| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/03654/И |
| Дугаар | 191/ШШ2025/05224 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/05224
| 2025 06 09 | 191/ШШ2025/05224 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С дүүрэг, ******** тоотод байрлах, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Н ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Нэхэмжлэгч талын эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай байгууллага Н ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63.000.000 төгрөг гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгэхээр хариуцагч Н ХХК-ийн С дүүрэг, ******** тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч тус хаягт үйл ажиллагаа явуулдаггүй болох нь С дүүргийн ******** тоот уг хаягт бүртгэлгүй гэх тэмдэглэгээ бүхий тодорхойлолт, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Хуяглан хүргэх, албадан ирүүлэх тасгийн цагдаагийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Илтгэх хуудас зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсоноор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ******** тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч Н ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа хаяг тодорхойгүй байх тул Н ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/Ш32025/12459 тоот шүүгчийн захирамж, Д хот дахь Спорт цогцолбор барилгад хаалга нийлүүлж, угсрах ажлын гэрээ зэргийг ирүүлжээ /хх 3-7, 12-14/
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хүсэлтийг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т ХХК нь Н ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Нэг талаас Т ХХК, нөгөө талаас Н ХХК нар тохиролцож 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
3.Дээрх гэрээнд Нэмбар ХХК-ийн оршин байрлах хаягийг С дүүрэг, ******** тоот гэж тэмдэглэжээ.
4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШЗ2025/12459 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч С дүүрэг, ******** тоот хаягт бүртгэлгүй бөгөөд үйл ажиллагаа явуулдаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
5.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д Улсын бүртгэлийн байгууллага холбогдох хууль тогтоомжоор хориглосноос бусад мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ гэж, мөн зүйлийн 8.7-д цахим хуудсанд байршуулсан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын албан ёсны мэдээлэл гэж үзнэ гэж, түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д цахим мэдээллийн сан дахь мэдээлэл цаасан эх хувьтай адил байна. гэж тус тус заасан.
Шүүх бүртгэх байгууллагын албан ёсны цахим хуудсаар нийтэд мэдээлсэн http://opendata.burtgel.gov.mn цахим сайт дах хуулийн этгээдийн бүртгэлээс үзвэл Н ХХК /РД:********/-ийн албан ёсны бүртгэлтэй хаяг Б дүүрэг, ******** тоот, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд О.Н байна. Дээрх хаягийн дагуу 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд шуудангийн байгууллагаас хаяг алдаатай гэж тэмдэглэн мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.
6.Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох О.Н 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж, Н ХХК нь Д аймгийн ******** ажил эрхэлж байгаад одоо зогссон. Н ХХК-ийн захирал О.Н миний гэрийн хаяг Б дүүрэг, ******** тоот, холбоо барих утас: ******** талаар тодорхойлж, өөрийн иргэний үнэмлэх болон компанийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэргийг ирүүлжээ.
Иймд Н ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн оршин суугаа хаяг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул одоогоор эрэн сурвалжлуулах шаардлага үүсээгүй гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Нэхэмжлэгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Н ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай Т ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ