Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/639

 

   

 

 

 

 

      2024           5            30                                       2024/ДШМ/639

 

 

Х.Э, Х.Цнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Б.Энх-Эрдэнэ,

           яллагдагч Х.Э, түүний өмгөөлөгч Ч.Амарбаяр, С.Батнасан,

           нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/587 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Даваадоржийн бичсэн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай эсэргүүцлээр Х.Э, Х.Цнарт холбогдох эрүүгийн 2101000600176  дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Хөгнөхан овгийн Х.Э, 1966 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;

            2. Данх овгийн Х.Ц, 1975 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан, ам бүл 2, хүүхдийн хамт ................................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................................../;

Яллагдагч Х.Э нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын даргаар ажиллаж байх хугацаандаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасныг,

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын Хөдөлмөрийн дотоод журмын “Ажилтан, албан хаагчдын эрх үүрэг хэсгийн 2.2 дугаар зүйлийн 2.2.1-д “...Монгол Улсын хууль тогтоомж, төр засгийн шийдвэр болон холбогдох бусад эрхийн акт, байгууллагын дотоод журмыг үйл ажиллагаанд мөрдлөг болгон төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх...”, 2.2.2-т “...Хөдөлмөрийн дотоод журам, түүнд нийцүүлэн гаргасан бусад журам зааврыг чанд сахиж, албан тушаалын тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллах” гэж заасныг тус тус зөрчиж Нийтлэг үйлчилгээний газрын Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.Цтай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж-9, Хангарди ордны 8 дугаар давхарт байрлах ажлын байрандаа байхдаа 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Сачу актив инвест” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Сүхбаттай 20/1015 дугаартай “Бэлтгэн нийлүүлэх” гэрээг /өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай байгаа бага үнийн дүнтэй, түргэн элэгдэх шинж чанартай бараа материал нийлүүлэх/ байгуулсан боловч гэрээнд заасан барааг бэлтгэн нийлүүлээгүй байхад 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлбөрийн хүсэлтээр Төрийн санд 49.360.800 төгрөгийн гүйлгээг,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж-9, Хангарди ордны 8 дугаар давхарт байрлах ажлын байрандаа байхдаа 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Элэг нэгтэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Цэрэнхүүтэй 20/1102 дугаартай “Бэлтгэн нийлүүлэх” гэрээг /Нийслэлийн Засаг захиргааны байрууд, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбар болон Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгдэх бага үнийн дүнтэй, түргэн элэгдэх шинж чанартай цэвэрлэгээний материал нийлүүлэх /байгуулсан боловч гэрээнд заасан барааг бэлтгэн нийлүүлээгүй байхад 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлбөрийн хүсэлтээр Төрийн санд 49 500 000 төгрөгийн гүйлгээг тус тус хийж, улмаар мөнгийг “НӨАТ”-ын 10 хувийг хасуулж тооцон “Элэг нэгтэн” ХХК-иас 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 44.550.000 төгрөгийг, “Сачу актив инвест” ХХК-иас 44.425.000 төгрөгийг хамт ажилладаг ерөнхий нягтлан бодогч Х.Цгийн танил иргэн Х.Оргилболдын “Хаан” банканд эзэмшдэг 5128053350 тоот дансанд шилжүүлж гаргуулан авахаар өөртөө давуу байдлыг бий болгосон /уг 2 үйлдпийн улмаас улсад нийт 98.860.800 төгрөгийн хохирол учруулсан/,

Мөн тэрээр Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын ерөнхий нягтлан бодогч Х.Цд давуу байдал бий болгох үүднээс түүний танил Х.Оргилболдын гүйцэтгэх захирлаар ажилладаг “Өгөөж андууд” ХХК-тай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж-9, Хангарди ордны 8 дугаар давхарт байрлах ажлын байрандаа байхдаа 2020 оны 07 дугаар сарын 6-ны өдөр Нийслэлийн Засаг, захиргааны байруудын заслын ажлын хүрээнд бэлтгэн нийлүүлж буй бараа материал нийлүүлэх үүднээс ХХАГ-20/0706 дугаартай "Бэлтгэн нийлүүлэх" гэх гэрээг байгуулж, улмаар гэрээний төлбөрт 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр төлбөрийн хүсэлтээр Төрийн сангаас 18.400.000 төгрөгийн гүйлгээг,

Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн зоогийн үйлчилгээ үзүүлэх ажлын санхүүжилтийн хуваарь батлагдсаны дагуу 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр үлдэгдэл санхүүжилтийн төлбөрийн хүсэлтээр Төрийн сангаас 13 055 700 төгрөгийн гүйлгээг,

2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төлбөрийн хүсэлтээр Төрийн сангаас 9.642.500 төгрөгийн гүйлгээг,

2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төлбөрийн хүсэлтээр Төрийн сангаас 8.128.930 төгрөгийн гүйлгээг тус тус хийж X. Цд нийт 49.227.130 төгрөгийн давуу байдлыг бий болгосон,

Мөн тэрээр /ганцаараа/ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж-9, Хангарди ордны 8 дугаар давхарт байрлах ажлын байрандаа байхдаа тендер шалгаруулалтуудад үнийн санал авах, бусад компаниудад урилга хүргүүлэхгүйгээр, ил тод, өрсөлдөх тэгш боломжийг хязгаарлаж, улмаар өөрийн төрсөн эгч Лувсандоржийн Цэнд-Аюушийн хүү Х.Бямба-Очирын “Хоча трейд” ХХК-ийн шалгарах нөхцөл боломжийг бий болгож тус компанитай 2019 оны 7 сарын 9-ний өдөр ХХАГ-19/0709 дугаартай 49.800.000 төгрөгийн үнийн дүн бүхий “Мах, махан бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх” гэрээг,

2020 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр ХХАГ-20/020-01 дугаартай 49.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий “Зоогийн газарт мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх” гэрээг,

2020 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр ХХАГ-20/020-02 дугаартай 49.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий “Зоогийн газарт жимс жимсгэнэ, хүнсний ногоо бэлтгэн чийлүүлэх” гэрээг,

2020 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр ХХАГ-20/0120-03 дугаартай 49.200.000 төгрөгийн үнийн дүн бүхий “Зоогийн газарт хуурай хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” гэрээг тус тус байгуулж уг компанид давуу байдлыг бий болгосон /уг үйлдлийн улмаас улсын төсөвт нийт 197.000.000 төгрөгийн хохирол/,

Мөн тэрээр /ганцаараа/ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж- 9, Хангарди ордны 8 дугаар давхарт байрлах ажлын байрандаа байхдаа тендер шалгаруулалтуудад үнийн санал авах, бусад компаниудад урилга хүргүүлэхгүйгээр, ил тод, өрсөлдөх тэгш боломжийг хязгаарлаж, улмаар өөрийн найз В.Энхжаргалын Өнөр од жаргал” ХХК-ийг шалгарах нөхцөл боломжийг бий болгож тус компанитай 2019 оны дүгээр 01 сарын 28-ны өдөр ХХАГ-18/0128 дугаартай 49.700.000 төгрөгийн үнийн дүн бүхий “Цэвэрлэгээний хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” гэрээг,

  1. оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ХХАГ-20/0122 дугаартай 49.800.000 төгрөгийн үнийн дүн бүхий “Цэвэрлэгээний хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” гэрээг,
  2. оны 02 дугаар сарын 8-ны өдөр ХХАГ-21/0208 дугаартай 49.813.000 төгрөгийн үнийн дүн бүхий “Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт цэвэрлэгээний хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” гэрээг тус тус байгуулж уг компанид давуу байдлыг бий болгосон, /уг үйлдлийн улмаас улсын төсөвт нийт 149.313.000 төгрөгийн хохирол/ улмаар үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай хамтран улсын төсөвт/ 494.400.930 төгрөгийн үүнээс өөртөө           445.173.800 төгрөгийн, Х.Цд 49.227.130 төгрөгийн давуу байдал бий болгосон/ буюу их хэмжээний хохирол явуулсан,

-Мөн тэрээр Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын ерөнхий нягтлан бодогч Х.Цгийн гуйлтаар түүний ашиг сонирхлын үүднээс 2021 оны 02 дугаар сарын                             26-ны өдөр “Өгөөж андууд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Оргилболдтой ХХАГ-21/0226 дугаартай “Хүнсний бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулж, гэрээний төлбөрт 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр төлбөрийн хүсэлтээр Төрийн сангаас 31.078.800 төгрөгийн гүйлгээг хийснийхээ хариуд буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд тус өдөр Х.Цгаас Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Золо” нэртэй зочид буудлын гадна 14.000.000 төгрөгийн хахууль авсан,

Ерөнхий нягтлан бодогч Х.Цгийн гуйлтаар түүний ашиг сонирхлын үүднээс 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдөр төлбөрийн хүсэлтээр Төрийн сангаас 16.226.055 төгрөгийн гүйлгээг хийснийхээ хариуд буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парк сайд” хотхоны гадна түүнээс 2.500.000 төгрөгийн хахууль авч нийт 16.500.000 төгрөгийн хахуулийг үргэлжилсэн үйлдлээр авсан болох нь,

Мөн тэрээр “Элэг нэгтэн" ХХК-иас 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн 44.550.000 төгрөгийг, тус өдөр “Сачу актив инвест” ХХК-иас шилжүүлсэн 44.425.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж хамт ажилладаг ерөнхий нягтлан бодогч Х.Цгийн танил иргэн Х.Оргилболдын “Хаан” банканд эзэмшдэг 5128053350 тоот дансанд шилжүүлж, улмаар Хан Уул дүүрэг 4-р хороо, Наадамчдын зам 901-д байрлан үйл ажиллагаа явуулдаг “Мөнххада” ХХК-тай өөрийн хамаатан Д.Бямба-Очирын нэр дээр 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 20/1169 дугаартай “авто машин худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан худалдаж авахаар болсон Тоёота ланд круйзер-200" маркийн /33-77 УБМ улсын дугаартай/ авто машины урьдчилгаанд зориулж тус компанийн “Хаан” банкинд эзэмшдэг 5038078819 тоот дансанд Х.Оргилболдоор дамжуулан дээрх мөнгөнөөс мөн өдөр 80.000.000 төгрөгийг шилжүүлж мөнгө угаасан болох нь,

Яллагдагч Х.Цнь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан /үргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасныг,

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын Хөдөлмөрийн дотоод журмын Ажилтан, албан хаагчдын эрх үүрэг хэсгийн 2.2 дугаар зүйлийн 2.2.1-д “...Монгол Улсын хууль тогтоомж, төр засгийн шийдвэр болон холбогдох бусад эрхийн акт, байгууллагын дотоод журмыг үйл ажиллагаанд мөрдлөг болгон төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх...”, 2.2.2-т “...Хөдөлмөрийн дотоод журам, түүнд нийцүүлэн гаргасан бусад журам зааврыг чанд сахиж, албан тушаалын тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллах” гэж заасныг тус тус зөрчиж тус -азрын даргаар ажиллаж байсан Х.Этэй гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж-9, Хангарди ордны 8 дугаар давхарт байрлах ажлын байрандаа байхдаа 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Сачу актив инвест” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Сүхбаттай 20/1015 дугаартай “Бэлтгэн нийлүүлэх” гэрээг /өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай байгаа бага үнийн дүнтэй, түргэн элэгдэх шинж чанартай бараа материал нийлүүлэх/ байгуулсан боловч гэрээнд заасан барааг бэлтгэн нийлүүлээгүй байхад 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлбөрийн хүсэлтээр Төрийн санд 49.360.800 төгрөгийн гүйлгээг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж-9, Хангарди ордны 8 дугаар давхарт байрлах ажлын байрандаа байхдаа 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Элэг нэгтэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Цэрэнхүүтэй 20/1102 дугаартай “Бэлтгэн нийлүүлэх” гэрээг /Нийслэлийн Засаг захиргааны байрууд, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбар болон Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгдэх бага үнийн дүнтэй, түргэн элэгдэх шинж чанартай цэвэрлэгээний материал нийлүүлэх/ байгуулсан боловч гэрээнд заасан барааг бэлтгэн нийлүүлээгүй байхад 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлбөрийн хүсэлтээр Төрийн санд 49.500.000 төгрөгийн гүйлгээг тус тус хийсний улмаас тухайн мөнгийг “НӨАТ”-ын 10 хувийг хасуулж тооцсон “Элэг нэгтэн” ХХК-иас 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зарлагдсан 44.550.000 төгрөгийг, тус өдөр “Сачу актив инвест” ХХК-иас зарлагдсан 44.425.000 төгрөгийг өөрийн танил Х.Оргилболдын “Хаан” банкинд эзэмшдэг 5128053350 тоот харилцах дансанд шилжүүлж, улмаар уг мөнгийг Х.Эт гаргуулан өгөх байдлаар түүнд эдийн засгийн давуу байдлыг бий болгож, үргэлжилсэн үйлдлээр улсад /49 360 800+49 500 000=98.860.800/ нийт 98.860.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Мөн тэрээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж-9, Хангарди ордны 8 дугаар давхарт байрлах ажлын байрандаа байхдаа өөрт давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс танил Х.Оргилболдын гүйцэтгэх захирлаар ажилладаг “Өгөөж андууд” ХХК-ийг ашиглан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын дарга Х.Этэй 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Засаг, захиргааны байруудын заслын ажлын хүрээнд бэлтгэн нийлүүлж буй бараа материал нийлүүлэх ХХАГ-20/0706 дугаартай “Бэлтгэн нийлүүлэх” гэрээг байгуулж, улмаар гэрээний төлбөрт 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр төлбөрийн хүсэлтээр Төрийн сангаас 18.400.000 төгрөгийн гүйлгээг,

Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн зоогийн үйлчилгээ үзүүлэх ажлын санхүүжилтийн хуваарь батлагдсаны дагуу 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр үлдэгдэл санхүүжилтийн төлбөрийн хүсэлтээр Төрийн сангаас 13.055.700 төгрөгийн гүйлгээг,                  2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төлбөрийн хүсэлтээр Төрийн сангаас 8.642.500 төгрөгийн гүйлгээг, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төлбөрийн хүсэлтээр Төрийн сангаас 9.128.930 төгрөгийн гүйлгээг, нийт 49.227.130 төгрөгийг гүйлгээг тус тус хийж, өөрт давуу байдал бий болгож, улмаар үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны /Х.Эт 98.860.800 төгрөгийн, өөрт 49.227.130 төгрөгийн давуу байдал бий болгож/ улмаас нийтдээ 148.087.930 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Мөн тэрээр нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Х.Эийн бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан  2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Өгөөж андууд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Оргилболдтой “Хүнсний бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулж, улмаар 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төлбөрийн хүсэлтээр Төрийн санд 31.078.800 төгрөгийн гүйлгээг хийснийхээ хариуд тус өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Золо” нэртэй зочид буудлын гадна Х.Эт 14.000.000 төгрөгийн хахуулийг, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдөр төлбөрийн хүсэлтээр Төрийн санд 16.226.055 төгрөгийн гүйлгээг хийснийхээ хариуд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парк сайд” хотхоны гадна Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Х.Эт 2.500.000 төгрөгийн хахуулийг, нийт 16.500.000 төгрөгийн хахуулийг үргэлжилсэн үйлдлээр өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Х.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн  1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар,

            Х.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн  1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн  1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтын 5 дахь хэсэгт яллагдагч Х.Эээс 445.173.800 төгрөг, яллагдагч X Цгаас 49.227.130 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгохыг дурдсан боловч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд прокурор Даваадорж нь яллагдагч Х.Эээс 98.860.800 төгрөг, яллагдагч Х.Цгаас гаргуулах төлбөргүй гэж гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг яллах дүгнэлтээс зөрүүтэй тайлбарыг гаргасан нь, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Х.Э, тус газрын ерөнхий нягтлан бодогч Х.Цнарын үйлдэлд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хооронд өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдүүдтэй тодорхой төрлийн хүнсний бүтээгдэхүүн болон цэвэрлэгээний бүтээгдэхүүн, бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээнд заасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байсан гэх тухайн цаг хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн аудитын тухай хуульд заасан санхүүгийн хяналт шалгалт хийгдэж байсан эсэх, дээр дурдсан хуулийн этгээдүүдийн эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэлд зөрчил, гэмт хэргийн шинж байгаа эсэхэд аудитын болон эдийн засгийн шинжээч томилуулан дүгнэлт гаргуулаагүй, тухайн этгээдүүд нь гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх, иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээд мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулаагүй эргэлзээтэй байдлыг бий болгож байна.

Мөн яллагдагч нарт холбогдох хэрэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах үндэслэл журмыг хэрэглэх нөхцөлийг хангаагүй орхигдуулжээ. Үүнд: 3377 УБМ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн хөрөнгийн үнэлгээг гаргуулах, Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа гэх 35.000.000 төгрөг нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого мөн эсэхийг тодруулах шаардлагатай. Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах дээрх нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой байдаг. Өөрөөр хэлбэл нотлогдвол зохих үйл баримт буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээний талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх нь тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Дээр дурдсан байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах ба мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хянаагүй гэж үзэх бөгөөд шүүх хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байна. Эдгээрийг шалгаж тогтоох нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнд нөлөөлөх эсэх яллагдагч нарт оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байх эсэх зэргийг нотлоход чухал ач холбогдолтой. Иймд яллагдагч Х.Э, Х.Цнарт холбогдох эрүүгийн 2101 00060 0176 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэр шийдвэрлэжээ.

            Прокурор Д.Даваадорж бичсэн эсэргүүцэлдээ: “...Яллах дүгнэлтийн хавсралтын 5 дахь хэсэгт яллагдагч Х.Эээс 445.173.800 төгрөг, яллагдагч Х.Цгаас 49.227.130 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгох талаарх дурсан нь яллагдагч нарын гэмт үйлдлийн улмаас улсын төсвөөс гарсан бодит хохирлын тооцооллыг гаргасан үнийн дүн юм. Яллагдагч Х.Эийн төрсөн эгч Л.Цэнд-Аюушийн хүү Х.Бямба-Очирын “Хоча трейд” ХХК болон түүний найз В.Энхжаргалын “Өнөр од жаргал” ХХК-иудад давуу байдал бий болгож, тухайн аж ахуй нэгжүүд нь “Мах, махан бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх”, “Цэвэрлэгээний хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” гэрээг Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газартай байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Тухайн аж ахуй нэгж нь гэрээнд заасан бараа, бүтээгдэхүүнийг Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт нийлүүлсэн үйл баримт бий болсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог тул прокурорын зүгээс яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс “нэгэнт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасан байхад тухайн гэрээний нийт үнийн дүн, нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үнийн дүн зэргийг үндэслэж яллагдагч уг хоёр үйлдэлд хохирол төлөгдсөн” гэж анхан шатны шүүх хуралдаанд бодитой дүгнэлтийг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг нягталж, бодит байдлыг үнэлэхгүйгээр “хохирлын тооцоолол эргэлзээтэй” мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасанд нийцэхгүй дүгнэлт болжээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Х.Э, тус газрын ерөнхий нягтлан бодогч Х.Цнарын үйлдэлд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хооронд өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдүүдтэй тодорхой төрлийн хүнсний бүтээгдэхүүн болон цэвэрлэгээний бүтээгдэхүүн, бараа материал худалдан авах гэрээ байгуулсан үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс “санхүүгийн хяналт шалгалт хийгдэж байсан эсэхийг шалган тогтоох” ажиллагааг хийх шаардлагатай гэж үзсэн нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэхээр байна. Учир нь, яллагдагч Х.Э, Х.Цнарын үйлдэл тус бүрийг нотолсон санхүүгийн анхан шатны баримт, бусад бүхий л нотлох баримт хэрэгт хангалттай цугларсан, өөрөөр хэлбэл хэрэгт ач холбогдолтой нотлох баримтууд 1-9 дүгээр хавтаст хэрэгт бүрэн авагдсан, мөн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаагаар тогтоогдсон байхад шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр дээрх дүгнэлтэд хүрсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Мөн шүүхээс “хуулийн этгээдүүдийн эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэлд зөрчил, гэмт хэргийн шинж байгаа эсэхэд аудитын болон эдийн засгийн шинжээч томилуулан дүгнэлт гаргуулаагүй, тухайн этгээдүүд нь гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх, иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээд мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй” гэж дүгнэсэн нь хавтаст хэргийн материалтай бүрэн танилцаагүйг илэрхийлжээ. Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга Х.Э нь “Сачу актив инвест” ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 20/1015 дугаартай “Бэлтгэн нийлүүлэх” гэрээг байгуулсан боловч гэрээнд заасан барааг бэлтгэн нийлүүлээгүй байхад 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлбөрийн хүсэлтээр Төрийн санд 49.360.800 төгрөгийн гүйлгээг, “Элэг нэгтэн” ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 20/1102 дугаартай гэрээг байгуулсан боловч тус компаниас барааг бэлтгэн нийлүүлээгүй байхад 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлбөрийн хүсэлтээр Төрийн санд 49.500.000 төгрөгийн гүйлгээг тус тус хийж, улмаар тухайн гэрээний үнийн дүн бүхий мөнгөнөөс “НӨАТ”-ын 10 хувийг хасуулж тооцон “Элэг нэгтэн” ХХК-иас 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 44.550.000 төгрөгийг, “Сачу актив инвест” ХХК-иас 44.425.000 төгрөгийг хамт ажилладаг ерөнхий нягтлан бодогч Х.Цгийн танил иргэн Х.Оргилболдын “Хаан” банканд эзэмшдэг 5128053350 тоот дансанд шилжүүлж гаргуулан авсан үйл баримт бий болсон болох нь гэрч Н.Сүхбат, А.Цэрэнхүү, яллагдагч Х.Цнарын мэдүүлэг, санхүүгийн анхан шатны баримт, байгуулсан гэрээ зэргээр тогтоогддог. Гэрч Н.Сүхбат, А.Цэрэнхүү нар нь өөрийн компаниа Х.Цд ашиглуулсан, өөрсдөө ашиг орлого олоогүй талаар тодорхой мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлэг нь давхар бусад нотлох баримтаар тогтоогддог. Мөн Элэг нэгтэн” ХХК болон “Сачу актив инвест” ХХК-иудын дансанд шилжиж ирсэн мөнгөнөөс НӨАТ-ын 10 хувийг хасаж тооцож, улмаар 88.975.000 төгрөгийг яллагдагч Х.Эт буцааж өгөх зорилгоор иргэн Х.Оргилболдын “Хаан” банканд эзэмшдэг 5128053350 тоот дансанд шилжүүлсэн. Ингээд дээрх аж ахуй нэгжээс НӨАТ-ын 10 хувьд авч үлдсэн мөнгөн дүнг буцааж төлсөн үйл баримт бий болсон байхад “Элэг нэгтэн” ХХК, “Сачу актив инвест” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах асуудлыг шүүхээс дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болжээ. Тодруулбал яллагдагч Х.Э нь нягтлан бодогч Х.Цгийн баримт бичгийг нь бүрдүүлсэн “Элэг нэгтэн” ХХК, “Сачу актив инвест” ХХК-ийн дансанд гэрээний үүргийн үнийн дүнг тус компаниуд руу шилжүүлж, улмаар НӨАТ-ын 10 хувийг хасаж, мөн Х.Цгийн танил Х.Оргилболдын “Хаан” банкинд эзэмшдэг дансаар дамжуулан өөртөө 88.975.000 төгрөгийг гаргуулан авсан нь хангалттай тогтоогдсон, мөн “Элэг нэгтэн” ХХК, "Сачу актив инвест” ХХК-ийн НӨАТ-ын 10 хувьд авч үлдсэн мөнгөн дүнг буцаан төлсөн байхад анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан ба “Элэг нэгтэн” ХХК, “Сачу актив инвест” ХХК нь уг хуулийн зохицуулалтад хамаарах эд хөрөнгийн хохирлыг шууд хариуцах этгээд биш юм. Анхан шатны шүүхээс “...яллагдагч нарт холбогдох хэрэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах үндэслэл журмыг хэрэглэх нөхцөлийг хангаагүй орхигдуулсан, өөрөөр хэлбэл 33-77 УБМ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгслийн хөрөнгийн үнэлгээг гаргуулах...” гэж дүгнэж, уг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар яллагдагч Х.Э нь “Мөнххада” ХХК-тай өөрийн хамаатан Д.Бямба-Очирын нэр дээр 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулж, улмаар гэрээний дагуу худалдаж авахаар болсон “Тоёота ланд круйзер 200” маркийн, 33-77 УБМ улсын дугаартай авто машины урьдчилгаанд зориулж тус компанийн “Хаан” банкинд эзэмшдэг 5038078819 тоот дансанд гэмт хэргийн замаар олсон мөнгө буюу “Элэг нэгтэн” ХХК, “Сачу актив инвест” ХХК-ийн данснаас иргэн Х.Оргилболдын “Хаан” банкинд эзэмшдэг данс руу шилжүүлсэн дээр дурдсан 88.975.000 төгрөгөөс 80.000.000 төгрөгийг Х.Оргилболдоор дамжуулан шилжүүлж мөнгө угаасан болох нь хэрэгт цугласан нотлох баримтаар тогтоогдсон. Прокурорын зүгээс яллагдагч Х.Эийг 33-77 УБМ улсын дугаартай, “Тоёота ланд круйзер 200” маркийн автомашиныг бүхэлд нь хууль бус хөрөнгөөр худалдаж авсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй ба зөвхөн тухайн машиныг худалдаж авахад зарцуулсан 80.000.000 төгрөг нь гэмт хэргийн замаар олсон хөрөнгө гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцэхгүй, хэргийн хүрээнээс хальсан дүгнэлтийг хийж шийдвэр гаргасан. Иймд тухайн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, битүүмжлэх, хөрөнгөнд үнэлгээ гаргуулах шаардлагагүй юм. Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 587 дугаартай захирамжид “...Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа гэх 35.000.000 төгрөг нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого мөн эсэхийг тодруулах шаардлагатай...” гэж дүгнэжээ. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцаахдаа уг үндэслэлийг дурдаагүй, хэлэлцэгдээгүй асуудлыг захирамжид тусгасан байна. Авлигатай тэмцэх газраас яллагдагч Х.Эийн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 61-а дугаар байрны 55 тоот орон сууцанд нэгжлэг хийж, улмаар нэгжлэгээр 35.000.000 төгрөгийг хураан авсан бөгөөд уг мөнгийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж эд мөрийн баримтаар тооцсон. Тухайн мөнгийг ямар эх үүсвэрээс бий болсон талаар гэм буруугийн шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах байдлаар дэлгэрэнгүй тайлбарлах бүрэн боломжтой байхад шүүх өнгөц дүгнэлт хийж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байгууллага, мөн хяналт тавьж ажилласан байгууллагын хийж гүйцэтгэсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг үгүйсгэсэн дүгнэлт болсон.  Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийн нэгдүгээр үндэслэлийн тухайд, яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан мөнгөн дүнгийн зөрүүтэй байдал нь гэм буруутай эсэхийг тогтооход шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэж буцаасан нь үндэслэлгүй. Учир нь, хяналтын прокуророос гэрээ байгуулж, гэрээнд заасан бараа, бүтээгдэхүүнийг Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт нийлүүлсэн үйл баримт бий болсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог тул прокурорын зүгээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасан байхад тухайн гэрээний нийт үнийн дүн, нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үнийн дүн зэргийг үндэслэж яллагдагч уг хоёр үйлдэлд хохирол төлөгдсөн гэж анхан шатны шүүх хуралдаанд бодитой дүгнэлтийг гаргасан байтал анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хохирлын тооцоолол эргэлзээтэй мэтээр дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Хоёрдугаар заалтын тухайд, 2017-2023 он хүртэлх Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын бүх баримтуудад санхүүгийн шалгалт, аудитын тайлан гаргуул гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэргийн хүрээнээс хальсан гэж үзэж байна. Учир нь, яллах дүгнэлтэд тусгагдсан бүхий л үйлдлүүдийг нотлох 152 төрлийн баримт авагдсан. Мөн давуу байдал олж авсан болон бусад хуулийн этгээд, Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын холбогдох санхүүгийн баримтуудад бүгдэд нь үзлэг хийж, гаргуулан авах зорилгоор хэрэгт тусгуулсан байгаа учир яллах дүгнэлтэд дурдсан үйлдлүүдэд хамаарах бүхий л нотлох баримтууд цугларсан тул шүүх энэ хүрээнд шинжлэн судлах боломжтой. Илрээгүй зүйлд дахин дүгнэлт гаргуулахаар заасан нь шүүх хэргийн хүрээнээс хальсан үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдүүдийг татаагүй тухайд, “Элэг нэгтэн” ХХК болон “Сачу актив инвест” ХХК нь огт бараа үйлчилгээ нийлүүлээгүй байхад нийлүүлсэн мэтээр бичиж, 88.000.000 төгрөгийг гаргуулсан авсан. Үүнээс НӨАТ-ын 10 хувийг хасаж 9.885.800 төгрөгийг Х.Цгийн данснаас Оргилболдын данс руу орсон. Энэхүү хэрэгт Оргилболд, “Элэг нэгтэн” ХХК болон “Сачу актив инвест” ХХК нар орж ирэхэд Оргилболд 10 хувийн төлбөрийг Оргилболд буцаан төлсөн гэх баримт авагдсан тул дээрх хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй. Х.Эийн тухайн үед хэрэглэж байсан гэх 33-77 УБМ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер 200” загварын автомашиныг хурааж улсын орлого болгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлаар уг автомашины 40 хувь төлбөр буюу 80.000.000 төгрөгийг Х.Э гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөрөө, үлдсэн  127.000.000 төгрөгийг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн, бизнес эрхэлдэг Б.Очир төлсөн болох нь тогтоогдсон. Тиймээс тээврийн хэрэгслийн бүх үнэлгээг гаргах үндэслэлгүй. Мөн Авлигатай тэмцэх газраас 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр орон сууцанд нэгжлэг хийж, 35.000.000 төгрөгийг хураан авсан бөгөөд уг мөнгийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж эд мөрийн баримтаар тооцсон. Тухайн мөнгийг ямар эх үүсвэрээс бий болсон талаар гэм буруугийн шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах байдлаар дэлгэрэнгүй тайлбарлах бүрэн боломжтой байхад шүүх өнгөц дүгнэлт хийж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байгууллага, мөн хяналт тавьж ажилласан байгууллагын хийж гүйцэтгэсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг үгүйсгэсэн дүгнэлт болсон. Өөрөөр хэлбэл, Х.Э тухайн мөнгийг өөрийн хийдэг ажил мэргэжилтэй холбоотойгоор бус мал аж ахуй, хүүхдийн хадгаламжийн мөнгө гэж тайлбарласан. Үүнтэй холбоотойгоор түүний харилцах банкны дансанд үзлэг хийсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд буцааж бэлэн байдлаар олдсон 35.000.000 төгрөгийн эх үүсвэрийг тогтоох боломжгүй бөгөөд холбогдогчийн мэдүүлэг, дансны лавлагаанаас өөрөөр тогтоох боломжгүй. Хэрэв тодорхой ажиллага хийх ёстой гэвэл шүүгч захирамждаа ойлгомжтой, тодорхой дурдах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Х.Эийн өмгөөлөгч С.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг гаргасан. Тухайн хүсэлтээр худалдан авах ажилагаанууд нь Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын төсөв, төлөвлөгөөнд тусгагдсан байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй. Уг ажиллагааг зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзсэн. Учир нь, давуу байдал бий болгосон гэх үйлдлүүдэд төсөв, төлөвлөгөө, нормд тусгагдаагүй худалдан авалтуудыг хийсэн үү, тусгагдсан худалдан авалтуудыг хийсэн үү гэдэг нь тодорхойгүй. Х.Эийн дангаараа татагдсан “Хоча трейд” ХХК, “Өнөр од жаргал” ХХК-иудад худалдан авалтаар бараа, ажил үйлчилгээ нийлүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Үнэлгээний хорооны гишүүд, тухайлбал Доржбалжир 7 дугаар хавтаст хэрэгт мэдүүлэг өгч, харьцуулах аргаар худалдан авалтыг зохион байгуулсан, урилга хүргүүлсэн асуудлыг мэдүүлсэн. Түүний мэдүүлгээр холбогдох компаниуд харьцуулалтын худалдан авалтад материалаа ирүүлж, сонгон шалгаруулалт явуулсан гэдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдох компаниудаас ирүүлсэн материал, хэрхэн, яаж явагдсан талаар асууж тодруулах шаардлагатай. Мөн тухайн цаг хугацаанд ковид үүссэн, худалдан авалт ямар байсан талаарх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар нь Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвийн үйл ажиллагаа явуулах орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас цаг үеийн нөхцөл байдлыг худалдан авах үйл ажиллагааны үед ямар байсныг зайлшгүй тодруулж тогтоох ёстой. Автомашины үнэлгээний асуудлын хувьд, хэдийгээр 80.000.000 төгрөгт буруутгаж яллагдагчаар татсан боловч автомашиныг бүхэлд нь  битүүмжилж, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Тиймээс бид шүүх хуралдаанд ямар байр сууринаас орох вэ гэдгээс шалтгаалан хохирол төлөх асуудал яригдах учир үнэлгээг зах зээлийн ханшаар тогтоох ёстой. Энэ асуудлуудыг дурдаж урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргасан. 200.000.000 төгрөгийн эх үүсвэрийн талаар миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ орон сууц, мал худалсан, хуримтлалаасаа зээлсэн гэдэг. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Х.Эийн өмгөөлөгч Ч.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны гарсан гэж үзэж, дэмжиж байна. Урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтууд болон шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй, зайлшгүй хийх ёстой хэд хэдэн асуудлын талаар дурдсан. Жишээлбэл, хохирлын дүнг бүрэн тогтоохгүйгээр үндсэн шүүх хуралдаанаар орвол хуулийн этгээдийн төлөх, учирсан гэм хор, хохиролд ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхой гарч ирэхгүй. Дүгнэлтээр нөхөн төлөгдсөн буюу компаниуд гэрээний дагуу эрх, үүргээ бүгд биелүүлсэн. Гэхдээ үүрэгтэй холбоотой асуудлыг дурдвал учирсан хохирол, хор уршгийн асуудлуудыг тодорхой болгож байж шийдвэрлэх ёстой. Оргилболдын хувьд гарцаагүй хариуцагчаар татагдах ёстой гэж үзэж байна. Мөн прокурор автомашины 80.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж тогтоож байгаа боловч энэ нь бүрэн тогтоогдоогүй. Улмаар улсын орлого болгох нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Х.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарынхаа саналыг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Х.Э, Х.Цнарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

            Прокуророос Х.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн  1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар,

            Х.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн  1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн  1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой байх тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

            Тухайлбал, яллагдагч, тэдний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлтээ гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, цагаатгах үндэслэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.

            Өөрөөр хэлбэл, Х.Э, Ц нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай шинжээч, гэрчийг талуудын хүсэлтээр оролцуулан яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “...тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлсон.

Хуулийн энэхүү зохицуулалтаар шүүх нь зөвхөн прокуророос хэргийг шилжүүлсэн Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй юм.

Гэмт хэргийн тухай мэдээллийг хүлээн авахаас эхлээд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, хэргийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаа тодорхой цаг хугацааны шаардлагаар нөхцөлдсөн байхаас гадна нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх ажиллагааны онцлогоос хамаарч процедурын зааглал бүхий үе шат, харьяалалтай байх, ингэснээрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  шуурхай байх зорилгыг хангаж, эрүүгийн процессын хэрэгжүүлэгч субъект бүрийн үйл ажиллагаанд ямар нэгэн давхардал, чирэгдэл гарахгүй байх нөхцөлийг бий болгоно.

Энэ зарчим нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн, үргэлжилсэн, найдвартай байдлыг хангахад чухал түлхэц үзүүлдэг болно.

            Иймд, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурор Д.Даваадоржийн бичсэн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/587 дугаар захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосонтой холбогдуулан яллагдагч Х.Э, Х.Цнарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/587 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Даваадоржийн бичсэн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай эсэргүүцлийг хангасугай.

2. Яллагдагч Х.Э, Х.Цнарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                                                  Т.ШИНЭБАЯР

                      ШҮҮГЧ                                                  С.БОЛОРТУЯА

                      ШҮҮГЧ                                                  М.АЛДАР