Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/040

 

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүгч Т.Ганчимэг, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******;

Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч *******;

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/261 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор *******ын бичсэн эсэргүүцлээр *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2414000000039 дүгээр хэргийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, .......... багт оршин суудаг, ******* овогт *******ын ******* (Регистрийн дугаар:*******),

2. Монгол Улсын иргэн, ........ багт оршин суудаг, ******* овогт ийн (регистрийн дугаар: ),

Яллагдагч *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн ын 32 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч т 32,500,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар яллагдагч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2414000000039 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж... шийдвэрлэжээ.

Прокурор ******* тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

Яллагдагч *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн ын 32 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч т 32,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын хэсгийн төлөөлөгч Л.Эрдэнэбилэг нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг сунгуулах тухай мөрдөгчийн тогтоолд хэргийн газрын үзлэг хийсэн тухай бичсэн байх бөгөөд тухайн хэрэг дээр хэргийн газрын үзлэг хийгээгүй, хавтаст хэрэгт хэргийн газрын үзлэг хийсэн талаар баримт авагдаагүй байна.

Мөрдөгчийн хувьд өмнө бичсэн зүйлээ устгаагүй, хуулж тавьсан нь хэргийн газрын үзлэг хийсэн мэт ойлголт төрүүлэхээр байна.

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд үзлэг хийх, 23.3 дугаар зүйлд хэргийн газрын үзлэг хийх талаар хуульчилсан байна. Гэхдээ хэргийн газрын үзлэгийг заавал хийнэ гэж хуульчлаагүй байгааг анхаарах нь зүйтэй байна.

Яллагдагч *******, ******* нарын үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байх тул заавал дахин хэргийн газрын үзлэг хийх шаардлагагүй гэж прокурорын зүгээс үзэж байна.

Хэргийн газрын үзлэгийг дахин хийснээр хэргийн зүйлчлэл болон хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, хэргийн бодит байдалд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй тул хэргийн газрын үзлэг нөхөн хийх шаардлагагүй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэсэн зорилгод нийцэхгүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдсон байхад хэргийг мөрдөн байцаалтад буцааж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэхгүй байна гэж үзэхээр байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэл тогтоогдсон ба улсын яллагчаас гаргасан байр суурь, дүгнэлтийн талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/1261 дугаар шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь “Хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.. гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл шалгах 5 хоногийн хугацаанд мөрдөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа “Гомдол мэдээлэл шалгах хугацаа сунгах тогтоол” д хэргийн газрын үзлэг хийсэн гэж бичиж алдаа гаргасан.

Учир нь: хэргийн газрын үзлэг хийгээгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог.

Анхан шатны шүүхээс хэргийн газрын үзлэг хийсэн эсэхийг тодруулж мөрдөгчөөс тайлбар авахуулах зорилгоор хэргийг прокурорт буцаасан байдаг.

Прокурорын зүгээс хэргийн газрын үзлэг хийх шаардлагагүй гэж үзсэн. Учир нь: мал хулгайлах гэмт хэрэг гарсан нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд хэргийн газрын үзлэгийг хуульчилсан бөгөөд хэрэг гарсан газарт хэргийн газрын үзлэгийг хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, нотлогдсон байдлаас хамаарч хэргийн газрын үзлэг хийнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл заавал хэргийн газрын үзлэг хийх талаар хуульчлаагүй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/261 дүгээр захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй тул хүчингүй болгож өгнө үү гэв.

Яллагдагч нарын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Мал ачуулсан үйл баримтад маргах зүйл байхгүй. Энэ хэргийн зүйлчлэлд нөлөөлөх нөхцөл байдлыг тогтоож өгөөч гэж прокурорт хүсэлт гаргахад хангаагүй тул шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоолгох хүсэлт гаргасан.  Прокурорыг яллах болон цагаатгах талын нотлох баримтыг тэгш цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Прокурорын зүгээс хэрэгт ач холбогдол бүхий хэргийн газрын үзлэгийг заавал хийх албагүй гэж хуулийг буруу тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор хэргийн газрын үзлэг хийнэ гэж заасан байдаг.

Хэргийн газрын үзлэгээр хохирогчийн үхэр орхисон гэх газар нь үхэр ачуулсан гэх газраас хэр хол эсэхийг тодруулахад хэргийн газрын үзлэг ач холбогдолтой. Хэрэгт авагдсан баримтаар анхан шатны шүүгчийн захирамжид тодорхой тусгасан. Хэрэгт авагдсан баримтыг тодруулах нь зайлшгүй ач холбогдолтой.

Нэгэнт мөрдөгч хэргийн газрын үзлэг хийсэн гэсэн тогтоол гаргасан байхад таамаглалаар хандаж болохгүй. Хэргийн газрын үзлэг хийсэн гэх боловч тус баримт нь хэрэгт байхгүй тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах нь зүйтэй гэж үзсэн шүүхийн захирамж нь үндэслэлтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор *******ын бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Яллагдагч *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн ын 32 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч т 32,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас  яллагдагч *******, ******* нарыг бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн ын 32 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч т 32,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг  анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх  яллагдагч *******, ******* нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас “..хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй..”  гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг прокурорт буцаасан үндэслэлд “Яллагдагч *******, ******* нарт холбогдох хэрэгт хэргийн газрын үзлэг хийсэн ба гэмт хэрэг гарсан байдлыг тогтоох зорилгоор мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт авагдаагүй, уг үзлэг хийгдсэн талаар тодруулж хавтаст хэрэгт хийх шаардлагатай, энэ ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй”..гэж дүгнэсэн. /дүгнэжээ/

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Яллагдагч  *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн ын 32 тооны үхэр буюу олон тооны малыг машин, механизм ашиглан хулгайлсан гэх хэрэгт мөрдөгчөөс хэргийн газрын үзлэг явуулсан тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг авагдаагүй бөгөөд энэ нь нотолгооны хувьд хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхүйц ач холбогдолгүй, хэргийн газрын үзлэгийг хийсэн эсэхээс хамаарч хэргийн зүйлчлэл, гэм бурууг тогтооход ноцтой өөрчлөлт оруулахгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 д Мөрдөгч гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор орон байр, бусад газар, нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хэргийн газраар тогтоон үзлэг хийнэ.. гэснээс үзэхэд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох, илрүүлэх зорилгоор гэмт хэрэг үйлдэгдсэн газарт нотлох баримт, хэрэгт ач холбогдолтой гэх нөхцөл байдлыг тодруулах зэрэг үндэслэлээр хэргийн газрын үзлэгийг хийх тухай ойлголтыг тодорхойлсон.

Гэтэл энэ тохиолдолд хэргийн газрын үзлэгийг огт хийгээгүй бөгөөд шүүгдэгч нарыг цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн тухайн цаг хугацаанд илрүүлэн саатуулсан болох нь тогтоогдсон, хэрэгт авагдсан гэмт хэргийн тухай гомдол мэдээллийг шалгах хугацаа сунгах мөрдөгчийн тогтоол нь бичиг техникийн алдаатай бичигдсэн гэх нөхцөл байдлыг хяналтын прокуророос тайлбарлаж байгаа зэргээс дүгнэхэд хэргийн газрын үзлэгийг тухайн цаг хугацаанд хийсэн эсэх нь ач холбогдолгүй, энэ байдлыг нэмэлт мөрдөн байцаалтаар тодруулж, шалгах зайлшгүй шаардлага үүсээгүй байна.

Түүнчлэн яллагдагч нарын өмгөөлөгчөөс хэргийн газрын үзлэгийг нөхөн хийлгэх агуулга бүхий хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан мэт боловч энэ ажиллагааг нөхөн гүйцэтгэх нь нотолгооны хувьд хэрэгт ач холбогдолгүй байна.

Учир нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хамаарч гэмт хэргийн ул мөр арилах, бэхжүүлэх боломжгүй байдал үүссэн нь илэрхий, нөгөө талаар шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдсэн орчин нөхцөл, нотлох баримт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийн талаар маргаангүй зэрэг нөхцөл байдлыг дүгнэн шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх шаардлагагүй гэж үзэв.   

Нөгөө талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд “...2024 оны 01 сарын 10-ны өдөр яллагдагч гийн хөдөө гэрийн хажууд байх худаг дээр байсан 28 орчим тооны монголын үхрийг яллагдагч нар нь тууж, Эрдэнээ гэх айлын хаваржаанд хашсан гэх ..” үйл баримтын талаар яллагдагч нар мэдүүлсэн бол хохирогч нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Бөөнцагаан нуурын урд тал Зутгалан гэх газарт үхрүүдээ үлдээчхээд 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирэхэд үхрүүд нь байгаагүй талаар мэдүүлсэн байх тул нэр дурдагдсан газрын байршлуудыг хэргийн оролцогчдоос тодруулах газар нутгийн хоорондын зай, байршил, тухайн цаг хугацааны цаг агаарын байдал зэргийг лавлагаа, тодорхойлолт гаргаж өгөх замаар сэргээн тогтоох бүрэн боломжтой байна.

Иймд прокурорын “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдсон байхад хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэхгүй байна...” гэх агуулгаар бичсэн  эсэргүүцлийг  дээрх үндэслэлээр хүлээн авч,  анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/261 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ

ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ

Ш.БАТТОГТОХ