| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00304/И |
| Дугаар | 304/ШШ2025/00337 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 304/ШШ2025/00337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: О******* аймгийн Ж******* суманд оршин суух Б******* овогт Ц*******ын Ц******* /иргэний бүртгэлийн дугаар:*******/-ийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ц.Ц*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.Ц******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Би Булган аймгийн Сайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оноос 1993 он хүртэл манаачаар ажиллаж байсан. Ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Өмнө ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байгаагүй. Би хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон. Сайхан сумын архивын баримт бичиг галд шатсан. Иймд 1986 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл Сайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 33 тоот тодорхойлолт,
-Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Х.Чийн тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Ц.Ц*******ийн хүсэлтээр Д.Н*******, Л.П******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлэг зэргийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1, Хаягийн хуудас №07 маягт,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/171 тоот тодорхойлолт,
-Үндэсний төв архиваас ирүүлсэн тодорхойлолт зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.Ц*******ийн шүүхэд гаргасан Булган аймгийн Сайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл манаачаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч Ц.Ц******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн Сайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл манаачаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан ба дээрх хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 33 тоот тодорхойлолт,
-Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Х.Чийн Булган аймгийн Сайхан сумын төвд байршилтай Худалдаа бэлтгэлийн ангийн хувьд шилжин хоршоо, компанийн барилга 1994 онд шатаж баримт бичиг устсан талаар Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03/23 тоот албан бичиг, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03/24 тоотыг үндэслэн Худалдаа бэлтгэлийн анги шатсан болохыг тодорхойлов. гэсэн тодорхойлолт,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гарган ирүүлсэн аймаг-Булган, сум-Сайхан, РД:Г, Ц*******, Ц*******, иргэний баримтын нэр-паспорт, сери-БУ, №671758, төрсөн аймаг-Архангай, сум-Хашаат, он, сар, өдөр:1967-07-08,, эрэгтэй, яс үндэс-халх, нийгмийн бүлэг-ажилчин, байнга оршин суудаг бригад-сумын төв, сууж эхэлсэн он: 1986, гэр бүлийн байдал-гэрлээгүй, боловсролын төвшин-бүрэн бус дунд, он-1980, ажилладаг байгууллага-Сайхан сумын Худалдаа бэлтгэлийн анги, ажилд орсон он-1987, эрхэлдэг ажил-манаач, эрхэлж эхэлсэн он-1987, оршдог сум, район-Сайхан, цэргийн алба-хаасан, эцэг-Цэрэнгийн Ц*******, эх-Бгийн Д гэсэн ХААТР-1 маягт,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн О******* аймгийн Ж******* суманд оршин суугч Ц.Ц******* нь ажилласан жил, шимтгэлийн нөхөн тооцох тухай хуулинд хамрагдаагүй байна. 01/171 тоот тодорхойлолт зэрэг баримтууд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Д.Н*******гийн: Би 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс Булган аймгийн Сайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилд ороод 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. 1994 онд хувьчлал явагдахад Л.П******* нягтлан дэлгүүрийг хувьчилж авч байсан. Ц.Ц******* нь 1986 оны намар 09 дүгээр сард Булган аймгийн Сайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажилд ороод 1993 оныг дуустал тасралтгүй ажиллаад Сайхан сумаас шилжиж явсан гэх,
Гэрч Л.П*******ийн: Би анх 1986 онд Булган аймгийн Сайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогчоор ажилд ороод 1993 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байгаад 1993 онд хувьчлал явагдахад би өөрөө хувьчилж авсан. Ц.Ц******* нь 1986 оны 09 дүгээр сард Булган аймгийн Сайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажилд ороод 1993 оныг дуустал тасралтгүй ажиллаад Сайхан сумаас шилжсэн гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б******* овогт Ц*******ын Ц*******ийн Булган аймгийн Сайхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА