Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/550

 

 

 

 

 

 

   2024            05            09                                        2024/ДШМ/550

 

 

Б.Пт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганбагана, 

яллагдагч Б.Пын өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/106 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Б.Пын өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн эрүүгийн 2307003450029 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.П, .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../,

 

Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө .... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий Ц.Ө-гхардалтын улмаас түүний нүүр хэсэг рүү өшиглөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, духанд зөөлөн эдийн  няцрал, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Налайх, Баганхангай дүүргийн прокурорын газраас: Б.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтаст хэргийн 5 дугаар талд байх дэд ахлагч М.Мөнхтөгөлдөрийн бичсэн илтгэх хуудсанд “иргэн Б.П нь эхнэрийнхээ толгой дээр бензин асгаад шар өнгийн асаагуур барьчихсан шатаах гэж байсан” гэх бичгийн баримт, хохирогч Ц.Ө-гийн “чи муу цагдаа дууддаг хэн бэ гээд цагдаа ирэхээс өмнө чамайг ална” гээд гараад ороод ирэхдээ 5 литрийн усны савтай түлш шиг зүйл оруулж ирээд миний толгой дээр асгахад газар хулдаасан дээр шавхруу дуссан ба тэрийг шатаагаад гал дүрэлзэн асахад би бас түлш толгой руу цацуулсан учраас гүйгээд гарсан” гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд яллагдагч Б.Пын уг үйлдлийг гэмт хэргийн шинжтэй эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Яллагдагч Б.Пын өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудад дүгнэлт хийлгүй зөвхөн дэд ахлагч М.Мөнхтөгөлдөрийн илтгэх хуудас, хохирогч Ц.Ө-гийн мэдүүлэг зэргийг үндэслэн мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй юм. Шүүх хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талын гаргасан саналын дагуу, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж, тэдгээрийн эх сурвалж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эсэхийг магадлан шалгаж, эсрэг агуулга бүхий баримтат мэдээлэл, эргэлзээ төрүүлэх үндэслэлийг няцаан үгүйсгэх замаар өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсарт тулгуурлан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг бие даан хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар шийдвэр гаргах онцгой бүрэн эрхийг хуулиар шүүхэд олгосон байтал хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх нь хэргийн бодит байдалд нөлөөлөхгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой ба шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн заалтыг анхан шатны шүүх хэрэгжүүлэх боломжтой байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Прокурор Г.Ганбагана тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос Б.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байгаа тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос Б.Пыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө .... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий Ц.Ө-гхардалтын улмаас түүний нүүр хэсэг рүү өшиглөж, цохих зэргээр эрүүл мэндэд нь зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, духанд зөөлөн эдийн  няцрал, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс “....Б.П нь хохирогч Ц.Ө-гийн толгой дээр бензин асгаж асаагуур барьчихсан шатаах гэж байсан гэх уг үйлдлийг гэмт хэргийн шинжтэй эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Учир нь, Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

 

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй юм.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлахад, Налайх дүүргийн цагдаагийн  хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа цагдаагийн дэд ахлагч М.Мөнхтөгөлдөрийн бичсэн илтгэх хуудас хх-5, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл хх-71, хохирогч Ц.Ө-гийн “...5 литрийн ёроолоор 3-4 хурууны хэмжээтэй шингэн зүйл барьж орж ирээд толгой дээр шууд асгасан. ...Тэгээд савны ёроолд жоохон үлдсэн байсныг хулдаасан дээр асгаад тэрийгээ гал асаагуур ашиглан асаасан. Тэгтэл нөгөө шингэн нь гал авалцаад шатаж байсан...” гэх мэдүүлэг хх 58-60, насанд хүрээгүй гэрч Х.Ноостын “...ээж цагдаа дуудах гэхэд нь аав гаднаас 5 литрийн савтай бензин оруулж ирээд ээжийн толгой дээрээс асгаад шатаана гээд байхад бензин нь газар асгараад гал гарсан юм...” хх-67 гэсэн мэдүүлгүүдэд дурдагдсан мэдээлэлд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагааны арга хэлбэрүүдийг сонгож мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн явуулж, хэрэгт хамааралтай нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоовол зохино.

 

            Иймээс Б.Пын тухайн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгыг тогтоосны эцэст хэргийг зөв зүйлчлэх асуудлыг дурдсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Б.Пын өмгөөлөгч Г.Наранбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/106 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Б.Пын өмгөөлөгч Г.Наранбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН