| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2021/00368/И |
| Дугаар | 210/МА2021/01648 |
| Огноо | 2021-11-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2021/01648
| 2021 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 210/МА2021/01648 |
ххххххх-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/02589 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч ххххххх-нэхэмжлэлтэй хариуцагч хххххх-т холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 51 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг цуцалж, 128 731 750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ххххххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагч хххххх-т, хариуцагчийн өмгөөлөгч Н.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгчххххххшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би хххххх-той 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, алт угаах зориулалттай скруббер-1 төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт 55 000 000 төгрөгөөр худалдсан ба гэрээний дагуу угсарч хүлээлгэн өгсөн. Уг төхөөрөмжийн урьдчилгаа 5 000 000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өгөхөөр тохирсон боловч хариуцагч 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өгсөн. Үлдэгдэл 50 000 000 төгрөгийг мөн сарын 30-ны өдөр төлж дуусах байсан боловч үүргээ гүйцэтгээгүй. Иймд хариуцагчаас 50 000 000 төгрөгийг хугацаа хэтэрсэн 10 хоногийн алданги 1 500 000 төгрөгийн хамт нийт 51 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч хххххх-т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ххххххх нь худалдах-худалдан авах гэрээнд заасан скруббер 1 төхөөрөмжийг иж бүрдлээр нь бүрдүүлж ажиллуулж хүлээлгэж өгнө гэж заасан үүргээ биелүүлээгүй. хххххххгийн хүү Б.Б болон түүний найз н.Огоо гэх хүний хамтаар Төв аймгийн Заамар сумын Баянголын ам гэдэг газраас скрубберыг зөөвөрлөн хүргэсэн. Скрубберыг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс угсарч эхэлсэн боловч 10 хоногийн дараа Б.Б нуруу өвдсөн гэх шалтгаанаар Улаанбаатар хот уу явсан. Түүний найз н.Огоо гэх хүн cap орчим оролдсон боловч төхөөрөмжийг ажиллуулж чадаагүй ба наадам боллоо гэж хэлээд төхөөрөмжийг бүрэн угсарч ажиллуулалгүй орхиод явсан. Наадмын дараа Б.Б ирээд 5 000 000 төгрөг өгчих, долоо хоногийн дараа ирж скрубберийг авья гэж явсан боловч дахин ирээгүй. Би, аргаа бараад нэхэмжлэгч хххххххгийн утас руу залгахад Б.Б-г амралтанд явсан, ирэхээр нь бид нар очно гэсэн. Энэ хугацаанд бид скрубберийг тээвэрлэж авчрах, скрубберийн суурь засах, ажилчдын сул зогсолтын хугацааны цалин, хоол хүнс, шатахуун, байрны зардал болон олох ёстой байсан ашиг зэргээр маш их хохирсон. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч хххххх-т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би ажлаа сул зогсолтгүй байж, илүү зардал гаргахгүй гэж төлөвлөн дээрх алт угаах төхөөрөмж буюу скрубберийг худалдаж авсан. Гэтэл нэхэмжлэгч ххххххх нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул уг төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглаагүй чадалгүй, ихээхэн хэмжээний алдагдалд орсон.
2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хххххххд гэрээ цуцлах тухай мэдэгдсэн. Гэтэл тэрээр ямар нэгэн хариу өгөөгүй. Би үйл ажиллагаа явуулж чадахгүй, 45 хоног сул зогсолт хийсэн. Энэ хугацаанд техникийн түрээсийн төлбөр, ажилчдын цалин, хоол хүнс болон харуул хамгаалалтад их хэмжээний мөнгийг төлсөн. Мөн скрубберийн суурь засахад их хэмжээний шороо овоолж тэгшлэх ажлыг хийсэн. Түүнчлэн скруббер ажиллуулахад шаардлагатай сэлбэгийн зардлыг төлсөн.
Сул зогсолтын хугацаанд экскаваторын түрээс 23 900 000 төгрөг, Хово машины түрээсэнд 44 780 000 төгрөг, түлш 13 145 000 төгрөг, цалин 15 225 000 төгрөг, хүнс 1 261 750 төгрөг, скрубберийн сэлбэг болон бусад зардалд 5 640 000 төгрөг, хххххххд урьдчилгаанд төлсөн 5 000 000 төгрөг, нийт 128 731 750 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэгч хххххххтай байгуулсан худалдах-худалдан авах гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгө болон учирсан хохиролд 128 731 750 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ххххххх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Худалдах-худалдан авах гэрээний дагуу скруббер төхөөрөмжийг миний хүү Б.Бнь Төв аймгийн Заамар суманд угсраад шалган хүлээлгэж өгөөд хотод буцаж ирсэн. Үүний дараа хариуцагч хххххх-т нь өөрийн фэйсбүүкийн Цолмон Цоом гэсэн чатаар Б.Б-тай удаа дараа холбогдсон. Тухайлбал, скруббер төхөөрөмжийг хүлээлгэж өгөөд ирснээс хойш 7 хоногийн дараа хариуцагч хххххх-т ажил эхэлсэн гэх бичлэгийг явуулсан, мөн төхөөрөмж усаа шахаад хэвийн ажиллаж байгаа тухай 18 секунтын бичлэгийг явуулсныг үзлэг хийж баталгаажуулсан. Түүнчлэн фэйсбүүк чатаар ...гол руу жаахан дөхүүлэхгүй бол голын усны шахалт тааруу байна, гол руу жаахан ойртуулахгүй бол... гэсэн ярианаас үзвэл худалдсан зүйл доголдолтой гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
Хариуцагчаас чанар муу бараа худалдсан, гэрээг цуцлах тухай огт ярьж байгаагүй, харин төлбөр төлөх хугацаагаа хойшлуулсаар эхний төлөлтөө мөн оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.Б данс руу 5 000 000 төгрөг шилжүүлж, үлдсэн төлбөрийг төлөөгүй. Хариуцагчийн тайлбарлаад байгаа шиг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр буюу 3 сарын дараа эд хөрөнгийн доголдлын улмаас гэрээг цуцлах, бас сөрөг нэхэмжлэлд дурдагдсан зүйлийн талаар ярилцсан зүйл байдаггүй. Намайг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч хххххх-тоос гэрээ цуцалж байна, тиймээс багажаа авна уу гэсэн мэдэгдэл өгсөн. Хариуцагчийн зүгээс өнгөрсөн 3 сарын хугацаанд ямар нэгэн байдлаар шаардлага тавьж байгаагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн хариуцагч хххххх-тоос 51 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч хххххххд олгож, хариуцагч хххххх-тын гаргасан нэхэмжлэгч хххххххд холбогдох худалдах-худалдан авах гэрээг цуцалж, 128 731 750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415 450 төгрөг, хариуцагчийн төлсөн 801 610 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 415 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Буянжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. 1.Зээлээр худалдах-худалдан авах гэрээ биш гэж дүгнэсэн тухайд: Талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, хуульд зааснаар гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангасан тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээнд хүү тогтоох эсэхийг талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, сайн дурын үндсэн дээр байхаар зохицуулсан байхад зээлээр худалдах-худалдан авах гэрээнд заавал хүү тогтоох шаардлагагүй юм. Гэтэл анхан шатны шүүх "эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ нэмэгдээгүй" тул зээлээр худалдах-худалдан авах гэрээ биш гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
2.Худалдагч тал эд хөрөнгийг хүлээлгэсэн гэж дүгнэсэн тухайд: Худалдах-худалдан авах гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь скруббер-1 төхөөрөмжийг иж бүрдлээр нь бүрдүүлж ажиллуулж хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Түүний хүү Б.Б найзын хамтаар уг төхөөрөмжийг угсарсан боловч бүрэн угсарч хүлээлгэж өгөөгүй. Шүүхэд Б.Б өгсөн гэрчийн мэдүүлэгт "би угсарч байгаад хот руу явсан, тэр үед Цолмон-Очир Заамар суманд байсан, би уулзаагүй, утсаар ярьсан, ...н.Огоо гэдэг хүн нь үлдээд цахилгааны монтаж хийсэн, ...Улаанбаатар хотоос сэлбэг авч явуулсан" гзх, Цолмон-байна, насос со-ль, ...галын хошуу хийгээд үз дээ зэрэг тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв байдлаар үнэлээгүй.
3.Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийг баримталсан нь үндэслэлгүй тухайд. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дах хэсэгт гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр зохицуулсан. Шүүхээс нэхэмжлэгчийг уг тоног төхөөрөмжийг иж бүрнээр, ажиллуулж хүлээлгэж өгөх үүргээ биелүүлсэн уу гэдэгт зөв дүгнэлт хийгээгүй. Алт угаах боломжтой юу, эсхүл дундаас доошгүй чанартай эд хөрөнгө худалдсан гэж нэхэмжлэгч өөрөө нотлоогүй байхад шүүх хийсвэрээр дүгнэх нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон.
4.Хариуцагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан
тухайд. Анхан шатны шүүх өмнөх дүгнэлтүүдээрээ доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн байна гэх атлаа энэ хэсэгт хариуцагч гомдлын шаардлага гаргах эрхээ алдах тухай хуулийн зохицуулалтыг иш татсан нь ойлгомжгүй байна. Ажиллуулж хүлээлгэж өгөөгүй байхад хүлээн авах үедээ доголдлыг шалгаагүй тэж байгаа нь үндэслэлгүй юм. Нэгэнт зохих ёсоор хүлээлгэж өгөөгүй төхөөрөмж нь зориулалтын дагуу ашиглаж болохгүй байгааг 2020 оны 6 сарын 10-нд Б.Б-д мэдэгдсэн байдаг.
5.Гэрээнээс зохих ёсоор татгалзаагүй тухайд: Нэхэмжлэгч ххххххх эд хөрөнгийн доголдлын талаар ямар ч арга хэмжээ аваагүй тул хариуцагчийн зүгээс гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс "та нар нохойны хоолоо хүртэл хохиролд тооцсон байна" гэж уурлаад уг мэдэгдлийг урж хаясан гэдэг үйл баримтыг, тодруулбал гэрээнээс татгалзах тухай санал хүлээн авч байсан болохоо хүлээн зевшөөрсөн байдаг. Шүүхээс талуудын хүсэл зоригийн илэрхийллийн тухай дүгнэлт хийгээгүй.
6.Алдангийн тухайд: Хариуцагч хххххх-тыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж буруутгах үндэслэл дээрх дурдсан үндэслэлээр няцагдаж байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасан анз тооцогдохгүй. Хариуцагч гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг өгсөн болох нь гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсгийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч ххххххх нь хариуцагч хххххх-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 51 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ... тоног төхөөрөмжийг угсарч, ажиллуулж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас хохирол учирсан, ... гэрээнээс татгалзсан тухайгаа мэдэгдсэн, ... тоног төхөөрөмжийг ажиллуулахад зардал гарсан ... гэх үндэслэл заан эс зөвшөөрч, гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн хөрөнгө, учирсан хохиролд 128 731 750 төгрөг гаргуулахаар сөргөөр нэхэмжилжээ.
Талууд 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч ххххххх нь алт угаах зориулалт бүхий Скруббер-1 маркийн тоног төхөөрөмжийг иж бүрдлээр нь бүрдүүлж, ажиллуулж хүлээлгэн өгөх, худалдан авагч хххххх-т тоног төхөөрөмжийн үнэ 55 000 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, үлдэх 50 000 000 төгрөгийг мөн оны 8 дугаар сарын 30-ны өдөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-4 тт/
Анхан шатны шүүх дээрх гэрээ, зохигчдын тайлбарыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. Учир нь зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний нэг төрлийн хувьд уг гэрээний үндсэн шинжийг агуулдаг. Гэхдээ хуулийн 263 дугаар зүйлд зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, гэрээнд заавал тусгах нөхцлүүдийг тусгайлан зааж өгчээ.
Талуудын байгуулсан гэрээнд худалдан авч буй хөрөнгийн үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон боловч хүү төлөх тохиролцоо байхгүй тул тэдгээрийн гэрээнд ердийн худалдах-худалдан авах гэрээний зохицуулалт үйлчилнэ. Иймд хуулийг буруу тайлбарласан гэх хариуцагч талын гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр учир хэн аль нь нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Талууд худалдсан алт угаах тоног төхөөрөмжийг гэрээгээр тохиролцсоны дагуу хүлээлгэн өгсөн эсэх, уг гэрээний зүйл догодолтой байсан эсэх талаар маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг худалдсан хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсгийн заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
Хэрэгт гэрч Б.Б мэдүүлэг, хариуцагч хххххх-т, гэрч Б.Б нарын хооронд харилцсан захиаг шүүхийн журмаар үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэл авагдсан байна.
Шүүх гэрчид хууль сануулж мэдүүлэг авсан байх ба гэрч нь алт угаах тоног төхөөрөмжийг ажиллуулж, хүлээлгэж өгсөн талаар мэдүүлэг өгснийг хариуцагч үгүйсгэж, няцаагаагүй, мөн нэхэмжлэгчээс тоног төхөөрөмжийг хүлээж аваагүй, тоног төхөөрөмжийг алт угаах зориулалтаар ашиглах боломжгүй, ажиллахгүй байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журамд нийцсэн.
Мөн үзлэгийн тэмдэглэлд бичигдсэн талуудын харилцаанаас үзвэл тухайн тоног төхөөрөмжийн хувьд даралт бага байна гэх агуулга тусгагдсан байгаа нь тухайн худалдсан эд зүйлийг бүхэлд нь ашиглах боломжгүй буюу доголдолтой гэсэн дүгнэлт хийх үндэслэл болохгүй.
Нөгөөтэйгүүр, хариуцагч нь хуучин алт угаах тоног төхөөрөмж худалдан авахаар сонгосон, нэхэмжлэгч тал хариуцагчид тоног төхөөрөмжийг шилжүүлэн өгсөн байх тул нэхэмжлэгчийг худалдах-худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Дээрхээс дүгнээд нэхэмжлэгчийг худалдсан эд зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн, хариуцагч нь худалдан авсан хөрөнгийн үнийг төлөх үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй, үүний улмаас гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг болон уг үнийн дүнгээс алданги тооцон шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч ххххххх-нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журам зөрчөөгүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийн заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч хххххх-т нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээнээс татгалзсан гэх үндэслэлээр гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, учирсан хохирлын хамт нийт 128 731 750 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Тэрээр үндэслэлээ ... тоног төхөөрөмжийг угсарч, ажиллуулж хүлээлгэж өгөөгүйгээс алт угаах ажиллагаа 45 хоног сул зогссон, .... үүний улмаас их зардал гарч, хохирсон гэж тайлбарлажээ.
Хариуцагч нь .. наадмын дараа Б.Б-г ирэхэд нь гэрээнээс татгалзсан гэдгээ мэдэгдсэн ... гэх боловч 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэрээний үнэд 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн болох нь хэргийн 9 дэх талд авагдсан ХААН банкны депозит дансны хуулгаар нотлогдсон, энэ талаар зохигчид маргаангүй.
Хэрэгт 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөр огноолсон гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл нотлох баримтаар авагдсан байна. Уг мэдэгдлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэдгийг хариуцагч нотлох үүрэгтэй, уг үйл баримтыг нотолсон баримтгүй тул хариуцагчийг гэрээнээс татгалзаж буй талаар нэхэмжлэгч талд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2, 219 дүгээр зүйлийн 219. 2 дах хэсэгт заасан журмын дагуу зохих ёсоор мэдэгдсэн гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч хххххххгийн худалдсан эд хөрөнгө доголдолтой байсан гэх нөхцөлийг хариуцагч нотолж чадаагүй талаар дээр дүгнэсэн.
Анхан шатны шүүх, талуудын худалдах-худалдан авах гэрээний зүйл нь доголдолтой гэдэг нь тогтоогдоогүй учир гэрээ цуцлах шаардлагагүй, хариуцагч нь гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болон гэрээ цуцалснаас учирсан хохирлын хамт шаардах эрхгүй гэж дүгнэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дах хэсгийн заасныг зөв хэрэглэжээ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/02589 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 217 060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ч.ЦЭНД