Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 167

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Батбаяр /ҮД:1-960/,

шинжээч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Д.А-д холбогдох эрүүгийн 1803000010056 дугаартай, 187/2018/0096/Э индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, С овогт Д.А

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.А нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны оройн 18 цаг 45 минутын орчимд Нийслэлийн Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөө, Цагдаагийн ... дугаар хэлтсийн урд замд “........” ХХК-ийн эзэмшлийн ....... маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 15.1-д заасан “...Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Э-г мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.А нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны оройн 18 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, тус дүүргийн Цагдаагийн .... дугаар хэлтсийн урд замд “.......” ХХК-ийн эзэмшлийн ....... маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад эсрэг урсгалд явсан тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд орохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 15.1-д заасан “...Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хойноосоо урагш чиглэлтэй зам хөндлөн гараад дуусч байсан явган зорчигч А.Э-г мөргөж гавал тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтэл учруулан амь насыг нь хохироосон болох нь:

1. Шүүгдэгч Д.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би өглөө ............-д байрлах нэг айлд гал тогооны тавцан хийгээд 16:30 цагийн үед тэндээс хөдөлсөн. Би гэрлэн дохион дээр зорчих хэсгийн 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү шилжээд 40-50 км/цагийн хурдтай явж байтал гэнэт машины баруун талаас түс хийсэн чимээ гарсан. Юу болов гээд сандралдаад 60 метрийн зайтай очиж зогсоод хартал нэг хүн хэвтэж байсан. Би цагдаагийн алба хаагч болон түргэн тусламж дуудсан...Зам хөдөлгөөнтэй, утаатай байсан бөгөөд ойр орчим сайн харагдахгүй байсан...4 улирлын дугуй гэж тавьж байсан...Талийгаачийг эгц урдаас харах боломжтой байсан...Талийгаач толинд цохигдоод савахдаа баруун талын булангийн шилэнд оногдсон, тээврийн хэрэгслийн толь, баруун талын шил хагарсан байсан...Би маш их харамсаж байна...Би талийгаачийн ар гэрийн хүмүүст 5.500.000 төгрөг төлсөн...Би 2006 онд жолооч болсон, нийт 11 жил тээврийн хэрэгсэл жолоодож байна...Би саадыг хараагүй...Надтай хамт зорчиж явсан зорчигчдын хоёр нь урд, нэг нь арын суудалд сууж явсан ба бүгд сэрүүн байсан, замд учирсан саадыг мэдэх боломжтой байсан...Би ойрын гэрэлтэй явж байсан...Би ямар нэгэн саад хараагүй, харсан бол хурдаа хасаж, зогсох арга хэмжээ авах ёстой байсан...Би 2 дугаар эгнээ рүү шилжих гээд зүүн талын толинд хараад явж байсан...Утаатай байсан...Зам хуурай байсан...Би шүүх хуралдаанаас өмнө үлдэгдэл хохирлыг өгөх гэж байсан боловч боломж байгаагүй. 6 сарын дотроо багтааж төлж барагдуулна...Би юмыг харахгүй болтлоо гэрлийн гялбаанд ороогүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би осол болсон газар дээр нь очиж үзсэн. Миний хүү явган хүний замаар явж байгаад мөргүүлсэн байна. Би гомдолтой байна, хэрэг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр болсон ба хэрэг болсноос хойш Д.А болоод түүний ар гэрийнхэн нь ирж уулзаагүй. 21 хоногийн дараа ирж уулзаад намайг бодоорой, миний амьдрал ахуй хэцүү шүү гэж хэлээд байсан. Түүнээс хойш нэг ч удаа яриагүй. Би оршуулгын зардалд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн ба нийт 5.500.000 төгрөг авсан. Миний хүүхдээс ялгаа юу байхав, зөөлөн хандъя гэж бодсон боловч надтай холбоо бариагүй, уучлалт гуйгаагүй. Хавтаст хэрэгт 4.200.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, баримтаар гардаггүй буяны ажлуудыг хийлгэсэн...Миний хүү явган хүний замын хашлага дагаж явж байгаад мөргүүлсэн гэж бодож байна. Би 4.500.000 төгрөгийг нэхэмжилж байна...Шүүгдэгчийн цаашдын амьдралыг нь бодож хорихгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Шинжээч Б.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Явган зорчигч урдаасаа хойшоо зам хөндлөн гараад дуусаж байгаа ба жолооч 1 дүгээр эгнээгээр явж байсан учир явган зорчигчийг харах үүрэгтэй байсан...Би хавтаст хэргийн материалтай танилцсан. Хавтаст хэрэгт авагдсан схем зураг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргийг үндэслэсэн.../Шүүгдэгч гэрлийн гялбаанд орж, юм хараагүй юм бол Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дугаар зүйлийг зөрчсөн гэх таны дүгнэлт үгүйсгэгдэхгүй юу/ Би энэ тал дээр дүрмийн 15.1 дүгээр зүйлийг давхар тавьсан байгаа...Замын орчны ерөнхий байдлыг харуулсан фото зураг байгаа...Жолооч өөрөө замд учирсан саадыг мэдэрч, хурдаа хасаж, зогсох арга хэмжээ авах хэрэгтэй...Замд ямар нэгэн тоормосны мөр байхгүй учраас мэдэх боломжгүй...Асуулт тус бүрд үндэслэлийг заах шаардлагагүй, асуусан асуултын хүрээнд хариулт өгнө...Явган зорчигч гарцтай хэсгээр зам хөндлөн гарна гэсэн заалт байдаг. Хэрэв үзэгдэх хүрээнд замын гарц байхгүй бол сайн харагдах хэсгээр хоёр талаа нягтлаад зам гарна гэсэн заалтыг үндэслээд дүгнэлтээ гаргасан...Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлтүүдээр дүгнэлтээ гаргадаг...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

4. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-13/

             5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.../А.Э/ Миний төрсөн хүүхэд байгаа юм...Гэр бүл, үр хүүхэд гэж байхгүй. Надтай хамт амьдардаг байсан. Талийгаачийн элэг өрөвсөлтэй байсан. Архаг хууч өвчин гэж байхгүй байсан...2017 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 11 цагийн орчимд ганцаараа Хайлааст, 7-н буудал орчихоод ирнэ гэж хэлээд гэрээс гарч явсан. Гэрээс гарч явахдаа эрүүл саруул байсан. Талийгаач архи, тамхи хэрэглэдэггүй. Цагаан канттай хөх куртик, хар ноосон малгай, канттай хөх өмд, хагас түрийтэй үдээстэй хүрэн гутал, бор ноосон цамцтай явсан...Би талийгаачийн осолд орсон газарт явж очиж харсан. Замынхаа хойд талд 500 орчим метрийн зайтай байдаг. Манай хүү автобусанд суугаад явахдаа замынхаа урд, хойд талын автобусын буудал дээр буугаад гэртээ хүрээд ирдэг байсан. Тухайн орой замынхаа урд талын автобусны буудал дээр буугаад урдаасаа хойшоогоо зам хөндлөн гарч явахад нь машин мөргөж амь насыг хохироосон байсан...бид нар шүүх эмнэлэг орж талийгаачийг харсан...Ажил явдал болсоны дараа жолооч болон жолоочийн ар гэрийнхэнтэй уулзсан. Жолоочоос оршуулгын зардалд мөнгө төгрөг өгөөгүй...Гомдолтой байна. Оршуулгын гарсан зардлаа нэхэмжилнэ. Оршуулгын баримтыг хэрэгт хавсаргасан. Миний хувьд уян хатан байх гэж бодож байна. Гэхдээ үрээ алдсандаа харамсаж л байна даа. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/

            6. Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 10-11 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутагт байрлах .......-д байдаг нэг айлд ажлын газрынхаа Д.А, Д.Б, Ж.Б ах нарын хамт очиж гал тогооны чулуун хавтан хийчихээд орой 18 цаг өнгөрч байхад ажлын газрынхаа ........ дугаартай ...... маркийн автомашинд суугаад ....-д байрлах үйлдвэртээ очихоор явсан. Машиныг Д.А жолоодоод жолоочийн хажуу талд Д.Б, Ж.Б ах хоёр суугаад би арын сандалд сууж явсан. Ингээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ явж байхад гэнэт машин дайвалзаад явсан би доошоогоо хараад машин зам руу харж яваагүй болохоор юу болсныг мэдээгүй, хараагүй. Тэгээд машин зогсоод бид нар буухад Д.А хойшоогоо гүйгээд явчихаар нь бид араас нь яваад очиход замын хойд талд шороон хэсэг төмөр хашлаганы урд хэсэгт доошоогоо харсан байдалтай нэг хүн хэвтэж байгаа харагдсан. Д.А, Ж.Б ах нар гар утсаа гаргачихсан байсан. Эхлээд цагдаа ирсэн. Дараа нь түргэн ирсэн. Түргэн 20-25 орчим минутын дараа ирээд доошоо хараад хэвтэж байсан хүнийг дээш нь харуулж үзчихээд нас барсан байна гэж хэлсэн...Д.А болон бид нар архи уугаагүй эрүүл явсан...Зам хуурай байсан. Гадаа үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Замын хажуу талын гэрэлтүүлэг асаж байсан. Замаар машины хөдөлгөөн их байсан...Хэр хурдтай явсаныг мэдэхгүй байна. Би хойд талд багажаа янзлаад явж байсан...Тоормос гишгэсэн эсэхийг мэдэхгүй байна...Яг осол болсон газарт явган хүний гарч байгаагүй. Урд талд нь автобусны буудал байсан. Осол болсон газраас баруун тийшээгээ явган хүний гарцтай автобусны буудал байсан...Бид нарыг машинаас буугаад харахад машины баруун талын толь хугарчихсан, урд салхины шилний доод хэсэгт хагарчихсан байсан. Машин замын 1 дүгээр эгнээнд манай машины толины хагархай, толь, бусад хуванцар эд зүйл хагарсан байдалтай уначихсан байсан...Гадаа хүйтэн байсан...Машинд том ачаа бараа байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71/

            7. Иргэний хариуцагч Х.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Зөвшөөрөлтэй жолоодож явсан. Би тухайн өдөр хамт яваагүй.......-д нэг айлд очиж ажил хийчихээд буцаад ажил руугаа ирж явах замдаа хүн мөргөсөн байсан...Машинд эвдрэл гэмтэл учирсан гэхдээ машиндаа үнэлгээ хийлгэхгүй. Надад машинтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...Байгууллагаас талийгаачийн ар гэрийнхэнд  өгөхөөр 1.100.000 төгрөг бэлнээр авч Д.А-д өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82/

            8. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№02/-ний дүгнэлт:

                        -Талийгаач Э-н цогцост дагз ясны том нүх тойрсон шаантагласан салсан хугарал, 2 тал бөмбөлгийн чамархай, дагз, бага тархины орой хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, цээж хэвлийн хөндий дахь цус, 2 талын уушгинд цус хуралт, няцрал, баруун уушигны угийн урагдал, 2 талын олон хавирганы хугарал, элэгний няцрал, баруун бөөрний өөхөн эдэд цус хуралт, баруун бөөрний эдэд няцрал, баруун шаант тахилзуур ясны далд хугарал, зүүн дунд чөмөг ясны далд хугарал, баруун мөрний үений мултрал, духанд шарх, зулгаралт, хамар, зүүн хацар, эрүү, 2 тохой, зүүн бугуй, 2 сарвуу, баруун шуу, баруун шилбэнд зулгаралт, зүүн гуянд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Талийгаач дээрх гавал тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

                        -Талийгаач О/I/ бүлгийн цустай байна.

                        -Нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ.

                        -Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

                        -Баруун тохойн зулгаралтаас бусад гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 86-88/

            9. Замын цагдаагийн албаны шинжээчийн №18 дугаартай дүгнэлт:

                        -....... маркийн ..... улсын дугаартай автомашины жолооч Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 15.1 “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна а/ замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

                        -Явган зорчигч А.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 112/

            10. Яллагдагч Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн орчимд ......-д нэг айлд очиж гал тогооны чулуун тавцан суурилуулж өгөөд орой 18 цагийн орчимд ......-аас хөдлөөд явсан. Би байгууллагын эзэмшлийн ...... улсын дугаартай ...... маркийн автомашиныг жолоодоод хамт ажилладаг Б.Т, Д.Б, Ж.Б нарын хамт явсан. Миний хажуу талд буюу жолоочийн хажуу талд Д.Б, Ж.Б хоёр суугаад ард Б.Т сууж явсан. Машины жолооны хүрд зүүн гар талдаа байдаг. Би ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ Яармагийн замаар явж байгаад 2 дугаар эгнээнд гэрэл дохион дээр улаан гэрэл асахаар нь зогссон. Тэгээд гэрэл солигдохоор нь хөдлөөд 1 дүгээр эгнээнд ороод 40-50 орчим км/цагийн хурдтай явж байхад миний баруун гар талаас машины баруун урд хэсэгт түс хийгээд нэг юм мөргөх шиг болсон. Би машиныхаа тоормосыг гишгээгүй шууд зүүн гар тийшээгээ жолоогоо дараад 3 дугаар эгнээнд ороод 70 орчим метр газар яваад 3 дугаар эгнээнд ертөнцийн зүгээр баруун зүг рүү харж зогссон. Тэгээд машинаасаа буугаад замынхаа хойд талд гараад түс хийсэн газраа явж очиход замын хажуу талын төмөр хашааны урд хэсэгт буюу замынхаа хойд талд шороон хэсэг дээр нэг эрэгтэй хүн доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд 102, 103 луу утсаараа дуудлага өгсөн. Түргэн 10 орчим минутын дараа ирээд доошоо хараад унасан байсан хүнийг дээш нь харуулж үзээд нас барсан байна гээд явсан. Дараа нь цагдаа ирсэн...Замаар машины  хөдөлгөөн дунд зэрэг байсан. Зам хуурай байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Би эсрэг урсгалд явсан машины гэрэл гялбаанд орсон. Би ойрын гэрэлтэй явсан. Замын хажуу талын гэрэлтүүлэг асаж байсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Ажил үүргээ гүйцэтгэж явсан. Яаруу яваагүй. Ажил руугаа явж байсан...Явган зорчигч хаанаас гарч ирсэнийг хараагүй. Гэнэт л машины баруун урд хэсэгт түс хийгээд л явсан...Тоормос гишгээгүй. Хурдаа хасаагүй...Машины баруун талын толь хугарсан, багана хонхойсон, салхины шил хагарсан...Машин бүрэн бүтэн байсан. 2017 оны 3 дугаар сард оношлогоонд оруулсан...осол болсон газраас баруун тийшээгээ 70 орчим метрийн зайтай явган хүний гарц, автобусны буудал байсан...Жолооны үнэмлэхтэй, ВС ангилалтай. 11 жил автомашин жолоодож байна...Би машин жолоодож явсан...3.500.000 төгрөг өгсөн...Оршуулгын зардлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 120-121/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.А нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№02/-ний дүгнэлт, замын цагдаагийн албаны шинжээчийн №18 дугаартай дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Шүүгдэгч Д.А-н үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

             Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Д.А нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны оройн 18 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, тус дүүргийн Цагдаагийн ..... дугаар хэлтсийн урд замд “....” ХХК-ийн эзэмшлийн ..... маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад эсрэг урсгалд явсан тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд орохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 15.1-д заасан “...Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хойноосоо урагш чиглэлтэй зам хөндлөн гараад дуусч байсан явган зорчигч А.Э-г мөргөж гавал тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтэл учруулан амь насыг нь хохироосон болох нь шүүдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...машины баруун урд хэсэгт түс хийгээд нэг юм мөргөх шиг болсон...70 орчим метр газар яваад...зогссон...Би эсрэг урсгалд явсан машины гэрэл гялбаанд орсон...Явган зорчигч хаанаас гарч ирснийг хараагүй. Гэнэт л машины баруун урд хэсэгт түс хийгээд л явсан...Тоормос гишгээгүй. Хурдаа хасаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 120-121/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-13/, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №02 тоот дүгнэлт /хх-ийн 86-88/, замын цагдаагийн албаны шинжээчийн №18 дугаартай дүгнэлт /хх-ийн 112/ зэргээр хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Д.А-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.А-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Д.Амартогтохын жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоовол зохино.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд 5.500.000 төгрөг төлж барагдуулсан ба үлдсэн 4.500.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би оршуулгын зардалд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн ба нийт 5.500.000 төгрөг авсан...Би 4.500.000 төгрөгийг нэхэмжилж байна...Шүүгдэгчийн цаашдын амьдралыг нь бодож хорихгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг, түүний хувийн байдал /... настай, “........” ХХК-д угсрагч, суурилуулагч ажилтай,.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Д.А-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зохимжтой гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Д.А-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл болох шүүгдэгчийн төлбөл зохих буюу нөхөн төлөхөө илэрхийлсэн 4.500.000 төгрөгийг шүүгдэгч Д.А нь хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Д.Д-д 2018 оны 7 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулах талаараа шүүх хуралдаанд бичгээр баталгаа гаргасан болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “...Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй...” гэж заасны дагуу шүүгдэгч Д.А-с 4.500.000 төгрөгийг гаргуулж, Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, ........-н ...... тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж овогт Д.Д-д олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Д.А-н ..... ангиллын ....... тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр заалаа.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С овогт Д.А-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С овогт Д.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Д.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-с 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, ......-н ....... тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж овогт Д.Д-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Д.А-н .... ангиллын ....... тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Д.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Д.А-д сануулсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР