Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 304/ШШ2025/00374

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 304/ШШ2025/00374

Булган аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б***** аймаг, Б******* сум, ** дүгээр баг, ******* хороо *****тоотод оршин суух ******* овогт Д*******ын Э******* /ИБД:**************/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б********* аймгийн О******* сумын ** дугаар багт оршин суух ******* овогт *******ы Ч******* /ИБД:*********/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Чанцалсүрэнгийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Э*******ын хариуцагч Б.Чанцалсүрэнд холбогдуулан гаргасан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

-Нэхэмжлэгч Д.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Б.Чанцалсүрэн болон нөхөр Нтэй гэр бүлийн найзууд байсан. Гэтэл Нийн эхнэр Чанцалсүрэн нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр О******* суманд эхнэрийн хамт байж байхад 2000000 төгрөгний хэрэгтэй байна. Та хоёр 2000000 төгрөгийг олж өгөөч гээд байсан. Бид хоёрт бэлэн мөнгө байхгүй өөрсдөө олон нялх хүүхэдтэй тул мөнгө олж өгөх боломжгүй гэж хэлсэн. Тухайн үед би цалингийн зээлтэй байсан. Би манайх зээлтэй гэтэл би утсаар нь хараад өгий зээл гарах боломж байна уу гээд байхаар нь утсаа өгч нэмэлт зээл гарах эсэхийг шалгуулсан. Шалгуулж байтал Чанцалсүрэн 2000000 төгрөг гарах болмжтой л юм байна ш дээ гээд байсан. Ингээд эхнэр бид хоёр зөвшөөрч 2000000 төгрөгний зээлийг авч өгч тэгэхдээ Чанцалсүрэн өөрөө миний утсан дээр бүх ажиллагааг хийж зээл авсан. 2000000 төгрөгний зээл авлаа 500000 төгрөгийг танайх хэрэглэ гэхдээ 500000 төгрөгийг бид хоёр төлнө гэсэн болохоор нь би зөвшөөрч зээлийг авч өгсөн. Гэтэл Чанцалсүрэн нь миний утасаар онлайн зээл авахдаа 2000000 төгрөг биш 2500000 төгрөгийг авсан байсныг дараа нь мэдсэн. Эхнэр бид хоёр утасны зээлийг сайн мэдээгүй. 2000000 төгрөг авсан гэж бодож байсан. Чанцалсүрэн эхнэр бид 2-г хуурсан гомдолтой байна. Сүүлд нөхөр Н нь Чанцалсүрэн та хоёроос 2500000 төгрөгийг авсан гэж хэлсэн. 500000 төгрөгийг та хоёрт өгч 2000000 төгрөгийг нь хүнд өртэй байсан өрөндөө өгсөн гэж хэлсэн. Чанцалсүрэн нь эхний сард 110000 төгрөгийг өгсөн тэрнээс хойш зээлийг хийгээгүй өдий хүрсэн.Манайх одоо тухайн зээлийг төлж байгаа 1 жил гаран төлж байна. Иймд Б.Чанцалсүрэнгээс 3000000 төгрөгийг гаргуулж өгнө үү.Бид энэ хүнээс болж хохирч банкны муу зээлэнд оруулсанд гомдолтой байна гэжээ.

-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хүргэн охин хоёр архины хамааралтай, бичиг үсэг мэдэхгүй. Архи уугаад хүүхдүүдээ харахгүй байхаар нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Эрдэнэт рүү бага дүү рүү нь явуулсан. Манай бага охин ах эгч хоёрынхоо банкийг нь бичиг үсэг мэдэхгүй болохоор нь утсаар хянадаг юм. Бага охин 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Д.Э******* ах зээл авчихлаа гэж бага охин маань хэлэхээр нь орой нь Б.Чанцалсүрэн рүү залгаад зээлийн талаар асуухад н.Н бид хоёр хоёулаа ажилтай төлнө гэж хэлсэн. Банкнаас асуухад утсаар авсан зээлийг бид нар сайн мэдэхгүй байна, бид нарт хамааралгүй гэсэн тайлбар өгсөн. Бага охин маань над руу залгаад ах эгч хоёр банкныхаа мэдээллийг надаас салгуулчихлаа гэж надад хэлсэн. 2024 оны 06 дугаар сард эхний зээлийн төлөлтөө хийгээд түүнээс хойш нэг ч төлөлт хийгээгүй байсан. Хааяа охин руугаа утасдаж зээлээ төлж байгаа юм уу гэхэд хийж байгаа гэсэн. Тэгэхээр нь зээлээ төлөөд яваад байна гэж бодсон. Өвөл 12 дугаар сард банкнаас над руу залгаж зээлээ төлөхгүй байна, муу зээлдэгч боллоо гэж хэлсэн. Тухайн үед яагаад над руу ярьсан юм бэ, би хамтран хариуцагч биш шүү дээ гэхэд банкнаас та зээлийг нь төлөх шаардлагатай гэсэн хариу өгсөн. Б.Чанцалсүрэнгээс яагаад зээлээ хийхгүй байгаа юм бэ гэхэд хийж байгаа 600,000 төгрөгөөр төлсөн байгаа гэхээр нь охиноосоо асуухад эхний 1 сарын мөнгө гэж өгсөн, дахиад зээлээ төлөөгүй, 600,000 төгрөг өгөөгүй гэсэн. Б.Чанцалсүрэнтэй 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр уулзахад зээлээ өөрөө хариуцаж төлнө гэж хэлсэн боловч одоо болтол төлөөгүй байна. Саяхан Б.Чанцалсүрэнтэй утсаар яриад зээлээ төлөхгүй юм уу? гэсэн Б.Чанцалсүрэн би зээл аваагүй гээд миний дугаарыг блоклоод утсаа авахгүй байна. Банкнаас зээлийн төлөлт гээд 2025 оны 01 дүгээр сард 880,000 төгрөг, 02 дугаар сард 400,000 төгрөг, 03 дугаар сард 880,000 мянган төгрөгийг тус тус татаж авсан. Иймд Б.Чанцалсүрэнгээс зээлийн хүү, зээлсэн мөнгийг гаргуулж өгнө үү. Б.Чанцалсүрэн 500,000 төгрөгийг хүргэн охин хоёрт өгсөн байсан. Д.Э******* манай хүргэн. Бага охиноосоо зээл авсныг мэдсэн. н.Нээс зээлийн талаар асуухад, би утсаар зээл авах талаар мэдэхгүй Хаан банк руу очиж тохиргоо хийлгэж манай эхнэр авсан гэсэн гэж хэлдэг гэв.

3.Хариуцагч доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн:

-******* овогтой Чанцалсүрэн миний бие Д.Э*******ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн мөнгө нь миний данс руу ороогүй. Мөн Э*******ын эхнэр Нямцэцэг, нөхөр Н хоёр нь урьдчилан ярилцсан байсан. Н нь тухайн зээлийг хүчээр авахуулсан. Нямцэцэгт бэлнээр 3 удаа, данс руу нь 3 удаа, Э*******т данс руу нь 1 удаа хийсэн. Эхнэрт нь 600,000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг тухайн авахуулсан хүн болох Н нь мэднэ. Иймд миний данс руу ороогүй надад өгөөгүй надтай ярилцаагүй гэрээ хийгээгүй учир төлөхөөс татгалзаж байна гэжээ.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Д.Э*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдрийг хүртэлх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хүртэлх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагч Б.Чанцалсүрэнгийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг баримтууд болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Хариуцагч Б.Чанцалсүрэн нь 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Э*******аас аваагүй гэж, нэхэмжлэгч Д.Э*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О******* нар Б.Чанцалсүрэнгээс 3,000,000 төгрөгийг гаргуулна гэж маргадаг.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О*******: ... Болсон үйл явдлын талаар хүргэн, охин хоёр болон Б.Чанцалсүрэн нар сайн мэднэ байх... гэж тайлбарладаг.

7.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчинтөгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээд болох нэхэмжлэгч Д.Э******* хариуцагч Б.Чанцалсүрэн нарын хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. 8.Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Чанцалсүрэнгээс 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Э*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

10.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаж байх тул шүүх хуралдааныг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 00 минутад зарлаж, шүүгчийн туслах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2, 77.6-д заасан журмаар хариуцагч Б.Чанцалсүрэнд шүүх хуралдааны товыг түүний эзэмшлийн 99412378 дугаарын утсанд мессеж бичиж мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Чанцалсүрэнгээс 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Э*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА