Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01690

 

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01690

 

                                   ТН СӨХ-ны нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/01982 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгчТН СӨХ-ны хариуцагч Г.Мд холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 788 360 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус СӨХ нь 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн СӨХ-нд бүртгүүлж, гэрчилгээ авснаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.18 147 дугаар зүйлийн 147.1, 147.2 дах хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дах хэсэгт заасны дагуу нийт сууц өмчлөгч нь нийтлэг үйлчилгээтэй холбоотой зардлыг цаг хугацаандаа төлнө. Тус СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит хурлын 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор СӨХ-ны хог 2800 төгрөг, лифт 4000 төгрөг, цэвэрлэгээ 3500 төгрөг, жижүүр 5000 төгрөг, баримт 150 төгрөг, засвар үйлчилгээ 1 м.кв 200 төгрөг, дундын гэрээ 1000 төгрөг байхаар баталгаажуулсан. Өмнө нь жижүүрийн төлбөрийг 10 000 төгрөгөөр тооцож байсныг 5000 төгрөг болгож бууруулсан. СӨХ нь байгуулагдсан цагаас эхлэн дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрийг СӨХ-ны дээд зөвлөлөөс 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр баталсан жишиг үнийг хамгийн доод хэмжээгээр тогтоож, оршин суугчдаас төлбөрийг авч байсан. Гэтэл ... тоотын өмчлөгч Г.М нь хуульд заасан СӨХ-ны засвар үйлчилгээний зардалд сар бүр төлөх ёстой төлбөрөө 2018 оны 7 дугаар сараас 2021 оны 2 дугаар сарыг хүртэл 32 сарын хугацааны 788 360 төгрөг төлөөгүй. Төлбөрөө төлөхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүйн улмаас СӨХ-ны үйл ажиллагаанд саад учирч татварын болон ус дулааны өр төлбөрийн дарамтанд орж, бусад сууц өмчлөгчид авах ёстой үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй байна. Иймд Г.Мгоос дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалтын зардалд 788 360 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Г.М СӨХ-ны төлбөрийг цаг тухайд нь төлж байсан. 2017 оны хавар хариуцагчийн автомашиныг зогсоол дээр байх үед чулуугаар зурж сэвтүүлсэн байсан. СӨХ-ны камер ажиллахгүй, харуул хайхрамжгүйгээс тодруулж чадалгүй 650 000 төгрөгийн хохирол учруулсан. СӨХ-ны төлбөрийн тарифийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бүх гишүүдийн хурал зарлагдсан боловч хурлын ирц хуульд заасан хувьд хүрээгүй байхад удирдах зөвлөлийн гишүүд хүчээр төлбөрийн тарифыг өсгөж тогтоосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

   Шүүх:  Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Мгоос 616.210 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчТН СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 172 150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 470 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Мгоос улсын тэмдэгтийн хураамжид 19 136 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчТН СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, бодит байдлаас үнэлээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах хүсэлтийг хүлээж аваагүй, өмгөөлүүлэх эрхийг эдлүүлээгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 НэхэмжлэгчТН СӨХ хариуцагч Г.Мд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 788 360 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Г.М .... хаягт байршилтай орон сууцны өмчлөгч ба тэрээр 2018 оны 7 дугаар сараас 2021 оны 2 дугаар сарыг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх6-9, 37-38/

Дээрх зардлыг төлөөгүй талаар хариуцагч маргадаггүй боловч “бүх гишүүдийн хурлын ирц хүрээгүй байхад удирдах зөвлөлийн гишүүд дур мэдэн төлбөрийн хэмжээг тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэг заасан журмын дагуу үнэлэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4, 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дах хэсэгт зааснаар орон сууцанд оршин суугаа өмчлөгч нь СӨХ-ны гишүүн байх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй байна.

СӨХ-ны 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын хэмжээг тогтоосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дах хэсэгт нийцэж байх ба уг хурлын ирц нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасан  шаардлагыг хангажээ. /хх58-63/

Тус хурлаар “... хог 2 800 төгрөг, лифт 4 000 төгрөг, цэвэрлэгээ 3 500 төгрөг, жижүүр 5 000 төгрөг, баримт 150 төгрөг, засвар үйлчилгээ 1 м.кв 200 төгрөг, дундын гэрэл 1 000 төгрөг ... буюу сард төлөх зардлын хэмжээг 24 030 төгрөг гэж тогтоосон байна. Нэхэмжлэгч нь Монгол Улсын Засгийн газраас нийт айл өрхийн цахилгаан эрчим хүч, хогны төлбөрөөс чөлөөлсөн тогтоолыг үндэслэн хариуцагчийн төлбөл зохих зардлаас хогны төлбөр 2 800 төгрөгийг хасч, 2021 оны 1 дүгээр сараас 21 230 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байна.

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын хэмжээг бүх гишүүдийн хурлаар 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тогтоосон гэх үндэслэлээр шүүх 2018 оны 12 дугаар сараас өмнөх хугацааны төлбөрийг нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн нь зөв.

Бүх гишүүдийн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд дундын гэрлийн төлбөрт 1 000 төгрөг авахаар тохиролцоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. /хх33-36/

Шүүх хариуцагчийн төлөх дүнгээс 2021 оны 1-2 сарын хогны төлбөр 5 600 төгрөгийг хасч, 1 м.кв талбайд 200 төгрөгөөр тооцон 7 580 төгрөг, лифт 4 000 төгрөг, цэвэрлэгээ 3 500 төгрөг, жижүүр 5 000 төгрөг, баримт 150 төгрөг, нийт 616 210 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Тус шүүх 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, талуудад хуульд заасан эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлан өгсөн. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг хангаж, хуралдааныг хойшлуулсан боловч өмгөөлөгчөө сонгоогүй, дахин энэ талаар хүсэлт гаргаагүй байна. Хэргийн оролцогч өөрөө эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хүлээн аваагүй, өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх10,17, 23/

Анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбатын нэрийг Ч.Ганбат гэж тэмдэглэсэн болохыг залруулж байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/01982 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх  хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 480 төгрөг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                 ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                    А.МӨНХЗУЛ