Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/039   

 

 

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүгч Т.Ганчимэг, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******,

Хохирогч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2414000000084 дүгээр хэргийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, .......... тоотод оршин суудаг, ******* овогт *******гийн *******, ******* регистрийн дугаартай,

Шүүгдэгч ******* нь 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 26-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “” нэртэй караокены гадна зүүн урд талд өөрийнх нь биед халдсан шалтгаанаар *******ийн нүүр хэсэгт гараараа халдсаны улмаас түүний эрүүл мэндэд гайморын хөндийн цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж,

Хохирогч ******* нь эмчилгээ хийлгэсэн болон цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******оос 3,363,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

... Би 2024 оны 02 сарын 25-ны шөнө 01 цагийн үед Од караокены гадна зодооныг салгах гэснийхээ төлөө *******т зодуулснаас болж нүд аяганаасаа бүлтрэн гарч нүдний суурь яснууд , хацрын яс хугарсан гэмтэл авсан. Эмнэлгээр олон хоног явсны дараа УНТЭмнэлэгт 2024 оны 03 сарын 27 ны өдөр хэвтэж мэс засал хийлгэж шанааны ясаа хадуулсан. Одоо 6 сарын дараа 6 сая төгрөгөөр хадаасаа авахуулах болж байна. Хагалгаа хийлгэснээс хойш биеийн байдал сайжрахгүй байж байтал намайг гэнэт шүүх хуралд дуудаж оруулсан.

Цагдаа, прокурор , шүүхийн байгууллага миний хуульд заасан эрхийг зөрчсөн. Анх цагдаагийн байгууллага дээр очиж гомдол мэдүүлэхдээ өмгөөлөгч авна гэдгээ удаа дараа хэлж байсан. Миний гомдолтой холбоотой хэргийн материалтай би танилцаагүй, намайг дахин мэдүүлэг өгөх болон хохиролтой холбоотой нотлох баримтаа гаргаж өгөх боломжоор хангаагүй.

Би зодуулахаасаа өмнө Бөмбөгөр суманд улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанид ажилладаг сард 3,000,000 төгрөгөөр цалинжиж ажилладаг байсан. Одоо 6 сарын дараа дахин хагалгаанд орж хадаасаа авахуулна, хүнд юм өргөж болохгүй, ажлаа хийх боломжгүй, бие сэтгэл санааны хохирол арилаагүй байхад шүүх *******т хөнгөн ял оногдуулж ялаас чөлөөлсөнд маш их гомдолтой байна. Миний ажилладаг байсан компани 2024 оны 03 сарын 01 ний өдрөөс эхлэн ажилласан. Намайг эмч хүнд юм өргөж болохгүй гэсэн учир ажилдаа гарч чадаагүй учир одоогоор 2 сарын цалин 6,000,000 төгрөгийн цалингаа авч чадаагүй л байна.

Би 27 хон настайдаа ийм хагалгаанд орлоо. Дахин хагалгаанд орно цаашид нүүрний гоо сайхан яаж өөрчлөгдөх бол гэхээр үнэхээр сэтгэл гутарч байна.

Би шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож хохирол төлөгдөөгүй, гомдолтой байна гэж мэдүүлсэн байхад шийтгэх тогтоолд намайг шүүх хуралдаанд оролцсоноор миний нэрийг болон миний мэдүүлгийг огт бичээгүй байж шүүгдэгчийг шууд ялаас чөлөөлж байгаа нь миний шүүхэд итгэх итгэлийг төрүүлэхгүйд хүргэж байна.

Шүүх хурал дээр шүүгч нь прокуророос хохирогч гомдолтой, хохирол төлөгдөөгүй гэж хэлсэн байхад та яагаад мэдээгүй вэ гэж асууж байсан.

*******т холбогдох хэрэг мөрдөгч Амарбатад очсон үед би эмнэлэгт хагалгаа хийлгэж байсан. Тэр үед мөрдөгч над руу утсаар залгаад хохирол гомдол байгаа юу гэхэд нь би гомдолтой байна, хохирлын баримтаа өгнө, өмгөөлөгч авна гэхэд ийм хэрэг дээр өмгөөлөгч авах шаардлагагүй гэж байсан. Гэтэл намайг хохирол гомдолгүй гэсэн мэдүүлэг өгсөн байна гэдгийг шүүх хурал дээр мэдсэн. Би тийм мэдүүлэг өгөөгүй тэгээд хэргийн материалтай танилцаагүй болохоор ямар учиртай болохыг ч мэдэхгүй байна. Надад учирсан сэтгэл санааны хохирлын асуудлыг ч шалгаагүй байж надад төлөх төлбөргүй мэтээр шүүгдэгчийг ялаас чөлөөлсөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй тул хохирол төлбөргүй гэж үзсэн. Хэрэв хохиролтой холбоотой баримт өгвөл шүүгдэгчийн зүгээс төлөхөө илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхээс хохирол, төлбөргүй, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй хэвээр үлдээсэн.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл оролцогч болон прокурор гомдол гаргана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих тохиолдлуудыг тусгасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласан тохиолдол байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү..гэв.

Хохирогчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны болон үндэслэлтэй байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Хохирогч нь хацрын ясаа түүлгэсэн бөгөөд 6 сарын дараа хадаасаа авхуулна. Энэ нотлох баримтаа бүрдүүлээд иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэл гаргана. Хохирол, хор уршиг огт арилаагүй байхад хор уршиг арилсан гэж үзээд шүүгдэгчид хөнгөн ял оногдуулж байгааг өмгөөлөгчийн хувьд зөвшөөрөхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хохирол төлөгдсөн, хор уршиг арилсан байхыг шаарддаг. Энэ шаардлага бол ерөөсөө биелээгүй.

Гэтэл хохирол төлсөн гээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү..гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогч *******ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 26-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “” нэртэй караокены гадна өөрийнх нь биед халдсан шалтгаанаар *******ийн нүүр хэсэгт гараараа цохиж түүний эрүүл мэндэд гайморын хөндийн цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой доорх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хавтаст хэргийн 19 дүгээр талд авагдсан .. үл таних хоёр хүнтэй муудалцаад зодолдоод эхлэхээр нь би очиж салгасан. Намайг салгаж байхад караокед ажилладаг манай найз Отгонцэцэг намайг аваад караоке руу орох гээд алхаж байтал нэг үл таних залуу ирээд баруун гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. 2024 оны 03 сарын 06-ны өдөр нүдний хавдар бүрэн арилчихаар нь нүүрээ анзаарч үзтэл хацарын яс цөмөрсөн юм шиг болчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан..гэсэн хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 28 дугаар талд авагдсан .. 2024 оны 02 сарын 25-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад манай найз ******* өөрийн найз болох Даваадагва, бас нэг залуутай хамт манай караокед орж ирсэн. Тэгээд манай караокед байж байгаад 01 цагийн үед гараад явцгаасан. Би араас нь 10 орчим минутын дараа гарахад .. Мөнх-Эрдэнэтэй хамт явсан хоёр найз нь Буяндэлгэр, Бат-Эрдэнэ нартай зодоон хийгээд Мөнх-Эрдэнэ бас нэг танихгүй 2 хүн зодооныг салгах гээд бужигнаад байж байсан. Тэгэхээр нь би Мөнх-Эрдэнийг аваад ажил руугаа орох гээд явж байтал араас зодооныг нь салгах гээд байсан нэг том биетэй ах ирээд *******ийг баруун гараараа нүүр лүү нь нэг удаа алгадсан.. гэсэн гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

Хавтас хэргийн 51-52 дугаар талд авагдсан ...Би 2024 оны 02 сарын 25-26 нд шилжих шөнө болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгсөн. 2024 оны 03 сарын 13-ны өдөр гарсан Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний шинжээч эмчийн дүгнэлттэй санал нийлж байна. Мөнх-Эрдэнэ хүмүүстэй маргалдаад байж байхаар нь би салгах гээд очсон чинь намайг цохиод авсан тэгэхээр нь би нэг удаа алгадсан..гэсэн яллагдагч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 39-40 дүгээр талд авагдсан ..*******ийн биед гайморын хөндийн цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 160 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч  *******ыг  2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 26-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “” нэртэй караокены гадна өөрийнх нь биед халдсан шалтгаанаар *******ий нүүр хэсэгт гараараа цохиж түүний эрүүл мэндэд гайморын хөндийн цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт шүүхийн шийдвэрт талууд оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцэл гаргаж болно... гэсэн бөгөөд хохирогч *******ийн давж заалдах гомдлын агуулга нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй... гэх үндэслэлд хамаарч байх тул давж заалдах шатны шүүхээс гомдолд үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

Прокуророос шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Гэвч анхан шатны шүүх шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шийтгэх тогтоол  нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь:

1. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “..энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх…” гэсэн заалтыг хэрэглэхдээ хохирогч *******ийн хохирол төлбөр бүрэн төлөгдсөн эсэхэд дүгнэлт өгөхгүйгээр, иргэний нэхэмжлэл, хохирлын талаархи баримт гаргах, шаардах эрхийг хангалгүй шүүгдэгч *******ыг хэргийн учир төлөх төлбөргүй гэж дүгнэн, түүнд оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаар шүүгдэгч *******оос Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 3,363,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь дээрх дурдсан “..учруулсан хохирлоо нөхөн төлсөн..” гэх хуульд заасан шаардлага хангагдаагүй байхад шүүгдэгчийг ялаас чөлөөлсөн гэх үндэслэлд хамаарч байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т “...шүүгдэгчийг ял эдлэхээс чөлөөлсөн...” үндэслэлийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар заасан.

Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх болсон үндэслэлийг тайлбарлахдаа зөвхөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлийг дурдсанаас өөрөөр “хохирлоо нөхөн төлсөн” эсэхэд дүгнэлт хийгээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хохирогч *******ийн “... Шүүгдэгч ******* нь хохирол төлбөр төлөөгүй байхад шүүгдэгчийг ялаас чөлөөлж шийдвэрлэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ...” гэх агуулгаар бичсэн  гомдлыг  дээрх үндэслэлээр хүлээн авч  хангаж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан хэргийг анхан шатны шүүхэд очтол  шүүгдэгч  *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ 

ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ

Ш.БАТТОГТОХ