Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/67

 

 

                                 

 

 

                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Аянагүл, өмгөөлөгч Ж., шүүгдэгч Н.Алтан-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Алтан-Очирт холбогдох эрүүгийн 1836000000053 дугаартай, 178/2018/0075/Э/ индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ******* багт  оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын Алтан-Очир

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Н.Алтан-Очир нь нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ******* багийн Бор толгой гэх газарт Н.*******тэй өвснөөс болж маргалдан улмаар шилний хагархайгаар түүний нүүрэн тус газар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Н.Алтан-Очир шүүхийн хэлэлцүүлэгт: Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид 1350000 төгрөгний хохирол төлсөн, хохирогчтой эвлэрсэн гэв.

Шүүгдэгч Н.Алтан-Очир нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:Би 2018 оны 03 дугаар сарын 26-ны орой Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Намаржин багийн Бор толгой гэх газарт хүүхдийнхээ хамт мал дээрээ байсан.Орой 21 цаг өнгөрч байхад манай дүү Н.Алтан-Очир эхнэр *******ийн хамт манай өвсний хашааны хажууд ирж эхнэр ******* нь хоёр гарнаас барьж миний хөдөлгөөнийг хорьж дүү Н.Алтан-Очирт мэс хэрэглэх боломж олгосон.Бид нар манай хашаанд байсан өвснөөс болж хэрүүл болсон.н.Алтан-Очир миний зүүн талын хацар, цээжний хэсгүүдэд хутга мэт зүйлээр хоёр удаа хүргэсэн.Тухайн үед би яг юу байсныг анзаараагүй.Сумын эмч намайг үзээд хацарт 13 оёдол, цээжинд 6 ширхэг оёдол тавьсан   гэх мэдүүлэг / хх-10-11/

Гэрч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 26-ны орой гэртээ хүүхдүүдтэйгээ байж байтал манай нөхөр Н.Алтан-Очир гаднаас малд өвс тавиатхаач гээд дуудсан.Би гараад өвсний хашаанд очтол бид хоёрын урдаас хадам ах гарч ирэээд “өвсний хоёр хулгайч минь зайл” гээд хөөсөн.Тэгэхээр нь би “ юу гэсэн үг бэ, намар зовж хадаж авчихаад, одоо яагаад өвс авч болдоггүй юм бэ” гэхэд намайг “тарган гахай,үүднээс ирсэн гуйлгачин минь гээд манай нөхрийг түлхэж унагаагаад намайг заамдаж үсдээд авсан. Манай нөхөр тухайн үед босож ирээд ахынхаа нүүрэн тус газар цохиод авсан.Намайг үсдээд тавилгүй манай нөхрийн гэдсэнд дахиад өшиглөж хойшоо унагаасан. Би нөхрийгөө цагдаа дууд гэж хэлсэн. Тэр хооронд намайг дахиад боож унагаагаад “чи миний цусыг уух гээж ирсэн юм уутарган гахай минь” гэхэд нь хадам ахын хүүхэд хажуунаас гэрэл тусгахад хадам ахын нүүрнээс цус гарчихсан байсан. тэгээд нөхөр бид хоёр гэртээ ороод дахиж гараагүй, удалгүй эмч, цагдаа ирсэн гэх мэдүүлэг /хх-14-р/

Гэрч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 26-ны орой гэртээ байж байтал манай сумын Бор толгой гэх газраас иргнэ Н.******* зодолдоод цус алдаж байна гэх дуудлага ирсэн. Тухайн газарт очиход Н.******* баруун хажуу талаараа хэвтчихсэн,цус алдаж буй зүүн эрүү, хацар хэсэгтээ алчуур тавьчихсан байсан. Н.*******ийн хацар нүүрэд зүсэгдсэн шинэ шарханд 13 оёдол, цээжний хэсэгт 6 ширхэг оёдол тавиад цус тогтоох өвчин намдаах эмчилгээ хийж аймгийн гэмтлийн тасагт авчирч хэвтүүлсэн гэх мэдүүлэг / хх-15-р/

Насанд хүрээгүй гэрч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:2018 оны 03 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед аав бид хёо мориндоо өвс төвьж өгөөд өвсний хашаандаа байж байтал Н.Алтан-Очир эхнэр *******ийн хамт ирээд манай өвснөөс өөрийнхөө малд авч өгч байсан.Тэгтэл аав Н.Алтан-Очирт “яагаад манай өвснөөс авч байгаа юм бэ “гэхэд Н.Алтан-Очир аавын өмнөөс “би зовж өвс хадаж байхад чи хараад зогсож байсан биз дээ пизда минь” гээд ******* тэр хоёр аав руу дайраад байсан.Г.******* нь аавын ханцуйнаас бариад Н.Алтан-Очир аавын нүүр лүү цохих шиг болсон. Тэгтэл аавын нүүрнээс их цус гарсан. Аав намайг эмч дээд гээд би ээжийн утсаар эмч дуудсан гэх мэдүүлэг / хх-33-р/

2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 136 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Н.*******ийн биед зүүн хацар хэсэгт 11.5х0.1 см шарх, цээжний өвчүү хэсэгт 9х0.1 см шарх гэмтэл тогтоогдлоо.Н.*******ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох мөргөлдөх  унахад үүссэн байх боломжтой. Н.*******ийн биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан / түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт / хх-21/ зэрэг хэрэгт ач холбогдолтой, хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Алтан-Очир нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны орой Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ******* багийн нутаг Бор толгой гэх газарт өөрийн төрсөн ах Н.*******тэй өвснөөс болж маргалдан түүний нүүр, цээж хэсэгт иртэй зүйлээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Алтан-Очир нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх 66/, бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Н.*******ийн “ бид төрсөн ах дүү нар тул эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн “ хохиролд 1350000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Алтан-Очирын хувийн байдлын талаар гэрч Г.Пүрэв-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Н.Алтан-Очир бид хоёр 1991-2001 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд хамт сурч байсан нэг ангийн найзууд.Зан харьцааны хувьд энгийн даруу элдэв илүү зангүй, архийг найз нөхдийн хүрээнд бага зэрэг хэрэглэдэг, тамхи татдаггүй гэх мэдүүлэг /хх-39/

Гэрч Ш.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Н.Алтан-Очир нь 3 жил манай малчнаар ажиллаж байгаа.Би тэр айлын бэр нь , бас бид нар найзууд юм.Н.Алтан-Очир нь хувь хүний хувьд хүнд тусарху, гэр бүлдээ халамжтай, архи тамхи хэрэглэдэггүй залуу гэх мэдүүлэг /хх-40/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Н.Алтан-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн саналыг харгалзан 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Дээрх гэмт хэрэг нь ах дүү нарын хоорондын хувийн таарамжгүй харилцааны улмаас үл ойлголцол, харьцааны соёлгүй байдал нөлөөлсөн гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Алтан-Очир нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Алтан-Очирын эзэмшлийн 40-77 ХОҮ улсын дугаартай Кантар маркийн автомашин битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5/56 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээв. 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын Алтан-Очирыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын Алтан-Очирыг 500 нэгж буюу 500000 / таван зуун мянга /   төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Алтан-Очир нь 500000 / таван зуун мянга /  төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Н.Алтан-Очирт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад  даалгасугай.

5.Шүүгдэгч Н.Алтан-Очир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон бусдад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Алтан-Очирын эзэмшлийн 40-77 ХОҮ улсын дугаартай Кантар маркийн автомашин битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5/56 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Алтан-Очирт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form