Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 304/ШШ2025/00340

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Б*** аймгийн Б*** сумын ** дугаар баг, ******* *******ын ** дугаар гудамж, ** тоотод оршин суух Б******* овогт М*******н М******* /Иргэний бүртгэлийн дугаар:*******/-ийн хүсэлттэй

 

Хүсэлтийн шаардлага: Хүүхэд нас барсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч М.М*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л*******сүрэн

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч М.М******* нь Хүүхэд нас барсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Намайг М******* овогтой М******* гэдэг. Би 1954 онд Булган аймгийн Сайхан сумын нутаг / Хүүхдийн овооны өвөр/-т төрсөн бөгөөд одоо нас сүүдэр 71 хүрч байна. Би идэр залуу насандаа сурч ажиллаж байх үедээ Баян-Агт сумын харъяат иргэн Л******* овогтой Б*******тэй 1976 онд гэр бүл болж, 4 хүүхэд тээж төрүүлсэн билээ. Тэр үед би ХААДС-д суралцаж байсан учир 1976-1977 оны хичээлийн жилд сургуулиасаа жилийн чөлөө аваад, 1976 оны 11 дүгээр сард төрсөн хүү Б*******ыгаа асарч байгаад 1977 оны 8 дугаар сарын сүүлээр хадам аав ээжийн гар дээр үлдээгээд үргэлжлүүлэн суралцахаар явсан. Гэтэл би дахин жирэмсэлж 1978 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр төрөх тасагт охин Бийгээ төрүүлж суралцахын зэрэгцээ охиноо асарч байгаад 1979 оны өвөл хаврын зааг дээр ахтай нь хамт хадам аав ээжийн гар дээр үлдээж үргэлжлүүлэн суралцахаар явсан билээ. Бид хоёрын амьдралд гэнэт харамсалтай үйл явдал тохиолдож 1979 оны 11 дүгээр сарын 5-нд Баян-Агт сумын нутагт болсон онгоцны ослооор хүүгээ алдаж, харамсан уй гашууд унасан юм. Түүнээс хойш тун удалгүй 1980 оны 1 дүгээр сарын эхэн үед шиг санадаг /энэ үед оюутны өвлийн шалгалт дуусч, амрах үе дөхсөн байсан/ охин чинь Баян-Агт сумын хүн эмнэлэгт нас барлаа гэсэн гунигт мэдээ надад ирсэн. Ингээд би хоёр шалгалт, 1 шүүлэг, 1 коллеккумаа өгөх дутуу байхад эргэж ирсэн. Энэ үед би цочролд ороод их л бухимдуу болж нэг л мэдэхэд барьсан тавьснаа ч санахгүй орон гаран болж, сэтгэл гутралд ороод, өөрөө үхэхээс өөр бодолгүй болоод сэтгэл зүйн хүнд цохилтонд унаж чухам яагаад байгаагаа ч ойлгож мэдрэх чадваргүй шахуу байхдаа охиноо оршуулахад нь оролцсон юм. Ийнхүү хүү охин хоёроо алдсанаас хойш бие сэтгэлийн уй гашууд унаж, насаараа харамсан гашуудаж яваа нэгэн билээ.

Би сэтгэцийн эмгэгт орох шахсан үедээ дахин жирэмслээд хүүхдийнхээ төлөө өөрийгөө татаж, муу бодлоосоо арай гэж эргэсэн юм. Одоо миний амьдрах хугацаа маш бага үлдэж байгаагаа мэдрэх тусам өвчнөөр өнгөрсөн охиныхоо өнгөрсөн хугацааг ч тодорхой мэдэхгүй, эхийнх нь мөс чанарын хувьд хүүхдээ ч нас барагсадын бүртгэлд одоо болтол бүртгүүлээгүй байсныг энэ оны 1 дүгээр сард мэдсэндээ гүнээ харамсан халаглах сэтгэл төрж байна. Надтай ойрхон байсан нөхрийн дүү Л.А намайг зовж байсанг мэдэж байгаа. Охиныхоо нас барсаны бүртгэлийг Иргэний бүртгэлийн хэлтсээс очиж шүүлгэхэд байхгүй байсан.

Ингээд охиныхоо өнгөрсөн хугацааг мэдэхийг хүсэж Булган аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Баян-Агт сумын хүн эмнэлгийн болон аймгийн Архивын тасгийн тухайн үеийн архивын баримтуудаас эрэн хайсан боловч нас барсныг бүртгэсэн баримт олдсонгүй. 48 жилийн турш хүүхдээ нас барсныг бүртгүүлээгүй юм байна. Иймд 1978 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Бийг 1980 оны эхээр нас барсан болохыг тогтоож өгнө үү хэмээн шүүхэд хүсэлт гаргаж байна. Би охиныхоо нас барсан хугацааг зайлгүй мэдэх шаардлагатай байна. Тиймээс шүүхэд хүсэлт гаргасан байгаа гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас:

-Б.Бийн төрсний бүртгэлийн лавлагаа,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 14 тоот тодорхойлолт,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 сарын 17-ны өдрийн 14/100 тоот тодорхойлолт,

-Булган сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт,

-Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Л.А, Г.О нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч М.М*******гийн хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2.Хүсэлт гаргагч нь 1978 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрүүлсэн охин Б*******ийн Бийг 1980 оны 01 дүгээр сард нас барсан болохыг тогтоолгоно гэж хүсэлтийн шаардлага үндэслэлээ тодорхойлжээ.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т: Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 136.1-т: Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч М.М******* нь Б.Бийг нас барсан болохыг тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар 1978 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрүүлсэн охин Б*******ийн Б нь 1980 оны 01 дүгээр сард нас барсан болох нь тогтоогдож байна. Үүнд:

1978 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн Б*******ийн Бийн Төрсний бүртгэлийн лавлагаа, Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 сарын 11-ний өдрийн Булган аймгийн Баян-Агт сумын Хүн эмнэлгийн түр хадгалах баримт архивт байхгүй гэсэн 14 тоот тодорхойлолт, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 сарын 17-ны өдрийн Иргэн Б*******ийн Б нь 1978 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн бөгөөд манай байгууллагын иргэний улсын бүртгэлийн архивт нас барсны бүртгэл байхгүй байгаа болно. гэсэн 14/100 тоот тодорхойлолт, Булган сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Булган аймгийн Баян-Агт сумын Хүн эмнэлгийн барилгад 1981 оны 05 сарын орчим гал түймэр гарч, барилгын дээвэр шатаж, дээврийн хөндийд хадгалж байсан эд зүйл, баримт бичиг шатсан болохыг тодорхойлсон Булган аймгийн Онгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн тодорхойлолт зэрэг баримтууд болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

гэрч Л.Агийн: Би 1979 оны өвөл 9 дүгээр ангийн сурагч байсан. Өвлийнхөө амралтаар Булган аймгийн Баян-Агт суманд гэртээ аав, ээж дээрээ очиход манай ах Л.Б*******ийн 2 дахь хүүхэд буюу охин Б.Бийн бие муудаад Булган аймгийн Баян-Агт сумын эмнэлэгт хэвтчихсэн байсан. Би эмнэлэг дээр очиж дүү болон аав, ээжтэйгээ уулзчихаад амралт дуусч байсан болохоор Булган аймгийн төв рүү сургуульдаа ирсэн. Булган аймагт ирсний дараа манай ахын охин Б.Бийн бие муудаад хатгаа нь хүндрээд нас барсан гэж холбоогоор ярьсан. Тухайн үед манай бэр эгч болох М.М******* оюутан байсан болохоор Улаанбаатар хотоос ирж байсан. Харин манай ах Л.Б******* Булган аймгаас Баян-Агт сум руу очиж байсан юм. Манай аав ээж хүүхдийг хардаг байсан юм. Тухайн үед О гээд сувилагч Булган аймгийн Баян-Агт сумын эмнэлэгт ажиллаж байсан учраас энэ үйл явдлын талаар сайн мэднэ. Би 1987 онд сургуулиа төгсөөд Булган аймгийн Баян-Агт сумын эмнэлэгт эмчээр очиж ажилласан. Тэр үед эмнэлэгийн дээвэр нь шатаад дээвэр дээрээ хадгалж байсан архивын бичиг баримт бүгд шатсан байсан болохоор одоо хүүхэд нас барсан талаар ямар ч баримт олдохгүй байгаа юм. Манай ахынх 4 хүүхэд төрүүлсэн. Хамгийн том хүү нь Б.Б******* нь надтай хамт 1979 онд онгоцны аворт ороод эндсэн. Харин 2 дахь охин болох Б.Б нь хатгаа өвчнөөр нас барсан. Одоо 2 хүүхэд нь амьд сэрүүн байгаа. ... гэх,

гэрч Г.Огийн: Би 1961 оноос 1992 он хүртэл Булган аймгийн Баян-Агт сумын Хүн эмнэлэгт сувилагчаар тасралтгүй ажиллаж байгаад 1992 оноос өндөр насны тэтгэвэрт гарсан. М.М******* нь Лхагвын Б******* гэх хүнтэй гэр бүл болон амьдарч байсан. Энэ хугацаандаа 4 хүүхэд төрүүлсэн юм болов уу сайн мэдэхгүй байна. 2 том охин байгаа. 1 хүүхэд нь аворт орсон. 1980 онд байх тэгэж л бодож байна. Өвлийн амралтаараа хүүхдээ хөдөө авчирч орхиод хатгаа авсан. Хөдөөнөөс хатгаа авч эмнэлэгт хүргэгдэж ирээд удаагүй нас барсан. Тухайн үед Л.Б******* Булган аймагт барилгат ажилладаг. М.М******* нь оюутан байсан гэж хүмүүс ярьдаг байсан. Оюутан байсан болохоор М.М******* нь хөдөө Л.Б*******ийн аав, ээж дээр хүүхдээ үлдээх гэж очоод хүүхэд нь ханиад хүрч хатгаа аваад төв орж ирээд эмнэлэгт өнгөрсөн. Хүүхэд нас барсан үе бол 1980 оны өвөл оюутны амралтын үе гэж бодож байна гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

5.Хүсэлт гаргагч М.М*******гийн 1978 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрүүлсэн охин Б*******ийн Б нь 1980 оны 01 дүгээр сард нас барсан болох нь дээрх нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т: Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно гэж заасны дагуу Б.Бийн нас барсан талаарх зохих бүртгэл хийхийг Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

7.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Боржигон овогт М*******н М*******гийн 1978 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрүүлсэн охин Б*******ийн Бийг 1980 оны 01 дүгээр сард нас барсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг баримтлан Б.Бийн нас барсан талаар зохих бүртгэл хийхийг Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

3.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /М.Долгор/-т даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА