| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/03978/И |
| Дугаар | 191/ШШ2025/05219 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/05219
| 2025 06 09 | 191/ШШ2025/05219 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******** тоотод байрлах, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: М.Б-г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Нэхэмжлэгч талын эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн М.Б манай компанитай 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ******** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1.783.500 төгрөгийг сарын 2,79%-ийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зурагт худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлийн П ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч М.Б нь гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 9 дүгээр сарын 16-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2.327.768 төгрөг төлөхөөс 776.500 төлсөн ба 785 хоног хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлж барагдуулаагүй. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй нь тус дүүргийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ******** дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. М.Б-г бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, зээл авч байх үед бүртгүүлсэн хаяг дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна. Иймд хариуцагч М.Б-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, нотариатын төлбөр төлсөн баримт, 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ******** тоот барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Х ХХК 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдэл, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ********тоот шүүгчийн захирамж зэргийг ирүүлжээ. /3-18/
Шүүхийн журмаар: хур системийн лавлагааг бүрдүүлжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Х ХХК нь М.Б-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Нэг талаас Х ХХК, нөгөө талаас М.Б нар тохиролцож 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
3.Дээрх гэрээнд түүний оршин суух хаягийг ******** тоот гэж тэмдэглэжээ.
4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ********дугаар шүүгчийн захирамжаар М.Б С аймаг, ******** тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
5.Шүүхээс бүртгэх байгууллагын Хур системээс гаргуулсан лавлагаагаар 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар түүний албан ёсны бүртгэлтэй хаяг С аймаг, ******** тоот буюу дээрх шүүгчийн захирамж дах хаягтай тохирч байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Б-н оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Ө овогт М-ийн Б /РД:********/-г эрэн сурвалжилсугай.
2.М.Баасандалай /бүртгэлтэй хаяг: С******** тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /төлөөлөгч Х.Х, Ж.Э, Ж.Б, Т.Т, Г.Э, утас: ********, ********, ********/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ