| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00413/И |
| Дугаар | 304/ШШ2025/00348 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 304/ШШ2025/00348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б****** аймгийн Х******* сумын Ц******* А******* ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух Х******* овогт Н*******гийн Э*******ын хүсэлттэй
Хүсэлтийн шаардлага: Л.Ч*******ийг нас барсан гэж зарлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ж.Н*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.Э******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Л.Ч******* бид хоёр 2024 оны 05 сарын 02-ны өдрийн 15 цагийн үед Хялганат Тосгоны Сэлэнгэ мөрний гүүрний дэргэд хувийн авто машинтайгаа очоод Ч******* эхлээд машинаас буугаад гол руу яваад ус руу алхаад орчихсон. Би машинаасаа буугаад араас нь ирэхэд ус руу орж хэд алхаад усанд хөвөөд цаашаа урсаад яваад байсан бөгөөд би нэрээр нь дуудаад голыг дагаж гүйгээд гол руу орохоор шаварт хөл шигдээд байсан энэ хугацаанд хүмүүс цагдаа дуудсан бөгөөд би буцаж машин руугаа очоод гар утсаа аваад буцаад гүйгээд ирсэн чинь усан дээр хөвөж байснаа харагдахгүй болчихсон байсан. Л.Ч*******ийг усанд живсэнээс хойш хэсэг хугацааны дараа Хялганат Тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн салааны алба хаагчид ирж гол руу шумбасан ч олдоогүй. Энэ мэтээр 2024 оны 05 сарын 02-ны өдрөөс 2024 оны 05 сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд эрж хайсан ч олдоогүй. Нөхөр маань цэргийн хошууч цолтойгоор Зэвсэгт хүчний 234 дүгээр ангид Зураг төслийн инженерээр ажиллаж байсан учир цэргийн ангийнхан 2024 оны 05 сарын 02-ны өдрөөс хойш 21 хоног тасралтгүй эрж хайсан. Мөн хавар болж мөс гэссэнч голын эрэг дээр гарч ирээгүй. Иймд Л.Ч*******ийг нас барсанд тооцож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э******* нь Л.Ч*******той 2018 оноос хойш хамт амьдарсан. 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Булган аймгийн Х******* сумын Хялганат тосгонд Сэлэнгэ мөрөнд Н.Э*******, Л.Ч******* 2 очсон. Тухайн үед Н.Э******* машин барьж явсан. Машинаа хойш ухраачихаад эргээд хартал Л.Ч******* нь усанд хөвөөд явж байсан гэсэн. Түүнээс хойш эрэн хайгаад олдоогүй. Тиймээс Л.Ч*******ийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нас барсныг зарлаж өгнө үү гэв.
3.Хүсэлт гаргагчаас:
-Н.Э*******, Л.Ч******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар,
-Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Л.Ч*******ийг данс бүртгэлд авах тухай Б/107 тоот тушаал,
-Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Дэвшүүлэн томилох тухай Б/27 тоот тушаал,
-Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Ц******* танаа гэсэн 220 тоот тушаал,
-Булган аймгийн Х******* сумын Хялганат тосгоны захирагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/52 тоот тодорхойлолт,
-Булган аймгийн Онцгой байдлын газрын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 31/125 тоот тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.Э*******ын хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2.Хүсэлт гаргагч Н.Э******* нь Лхагвасүрэнгийн Ч*******ийг 2024 оны 05 дугаар сард нас барсан гэж зарлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээ бүрэн дэмжиж оролцсон.
3.Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т: Иргэн оршин суугаа газраасаа алга болсноос хойш таван жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон, эсхүл амь үрэгдэж болох нөхцөл байдалд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа бол сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх түүнийг нас барсан гэж зарлаж болно. гэж хуульчилсан.
4.Л.Ч******* нь Зэвсэгт хүчний 234 дүгээр ангид инженер техникийн албаны дарга-зам, гүүр, барилгын машин механизмын инженерээр ажилладаг байсан бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн үед Хялганат Тосгоны Сэлэнгэ мөрний усанд живсэнээс хойш 1 жилийн турш амьд эсэх нь мэдэгдэхгүй байгаа нь 23 хоног уснаас эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй /олдоогүй/ гэсэн Булган аймгийн Онцгой байдлын газрын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 31/125 тоот тодорхойлолт, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Л.Ч*******ийг данс бүртгэлд авах тухай Б/107 тоот тушаал, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Дэвшүүлэн томилох тухай Б/27 тоот тушаал, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Ц******* танаа гэсэн эрэн хайх бүлэгт томилогдсон цэргийн алба хаагчдыг хооллох хүнс, хуурай хэрэглэл, техникүүдэд шаардагдах ШТМ-аар зөвшөөрөл хүсэх агуулга бүхий 220 тоот тушаал, Булган аймгийн Х******* сумын Хялганат тосгоны захирагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Н.Э******* нь асан Л.Ч*******той 2022-2024 оны 05 дугаар сарын 02-ныг хүртэл Ц******* а******* хэсэгт хамт оршин суудаг байсан нь үнэн гэсэн 01/52 тоот тодорхойлолт, Л.Ч*******, Н.Эхжаргал нарын Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтууд болон хүсэлт гаргагч Н.Э*******ын шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5.Иймд Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар Л.Ч*******ийг эхнэр Н.Э*******ын хүсэлтээр нас барсан гэж зарлах үндэслэлтэй байна.
6.Л.Ч*******ийн нас барсан өдрийг түүнийг нас барсанд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр тооцох нь зүйтэй.
7.Хүсэлт гаргагч Н.Э*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3, Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар Хөхнүүд овогт Лхагвасүрэнгийн Ч******* /РД:РЮ88042316/-ийг нас барсан гэж зарласугай.
2.Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох өдрийг Л.Ч*******ийг нас барсан өдөр гэж үзсугэй.
3.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасныг баримтлан энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /М.Долгор/-т даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА