| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00390/И |
| Дугаар | 304/ШШ2025/00356 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 304/ШШ2025/00356
| 2025 06 24 | 304/ШШ2025/00356 |
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б****** аймгийн Х******* сумын ** дугаар багт оршин суух Б******* овогт Н*******гийн Б******* /иргэний бүртгэлийн дугаар:*******/-ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Н.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Би Завхан аймгийн Баянтэс суманд мал маллаж байсан. Би 4 жилийн өмнө өндөр насны тэтгэвэрт орох байсныг мэдээгүй байсан. Завхан аймгийн Баянтэс суманд 1981 оны 01 дүгээр сараас 1984 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Өндөр насны тэтгэвэрт орох гэж шүүхэд хандсан. 1984 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цэрэгт явсан. Өмнө ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байсан. 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж байгаа. Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сараас 1984 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-1982 он, 1987 он, 1988 он, 1989 он, 1990 онуудын цалингийн карт,
- Н.Б*******ид Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлээс олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар,
-Н.Б*******ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Н.Б*******ийн хүсэлтээр Н.Б*******, М.Д******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1, Хаягийн хуудас №07 маягтууд,
-Хүн ам, орон сууцны 1989 оны Үндэсний төв архивын лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.Б*******ийн шүүхэд гаргасан Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сараас 1984 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
2.Хүсэлт гаргагч Н.Б*******ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор гаргасан Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сараас 1984 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Н.Б*******ийн Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд ажиллаж цалин авч байсан 1982 он, 1987 он, 1988 он, 1989 он, 1990 он-уудын цалингийн карт, 70 дугаар данс,
-Н.Б*******ид Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлээс олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбарын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гарган ирүүлсэн аймаг-Завхан, сум-Баянтэс, РД:ИБ66022011, Н*******, Б*******, иргэний баримтын нэр-паспорт, сери-ЗА, №999272, төрсөн аймаг-Завхан, сум-Баянтэс, он, сар, өдөр:1966.02.20, эрэгтэй, яс үндэс-халх, нийгмийн бүлэг-хоршоолсон ард, байнга оршин суудаг бригад-Баяндооно бригад, хөдөөд сууж эхэлсэн он: 1966, гэр бүлийн байдал-гэрлээгүй, боловсролын төвшин-бага, он-1978, ажилладаг байгууллага-Дэлгэрэх-Амьдрал нэгдэл, Баяндооно бригад, ажилд орсон он-1982, эрхэлдэг ажил-хоньчин, эрхэлж эхэлсэн он-1982, оршдог сум, район-Баянтэс, цэргийн алба-хаасан, эцэг-Ц*******ийн Н*******, эх-Б*******ийн Ц гэсэн ХААТР-1 маягт,
-Н*******гийн Б*******ид 1984 оны 02 дугаар сарын 15-ны өдөр олгосон Хаягийн хуудас №07 баримтад хаана ямар ажилтай гэсэн хэсэгт Завхан аймгийн Баянтэс сумын Баяндооно бригадад малчин гэж бүртгэгдсэн,
-Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын 559 дүгээр хуудсанд ... Завхан аймгийн Баянтэс суманд оршин суугч, Н*******гийн Б*******, тэргүүлэгч өөрөө, 22 настай, эрэгтэй, Бажгаа Дүүрэнбилэг, эхнэр, 22 настай, эмэгтэй ... гэж бүртгэгдсэн Үндэсний төв архивын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 03-01/4541 тоот лавлагаа зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Н.Б*******ийн: Би 1985 оноос эхлэн Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж эхлээд өнөөдрийг хүртэл насаараа мал маллан амьдарч байна. Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэл татан буугдах хүртэл нэгдэлд малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарснаас хойш хувиараа мал маллаж эхлээд одоог хүртэл мал маллан амьдарч байгаа. Н.Б******* нь 1981 оноос эхлэн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд ээжтэйгээ хамт малчнаар ажилладаг байсан. Сургуульд сураагүй. Н.Б******* нь Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд хүүхэд байхаасаа эхлэн ээжтэйгээ хамт мал малладаг байсан. Н.Б******* 1994 онд 3 жилийн цэргийн албанд татагдаад албаа хааж ирсэн. Цэргээс халагдаж ирээд шууд ээжтэйгээ хамт мал маллан амьдарсан ба одоог хүртэл малаа маллан амьдарч байгаа гэх,
Гэрч М.Д*******гийн: Би 1978 оноос 1986 оныг хүртэл Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар ажилладаг байсан. 1986 онд цэргийн албанд татагдаж цэрэгт явах хүртлээ ажилласан. Н.Б******* нь 1978 оноос эхлэн 1984 оныг хүртэл надтай нэг нэгдэлд буюу Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд мал маллаж байсан. Тэгээд 1984 онд цэргийн албанд татагдаад цэрэгт явсан. Бид 2 сургуульд яваагүй. Малын бэлчээрт хонио хариулаад таардаг байсан. Мал маллаж өссөн хүүхдүүд байгаа юм. Н.Б******* тухайн үед ээж, дүү нартайгаа хамт мал маллаж амьдардаг байсан гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3.Иймд Н.Б*******ийн Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сараас 1984 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
5.Хүсэлт гаргагч Н.Б******* нь Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2004 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус тус олгосон Нийгмийн даатгалын дэвтрүүдийг нотариатаар гэрчлүүлэн нотлох баримтаар ирүүлсэн ба энэ нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн шаардлагад хамааралгүй нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б******* овогт Н*******гийн Б*******ийн Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сараас 1984 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА