Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 86

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор:  Я.Дина,               

       Шүүгдэгч: Д.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогтой Д-ийн П-д холбогдох эрүүгийн 1835001460092 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1959 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, хүргэн, охин, 2 зээгийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 28-р хороо Хужирбулан гудамж пишек 7 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны ЭХТА-ийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсгүүдэд зааснаар торгох ял шийтгүүлж байсан,  РД:ОЭ59060478, Б ургийн овогтой Д-ийн П.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.П нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт хохирогч Я.Ц-ийн зүүн гарны тус газарт шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  1. Шүүгдэгч Д.П-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

                  Шүүгдэгч Д.П нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт хохирогч Я.Ц-ийн зүүн гарыг архины  шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,

                   хохирогч Я.Ц-ийн: “Би П гэдэг хүнийг танихгүй. Манайх Улаангом сумын 12-р баг “Буянт” хороололд байдаг ба би нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Би 2018 оны 04 дүгээр сарын 14-ний орой нөхөр З-ын хамт гэрээс машинаараа гараад нөхрийн төрсөн ах О-ийн гэрт очсон. Бид 2-ыг тэднийхээс гарахад О ахын эхнэр Ц эгч бид хоёрыг хашааны гадна гаргаж өгөөд зогсож байтал нэг такси ирж зогсоод нэг танихгүй эрэгтэй хүн буугаад О ахын хашаа руу чиглээд ирсэн. Тэгтэл Ц эгч тэр хүнийг таниад нөхөр нь өвчтэй байхад согтуу хүн оруулахгүй гээд тэр хүнийг бид нартай хамт явуулахаар болсон. Тэгээд тэр хүнийг манай машинд суулгахаар нилээн ноцолдож байж арай хийж манай машинд суулгасан. Тэр хүнийг манай машины арын суудал дээр суулгасан бөгөөд би урд талд жолоочийн хажуугийн суудал дээр, харин манай нөхөр З жолоо бариад явж байтал Улаангом сумын 10-р багийн нутагт байх таксины буудлын хажууд явж байтал гэнэт шил хагарах чимээ гарахаар нь би нөгөө хүн З-ыг архины шилээр цохилоо гэдгийг нь мэдээд нөхөртөө “Машинаа зогсоо” гэж хэлтэл манай нөхөр машинаа зогсоохоор нь би машинаас бууж зүүн гар талын хойд хаалга онгойлоод нөгөө залууг буулгах гэтэл миний урдаас хөлөөрөө жийгээд түлхээд байсан. Тэгэхээр нь би урагшаа нөгөө хүн рүү зүтгэсээр байж мөрнөөс нь татахад архины хагархай шилээр миний гар луу 2 удаа цохих шиг болсон. Тэгээд машинаас буулгах гэтэл нөгөө залуу машинаас бууж өгөхгүй болохоор нь нөхөр бид хоёр цагдаа дээр ирж нөгөө залууг цагдаад хүлээлгэн өгсөн. Цагдаагийн газарт ирэхэд миний гарнаас юм урсаад байх шиг байхаар нь өмсөж явсан куртикаа тайлахад миний зүүн гарны шуу хэсэгт арьс нь язарч зүсэгдсэн байсан ба түүнээс цус гарч байхаар нь эмнэлэг дээр очиж шархандаа 5 оёдол тавиулсан юм. Миний зүүн гарны шуу хэсгээр хөндлөн хэлбэртэй зүсэгдэж түүнд 5 оёдол тавьсан. Өөр миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Д.П гэх хүнийг би урьд өмнө нь харж байгаагүй, танихгүй хүн юм. Тэр хүн манай машинд суучихаад надад “Чамд 5000 төгрөг өгсөн буцаалтаа авъя” гэхээр нь би тэр хүнд “Би танаас мөнгө аваагүй. Харин таныг очно гэсэн айлд тань хүргэж өгөх гэж байна” гэж хэлсэн. Түүнээс болж уурлаад ийм асуудал хийсэн байх. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа. П нь надаас уучлалт гуйж бид хоёр хоорондоо эвлэрсэн. П-аас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

                  гэрч Г.З-ын “Өнөөдөр орой буюу 2018 оны 04 дүгээр сарын 14-ний орой эхнэр Ц-ийн хамт машинаараа төрсөн ах О-ны гэрт очсон. Манай ахынх “Улиасны хэв”-д байдаг бөгөөд ахын бие муу байгаа учир эхнэр бид хоёр ахыг эргэхээр 21 цаг өнгөрч байхад гэрт нь очсон юм. О ахын гэрт орчоод байж байгаад явахаар болж гэрээс нь гарахад О ахын эхнэр Ц эгч бид хоёрыг хашааны гадна гаргаж өгөөд зогсож байтал нэг такси ирээд таксинаас танихгүй эрэгтэй хүн буугаад ирсэн. Тэгтэл Ц эгч тэр хүнийг таниад нөхөр нь өвчтэй байхад согтуу хүн оруулахгүй гээд тэр хүнийг бид нартай явуулахаар болоод тэр хүнийг манай машинд суулгахаар нэлээн удаан ноцолдож байж арай хийж машины арын суудал дээр суулгасан. Миний эхнэр Ц урд талд жолоочийн хажуугийн суудал дээр, харин би жолоо бариад явж байтал манай эхнэр тэр П гэх залууг “Буу” гэж хэлсэн. Тэгтэл түүнээс болж тэр залуу уурлаад авч явсан архины шилээрээ миний толгой руу цохиход архины шил нь хагарсан. Тэгэхээр нь би машинаа зогсооход манай эхнэр машинаас бууж зүүн гар талын хойд талын хаалгаар очиж хаалга онгойлгоод нөгөө залууг буулгах гэж ноцолдтол тэр залуу манай эхнэрийг хөлөөрөө жийгээд гарлуу нь архины хагархай шилээр цохиод байсан. Тэр П гэгч залуу буухгүй болохоор нь цагдаа дээр авч ирээд цагдаа нарт хүлээлгэж өгсөн. Тэгээд эхнэрийн гарыг үзэхэд зүүн гарных нь шуу хэсгээр шил орж зүсэгдсэн байдалтай байхаар нь эмнэлэг дээр очиж тухайн шарханд оёдол тавиулахад 5 оёдол тавьсан юм. Манай эхнэрийг зодсон П гэх хүнийг урьд өмнө нь зүс таньдаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,                        

                   шүүгдэгч Д.П-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тэр өдөр дэлгүүрээс сүү, арц, архи аваад аав, ээжийнхээ амьдарч байсан хашаанд очоод сүү өргөөд, арцаа уугиулаад, архиа задлаад дээж өргөсөн. Тэгээд сууж байгаад гэнэт архи уумаар санагдаад ганцаараа дээж өргөхөөр авч очсон “Ерөөл” нэртэй архийг бүгдийг нь уучихсан юм. Тэгээд тэнд хэсэг сууж байгаад зам уруу гарч такси бариад Улаангомд ирэхдээ очдог байсан О гэдэг найзынхаа гэр лүү очихоор шийдээд нэг дэлгүүрээс 1 шил 500 граммын “Их Монгол” нэртэй архи аваад таксигаар Улаангом сумын 6-р баг “Улиасны хэв”-д байх О-ын гадна очиж зогссон юм. Би таксинд явж байхдаа жолоочид нь 5000 төгрөг өгөөд хариултаа авсан эсэхээ мартчихсан юм. Тэгээд О-ын гэрлүү орох гэхэд эхнэр нь урдаас гарч ирээд намайг гэрлүүгээ оруулахгүй “Манай нөхөр хүнд өвчтэй байгаа. Та дараа ир” гэж надад хэлэхээр нь би “Орно” гэхэд намайг хүчээр шахуу нэг машинд суулгасан. Тухайн үед би нилээн согтуу байсан учир ямар машинд сууснаа санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд нэг машины ард суучихсан явсан ба урагш харахад нэг залуу машин барьчихсан хажууд нь нэг эмэгтэй сууж байхаар нь би таксины мөнгөнд өгсөн 5000 төгрөгийн буцаалтаа авна гээд хэлтэл урд сууж байсан эмэгтэй “Би танаас мөнгө аваагүй” гээд түүнээс болж маргалдсан. Тэгээд би авч явсан архитай шилээрээ жолооч залуугийн толгой руу цохиход архины шил хагарч дотор нь байсан архи асгарч шил нь хэдэн хэсэг болсон. Тэр үед  нөгөө залуу машинаа зогсоогоод эхнэр нь урдаас бууж ирээд миний сууж байсан талын хаалгаар хүрч ирээд намайг буулгах гэхэд нь би буухгүй гээд нөгөө эмэгтэйг хөлөөрөө түлхсэн ба тэр эмэгтэй намайг буулгах гээд гараараа татахад нь би архины шилний толгойн хэсгээр буюу хагарсан хэсгээр нь тэр эмэгтэйн гар луу 2 удаа цохисон. Тэгээд нөгөө эмэгтэйтэй маргалдаж байгаад ухаан балартсан бөгөөд нэг сэрэхэд цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хоносон байсан юм. Сүүлд нөгөө машинд сууж явсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй уулзахад миний найз О-ын төрсөн дүү болон түүний эхнэр байсан ба намайг О-ын гэрийн гаднаас миний байсан айлд хүргэж өгөхөөр намайг машиндаа суулгаж явж байхад нь би таксинд өгсөн буцаалт мөнгөө нэхээд түүнээс болж маргалдаад З-ын толгойруу архитай шилээр цохиж, эхнэрийнх нь гарыг шилээр зүсэж 5 оёдол тавиулсан гэдгээ мэдсэн. Би замаас барьсан таксиныхаа жолоочид 5000 төгрөг өгөөд түүнийхээ буцаалтыг аваагүй гэж бодоод тэр хоёрыг таксины жолоочтой андуурч маргалдаад Ц, З нарын биед гэмтэл учруулсан юм. Тухайн үед би нилээн соггсон учир миний ухаан орж гараад байсан. Ц бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би Ц-ээс уучлалт гуйж бид хоёр эвлэрч, Ц надад гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн. Ц надаас эмчилгээний зардалд 50.000 төгрөг авсан ба би хохирлыг нь төлсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,

                   Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №274 дугаартай: “Үзүүлэгч Я.Ц-ийн биед гэмтэл учирсан байна. Зүүн шуунд зүсэгдсэн шарх гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Гэмтлийн зэрэгт нөлөөлөх өөр ямар нэгэн гэмтэл байхгүй байна. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 21/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.                                 

                 Шүүгдэгч Д.П-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Я.Ц-ийн биед зүүн гарын шуунд зүсэгдсэн шарх гэмтэл  учирсан, уг гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаардаг болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Д.П-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.                 

                  2. Шүүгдэгч Д.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

                  Шүүгдэгч Д.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

                  Шүүгдэгч Д.П нь Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 28-р хороо Хужирбулан гудамж пишек 7 тоотод охин, хүргэн, 2 зээгийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь гэрчүүдийн мэдүүлэг, оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна.                 

                  Шүүгдэгч Д.П-ын зан байдлын талаар гэрч Т.Т-ын “Би П-ыг танина. Миний нөхөр Д-ийн төрсөн ах нь юм. П нь үг дуу цөөтэй, хүнтэй харицах харьцаа тааруухан, зожиг зантай, муу зуршлын хувьд тамхи татдаг, архи согтууруулах ундааг хааяа хэрэглэдэг хүн юм. П эхээс зургуулаа айлын 2 дахь хүүхэд юм. П нь М гэдэг ганц охинтой бөгөөд охин нь хотод байдаг. П охинынхоо гэрт байдаг ба охин нь нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. П-ын охин М Улаанбаатар хотод гоо сайханы салоны захирал ажилтай, харин хүргэн нь том машинтай бөгөөд ачаа тээвэрлэдэг гэсэн. П өвөлд нутагтаа ирж хөдөө ах дүү нараараа явж хөлсөөр мал  малладаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17/, 

                  гэрч П.Ц-ын “П нь миний ээжийн талын хамаатан юм. П нь муу зуршлын хувьд тамхи татдаг, хааяа архи согтууруулах ундаа хэрэглэдэг. П эхээс 6-уулаа бөгөөд айлын 2 дахь хүүхэд юм. П нь М гэх ганц охинтой, охиныхоо гэрт амьдардаг юм. П нь өвөлд нутагтаа ирж ах, дүү нараараа явж хөлсөөр мал малладаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 18/ хэрэгт авагджээ.

                  Шүүгдэгч Д.П нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны ЭХТА-ийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсгүүдэд зааснаар торгох ял шийтгүүлж байсан талаар шийтгэх тогтоол, ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.             

                  Шүүгдэгч Д.П-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Я.Ц-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Я.Ц нь шүүгдэгч Д.П-аас нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн, түүнчлэн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр цагдаагийн газарт нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй талаар хүсэлт /нотариатаар гэрчлүүлсэн/ гаргасан, хохирогч Я.Ц-ийн дансанд хохирол 50.000 төгрөг шилжүүлсэн талаар Хаан банкны Орлогын мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв. 

                  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Д.П нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагч торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв. 

                  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                  Шүүгдэгч Д.П энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.П-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шилний хагархай хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.            

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                   1. Шүүгдэгч Б ургийн овогтой Д-ийн П-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгч Д.П-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шилний хагархай хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            5. Шүүгдэгч Д.П энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.П-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                       ДАРГАЛАГЧ,

                                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН