5,700,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн үнэгүй өгсөн гэдгийг энэ хүн хүлээн зөвшөөрч байна. Лангууны үнийг үнэгүй өгнө гэсэн учраас зөвшөөрөхгүй гэдэг байр суурь харагдаж байна. Гэтэл Иргэний хуулийн 179 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт бэлэг хүлээн авах эрх бүхий этгээд гэрээнд заасан зорилгыг биелүүлээгүй бол бэлэглэгч гэрээнээс татгалзаж болно гэж заасан. Зорилго буюу болзол нь юу байсан гэхээр чи энэ лангууг цааш нь үргэлжлүүлээд ажиллуулаарай гэсэн. Хүн ер тэгдэг шүү дээ өөрийн хийж байсан ажил, амьдарч байсан гэрээ өнгөтэй өөдтэй яваасай гэж хүсдэг. Ийм нөхцөл байдлын үүднээс миний ажиллуулж байсан лангууг тодорхой үйлчлүүлэгчидтэй байсан учраас тэднийг алдчихгүй юм сан гэдэг хүсэл зорилгын үүднээс өгсөн. Гэтэл энэ зорилгыг биелүүлсэнгүй. Ийм учраас би бэлэглэсэн гэрээнээс татгалзаад ядаж ашиглаж байгаа. Шаардлага хангасан лангууны 4 ширхгийн үнэ буюу 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байна гэв.

3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-Б.А*******, Л.Ч******* нарын хооронд 2024 оны 01 сарын 08-ны өдөр байгуулагдсан Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ нотариатаар гэрчлүүлсэн /хэргийн 3-р хуудас/,

-Б.А*******ын иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн /хэргийн 4-р хуудас/,

-Барааны жагсаалт /хэргийн 6-10-р хуудас/

4.Хариуцагч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-Гараар бичсэн барааны жагсаалт /хэргийн 19-р хуудас/,

-Гэрэл зургууд /хэргийн 20-21, 23,24-р тал/,

5.Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Chimka chimka, Azaa Azaa нэр бүхий фэйсбүүк хаягийн мессенжерт үзлэг хийсэн гэрэл зургууд /хэргийн 30-33-р тал/,

-Хариуцагчийн хүсэлтээр хөргүүрийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсны дагуу Арвижих-Эстимейт үнэлгээ ХХК-аас гаргуулсан шинжээчийн дүгнэлт зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.А******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Л.Ч*******тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж 2 павилон 85,692,000 төгрөгөөр зарж, Л.Ч******* надад бэлнээр 70,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 15,692,000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон. Ингэхдээ би нэг бүр нь 500,000 төгрөгний үнэтэй 8 ширхэг тавиур, 500,000 төгрөгний үнэтэй нэг хаалгатай хуучин хөргүүр, 200,000 төгрөгний үнэтэй цахилгаан жин, 1 сая төгрөгөөр үнэлэх задгайгаар зарж байсан төрөл бүрийн чихэр нийт 5,700,000 төгрөгний эд хөрөнгө бараагаа үнэ төлбөргүйгээр дагалдуулан өгсөн. Эрхийн болоод эд хөрөнгийн доголдолгүй бараа бүтээгдэхүүнийг Ч*******д хүлээлгэн өгч, үлдэгдэл мөнгөн дээрээ гэрээ байгуулан нотариатаар батлуулсан тул төлөгдөөгүй мөнгө 5,376,000 төгрөг, гэрээнд заасан хугацаанаас хойшхи төлөөгүй 35 хоног өнгөрсөн тул түүний хүү 940,800 төгрөг нийт 6,316,800 төгрөг, бараа материалыг хүлээлгэж өгөхөд нэг удаа бүрэн төлж дуусгана гэсэн үгэнд нь итгэж байсан тул үнэгүй өгсөн тавиур, хөргүүр, жин, килограммын задгай чихэр зэргээ дээр үнэлсэн -үнээр тооцон нийт 5,700,000 төгрөг бүгд 12,016,800 төгрөгийг хариуцагч Ч*******гээс нэхэмжилж байна гэсэн.

2.Нэхэмжпэгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжпэлийн шаардлагаа багасгаж, барааны үлдэгдэл төлбөрт 5,376,000 төгрөг нэхэмжилснээс 1,300,000 төгрөгийг хасч 4,076,000 төгрөг, алданги 940,800 төгрөг нэхэмжилснээс 227,500 төгрөгийг хасч 713,300 төгрөг, нийт 4,789,300 төгрөг, үүн дээр үнэгүй өгсөн тавиур, хөргүүр, жин, килограммын задгай чихэр зэргээ дээр үнэлсэн үнээр тооцон нийт 5,700,000 төгрөгийг нэмж нийт нэхэмжлэлийн үнийг 10,489,300 төгрөг гаргуулна гэв.

3.Хариуцагч Л.Ч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа 3,500,000 төгрөгийн хөргүүр энэхүү нэхэмжпэлийн дүнд орсон ба нэхэмжлэгч нь зах зээлийн үнэлгээнээс өндөр надад зарсан учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Зах зээлийн ханш 1,700,000-1,900,000 хооронд зарагдаж байна. Тиймээс А*******д 2,000,000 төгрөгөөр үнэлж авъя гэхэд зөвшөөрөөгүй. Хуучин хөргүүрийнхээ баталгааны хуудсыг өгнө гээд өгөөгүй. Мөн хугацаа нь дууссан чихэр бараа буюу 1,796,000 төгрөгийн барааг түүнд буцааж өгөх талаар олон удаа хэлсэн боловч ирж аваагүй ба сүүлд өөрийн дүүгээ явуулж авахуулсан байдаг. Өөрийн биеэр ирж тоолж ав гэхэд өөрөө ирээгүй нэг орой дүүгээ явуулж авхуулсан тоолох уу гэсэн яах юм бэ гээд аваад явсан. Нэхэмжпэгчийн нэхэмжпээд байгаа төлөгдөөгүй мөнгө, түүний хүү 3,316,800 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн -шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож үү гэж маргажээ.

4.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар сараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.А******* нь Ханжаргалант худалдааны төвд хүнсний 119, 113 б гэсэн дугаартай 20 мкв талбай бүхий 2 павилон, 8 ширхэг тавиур, 2 ширхэг хөргүүр, худалдан борлуулж байсан хүнсний бүтээгдэхүүн зэргийг 85,692,000 төгрөгөөр хариуцагч Л.Ч*******д худалдахаар тохирч, Л.Ч******* 70,000,000 төгрөгийг төлж үлдэх 15,692,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор хувааж төлөхөөр, худалдан авагч тал төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон үйл баримт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Бараа -бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Дээрх тохиролцооноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

Талууд худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэрхэн төлөх талаар харилцан тохиролцсон байна.

Талуудын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 0017 дугаартай бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч гэрээний үүргийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа хэдий ч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1- - тус тус зааснаар нотолж чадаагүй байна.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотолно гэж 1,526,600 төгрөгийн чихэр хүнсний бараа хүлээлгэн өгсөн баримт гаргасан боловч, дээрх зүйлсийг хэнд, хэзээ хүлээлгэн өгсөн болох нь тодорхойгүй. Хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талуудын гарын үсэг зурагдаагүй, огноогүй баримт гаргаж өгсөн. /хэргийн 19-р хуудас/

Хариуцагчийн энэхүү баримт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 1,526,600 төгрөгийн чихэр, хүнсний бараа хүлээж аваагүй, харин 1,300,000 төгрөгийн бараа хүлээж авсан гэж тайлбарлан барааны үлдэгдэл төлбөр 5,376,000 төгрөгөөс 1,300,000 төлбөрийг хасч 4,076,000 төгрөг болгон багасгасан байна.

Барааны үлдэгдэл төлбөр 4,076,000 төгрөгөөс зохигчийн хооронд байгуулсан гэрээний дагуу алданги тооцоход 713,300 төгрөг болж байна. /20380x35=713,300/

Иймд хариуцагчаас барааны үлдэгдэл төлбөрт нийт 4,064,940 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Нэхэмжпэлийн шаардлагаас 4,049,060 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,219 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангасан хэмжээ 4,064,940 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 79,989 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-т заасныг баримтлан хариуцагч Б******* овогт Л*******гийн Ч*******гээс 4,064,940 /дөрвөн сая жаран дөрвөн мянга есэн зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б******* овогт Б*******ы А*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,049,060 /дөрвөн сая дөчин есэн мянга жар/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,219 /хоёр зуун долоон мянга хоёр зуун наян ес/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Ч*******гээс 79,989 /далан есэн мянга есэн зуун наян ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжпэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА