Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 304/ШШ2025/00351

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: Б***** аймаг, С******* сум, ** дугаар багт байрлах Б****** аймгийн С******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б***** аймаг, С******* сум, ** дугаар баг, З******* ******* гэх газар оршин суух, С******* овогт Г*******ийн Ц******* /ИБД:*******/-д холбогдох

 

Байгаль, экологид учирсан хохирол 11,179,150 төгрөг, шатахууны зардал 156,600 төгрөг, нийт 11,335,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Булган аймгийн С******* сумын Засаг дарга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Ц******* нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн С******* сумын 3 дугаар баг Баян******* гэх газарт идэш хийсэн малын сэвсэн дээр хүүхдийнхээ хувцсыг шатааж, тухайн хувцас бүрэн шатаж, цогшилт бүрэн унтарсан эсэхийг нягталж шалгалгүй орхигдуулсны улмаас 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 7 га газар гал түймэрт өртөж байгаль-экологид 2,235,830 төгрөгийн шууд хохирол, 11,179,150 төгрөг шууд бус хохирол учруулсан зөрчилд эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зуун тавин нэгжтэй тэнцэх буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. ... гэж заасан мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Г.Ц******* нь хүүхдийнхээ хувцсыг шатааж, тухайн хувцас бүрэн шатаж, цогшилт бүрэн унтарсан эсэхийг нягталж шалгалгүй орхигдуулсны улмаас Булган аймгийн С******* сумын 3 дугаар баг Баян******* гэх газрын 7 га газарт түймэр гарч төрд учруулсан гэм хорын хохирлоо хариуцан арилгах үүрэгтэй тул т*******ээс байгаль-экологид учирсан хохирол 11,179,150 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд, мөн ой, хээрийн түймрийг унтраахад гарсан шатахууны зардал 156,600 төгрөгийг гаргуулж Булган аймгийн С******* сумын засаг даргын газрын 100040900988 тоот дансанд тус тус төвлөрүүлж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ц******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С******* сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Булган аймгийн С******* сумын Засаг дарга нь хариуцагч Г.Ц*******д холбогдуулан байгаль, экологид учирсан хохирол 11,179,150 төгрөг, шатахууны зардал 156,600 төгрөг, нийт 11,335,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Ц******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад байгаль, экологид учирсан хохирол 11,179,150 төгрөг, шатахууны зардал 156,600 төгрөг, нийт 11,335,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Г.Ц*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Булган аймгийн С******* сумын Засаг даргын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Г.Ц*******гээс 98,161 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Булган аймгийн С******* сумын Засаг даргын нэхэмжилсэн байгаль, экологид учирсан хохирол 11,179,150 төгрөг, шатахууны зардал 156,600 төгрөг, нийт 11,335,750 /арван нэгэн сая гурван зуун гучин таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Ц******* хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Булган аймгийн С******* сумын Засаг даргын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Ц*******гээс 98,161 /ерэн найман мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Г.Ц******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА