Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/549

 

 

 

 

 

 

   2024            05            09                                        2024/ДШМ/549

 

 

Д.Дд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Лхагвасүрэн, 

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/348 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн эрүүгийн 2308027361889 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.Д, .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...../, урьд:

 

- Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 200.000 төгрөгөөр торгох ял,

 

- Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан.

 

Д.Д нь 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй зочид буудлын ширээн дээрээс О.Нийн эзэмшлийн Самсунг А21 загварын гар утас болон Хаан банкны картыг хулгайлан авч, Хаан банк дахь түүний эзэмшлийн ... дугаартай данснаас 700.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Д “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дгөөс 891.000 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Нолгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Дгийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие уг хэрэгт орохоос өмнө Өмнөговь аймгийн Ноён сумын “Ноёнгийн нүүрсний уурхайд жолоочоор ажиллаж байсан. Миний бие нь байцаалт болон анхан шатны шүүхэд гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Мөн бусдад төлөх төлбөрөө нөхөн төлсөн зэргийг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч Н.Одонтуяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Д нь ам бүл 2, ээж Ц.Ц-н хамт Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг Уурхайчдын 22 дугаар байрны 4 тоотод амьдардаг. Ажил хөдөлмөрийн хувьд уул, уурхайн компанид ажиллаж байсан. Түүний ээж Ц.Цэнджав нь даралт өндөр, эмчийн хяналтад байдаг тул ээжийгээ байнга асарч тус дэм болдог, тодорхой оршин суух хаягтай юм. Д.Д нь өөрийн үйлдсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчоос уучлал гуйсан бөгөөд цаашид дахин гэмт хэрэгт огт холбогдохгүй байх бүрэн боломжтой гэдгээ байнга илэрхийлдэг. Д.Д нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлнө гэдгээ илэрхийлдэг юм. Д.Дий эрүүл мэндийн хувьд тэрээр нурууны суулттай бөгөөд мэдрэлийн судас дарагдсан гэсэн оноштой физик эмчилгээ хийлгэж эмчлүүлж байсан тул одоогоор хоригдсоноос хойших хугацаанд нуруу нь байнга өвдөж 2 хөл рүүгээ чилж, чинэрч өвдөн биеийн эрүүл мэндийн байдал нь тааруу байгаа тул түүний хувийн байдал, ар гэрийн байдал, эрүүл мэндийн байдал болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Д.Дд оногдуулсан 6 сарын хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Прокурор Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан баримтуудтай танилцсан. Давж заалдах гомдлын гол агуулга нь хорих ялаас өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэж байна. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрдөг боловч шүүх хуралдаанд хохирол барагдуулалгүй оролцсон. Шүүхээс 5 хоногийн завсарлагаа өгсөн боловч шүүгдэгч хохирогчид учирсан хохирлыг төлөөгүй. Хохирол төлсөн баримтаас үзвэл хохирогчид учирсан хохирлыг өчигдөр төлсөн байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр тухайн цаг хугацаандаа үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэрэгт Д.Дгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт авагдсан боловч шүүгдэгч тухайн хаягтаа оршин суудаггүй. Мөн түүнийг ажил хийдэг тухай дурдаж, баримт гаргаж байна. Гэвч тус баримтын огноо нь 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байх ба тэрээр одоогийн байдлаар ажил хөдөлмөр эрхэлж буй тухай баримт хэрэгт байхгүй байна. Мөн өмгөөлөгчийн зүгээс 461 дүгээр хорих ангиас 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгчийн биеийн байдлыг тодорхойлсон тухай баримт гаргаж байна. Тус баримтаас үзвэл шүүгдэгчийн биеийн байдал хорих ял эдлүүлэхэд харшлах зүйлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

 

Хохирогч О.Нийн “...намайг сэрэх үед Ж гэх эмэгтэй байхгүй миний Самсунг А21 маркийн гар утсыг авч яваад улмаар данснаас нийт 700.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-15/,

 

Гэрч Д.Ж-ын “...“Титэм плаза”-ийн хажууд байрлах зочид буудалд ороод Д, Н нар 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад дахин Нямдорж ах архи авч, надад чихэр жимс авч өгсөн. Тэгээд Н ах архи ууж байгаад миний биеийг илж таалаад байхаар нь нөхөр Д хэлэхэд маргаан гарч Дэлгэрмөрөн Нямдорж ахыг 3 удаа гараараа цохисон. Тэгээд Д надтай хамт зочид буудлын өрөөнөөс гарах үедээ ширээн дээр байсан хар хөх өнгийн Н ахын гар утсыг авч гарсан. ...АТМ-ээс Нямдорж ахын гар утасны кейсэнд байсанд Хаан банкны виза картыг уншуулж данснаас нь 400.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх 17/,

 

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх 25-26/,

 

         Д.Дгийн яллагдагчаар өгсөн “...Ж надад хандан Н ах чи Д-гөөс салчих би чамайг жаргаана гэж хэлсэн гэж хэлэхээр миний уур хүрээд карт болон гар утсыг аваад гарсан. ...бэлэн мөнгөний машинаас хаан банкны виза картын уншуулж 400.000 төгрөг авсан. ...Нямдорж ахын гар утсыг эхнэрийн дүү Лхагважаргал гэх хүнд өгөөд энэ утас манай найзын утас чи ахдаа янзлуулаад зараад өгчих гэж хэлээд өгсөн чинь Лхагважаргал удалгүй надад ...90.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх 52-54/,

 

       Гэрч Б.Л-ын “...би тухайн гар утсыг авсан боловч үл таних хүнд зараад 90.000 төгрөгийг буцаагаад Дэлгэрмөрөн ахад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 57-58/,

 

       О.Нийн Хаан банкны дансны хуулга /хх 96-103/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

 

Д.Д нь 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй зочид буудлын ширээн дээрээс О.Нийн эзэмшлийн 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А21 загварын гар утас болон Хаан банкны картыг хулгайлан авч, Хаан банк дахь түүний эзэмшлийн ... дугаартай данснаас 491.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 891.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Д.Дийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд шүүхээс Д.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

 

          Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нараас “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг” хүссэн ба ингэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх нөхцөл байдлуудыг иш татсан байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

 

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Д.Д нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, анхан шатны шүүхээс сонгож оногдуулсан хорих ял нь шүүгдэгч Д.Дгийн үйлдсэн гэмт хэргийнх нь шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалтай тохирсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Д нь хохирогч О.Н891.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Д.Дий 2024 оны 3 дугаар сарын 20-ноос 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 50 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/348 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Шүүгдэгч Д.Д нь хохирогч О.Н891.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

 

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дий 2024 оны 3 дугаар сарын 20-ноос 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 50 /тавь/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

          4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                                                     Л.ДАРЬСҮРЭН

                       ШҮҮГЧ                                                                       Н.БАТСАЙХАН