Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/038 

 

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүгч Т.Ганчимэг, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунболд нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2414000000061 дүгээр хэргийг 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ....... тоотод оршин суудаг,

Урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, ******* овогт *******гийн *******, ******* регистрийн дугаартай,

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 05-ны шөнийн 02 цаг 45 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******ыг “чи манай авгайг хүмүүстэй явалдуулсан, юу гэсэн ч яадаг юм” гэх зэргээр хэл амаар өдөж улмаар түүний нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөж, хохирогчийг мөргүүлсний улмаас тонгойх үед нь уруул, ам хэсэг рүү өвдгөөрөө нэг удаа цохиж биед уруулд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хоёр /2/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин суух газар болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох буюу тухайн нутаг дэвсгэрээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******гаас 132.000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож,

Хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж... тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд надад оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү хэмээн хүсэж байна.

Миний хувьд ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг хүүхдүүд маань 5-14 настай бөгөөд би тогтмол Баянхонгор аймагт байх боломжгүй тус аймгийн “*******” ХХК-д жолооч ажилтай тул Улаанбаатар болон аймгийн хөдөө сум руу явж тараалд хийдэг сүлжээтэй, сүлжээгүй газраар тогтмол явдаг хэрэв Баянхонгор аймгаас гарч чадахгүй болбол намайг ажлаас чөлөөлөх нөхцөл байдал үүсээд байна.

Мөн эхнэр маань Эрдэм ахлах сургуульд үйлчлэгч хийдэг цалин багатай манайх өндөр зээлтэй би ар гэрээ тэжээн тэтгэж, зээлээ төлдөг тул миний буруугаас болж манай гэр бүлийн амьдрал ахуй нуран унах болоод байна.

Би цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж торгох шийтгэл оногдуулбал итгэл алдахгүй гэр бүл үр хүүхдийнхээ өмнө хариуцлагатай байж чадахаа илэрхийлж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******д анхан шатны шүүхээс 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хор уршиг, хувийн байдалд тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 02 цаг 45 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******ыг үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, түүний нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөж, уруул, ам хэсэг рүү өвдгөөрөө нэг удаа цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хавтаст хэргийн 17-18, 21-22 дугаар талд авагдсан “...******* бид 2 үлдээд үлдсэн пиво хувааж уусан бөгөөд ууж байх үедээ ******* нь надаас хэрүүл өдөөд байсан. Тухайн үед юу гэж хэлж байсан талаар би одоо санахгүй байна, тэгээд хэрүүл өдөөд байхаар нь манай дүү Банзрагч намайг аваад *******гийн гэрээс гараад хашаа руу орж явтал ******* миний араас ирээд миний хөмсөг хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн би доошоо тонгойсон чинь миний уруул, ам хэсэг рүү 1 удаа өвдгөөрөө цохьчихсон. Тэгээд Банзрагч болон манай эхнэр Саранцэцэг нар салгасан. Миний уруул сэтэрсэн, баруун хөмсөг хавдсан үүнээс өөр гэмтэл учраагүй... Одоогоор миний бие өвдөж байгаа зүйл байхгүй. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багт багийн эмнэлэгт хэвтсэн тухайн үеийн эм, тарианы мөнгийг гаргуулж авмаар байна. Одоо надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 32-33 дугаар талд авагдсан “...******* нь манай нөхөр ******* руу үг өдөөд чи манай авгайг хүмүүстэй явалдуулсан, юу гэсэн ч яадаг юм гэж хэлээд хэрүүл өдөөд байснаа босож ирээд манай нөхөр *******тай барилцаж аваад байсан. Тэгээд гэрээс гараад Пүрэвбаярыг Банзрагч аваад гэр лүүгээ оруулах гээд манай хашаа руу ороод алхаж байх үед ******* манай нөхөр Пүрэвбаярын араас нь очоод толгой хэсэг рүү мөргөөд тэгээд өвдөглөөд цохисон. Тэгээд хэрүүл маргаан болоод хэл амаар доромжлоод л байсан..” гэх гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 38-39 дүгээр талд авагдсан “...нөхөр ******* нь хажуу талын хашааны хүн *******ыг 1 удаа толгойгоороо нүүр хэсэг рүү нь мөргөөд, дараа нь өвдгөөрөө нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон зүйл болсон...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 54-55 дугаар талд авагдсан “...Би 102 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Санал нийлж байгаа. Би хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна...” гэх шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 43-44 дүгээр талд авагдсан “*******ын биед уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно, мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болох шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102 дугаартай дүгнэлт  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.  

Прокуророос шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч *******гаас “... анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 д зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял ногдуулсныг өөрчилж хөнгөн ялаар сольж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 02 цаг 45 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******ыг үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, түүний нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөж, уруул, ам хэсэг рүү өвдгөөрөө нэг удаа цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан нь шүүгдэгчийн хууль бус үйлдлээс шалтгаалсан, үйлдэл, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******д ял шийтгэл ногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 д заасан ялын сонгох төрлүүдээс “Зорчих эрхийг хязгаарлах” ялыг сонгон хэрэглэсэн шалтгаан үндэслэлээ тодорхой хэмжээнд тайлбарласан ч энэ үндэслэлүүдэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцогдоогүй.

Харин шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа “..учруулсан хохирлыг төлсөн..”...гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгчээс давж заалдах шатны шүүх хуралдаанд ******* дистрибюшн ХХК-нд түгээлтийн жолоочийн ажил эрхэлж, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлдөг тухай 2023 он, 2024 оны эхний 4 сарын лавлагаа, бага насны 3 хүүхдийн эцэг болох тухай төрсний гэрчилгээ зэргийг нотлох баримтаар гаргасныг шүүх ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, түүнийг тогтмол мөнгөн орлоготой, торгуулийн ял биелэгдэх боломжтой гэж үнэлж шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн хүнд төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэснийг хөнгөрүүлэн түүнд найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүх торгох ялыг ногдуулахдаа гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэх бөгөөд торгох ял нь ялтны зөвхөн материаллаг эрх ашгийг хөнддөг тул эрүүгийн хариуцлагын зорилго болох цээрлүүлэх шинжээрээ харьцангуй хөнгөн ялд тооцогдох учир давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс ногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, торгох ял ногдуулах боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч *******гийн “..анхан шатны шүүхээс ногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх..” агуулгаар бичсэн давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г хоёр /2/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  шийтгэсүгэй..” гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г “..найман зуун нэгжтэй / 800 /тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй..” гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******гийн зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин суух газар болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох буюу тухайн нутаг дэвсгэрээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай..гэж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй... гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай... гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ

ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ

Ш.БАТТОГТОХ