2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/05220

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 09

191/ШШ2025/05220

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******** тоотод оршин суух, Х овогт Д-ийн Б /РД: ********/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Д.Ч-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Нэхэмжлэгч талын эзгүйд хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Д.Б өөрийн нэг нутгийн хүн болох хариуцагч Д.Ч-тай түүний хөдөө орон нутагт инженерийн хийцтэй орчин үеийн тохилог орон сууц барих ажилд хөрөнгө оруулах хүсэлтийн дагуу 20.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар тохиролцож 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 0341 дугаартай зээлийн гэрээг тус тус байгуулсан. Д.Б нь зээлийн гэрээний дагуу 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 8.000.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 01-ны өдөр 1.300.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 5.800.000 төгрөг, нийт 15.100.000 төгрөгийг зээлийн гэрээнд заасан данс болох Д.Ч-ын охин н.Д-ийн Х банкны 5058393928 тоот дансанд тус тус шилжүүлж, үлдэгдэл 4.900.000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Д.Ч нь гэрээний дагуу нэг ч төгрөгийн эргэн төлөлтийг хийгээгүй тул түүнд холбогдуулан гэрээний үүрэгт нийт 30.000.000 төгрөгийг хариуцагч Д.Ч-аас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг зээлийн гэрээнд дурдсан хариуцагчийн оршин суух С дүүрэг, ******** тоот хаягийн харьяаллын шүүх болох Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан боловч тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 192/ШЗ2025/16392 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч Д.Ч-ын оршин суугаа хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 192/Ш32025/16392 дугаар шүүгчийн захирамж, мөнгөн шилжүүлгийн баримтууд, зээлийн гэрээ зэргийг ирүүлжээ. /хх 4-6, 11-13/

Шүүхийн журмаар: хур системийн лавлагаа, хаяг шалгасан мэдэгдэх хуудас зэргийг бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д. Б нь Д.Ч-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас Д.Б, нөгөө талаас Д.Чулуунбямба нар тохиролцож 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Дээрх гэрээ болон иргэний үнэмлэхийн хуулбарт түүний оршин суух хаягийг ******** тоот гэж тэмдэглэжээ.

4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 192/Ш32025/16392 дугаар шүүгчийн захирамжаар Д.Ч нь ******** тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

5.Шүүхээс бүртгэх байгууллагын Хур системээс гаргуулсан лавлагаагаар 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар түүний албан ёсны бүртгэлтэй хаяг ******** тоот буюу дээрх шүүгчийн захирамж дах хаягтай тохирч байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ч-ын оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б овогтой Д-ийн Ч /РД:********/-г эрэн сурвалжилсугай.

 

2.Д.Чба /бүртгэлтэй хаяг: ******** тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /төлөөлөгч Б.Н, утас: ********/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ