Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 221/2018/0016/З |
Дугаар | 188 |
Огноо | 2019-06-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 188
"У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим
хүчний зохицуулах хороонд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Л.Атарцэцэг
Шүүгчид: Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 145, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 211 дүгээр тогтоолуудын 1 дэх хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 236, 237 дугаар тогтоолуудын 1 дэх хэсгийг хүчингүй болгуулах”
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221/ШШ2019/0006 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Д.Э, Б.Б нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221/ШШ2019/0006 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон “Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 145, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 211 дүгээр тогтоолуудын 1 дэх хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 67 дугаар зүйлийн 67.2, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9, 5 дугаар зүйлийн 5.6, 5.6.3, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “У” ХХК-ийн Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 236, 237 дугаар тогтоолуудын 1 дэх хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221/ШШ2019/0006 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “У” ХХК болон өмгөөлөгч Б.Э нарын зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
3. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзахдаа буруу дүгнэлт хийж хууль буруу хэрэглэсэн. Тодруулбал, шүүх шийдвэрлэхдээ “хүчингүй болгосон хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох боломжгүй, хэм хэмжээний акт ямар нэгэн байдлаар хүчингүй болоогүй байх ёстой” гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн нь огтхон ч үндэслэлгүй байна. Захиргааны хэм хэмжээний акт хэдийгээр хүчингүй болсон ч гэсэн тодорхой цаг хугацаанд үйлчилж байсныхаа хувьд тэрхүү цаг хугацаанд үүсгэсэн үр дагавартаа хэм хэмжээний актыг баталсан захиргаа хариуцлага хүлээх ёстой, хэм хэмжээний актын үндэслэл шүүхэд хянагдах ёстой юм. Энэ ч утгаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6, 106 дугаар зүйлийн 106.1.8-д “хүчингүй болгох”, “хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” гэсэн 2 төрлийн шаардлага гаргах боломжтой байдлаар хуульчилсан байна. Хүчингүй болсон хэм хэмжээний актыг хүчингүй болгох боломжгүй ч үйлчилж байсан хугацаандаа хуулийн шаардлагын дагуу хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдээгүй хууль бус байсныхаа хувьд хүчин төгөлдөр бус байсан нь тогтоогдох ёстой. “Хүчин төгөлдөр бус болох” гэдэг нь анхнаасаа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй байсан болохыг тогтоолгох агуулгатай зохицуулалт юм.
4. Иймд нэхэмжлэлийн 2016 оны 145 дугаар тогтоол, 2017 оны 211 дүгээр тогтоолуудын холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг шүүх буруу дүгнэлт хийж хүлээн авахаас татгалзсанаараа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтуудыг шийдвэрийн үндэслэх хэсэгт буруу тайлбарлан хэрэглэхэд хүргэсэн байна.
5. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Талуудын маргаагүй асуудалд шүүх дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэлгүй болоход хүргэсэн. Учир нь нэхэмжлэгч үндэслэлээ тайлбарлахдаа: сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 11,88 төг/квт.ц-аар тооцож эрчим хүчний үнэд шингээж хэрэглэгчдээр төлүүлж байгаа атлаа 3.95 төг/квт.ц, 7.93 төг/квт.ц-ийн хэмжээтэйгээр салгаж баталж байгаа нь ойлгомжгүй болж хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, салгаж батлах ямар нэгэн учир шалтгаан байгаагүй гэсэн үндэслэл гаргасан байхад шүүх Эрчим хүчний зохицуулах хороонд тариф батлах эрх хэмжээ байгаа гэж нэхэмжлэлийг үгүйсгэж, тарифын дүнг өөрчлөх, багасгах, нэмэгдүүлэх эрх хэмжээтэй гэх агуулгаар шийдвэрлэсэн.
6. Шүүх хэм хэмжээний актад тавигдах шаардлага, актын төсөл бэлтгэх, төсөлд санал авсан талаарх баримт, нөлөөллийн шинжилгээ, судалгаа байгаа эсэх талаар шалгахдаа Хууль зүй, дотоод хэргийн яам шалгаад бүртгэсэн тул дээрх шаардлагуудыг хангасан гэж үзнэ гэх агуулгаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй, шүүх санаачлагаараа энэ талаарх нотлох баримт цуглуулж авсан зүйл байхгүй байхад шүүх ийнхүү дүгнэлт хийсэн нь буруу юм. Шүүхээс зөвхөн нөлөөллийн шинжилгээний талаар баримтыг яамнаас шаардаж авсан боловч уг нөлөөллийн шинжилгээний баримтууд нь 2016 оны 145, 2017 оны 211 дүгээр тогтоолуудыг батлахад хийсэн судалгаа байдаг. Учир нь хариуцагчаас 2016 оны 145, 2017 оны 211 дүгээр тогтоолуудын нөлөөллийн шинжилгээ гэж шүүхэд гаргаж өгсөн баримттай ХЗДХ яамнаас ирүүлсэн баримт нь нэг ижил, үг үсгийн зөрүүгүй баримтууд байдаг. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч нар 2018 оны 236, 237 дугаар тогтоолуудыг батлахад тусгайлсан нөлөөллийн шинжилгээ судалгаа хийгээгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн асуултад хариулсан байдаг.
7. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, зөрчигдөж болзошгүй талаар баримт байхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь цахилгаан эрчим хүч хэрэглэгч байхад л нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эсэхийг тогтоох боломжтой юм. Учир нь цахилгаан эрчим хүч хэрэглэгч бүрийн төлж буй цахилгааны төлбөрт сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифын төлбөр шингэсэн байдаг. Нэхэмжлэгч энэхүү шингэсэн төлбөрийг л төлөхгүй гэж маргаж байгаа бөгөөд төлөхгүй үндэслэлээ 2016 оны 145, 2017 оны 211-р тогтоолуудыг хүчин төгөлдөр бус байсан, 2018 оны 236, 237-р тогтоолуудыг хууль бус учир хүчингүй болгуулъя гэж тайлбарлаж байгаа юм. Эрх ашиг зөрчигдөж байгаа талаар баримт хэрэгт байсан уу гэвэл хангалттай баримт байсан. “У” ХХК-ийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлүүд /Ургах наран хорооллын дулааныг хариуцан ажилладаг ба хорооллыг халаах зуухыг цахилгаанаар ажиллуулдаг/-ийг, Эрчим хүчний зохицуулах хорооноос “У” ХХК-ийг цахилгааны төлбөрөө төлөх үндэслэлтэй гэж үзсэн албан бичгийг шүүх хурал дээр тус тус гаргаж өгсөн байхад, мөн талууд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг “У” ХХК төлөх ёстой эсэх талаар маргаагүй байхад шүүхээс баримт байхгүй гэж шийдвэрлэж байгаа нь нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
8. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221/ШШ2019/0006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг ... хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох...” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг зохицуулсан бөгөөд үүний зорилго нь нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болоогүй гэдгийг шүүхээр тогтоолгуулах, тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй болохыг тогтоолгох, ингэснээр өөрийн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахад чиглэгддэг.
11. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргах нэг нөхцөл нь маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт “хүчин төгөлдөр болоогүй” гэх нөхцөл боловч энэ нь тухайн хэм хэмжээний акт эрх зүйн нөлөөгүй буюу “хүчингүй болсон байх”-аас ялгаатай ойлголт юм. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагын дагуу улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, нийтлэгдээгүй, иймээс хүчин төгөлдөр болоогүй байх боловч тухайн акт нь эрх зүйн хувьд нөлөөтэй буюу хүчинтэй бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал бий болсон байх учиртай. Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллага нь захиргааны хэм хэмжээний акт баталсан боловч түүнийгээ эрх бүхий этгээдэд бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр болоогүй байхад түүнийг хэрэглэж захиргааны акт гаргаснаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл түүнийг хэрэглэх нь гарцаагүй буюу нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал бий болсон байх нь уг нэхэмжлэлийг гаргах урьдач нөхцөл болох юм.
12. Харин энэхүү хэргийн хувьд маргаан бүхий 2016 оны 145, 2017 оны 211 дүгээр тогтоолыг хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 236, 237 дугаар тогтоолоор хүчингүй болгосноор 145 болон 211 дүгээр тогтоолын эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон байна. Гэтэл нэхэмжлэгч нь хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг “хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ач холбогдолгүй буюу бодитой үр нөлөөгүй, энэ утгаараа нэхэмжлэгчийн хувьд “шүүхийн хамгаалалт зайлшгүй байх” шаардлага үгүйсгэгдэж байна. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь захиргааны процессын эрх зүйн онол, пракитикт хүлээн зөвшөөрөгдсөн, заавал хуульчлах шаардлагагүй ойлголт болохыг дурьдаж байна.[1]
13. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр бус “байсан” болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлага байхгүй юм. Энэ нь захиргааны хэргийн шүүхийн зорилго нь хүн, хуулийн этгээдийн (одоо) зөрчигдсөн эрхийг сэргээх, зарим тодорхой тохиолдолд (ирээдүйд) зөрчигдөж болзошгүй эрхийг хамгаалахад чиглэгддэгтэй холбоотой гэж болно /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1./.[2]
14. Иймээс давж заалдах шатны шүүхээс “нэгэнт үйлчлэлгүй болсон захиргааны хэм хэмжээний актыг шүүхээс хүчин төгөлдөр бус болохыг тогтоох шаардлагагүй” гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-ийг баримтлан Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 145, 2017 оны 211 дүгээр тогтоолуудад холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-4-т заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
15. Шүүхээс “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох” нэхэмжлэлийг хангах эсэхийг шийдвэрлэхдээ маргаан бүхий хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан агуулга болон хэлбэрийн шаардлагыг, мөн 61-70 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны шаардлагыг хангасан эсэхийг шалгадаг. Энэ хүрээнд давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий 2018 оны 236, 237 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийхдээ: “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн...11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар сэргээгдэх эрчим, хүчний үнэ, тарифыг тодорхой хязгаарын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо тогтоох эрхтэй бөгөөд тухайн хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагч өмнө нь тогтоосон дэмжих тарифын дүнг өөрчлөх, багасгах, нэмэгдүүлэх эрх хэмжээгүй гэж үзэхээргүй байна, ... өөрийн эрх хэмжээний хүрээнд хэм хэмжээний акт гаргахдаа заавал нэг актаар гаргах талаар зохицуулаагүй тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэсэн нь зөв байна.
16. Иймд, “сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 11,88 төг/квт.ц-аар тооцож эрчим хүчний үнэд шингээж хэрэглэгчдээр төлүүлж байгаа атлаа 3.95 төг/квт.ц, 7.93 төг/квт.ц-ийн хэмжээтэйгээр салгаж баталж байгаа нь ойлгомжгүй болж хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, салгаж батлах ямар нэгэн учир шалтгаан байгаагүй гэсэн үндэслэл гаргасан байхад давж заалдах шатны шүүх Эрчим хүчний зохицуулах хороонд тариф батлах эрх хэмжээ байгаа гэж нэхэмжлэлийг үгүйсгэж, тарифын дүнг өөрчлөх, багасгах, нэмэгдүүлэх эрх хэмжээтэй гэх агуулгаар шийдвэрлэсэн нь буруу, талуудын маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийсэн” гэх /Тодорхойлох хэсгийн 5/ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг маргаан бүхий тогтоолуудаар салгаж баталсан нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан аль нэг шаардлагыг зөрчсөн гэж үзэхгүй юм.
17. Харин давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актуудыг батлахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “Хууль зүй, дотоод хэргийн яам нь захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхдээ тухайн акт нь захиргааны хэм хэмжээний актад тавигдах, актын төсөл бэлтгэх, төсөлд санал авах шаардлагуудыг тус тус хангасан эсэхийг хянан үзэх бөгөөд хангасан гэж үзсэн тохиолдолд уг захиргааны хэм хэмжээг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхээр хуульчилсан, маргаж буй тогтоолууд нь дээрх шаардлагуудыг хангасан гэж үзэн бүртгэгдсэн байхад тухайн актуудыг гаргахдаа өмнөх 145, 211 дүгээр тогтоолуудыг гаргахдаа ашигласан судалгааг хэрэглэсэн, санал аваагүй гэж буруутган хүчингүй болгох боломжгүй төдийгүй...” гэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь, нэгэнт хууль зүйн яамнаас шаардлага хангасан гэж бүртгэсэн л бол шүүх түүнийг шалгах шаардлагагүй гэж үзэхгүй, хэрэв ингэж үзвэл захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох нэхэмжлэл байх нь, түүний дагуу маргаан үүсгэх нь ач холбогдолгүй болох юм.
18. Гагцхүү энэхүү хэргийн тухайд хариуцагчаас маргаан бүхий актуудыг бүртгүүлэхдээ 2016 оны 145, 2017 оны 211 дүгээр тогтоолыг батлахад хийгдсэн нөлөөллийн шинжилгээ, судалгаа, танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн байх бөгөөд эдгээр тогтоолуудын зорилго, агуулга яг ижилхэн буюу 2018 оны 236, 237 дугаар тогтоолуудаар 2016 оны 145, 2017 оны 211 дүгээр тогтоолоор тогтоосон сэргээгдэх эрчим хүчний “дэмжих тариф”-ыг өөрчлөөгүй /нэмээгүй/ бөгөөд тарифын хэмжээг тогтоосон үндэслэл нь ижил тул дахин шинжилгээ, судалгаа хийхийг шаардах нь үндэслэлгүй, иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-д заасан хяналтын гомдлыг хангах боломжгүй.
19. Мөн тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-д заасан “Нэхэмжлэгч нь цахилгаан эрчим хүч хэрэглэгч байхад л ... цахилгааны төлбөрт шингэсэн сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг төлөхгүй гэж маргах эрхтэй, иймээс уг тарифыг тогтоосон захиргааны хэм хэмжээний актуудтай маргаж байхад шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, зөрчигдөж болзошгүй талаар баримт байхгүй гэж дүгнэсэн үндэслэлгүй...” гэсэн гомдлын тухайд, шүүх маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актуудтай маргах нэхэмжлэгчийн эрхийг үгүйсгээгүй, харин дээр дурдсан үндэслэлээр 236, 237 дугаар тогтоолыг “хууль зөрчөөгүй” гэж дүгнэсэн тул хууль ёсны актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхгүй, иймд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөв байна.
20. Иймээс шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221/ШШ2019/0006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
[1] Тухайлбал, ХБНГУ-ын хувьд энэ нөхцлийг хуулиар тодорхой зохицуулаагүй ч онол, практикийн түвшинд нэг мөр хүлээн зөвшөөрөгдөж хэрэглэгддэг болохыг холбогдох хууль болон захиргааны процессын эрх зүйн бүх сурах бичгээс харж болно.
[2] Гагцхүү ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.3-ийн дагуу нэхэмжлэгчийн зүгээс захиргааны актыг хүчинтэй байх үед хүчингүй болгох нэхэмжлэл гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий акт нь хүчингүй болсон... бөгөөд тухайн акт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэгчийн онцгой ашиг сонирхол байгаа бол түүний хүсэлтээр шүүх нэхэмжлэлийг өөрчилж шийдвэрлэх боломжтой.